No menu items!
HomeЭрүүл мэндВ.Баярмаа: Сэтгэл санаа тавгүй байгааг илтгэх гол шинж нь нойргүйдэл

В.Баярмаа: Сэтгэл санаа тавгүй байгааг илтгэх гол шинж нь нойргүйдэл

-

ЭМЯ-наас “Нэгдүгээрт эрүүл мэнд” нэвmрүүлгийг бэлтгэн хүргэж байна. Тус нэвтрүүлэгт СЭМҮТ-ийн дэд захирал, Анагаах ухааны доктор В.Баярмаа оролцож, “Сэтгэц эрүүл бол бие эрүүл” сэдвийн хүрээнд дараах зөвлөгөө, мэдээллийг хүргэлээ.

 -Сэтгэцийн эрүүл мэнд хэмээх ойлголтын талаар мэдээлэл хүргэхгүй юу?

-Хүн амыг сэтгэцийн эрүүл мэндийн байдлаар нь сэтгэцийн хувьд эрүүл, сэтгэц нийгмийн тулгамдсан асуудалтай, сэтгэцийн эмгэгтэй гэсэн гурван бүлэгт ангилан авч үздэг.  Эрүүл байна гэдэг нь сэтгэцийн эмгэггүй байхыг зэрэгцээ хүрээлэн буй орчиндоо дасан зохицох чадвартай, үр бүтээлтэй ажиллаж, нийгэмдээ хувь нэмэр оруулдаг байхыг хэлнэ.

Харин сэтгэцийн эмгэгийн өвчний Олон Улсын X ангилалд багтах шалгуурыг хангасан бүлэг хүмүүсийг сэтгэцийн эмгэгтэй гэх бөгөөд энэ нь нийт хүн амын 3 хувийг эзэлдэг.

Эрүүл, эмгэгийн завсарын үед байгаа буюу сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүс нийт хүн амын 20-25 хувийг эзэлж байна.

-Монголчуудын хувьд сэтгэцийн ямар асуудал тулгамдаад байна вэ. Юунаас болж сэтгэц гэмтээд байна?

-Сэтгэцийн тулгамдсан асуудал нь нийгмийн болон тухайн хүний сэтгэлзүйгээс хамаарна. Нийгэм-эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдлыг дагаад хүмүүсийн сэтгэлзүй өөрчлөгддөг. Энэ өөрчлөлтийг зарим хүмүүс хөнгөхөн даваад гарч байхад зарим нь даван туулах явцдаа буруу шийдвэрүүдийг гаргаж, зохисгүй байдлыг нийгэмд бий болгодог. Эргээд зохисгүй байдалдаа илүү анхаарах нь асуудал болж байна.

Хүн амын дунд зонхилон тохиолддог асуудал нь сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, нойргүйдэл, цаашлаад архаг ядаргаа юм.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдал хүмүүсийг сэтгэл зүйг асар их өөрчиллөө. Түүний үр дагавраас үүдэлтэй асуудлууд одоо ч үргэлжилсээр байна.

Хүүхдийн хувьд авч үзвэл аутизм, хөгжил дагасан болон сэтгэл, хөдлөл, зан үйлийн өөрчлөгдөх байдлаар илэрдэг гурван бүлэг эмгэг бий.

Хүүхдийн хөгжил дагасан эмгэгүүд нь ерөөсөө гэр бүлээс үүдэлтэй. Эрт үед нь илрүүлж, хүүхэдтэйгээ сайн тулж ажиллах юм бол хүүхдийг эрүүл замд хөтлөх нөхцлийг бүрдүүлнэ. Сэтгэл хөдлөл, зан үйлийн асуудал нь тухайн хүүхдийн гэр бүлээс үүдсэн аливаа асуудал өсвөр насанд хүртэл үргэлжлэх, нэг орчноос нөгөө орчинд шилжихэд илүү таагүй байдлаар илэрдэг бөгөөд энэ нь хүүхдүүдийн дунд нэлээд тулгамдсан асуудал болоод байна.

-Хүүхдийн сэтгэц бага насандаа гэмтсэнийг эцэг, эхчүүд хэрхэн мэдэх боломжтой вэ, Ер нь хүүхдийн сэтгэц гэмтэх гол шалтгаан нь юу вэ?

-Бага насны хүүхдийн хувьд илүү уйламтгай, гунигтай, уйтгарласан, хүнтэй ярих дургүй,ганцаараа байх илүү сонирхолтой байдаг бөгөөд үүнээсээ болоод өөрийгөө илэрхийлэх чадваргүй болдог.

СЭМҮТ-ээс 2013-2017 оны хооронд өсвөр насны хүүхдүүдийг хамарсан судалгааг хийсэн. Судалгааны үр дүнд хүүхдүүдийн 60,5 хувь нь эрүүл, 30,5 хувь нь ямар нэгэн асуудалтай, есөн хувь нь сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгт байдалтай байна гэдэг статистик гарсан. Хүүхдийн сэтгэцэд үүсч байгаа аливаа асуудал ерөөсөө л гэр бүлээс үүдэлтэй. Нарийн яривал хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэж буй болсон цагаас, эхийн сэтгэл хэр хангалуун байгаагаас энэ асуудал эхэлнэ.

Жирэмсэн эх сэтгэл санаа өөдрөг, баяр, баясалтай эсвэл гуниг гутралтай, таагүй байдалтай байгаагаас хүүхдийн сэтгэлзүйн байдал ямар байх вэ гэдэг нь хамаарч байгаа гэдгийг олон судалгаа харуулсан байдаг. Хүүхдийг тээх, төрүүлэхэд эцэг хүний үүрэг маш чухал. Гэр бүлийг бий болгож байгаа аав, ээж хоёр хүүхдэдээ хэр хайр, халамж үзүүлж байна, хэр аз жаргалтай байлгаж байна гэдгээс л хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд хамаарна гэдгийг тогтоочихсон байгаа.

-Гурван хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгт өртөж байгаа нь бусад орнуудтай харьцуулахад хэр өндөр байна вэ?

-Хүүхэд, өсвөр насныхны 20 орчим хувь буюу 5-6 хүүхэд тутмын нэгд нь ямар нэгэн асуудал байна гэж байхад манай улсын хувьд гурван хүүхэд тутмын нэгд гэж байгаа нь хүүхэд, гэр бүлд анхаарлаа хандуулах цаг болсныг илтгэж байна. Цаашлах юм бол гэр бүл хэрүүл маргаангүй, бүрэн бүтэн байх тухай асуудал яригдана. Энэ бүгд чинь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд асар чухал нөлөө үзүүлдэг.

– Сэтгэц гэмтэнэ гэдэг нь бие гэмтэнэ гэсэн үг. Биед тодорхой өвчин байхгүй хэрнээ зовиур мэдрэгддэг шүү дээ.

-Сэтгэцийн гэмтлийн үед үйдас, түгшүүр, гутрал, нойрны хямрал, хэт их унтах, эсвэл нойргүйдэх зэрэг сэтгэлийн зовнилийг илэрхийлсэн мэдрэмжүүд мэдрэгддэг. Сэтгэц гэмтэх, эмгэг өөрчлөлт болж байгааг илэрхийлэх гол шалгуур нь ерөөсөө л цаг хугацаа.

Шинж тэмдэг зургаан сар ба түүнээс дээш хугцаагаар үргэлжлэх, сэтгэлийн түгшүүр, айдас, сэтгэл гутралаасаа болоод үе тэнгийнхэн, гэр бүлийнхэнтэйгээ харилцаж чадахаа болиод ирсэн тохиолдолд сая эмгэг гэж оношилно. Үе үе гутарч, үе үе түгшиж болно. Энэ бол байх л хэвийн зүйл. Суурь хүмүүжил, суурь сэтгэлзүй сайн тавигдсан байх юм бол хүүхэд асуудлыг амархан даван туулна.

 – Сэтгэцийн гэмтлийг анзааралгүй өнгөрсөн тохиолдолд даамжирвал ямар эрсдэл үүсэх вэ?

-Хүний амьдрал тэр чигээрээ стресс. Энэ хэрээр сэтгэлзүйн гэмтлийг авч байдаг. Хүн өв тэгш гэр бүлд төрж, өссөн бол тэр гэмтлийг хөнгхөн даван туулах боломжтой. Гэтэл дан ганц хувь хүнээс гэлтгүй нийгмийн зүгээс шалтгаалах олон хүчин зүйлс даван туулахад хүндрэлтэй нөхцөл үүсгэдэг. Гэхдээ сэтгэлзүйн гэмтэл болгон эмгэг болохгүй. Уур бухимдал, түгшүүр, гутрал зэрэг таагүй зүйлүүд нь байнгын шинж чанартай болж, хамт олонтойгоо, бусадтай харилцах харилцаанд нөлөөлж байвал ямар нэгэн асуудал байгааг ойлгож, сэтгэл зүйч, сэтгэл засалчид хандаж, зөвлөгөө авахгүй бол болохгүй гэж бодох хэрэгтэй.

Эдгээр шинжүүд хааяа илэрсэн ч  хөдөлмөрийн чадвар, суралцах чадвар хэвээрээ, үр бүтээлтэй ажиллаж байх юм бол байдаг л зүйл, даван туулах боломжтой гэдгийг ойлгох нь чу.

Сэтгэлзүйн гэмтлийг анзааралгүй, тоохгүй явсаар даамжирсан тохиолдолд эмгэг байдалд шилжих, хорт хавдар, зүрх судас, даралт ихсэлт, чихрийн шижин зэрэг олон өвчний эрсдэлт хүчин зүйл болж байгаа учраас эрт үед нь анхаарч, асуудал байвал түүнийг шийдэж сур, сэтгэлээ тайвшруулж сур, эерэг, зөв аргаар асуудлыг даван туулж сур гэдгийг зөвлөөд байгаа юм.

Тулгамдсан асуудлаа зохисгүй аргаар шийдвэрлэх буюу архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэх цаашлаад эдгээрээс хамаарсан олон эмгэг, бие болон сэтгэл зүйн хүчирхийлэл, осол аваар, гэмт хэрэг үйлдэх зэргийн шалтгаан болдог. Нийгэмд гарч буй сөрөг зүйлсийг ихэсгээд байгаагийн цаана үйлдэл хийсэн сэтгэл санааны тавгүй байдалтай хүн байгаа. Тиймээс тавгүй байдлын үед өөрийгөө тайвшруулах аргуудыг хэрэглэж сурах хэрэгтэй байна.

Сэтгэлийн шаналал, зовлон, зовиур цикл маягаар үргэлжлээд байх юм бол 15, 20 жилийн дараа бие махбодын эмгэгт хүргэдэг болохыг олон судалгаагаар баталсан.

-Сэтгэцийн тулгамдсан асуудлын үед илрэх шинж тэмдгүүдийн талаар?

-Хамгийн түрүүнд илэрдэг шинж тэмдэг нь нойргүйдэл. Нойргүйдэх, шүдээ хавирах, хурхирах, нойрондоо босч явах зэрэг нь бүгд нойрны хямралын шинжүүд. Өдөр унтчихаад шөнө унтахгүй байх, хэт их унтах зэргээр нойрны хэмнэл алдагдах нь сэтгэл санаа тавгүй байгааг илтгэх чухал шинж тэмдэг.

-Архаг ядаргаа сэтгэцийн ямар эмгэгээс үүдэлтэй вэ?

-Архаг ядаргаа нь айдас түгшүүр, гутрал, нойргүйдэл, ядрах, сульдах, толгой өвдөх зэрэг бие, сэтгэлийн шинжүүд хавсарсан байдлаар илэрдэг сэтгэлийн шалтгаант эмгэг юм. Эхлээд сэтгэлийн шинжүүд явж байснаа биеийн шинжүүд нэмэгдэж, хөдөлмөрийн бүтээмжид хүртэл нөлөөлдөг.

-Юуг анхаарвал зохистой гэдэг талаар манай уншигчдад зөвлөхгүй юу?

-Сэтгэл санааг эерэг байлгах олон аргууд бий. Бачуурч байгаа үед амьсгалын дасгал хийх нь арай уужуу бодох, тайвширсныхаа дараа зөв гарц гаргалгааг шийдэх боломжийг олгодог. Албаны эх сурвалжаас мэргэжилтнүүдийн өгсөн зөвлөгөө, мэдээллийг аваач ээ, түүнийгээ хараад өнгөрөх биш өөр дээрээ хэрэгжүүлээч ээ гэдгийг зөвлөмөөр байна.

Тавдугаар сарын 1-нээс эрт илрүүлгийн арга хэмжээг улс орон даяар хэрэгжүүлэх гэж байна. Үүнд сэтгэцийн эрүүл мэндийн эрт илрүүлэх хүүхэд болон насанд хүрэгчдийн гэсэн хоёр төрлөөр орсон байгаа. Тиймээс эрт илрүүлэгтээ хамрагдахыг уриалж байна.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд