No menu items!
HomeНийгэмС.Чинзориг: Эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэхэд 13А маягт шаардахгүй боллоо

С.Чинзориг: Эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэхэд 13А маягт шаардахгүй боллоо

-

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх 13А маягтыг хүчингүй болгож буй талаар мэдээлэл хийлээ.
 
Эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх тогтолцоо буюу бидний хэлж заншсанаар 13А маягт нь үйлчлүүлэгчид  үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор хэрэгждэг зохицуулалт бөгөөд бусад улс орнууд ч энэ зохицуулалтыг ашигладаг.

Энэхүү маягтаар сум, өрх, тосгоны эрүүл мэндийн төвд оношилж, эмчлэх боломжгүй өвчтөнийг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлэх, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт оношилж, эмчлэх боломжгүй тохиолдолд төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт шилжүүлдэг. Энэ нь тусламж, үйлчилгээний ачааллыг тэнцвэржүүлэх, иргэд лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ авахад үүсэх хүлээгдэл, чирэгдлийг бууруулах ач холбогдолтой.

Энэ харилцааг 1998 оноос 13А маягтаар зохицуулж ирсэн боловч өнөө хүртэл хэрэгжиж хэвшээгүй ирсэн байна.
Гэвч 2023 онд 13А маягтыг цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбоотойгоор анхан шатны эрүүл мэндийн байгууллагад үзүүлэхгүйгээр шууд 13А маягт авна гэдэг ойлголт бий болж иргэдийн дунд чирэгдэл, бухимдал үүсгэсэн.
Нөгөө талаас бодит амьдрал дээр энэхүү зохицуулалт нь иргэдийн хувьд ялгамжтай хэрэгжиж байна. Тухайлбал, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Төмөр замын төв эмнэлэг нь өөрийн салбарын алба хаагчид, тэдний ар гэр, ахмадуудад 13А маягтгүйгээр үйлчилгээ үзүүлж байна.

Түүнчлэн манай улсад эх, хүүхдийн эрүүл мэнд төрийн онцгой ивээлд байдаг учраас жирэмсэн эх, хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ мөн л 13А маягтыг шаарддаггүй.

Бүх иргэнд адил тэнцүү хандах боломж олгох, иргэддээ ялгамжгүйгээр тусламж үйлчилгээ үзүүлж байх зарчмыг үндэслэн 13А-г халах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэхэд 13А маягтыг цаашид шаардахгүй.
Гэхдээ үүнтэй холбоотойгоор лавлагаа шатлалын эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэж, хүлээгдэл ихсэнэ гэдгийг иргэдэд анхааруулах нь зүйтэй.

Бидний зүгээс лавлагаа шатлалын эмнэлгийн удирдлагуудад тусламж, үйлчилгээний чанарыг алдагдуулахгүйгээр зохион байгуулалтыг сайжруулах, цаг товлох үйлчилгээг боловсронгуй болгох үүрэг даалгаврыг өгөөд байна.
Түүнчлэн анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх, чанар, хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг эрчимжүүлэх, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгээс анхан шатны эрүүл мэндийн байгууллагын хяналтанд шилжүүлсэн өвчтөнийг тогтмол хянах, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах шаардлагатай байна.

Энэ хүрээнд иргэд лавлагаа шатлалын эмнэлгээс тусламж үйлчилгээ авсны дараа өөрийн харьяалах өрх, сум, тосгоны эмнэлгийн хяналтад заавал орж байх зохицуулалтын арга хэмжээ авах болно.

Гэвч зохицуулалтын дээрх арга хэмжээ нь томоохон эмнэлгүүдийг чиглэсэн иргэдийн урсгалыг тогтоон барьж чадахгүй байх магадлал өндөр учраас иргэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах тохиолдолд эхлээд харьяа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвдөө, зөвхөн шаардлагатай тохиолдолд лавлагаа шатлалын эмнэлэгт хандаж байхыг хүсч байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд