“Солиорох эмгэг буюу шизофрени” өвчний талаарх мэдээллийг АУС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, профессор, зөвлөх эмч З.Хишигсүрэн өгснийг сийрүүлэн хүргэж байна.
Солиорол гэж юу вэ?
Хүний сэтгэн бодох, сэтгэл хөдлөл, ой тогтоолт, бусадтай харилцах, бодит байдлыг ухаарах чадвар гүнзгий хямарч хий үзэгдэл, дэмийрэл, үйлдэл хөдөлгөөн ихсэх, биеэ авч явах байдал нь хэвийн биш болсны улмаас өөрийгөө хянах чадваргүй болохыг хэлнэ.
Солиорол үүсэх шалтгаан нь юу вэ?
- Тодорхой шалтгаангүйгээр, удамших хандлагатай илэрнэ
- Тархины бодисын солилцоо өөрчлөгдөх
- Биемахбодын өвчний үед
- Уураг тархины эмгэгүүдийн үед
- Архи, мансууруулах бодисын хордлогын үед илэрдэг онцлогтой.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын тооцоолсноор энэ төрлийн өвчин нь хүн амын дунд түгээмэл тохиолддог эмгэгийн нэг юм. ДЭМБ-ын 2022 оны мэдээгээр
- Хүн амын дунд найман хүний нэг нь сэтгэцийн эмгэгтэй.
- 24 сая хүн шизофренитэй буюу 300 хүний нэг нь өвчилдөг.
Шизофренийн үед ямар шинж илрэх вэ?
- Хий юм харагдах, сонсогдох, үнэртэх, бие дээгүүр нь гүйх, амтагдах
- Үйлдэл хөдөлгөөн нь хэвийн биш болон эсвэл бие нь хөших
- Үйлдэл хөдөлгөөн нь хэвийн үеийнхээс хэт ихсэж догшин ширүүн болох
- Бодитой биш, учир утгагүй зүйл ярих
- Хэл яриа нь ойлгомжгүй, бодол санаа нь эмх цэгцгүй болох
Уг өвчин нь ихэнхдээ залуу хүмүүст тохиолддог бөгөөд шинжлэх ухааны талаас нь авч үзвэл 15-29 насанд голчлон илэрдэг. Хүн амын дунд солиорох эмгэг буюу шизофрени өвчний тухай буруу ойлголт олон бий. Үүнээс болж сөрөг үр дагавар гардаг. Тухайлбал өвчин үүсэх шалтгааны талаарх буруу ойлголтын улмаас лам, бөө, үзмэрчид хандах зэргээр эхлээд эмнэлгийн бус тусламж авах тохиолдол гардаг. Улмаар хугацаа алдаж өвчнөө хүндрүүлдэг.
Сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлэхээр өвчин нь улам хүндэрдэг, хүчтэй эм тариа хэрэглэдэг гэх мэтчилэн буруу ойлголтоос үүдэн эмнэлэгт хэвтүүлэхээс татгалзаж, шаардлагатай үед нь тусламж үйлчилгээ авч чаддаггүй.

