No menu items!
HomeОнцлох үйл явдалЭмч зөвлөж байна: Сэтгэл санаа тавгүй байгааг илтгэх гол шинж нь нойргүйдэл

Эмч зөвлөж байна: Сэтгэл санаа тавгүй байгааг илтгэх гол шинж нь нойргүйдэл

-

СЭМҮТ-ийн эмч нарын нойргүйдлийн талаар өгсөн зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна.

В.Баярмаа: Сэтгэл санаа тавгүй байгааг илтгэх гол шинж нь нойргүйдэл

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал В.Баярмаа: Нойргүйдэх, шүдээ хавирах, хурхирах, нойрондоо босч явах зэрэг нь бүгд нойрны хямралын шинжүүд. Өдөр унтчихаад шөнө унтахгүй байх, хэт их унтах зэргээр нойрны хэмнэл алдагдах нь сэтгэл санаа тавгүй байгааг илтгэх чухал шинж тэмдэг.

Архаг ядаргаа нь айдас түгшүүр, гутрал, нойргүйдэл, ядрах, сульдах, толгой өвдөх зэрэг бие, сэтгэлийн шинжүүд хавсарсан байдлаар илэрдэг сэтгэлийн шалтгаант эмгэг юм. Эхлээд сэтгэлийн шинжүүд явж байснаа биеийн шинжүүд нэмэгдэж, хөдөлмөрийн бүтээмжид хүртэл нөлөөлдөг.

Сэтгэл санааг эерэг байлгах олон аргууд бий. Бачуурч байгаа үед амьсгалын дасгал хийх нь арай уужуу бодох, тайвширсныхаа дараа зөв гарц гаргалгааг шийдэх боломжийг олгодог. Албаны эх сурвалжаас мэргэжилтнүүдийн өгсөн зөвлөгөө, мэдээллийг аваач ээ, түүнийгээ хараад өнгөрөх биш өөр дээрээ хэрэгжүүлээч ээ гэдгийг зөвлөмөөр байна.

Н.Наранцэцэг: Шөнийн турш олон дахин сэрэх нь нойргүйдлийн шинж тэмдэг

СЭМҮТ-ийн сэтгэцийн эмч Н.Наранцэцэг: Сэтгэц, сэтгэл зүй, бие мах бодийн өвчин эмгэгүүд, нойрны эмгэг, архи болон сэтгэц идэвхт бодисын хамаарал, дэлгэцийн донтолт, утсаар их ярих зэрэг нь нойргүйдэлд хүргэдэг шалтгаанууд юм. Хурдтай хөгжиж байгаа энэ нийгэмд хүн амын дунд сэтгэл түгшилт, гутрал нилээн их гарах болсон. Үүнтэй зэрэгцээд ямар нэг зүйлд санаа зовсон үед сэтгэл зүйн гаралтай нойргүйдэл үүсч байна.

Мөн ходоодны сөөргөө, астма, уналт татал зэрэг бие махбодын өвчин нь тодорхой хэмжээгээр нойргүйдэл үүсэхэд нөлөөлдөг. Түүнчлэн нойрон дундаа явах, зүүдэндээ явах, нойронд хөлөө хөдөлгөх, гэнэт нойрны дайрлагад өртөх эмгэг гэж байдаг. Эдгээр нь хүнийг нойргүйдэлд хүргэж байдаг.

Өдөрт хоёр цагаас дээш хугацаагаар дэлгэц тасралтгүй ширтсэн тохиолдолд тархинд үүсэх мелатонины хэмжээ багасч, нойргүйдэл мөн үүсдэг.

Нойргүйдсэн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

  • Нойр хулжих
  • Хэт эрт сэрэх
  • Өнгөц нойрсох буюу зүүрмэглэх
  • Шөнийн турш олон дахин сэрэх
  • Унтсан ч амарсан шинж мэдрэгдэхгүй байх
  • Нойрон дунд амьсгал тасалдах
  • Өдрийн турш нойрмоглох
  • Гэнэтийн нойрны дайралтад өртөх /гэнэт суусан газраа унтах/
  • Харж дарж зүүдлэх
  • Зүүдэндээ ярих гэх мэт шинж илэрнэ.

Ж.Гантулга: Нойрыг дараа нь нөхнө гэсэн ойлголт байдаггүй

СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга: Нойр бол хүнийг сэргээж, эрч хүчээр цэнэглэгч юм. Нойрыг дараа нь нөхнө гэсэн ойлголт байдаггүй.  Шөнийн нойрыг нэг л алдсан бол маш олон мэдрэлийн эсүүд гэмтэж, эргэж сэргэхгүй үхэж байдаг. Тиймээс сэргэлэн цовоо, дархлаатай, үр бүтээмж сайтай байя гэвэл сайтар унтаж амрах хэрэгтэй. Сайн унт гэдэг нь удаан унтаад бай гэсэн үг биш.

Бидний унтаж амрах цаг хугацаа нь хүн хүний онцлог байдлаас хамаарч харилцан адилгүй байж болох хэдий ч өдөрт дунджаар 7-9 цаг унтах хэрэгтэй. Ингэж хангалттай амарвал бидний эд эс, эрхтэн тогтолцоо бүрэн сэргэдэг болохыг нойр судлалын шинжлэх ухаанчид баталсан.

Нойр дутуу явах нь гүн нойрны дутагдалд оруулж сэтгэлийн хөдөлгөөний тэнцвэрт байдлыг алдагдуулдаг. Ингэснээр хүн уурлаж бухимдах, гуниглах гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлийг үүсгэдэг байна. Тиймээс сүүлийн 20-иод жил нойрны ач холбогдлыг шинжлэх ухааны баталгаа нотолгоотойгоор тайлбарлаж байгаа. Хангалттай нойр нь тархинд хамгийн сайн нөлөө үзүүлдэг чухал “хоол, тэжээл”-ийн нэг юм. Тиймээс сайн унтаж амрахгүйгээр эрүүл саруул амьдрана гэж байдаггүй болохыг олон судалгаагаар баталсан. Нойрыг багасгахаас илүүтэй тогтмол цагт бүрэн гүйцэт амрах хэрэгтэй. Нойрны хямралд орсноор эрт нас барах, чихрийн шижин тусах, таргалалт болон зүрх судасны өвчин тусах эрсдэл нэмэгдэнэ. 

Л.Жавхлан: Нойргүйдэл нь дархлааг унагааж, сэтгэл хөдлөлд сөргөөр нөлөөлдөг

СЭМҮТ-ийн сэтгэл засалч, их эмч Л.Жавхлан: Нойргүйдэл нь бидний дархлааг унагааж, сэтгэл хөдлөлд сөргөөр нөлөөлдөг. Ингэснээр бодисын солилцооны үйл ажиллагаа алдагдаж, шийдвэр гаргах чадвар, ой тогтоолт, танин мэдэхүйн үйл ажиллагаа буурдаг байна.

Ковидын үед нойргүйдэлд өртөхгүйн тулд юу анхаарах вэ?

Хэт их мэдээллээс зайлсхийх – Олон тооны мэдээллийг янз бүрийн баталгаагүй эх сурвалжаас авснаар айдас, түгшүүр нэмэгддэг. Энэ нь нойр болон бусад олон зүйлст нөлөөлдөг. Тиймээс тодорхой эх сурвалжаас үнэн бодит мэдээлэл авдаг байх  хэрэгтэй.

Өдөр тутмын хуваарь гаргаж түүндээ тууштай байх – Удаан хугацаанд нэгэн хэвийн байдалд байх байх нь ажил амьдралын хэмнэлийг алдагдуулж, олон зүйлд сатаарах нөхцөл үүсгэдэг. Ингэснээр цагийн баримжаа алдагдаж, бүтээмж буурдаг.

Байгалийн гэрэлтүүлэгтэй байх – Байгалийн гэрэлтүүлэг нь бидний  өдрийн хэмнэлийг тааруулж байдаг. Тиймээс гэртээ байгалийн гэрэлтүүлгийг байнга оруулж байх шаардлагатай. Харин зохиомол гэрэлтүүлэг нь бие махбод, физиологийн хариу урвалыг алдагдахад хүргэдэг. 

Унтах таатай орчин бүрдүүл – Унтахаас өмнөх явцад мэдээллийн хэрэгсэл оролдохгүй, аль болох дэлгэцээс хол байх хэрэгтэй. Олон зүйлст сатаарах нь хэвийн унтаж амрахад сөргөөр нөлөөлдөг.

Б.Жаргал: Нойргүйдээд байвал дараах дэглэмүүдийг баримтлах хэрэгтэй

СЭМҮТ-ийн сэтгэл засалч эмч, АУ-ны доктор Б.Жаргал: Хүн хоногийн 24 цагийн 8-9 цагт нь хангалттай сайн унтаж чадвал үлдсэн 15-16 цагийг эрч хүчтэй, анхаарал сайтай, сэтгэл санаа тайван, ажлын бүтээмжтэй өнгөрүүлэх боломжтой. Энэхүү тэнцвэржилтийн үр дүнд бодисын солилцоо эрчимжиж, зүрх судасны үйл ажиллагаа, дархлаа тогтолцоо сайжирдаг.

Нойргүйдлээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Тогтмол цагт унтаж хэвших – Доод тал нь оройн 23 цагт унтаж, өглөө 6-7 цагт сэрвэл тохиромжтой.
  • Унтлагын өрөө гаднын дуу, чимээнээс тусгаарлагдсан байх
  • Унтахаас өмнө өрөөг агааржуулах
  • Аймшгийн, сэтгэл хөдөлгөм ном уншихгүй байх
  • Хэт их ачаалалтай дасгал хийхгүй байх
  • Унтлагын өрөөнд зурагт байршуулахгүй байх
  • Их зүйл бодож шаналахгүй
  • Хэт их идэхгүй байх
  • Кофе, цай хэрэглэхгүй
  • Согтууруулах ундаа хэрэглэхгүй
  • Тамхи татахгүй байх хэрэгтэй.

Түүнчлэн, Нойргүйдэл бол өвчин биш, харин өвчний шинж тэмдэг, тиймээс нэн түрүүнд нойргүйдлийн шалтгааныг олж тодруулах хэрэгтэй. Нойр ханахгүй байхын нэг шалтгаан нь нойргүйдэл. Унтахгүйгээр орондоо хэвтэх тусам нойргүйдэл даамжирдаг аюултай, тиймээс унтахгүй байвал босоод ажлаа хийх, ном унших зэргээр хэсэг байгаад, нойроо дахин хүрэхийг хүлээвэл зүйтэй.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Пакистан улсын Карачи хотод Монгол Улсын консулын газар нээгджээ

Пакистан улсын Карачи хотноо Монгол Улсын Өргөмжит консулын газрыг энэ сард албан ёсоор нээжээ. Монгол Улсын Өргөмжит консулаар Пакистан улсын иргэн Надеем Халид томилогдсон байна. Тэрбээр тус улсын...

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

трэнд