No menu items!
HomeЭрүүл мэндЗөвхөн эмэгтэйчүүдэд: Доошоо юу гарсан бэ

Зөвхөн эмэгтэйчүүдэд: Доошоо юу гарсан бэ

-

“Цагаан юм” гэж юу вэ?
“Цагаан юм” бол эстрогений нөлөөгөөр саван доторх булчирхайнуудын ялгаруулдаг шингэн юм. Бага насны охидоос “цагаан юм” гардаггүй. Учир нь үтрээний ялгадсын үйлдвэржилт явагдахын тулд тухайн эмэгтэйд хангалттай хэмжээний эстроген ялгарах ёстой байдаг. Нөгөө талаас, энэ нь цэвэршилт явагдсаны дараа ч бас “цагаан юм” бараг үзэгдэхгүй гэсэн үг. Сарын мөчлөгийн туршид цагаан юмны хэмжээ, чанар өөрчлөгддөг ба энэхүү өөрчлөлтийн дагуу өөрийнхөө жирэмслэх магадлалтай өдрийг тооцож болдог.

“Цагаан юм” ямар үүрэгтэй юм бэ?
Бидний үтрээ маш ухаалаг учраас өөрөө өөрийгөө цэвэрлэх ажиллагааг байнга хийдэг. Өөрийгөө цэвэрлэдэг ямар ч ухаалаг угаалгын машинаас илүү гээд л бодчих. Үтрээ нь “цагаан юм”-аар дамжуулан хуучин эсүүд, бохирдлыг гадагшлуулж хүчил шүлтийн хэмжээ нь таарсан чийглэг орчинг бүрдүүлдэг. Мөн “цагаан юм” нь үтрээг халдварт өвчнөөс хамгаалах “бамбай”-н давхарга болох зориулалттай.

“Цагаан юм” –аа яаж шинжих вэ?
Гараа угааж, хатаагаад долоовор юм уу дунд хуруугаа үтрээ рүүгээ шургуулж, савтай аль болох ойртуулан ялгадаснаас дээж авна. Ялгадасны дээжийг эрхий, долоовор хуруундаа үрж, хоёр хуруугаа салгаж үзээд бүтцийг нь ажиглаж болно. Хөнгөн болон хүндээр бие зассаны дараа үтрээний ялгадас илүү их ялгардаг тул үүний дараа шинжлэхэд илүү тохиромжтой. 00-ийн цаасаар урдаас хойшоо чиглэлтэйгээр сайтар арчиж байгаад, гараа угаасныхаа дараа үзээрэй. Хурдхан ээж болохыг хүсч байгаа бол өдөр бүр секс хийхээс илүү, “цагаан юм”-ныхаа тэмдэглэлийг хөтөлж байгаад үр тогтох цонхоо олж чанартайхан шиг “үзэж тарах” нь дээр.

Сарын тэмдэг: 3-7 хоног

Хуурай: Сарын тэмдгийн дараах 3-4 хоног
Үтрээ үл ялиг чийглэг хэрнээ гарт мэдрэгдэх юмгүй байх ба хурууны үзүүр хуурай шахуу гарч ирнэ. Ялгадасны үйлдвэржилт зогсох тул “цагаан юм” гарахгүй. Зарим бүсгүйчүүдийнх хуурай биш харин өтгөн юм уу наалдамхай болж болно. Энэ үед жирэмслэх магадлал бага.

Усархаг: Овуляц ойртох 3-4 хоног буюу үр тогтох цонх
Ялгадас шингэн, усархаг, тунгалаг, хуруу дагаж урссан мөн хуруу салгахад үл ялиг сунаж болно. Спермийг сав руу хурдан ороход тусална. Дотоожиндоо дусаачихсан юм шиг, биеийн юм хугацаанаасаа түрүүлж ирчихэв үү дээ гэмээр мэдрэмжийг хүртэл төрүүлнэ. Энэ үед жирэмслэх магадлал өндөр.

Өндөгний цагаан: Овуляцийн үе 2 хоног буюу үр тогтох цонх
Ялгадас нойтон, гулгамтгай, сунамтгай, өндөгний цагаан шиг , хуруу салгахад 5 см хүртэл сунахаар байна. Жирэмслэх магадлал хамгийн өндөртэй үе. Спермийг умай руу хурдан саадгүйгээр гулгаж ороход туслахын хажуугаар удаан амьдрах нөхцлийг бүрдүүлдэг.

Наалдамхай: Овуляцийн дараанаас сарын тэмдэг ирэх хүртэлх хугацаа ба энэ үед ялгадас хоёр өөр бүтэцтэй байж болно.
Наалдамхай, цайвар өнгөтэй, цавуулаг, гурилны шингэн зуурмагархуу, суналгүйгээр шууд салж хуруу тус бүрт тогтоно. Наалдамхай чанар нь эр бэлгийн эсэд дээд зэргийн хориг тавьдаг.

Өтгөн:
Өтгөн, сувдан цагаан эсвэл цагаан шаргал өнгөтэй, нягт бүтэцтэй, хурууны хооронд үрэхэд гарын лосьон шиг мэдрэгдэнэ. Эр бэлгийн эсийн хөдөлгөөнд саад учруулж үр тогтох явцыг хорьдог. Жирэмслэх магадлал бага байх юм.

Дээрх зургуудад “цагаан юм”-ны сарын мөчлөгийн үеийн ерөнхий өөрчлөлтийг үзүүллээ. Гэхдээ өөрийнхөө биеийг яг энэ хүснэгтийн дагуу байхыг бүү хүлээгээрэй. Учир нь бүсгүй бүр өөр. Зарим хүнд “хуурай” өдөр нэг ч үгүй байхад зарим нь “усархаг” үеийг алгасаад шууд “өндөгний цагаан” руу орж ч болно. Мөн 28-аас дээш буюу доош мөчлөгтэй хүний хувьд өөрчлөлтийн өдрүүд өөрөөр хуваарилагдана. Гол зүй тогтлыг “цагаан юм” чинь өтгөн, зуурамтгай байвал жирэмслэх магадлал бага, шингэн гулгамтгай бол их гэж ойлгоорой.

Асуулт: Сэрэл хөдлөх үед “өндөгний цагаан” их гардаг юм шиг ээ?
Хариулт: 
Сэрлийн шингэнийг “цагаан юм”-тай андуурч болохгүй. Сэрлийн шингэн бол үтрээг чийглэх зориулалттай бөгөөд “өндөгний цагаан”-тай төстэй боловч арай хөнгөн бүтэцтэй. Андуурахгүйн тулд сэрэл хөдөлсний дараа ялгадсаа шалгахгүй байх нь зүйтэй. Дур хүслийн шингэн нь цагийн дотор үгүй болдог.

Асуулт: Биед орсон үрийн шингэнтэй холилдчихсон үед яах вэ?
Хариулт:
 Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсны дараа бидний биед эрэгтэй хүний үрийн шингэн ордог. Тунгалаг, цагаан өнгөтэй, гулгамтгай, магадгүй сунамтгай учир мөн л үтрээний ялгадастай эндүүрэгдэх нь бий. Эндүүрлээс сэргийлэхийн тулд секс хийснээс хойш хагас цагийн дараа кегел хийх, явган суух маягаар үрийн шингэнийг гадагшлуулаарай.

Ямар үед эмнэлэгт хандах вэ?
“Цагаан юм” нь зөвхөн үр тогтох өдрийг тодорхойлох бус, нөхөн үржихүйн эрүүл мэндийн толь ч болж чадна. Тиймээс сарын мөчлөгөөс хамаарсан өөрчлөлтөөс гадна хэвийн, байгалийн бус өөрчлөлтийг ч бас анзаарах хэрэгтэй.

Хэвийн бус өөрчлөлт 1: Хэт их гарах
Хүн бүрийн үтрээний ялгадасны хэмжээ өөр. Зарим эмэгтэйн саванд төрөлхөөсөө олон тооны булчирхай байдгаас их хэмжээний ялгадас гарах нь бий. Мөн жирэмснээс хамгаалах эм, зэсийн агууламжтай спираль, жирэмслэлт үтрээний ялгадсын хэмжээг нэмэгдүүлж мэднэ. Хэрвээ ялгадас гарах нь сүүлийн үед мэдэгдэхүйц ихэссэн бол умайн хүзүүний элэгдэл юм уу шарх үүссэний тэмдэг байж болзошгүй. Дотоож чинь тасралтгүй бохирдож байвал яаралтай эмчид очиж дотуур үзлэг хийлгээрэй. Шарх нь хорт хавдрын эхний үе байх магадлалтай учир хойш сууж огтхон ч болохгүй.

Хэвийн бус өөрчлөлт 2: Хэмжээ нь их, бүтэц нь хөөсөрхөг, үнэр нь таагүй
Бактерийн халдвар байж болзошгүй. Эмнэлэгт очиж нарийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй.

Хэвийн бус өөрчлөлт 3: Ээдэмэрхүү ширхэгтэй, өтгөн цагаан бүтэц
Хэрвээ энэ ялгадас нь загатнах, халуу оргихтой хосолж байвал мөөгөнцрийн халдварыг сэжиглэх хэрэгтэй. Мөн хламид ч байж болно. Мазокын шинжилгээ өгч зөв оношлуулан тохиромжтой эмчилгээг хийлгээрэй.

Хэвийн бус өөрчлөлт 4: Шар өнгө
БЗХӨ-нүүдийн нэг гонорей байх магадлалтай. Энэ өвчний үед шар өнгөтэй ялгадас гарахаас гадна хөнгөнөөр бие засах үед халуу оргино.

Хэвийн бус өөрчлөлт 5: Саарал юм уу шар ногоон өнгө
БЗХӨ-нүүдийн нэг трихомониаз байх магадлалтай. “Цагаан юм”-ны өнгө өөрчлөгдөж, өтгөн, гашилсан үнэртэй болохын хажуугаар хөнгөнөөр бие засах, секс хийх үед өвдөлт өгч байвал трихомониаз мөн.

Толь бичиг:
Овуляц-Өндгөн эс гадагшлах хугацаа. Энэ үед саванд сперм орж ирсэн байвал “хос хоёр” түргэн учирч хайрын үрийг боловсруулна гэсэн үг.

Үр тогтох цонх-Сарын бүтэн 30 хоногийн 6-д нь л бид хүүхэд олох боломжтой байдаг гэдгийг мэдэх үү? Энэ үеийг үр тогтох цонх хэмээн нэрлэдэг бөгөөд овуляцаас өмнөх 5 хоногийг тооцож оруулдаг. Учир нь сперм бүтэн 5 хоног амьдрах чадвартай бол өндгөн эс 24 цагийн дараа амьгүй болдог.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд