No menu items!
HomeУхаарахуйЧойжид дагинын тууж-4

Чойжид дагинын тууж-4

-

Өмнөх: Чойжид дагинын тууж-3

ГУРВАН ЗҮЙЛ

Бас эмийн манхаг үүрсэн нэгэн ламыг Эрлэг Номун хааны өмнө авчирч сөгтгөн асуусанд түүний мэдүүлсэн нь: – Хүний оронд алдартай сайн эмч байлаа.

Амьд байх цагт мал идээ маань нилээд их болсоон. Алтаар Доржзодов бичүүлэв. Аялгаар саян унших нэгэн ламыг залж нэг мянга уншуулсан ба бичсэн бичгийн хамт тарган сарлагын шар, үнээ хоёр, ахарын сайн эсгий гурван алд, хоёр шуудай арвай буудайтай барьсан билээ.

Түүний дараа энэ хотын буянд зориулан тэнцэлгүй гүнрэгийн лхог мянга уншуулж төгс сайн ерөөлийг тавьж хайнагийн шар хоёр, сарлагийн үхэр долоог сэтгэл харамгүй өргөснөөс гадна сайн тарианы газар хоёр хэсгийг өргөв өө. Таяг мод бариад тэнэж ирсэн тарчиг ядуу гуйланч явахад тавтай хооллож тухтай хонуулаад тааламжит үгээр сэтгэлийг нь баясган гаргадаг байлаа.

Өглөө бүр Жамбал Санжид Базар Бидэрнаа хоёр дарь эх тэргүүтнийг уншдаг байлаа. Ямар нэгэн өвчтөн хүнийг залахад ямбалж очихгүй хэмээн ихэрхэж байсангүй. Яршиг төвөг удаж барьц өргөл авъя гэсэнгүй. Юу байсан хүчит сайн эм тангаа хайр найргүй өгч явлаа. Атаа өшөөгөөр хорлохыг бодож аливаа эмийг хорын жороор буруу найруулсангүй. Авч идэхийн тулд олон нөхөд хуврагууд лугаа харшилсангүй.

Орчлонд төрсөн хүний нүгэл буян холимог бүхий тул оногдсон малаасаа гаргуулж идсэн билээ. Одоо иймийн учир оройн дээд Номун хаан миний нүгэл буяныг ялган айлд хэмээсэнд эрлэгийн түшмэд толь дансандаа үзээд

– Хийсэн буян нь цөм үнэн байна. Харин нэг баян хүний хөвгүүн өвдөөд чамайг залжээ. Чи тэдний эд малд шунаж өвдсөн хөвгүүнд буруу эм өгч найман сарын турш өвчлүүлээд тэднийг өргөл барьцаа нэмэн өгч дуусахуйд ач тустай эмээ өгч эдгэрүүлсэн боловч мэдсээр байж эд малд шунахайран зориуд буруу эм өгсөн. Гэртээ хонь, үхэр нэг зуун далаадыг алуулж идсэн нүгэл байна гээд урьдын ёсоор нүгэл буяны хар цагаан чулуу овоолж тоолж тэнсэн үзэхэд цагаан чулуу тоогоор илүү авч хийсэн үйл хилэнц хар чулууны жин хүнд байжээ.

Ингээд Эрлэг Номуун хаан зарлиг болруун:

– Аяа чи өргөл барьцад шунаагүй бол магад тэнгэр хүний сайн буяныг олон төрөх билээ. Гагцхүү нүгэл дийлсэн тул үүний аманд буцламтгай халуун ус цутга! Биед нь мянган төмөр гадас шаа! Түүгээр энэ хүний нүгэл хөнгөрөхийн цагт тэгш сайн язгуур дор илгээе хэмээхийн сацуу эрлэгийн зардасууд хашгиралдан дайрч дэгээгээр дэгээдэн Ал! Ал! Хэмээн одохуйд тэр хүн: Хүний ертөнцөд одогсод бий бөгөөс буруу эмийг хүнд өгч өргөл барьцад бүү шунагтун хэмээн эмч оточ нарт захиарай. Тамын зовлон гэтлэшгүй их байдаг байна шүү! Хэмээн гасалсаар одвоо.

УМ. МА. НИ. БАД. МИ. ХУМ

ДӨРВӨН ЗҮЙЛ

Бас өрмөг дээлтэй нэгэн хүнийг авчирч Эрлэг Номун хааны өмнө сөгтгөн асуусанд түүний мэдүүлсэн нь: – Хүний ертөнцийн оронд баян хүний хөвгүүн болж явсан билээ. Эцэг эх маань надад үлэмж хайртай тул сайн язгуурт хүний нэгэн гуа сайхан охиныг гуйж гэргий болгож өгөв. Бидэн хоёр эв эвдрэн салж тэр үед хонь мал хоёр зуугаадыг бид хоёрын харшлын зэрэгт зарж үрэв.

Бас эмийн төрхөмийн хоёр гэрийн хүмүүст өшөө хонзонгоор түймэр тавиад тэнд байсан хүн, далан таван бод сэлтийг шатааж алав. Түүний хойно эцэг эх маань надад бас нэгэн эхнэр авч өгсөнд ураг төрлүүд маань мал хөрөнгө нэмж урьдын адил баян болж жаргасан боловч хэрүүл шуугиан дэгдэж зарга заалхай хийж хэрцгийлсэн хийгээд урьд өмнө хүн мал түймэрлэж түлж хөнөөсөндөө хэд дахин тамд унах нүгэл хийлээ гэж үнэхээр гэмшин хэн тааралдсан лам мэргэдэд нүгэл хилэнцээ арилгахын аргыг айлдан соёрхохыг хүсэмжилвээс хэтэрхий их эвшиг хөтөлбөр хэрэгтэй. Утгыг сайтар бясалгаваас нүгэл хилэнц чинь арилна гэв.

Бас зарим мэргэд хуврагууд бурхан, суварга, шүтээн бүтээгээд оройн дээдээр тахин шүтэж зул хүжийн хандивийг байнга өргөж нүгэл хилэнцээ сайтар наманчилваас нүгэл арилна гэв. Миний санаанд аль ч мэргэдийн сургаалийг ёсчлон дагаж шүтэж чадваас хийсэн олон нүгэл минь арилна хэмээн бодоод хэтэрхий сургаалын багшид мөргөж, хэмжээлшгүй их нүгэл хийснээ наманчлан залбирч адисдайн орнуудыг явганаар хэсэж, олон бурхад шүтээнд мөргөл эргэл хийж энд тэнд нилээд жил илүү явлаа.

Түүнээс нүтагтаа харьж ирээд хутагт их бясалгагч ламаас эвшиг хөтөлбөрийг хүртээд аглаг газарт очиж бясалгаж сууваа. Бас Аръяабалын нүгнийд суусан нэгэн ламтай хамт нэгэн дэвсгэр нүгнийг зуун найм сахив. Бас мааныг найман сая уншив. Адисдтай Доржзодов хийгээд дүншиг хоёрыг алтаар бүтээлгэж олон эд идээг өргөв.

Хадны агуйд суусан номын онол бясалгал төгссөн нэгэн ламд тостой гурил тэргүүтнийг хэдэн жил өргөж нүгэлээ наманчлан ерөөл ававаа. Хангал ганшиг нэгэн зуу уншуулж харамжинд нь морь, хайнаг, оюу торго өргөж хамаг нүгэлээ арилгахыг хүсэж мөргөсөнд хилэнц нүгэл арилаа болов уу хэмээн мөргөсөнд Эрлэг Номун хаан зарлиг болоруун:

– Хүчир их муу үйл хийсэн боловч хүчин төгөлдөр бүрдсэн сүжгээр хэмжиж хүчтэй буяныг сайтар үйлдэж ирсэн чинь хүн чиний гайхамшиг мөн болой! Бие, хэл, сэтгэлээр үйлдсэн нүгэлээ наманчлан чин зориг, үнэн сүжгээр эргэл мөргөл хийж басхүү ном бурхан бүтээх тэргүүтэн бие бодитой буян үйлдэж нүгэлийг арилгаж ирсэн нь сайн болжээ.

Эндээс хүний сайн төрлийг олж эрхэм бодийн мөрийг хичээвээс хойд төрлийн эцэст эрхбиш бурхны мөрийг олно. Эдүгээ миний өмнөөс гарсан шар гэрлийн замыг алдалгүй даган явж эд мал, язгуур эрх ихтэй баялаг хүний төрлийг авагтун хэмээн зарлиг болсонд тэр хүн сүслэн мөргөөд ийн өгүүллээ.

Их хааны үнэхээр нийгүүлсэнгүй хийгээд миний үнэнхүү сүшиг буяны хүчээр үлэмж сайн хүний төрлийг олоод үзүүлэгч гурван эрднийг даган төрөх болтугай! хэмээн ерөөл тавьж явахдаа: Цааш хүний ертөнцөд одогсод буй бөгөөс гэнэдэж нүгэл хилэнцийг үйлдэвч түүнээ гэмшин наманчилж буян сайн үйлдвээс өлзийтэй байна хэмээн захиарай гээд баясан баярласаар явж одлоо.

УМ. МА. НИ. БАД. МИ. ХУМ

ТАВАН ЗҮЙЛ

Бас нэгэн бүс хувцас өмссөн ихэмсэг егүүзэр дүртэй хүнийг авчирч Эрлэг Номун хааны өмнө сөгтгөн асуусанд тэрээр ихэмсэг зан гарган дуугарсангуйд олон эрлэгүүд мэдүүл! мэдүүл! хэмээн чанга дуугаар хашгичив. Тэрээр мэдүүлсэн нь:

– Үйзэн газрын голын хаалганы дэргэд бүхнээ алдаршсан нэр минь Шаравдорж билээ. Би бүх чанарын номыг бүрэн мэдээд гурван санваарыг сахисан бөлгөө. Арван хар нүгэлийг үл үйлдэх хэмээн ам авсан тул ашиг олзонд шунах сэтгэл төрж явсангүй. Аливаа буяны өглөгийн эздийн өргөсөн алт, мөнгө, эд, агуурсыг авралт багшийг тахих ба зул хүжийг өргөх асар ядуу гуйланчинд өглөг өгөх зэрэг буянд зориуллаа.

Нэгэн насанд бурхан болгон хувиргаж чадагч нууц тарнийн шидийг бясалгаж олонд ач тусыг хүртээж байлаа хэмээн тоомжиргүй өчсөнд эрлэгийн элч түшмэдүүд толь дансандаа үзээд: Ай яа яа хэмээн хүйтнээр өгүүлэлдэн тачигнатал инээлдээд – Аяа чи зургаан орны хамаг амьтан хаа ямар буян үйлдсэнийг илт айлтгах их хааны өмнө хуурмаг худал үгээр биеэ өмөөрөн хичнээн өгүүлэвч тус болох нь юун.

Харин нэрмээс болох билээ. Чиний хийсэн их хар нүгэл эрлэгийн данснаа ил тод байхыг үзэгтүн! Тарнийн эвшиг ном хүртээсэн тангарагтай багшийнхаа гэргий охин хоёртой чи тачияадаж эд хөрөнгийг нь эзэрхийлсэн байна. Тэгээд багш чинь мэдэж гэргий хүүхэд хоёртоо хилэгнэхэд чи буруутан тэднийг өмөөрөн багшийгаа басамжлан доромжилж хэрэлдээд багш юугийнхаа гэгээн биеийг чулуугаар цохьсон барагдашгүй их нүгэл үйлдсэн байна.

Арван хар, таван завсаргүй тэргүүтэн элдэв нүгэлийг чинь тоолж барашгүй ихийн дотроос ачит багшийнхаа сэтгэлийг өчүүхэн төдий гомтговол бүхнээс илүү нүгэл хэмээн бурхад номлосон билээ. Олз ашигт шунаж өөрийг омтгоогүй бурхан хэмээн олныг түйвүүлж эд идээг мөлжин аваад буяны үйлсэд зориулалгүй харамлаж хав даран онц их нүгэлийг бас чи үйлдсэн байна.

Чамтай тачияалдсан эх охин хоёр хожим гэмшиж нүгэлээ наманчилж чухал үнэтэй эрдэнэ нэгийг алт нэг лантай өргөж чин сүжгээр Базарсадыг бүтээж тарни урьсан тул цөм нүгэл арилсан байна. Тангарагаа урвуулсан муу хар нүгэлт хүн чи морь, нохой, гөрөөс, шувуу нэг сая илүүг алж хядсан зэрэг арван хар нүгэлийг үйлдсэн учир тамаас ер гарах орон цаггүй байна.

Ийм атал омгорхог зангаа орхилгүй Эрлэг Номун хааны өмнө хэл гуйвж өөрийн биеийг магтан мэдүүлсэн чинь огт тус болохгүй гэсэнд Эрлэг Номун хаан:

– Үүнийг тамд оруултугай. Цаашид олон тамд дам дам илгээтүгэй. Тамаас гарахын цаггүй хэмээн зарлиг болсонд эрлэгийн зардасууд зэрэг зэргээр хашгиралдан мянган төмөр дэгээгээр зүг зүгээс нь нэвт дэгээдэн нэгэн их улайдсан төмөр байшинруу авч одохуйд тэрээр: Чарлан бахирч хүний ертөнцөд одогсод бий бөгөөс багшаа доромжлон муу нүгэл бүү үйлд гэж захиарай хэмээн орилон бархирсаар улаан гал оволзсон улайдмал төмөр байшинд ухарсаар ухарсаар оров.

УМ. МА. НИ. БАД. МИ. ХУМ

Үргэлжлэл: Чойжид дагинын тууж-5

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд