No menu items!
HomeОнцлохГэдэс яагаад дүүрдэг вэ

Гэдэс яагаад дүүрдэг вэ

-

Гэдэс гэж ходоодны нугалуурын төгсөх хэсэг буюу 12 хуруу гэдэстэй нийлсэн хэсгээс эхлээд шулуун гэдэсний төгсгөл буюу хошного хүртэлх хэсгийг хэлнэ.

Өөрөөр хэлбэл, хоол боловсруулах тогтолцооны дунд, хэвлийн хөндий дэх хэсгийг хэлэх боловч амьдрал дээр хэвлийн урд хэсгээ гэдэс гэж ойлгох нь бий. Буруу ч юм биш.

Нарийн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн түргэссэнээс үүдэн базалж мушгирч өвдөхийг гэдэс өвдлөө гэдэг шүү дээ. Гэдэс базалж өвдөх нь хэвлийн хөндий дэх олон өвчний илрэх шинж мөн. Гэхдээ өвдөлтийн хэлбэр /хатгах, базлах, мушгирах, дунших, сүлбэх гэх мэт/ янз бүр байдаг нь оношийн ач холбогдолтой.

Жишээ нь, хутгаар хатгах мэт огцом хүчтэй өвдөлт ихэвчлэн нойр булчирхайн хурц үрэвсэл, үхжил, өндгөвчний цусан цэврүү хагарах үед илэрдэг бол хоолны  хордлогын үед хүчтэй базалж өвдөн, үе үе хуржигнаж, гүйлгэх гэхчлэн ялгаатай. Гэдэсний олон эмгэгийн нэг нь буюу илрэх шинж тэмдэг нь гэдэс дүүрэлт юм.

Дүүрэх нь бас харилцан адилгүй. Цанхайх, цүрдийх, тэлэх гэхчлэн өөр өөрөөр нэрлэдэг нь мөн л үүссэн шалтгаанаасаа хамааралтай юм.

Ерөнхийдөө гэдсэн дотор хий ихээр хуралдсан л гэсэн үг. Хэвийн үед байнга хий байх ба энэ нь гэдэс чөлөөтэй хөдлөх, хоол хүнсээ шахах явцыг хөнгөвчлөх ач холбогдолтой. Гэдэс дүүрэх болгон эмгэг биш.

Тухайлбал, зарим төрлийн жимс, чавга, сүү, тараг, ээзгий, айраг, аарц, буурцаг, төмс, байцаа, шар айраг, хар талх, арвайн гурил гээд цөөнгүй хүнсний зүйл их идсэний дараа гэдэс дүүрэх нь бий. Энэ тохиолдолд гэдэс хэсэг хуржигнаж, хэд хэд унгасны дараа намжина.

Харин гэдэс дүүрэн цардайх мөртлөө доош хий гарахгүй удах, аажимдаа өвдөлт өгч эхэлбэл эмгэг гэж үзэж болно. Шалтгаан нь олон янз. Хоол идсэний дараа гэдсээ дааруулснаас болж тухайн хэсэгт гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн түргэсэн, тодорхой заагт хүрээд саатах учир гэдэс дүүрэхийн зэрэгцээ базалж өвддөг.

Ихэнх тохиолдолд дутуу боловсорсон хоол хүнс шингэн хэвээрээ доош урсаж, гүйлгэснээр дүүрэнг намжин илаарших нь олонх талдаа. Ингэж чадалгүй саатахыг гэдэс түгжрэх гэж нэрлэх бөгөөд гол шинж нь гэдэс цанхайн /цэрхийх гэх ч бий/ дүүрч, доошоо хий, шингэн гарахгүй саатах тул дүүрэнг улам нэмэгдэж, энд тэнд сүлбэх мэт хатгаж өвдөнө.

Түгжрэлийн хэлбэрээс хамааран дүүрэнг нэмэгдэх, өвдөх, улмаар өрцийг дээш өргөх тул уушги, зүрх шахагдан амьсгаадах, судасны лугшилт түргэсэх байдлаар даамжирна.

Цаашдаа ходоод дээш шахагдсанаас болж ходоодон дахь зүйлс, гэдэсний шүүрэл, цөс холилдсон зүйлээр огиулж бөөлжих нь түгжрэл нэлээд хүндэрсний шинж мөн. Эдгээрээс гадна хэвлийн хөндийд байрлах эрхтнүүдийн үрэвсэлт өвчин, түүнээс шалтгаалсан хэвлийн гялтангийн үрэвсэл, элэг, нойр булчирхайн хадвар, бэтэг, гэдэсний туузан хорхой, эмэгтэйчүүдэд умай, өндгөвчний эмгэгүүд, мэс заслын дараах гэдэсний наалданги, гэдэсний сүрьеэ гээд олон өвчин эмгэгийн үед илрэх эхний шинж тэмдгүүдийн нэг нь гэдэс дүүрэлт байдаг.

Тэрчлэн элэг хатуурах, өвчин болон элэгний хавдрын үед хэвлийн шингэн хуралдан гэдсийг гаднаас нь цочроосноос болж дүүрч болно. Хий дүүрснээс ялгахын тулд рентгенд харах, хуруугаар тогшиж үзэх, хэвлийн урд, хажуу хананд чагнуур тавьж байгаад гараараа доргиулан /цалгиулах/ шингэний хөдөлгөөнөөр нь гэхчлэн ялгаж оношлох боломжтой байдаг. Гэдэс ямар ч шалтгаанаар дүүрэх үед ходоод цанхайх учир тэр хэсэгт өвдөлт өгдөг.

Хөдлөх суухад хүртэл тулж өвдөх ба дотор муухайран, хүйтэн хөлс чийхарч, бие сулран тамирддаг. Өмнө нь оношлогдсон өөр хүнд өвчин эмгэг анзаарагдаагүй бол өвчтөнг дээш харуулан хэвтүүлж, хоёр хөлийг өвдгөөр нь хагас нугалсан байрлалд гэдсэнд иллэг хийдэг.

Ингэхдээ гар болон тухайн хүний хэвлийг загасны тос, шар тос, хонины сүүл, гавар зэргийн аль нэгийг нимгэвтэр түрхээд цагийн зүү дагуу баруун доод хэсгээс дээш, дараа нь хавирганы нуман доогуур хөндлөн, тэгээд зүүн талаар доош чиглэсэн зөөлөн иллэг хийдэг. Энэ нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дагуулна гэсэн үг.

Хэвлийг аль болох дааруулахгүй байх нь зүйтэй. Бүлээн жин тавих нь тийм ч оновчтой арга биш. Учир нь хэвлийн дүүрэлт гялтан хальсны үрэвсэл, хэвлийн бусад эрхтэнд үүссэн идээт буглаа зэрэгтэй хамааралтай бол өвчнийг улам хүндрүүлэх эрсдэлтэй.

Бага насны хүүхдийн гэдэсний дүүрэнгийг намжаахын тулд бүлээн усаар клизм тавих, зориулалтын мөлгөр үзүүртэй бургуйн гуурс хошногонд нь шургуулж үлдээх зэрэг арга хэрэглэх ба эмчийн заавраар модны нүүрс, энэ төрлийн эм өгч болно.  

“Эрүүл мэнд” ном

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд