No menu items!
HomeЭрүүл мэнд"Дараах шинж тэмдэгүүд илэрвэл өлөн байх үеийн глюкозоо хянуулахыг зөвлөж байна"

“Дараах шинж тэмдэгүүд илэрвэл өлөн байх үеийн глюкозоо хянуулахыг зөвлөж байна”

-

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор шууд дамжуулалтаар зөвлөгөө, мэдээлэл хүргэдэг билээ. Тус эмнэлгийн Дотоод шүүрэл судлалын тасгийн Ахлах зэргийн эмч АУ-магистр Т. Ариунтуяа, Бөөр дотоод шүүрэл судлалын тасгийн сургагч багш Б. Батцэцэг, Хоол зүйч Д.Энхжаргал нар чихрийн шижин өвчний талаар зөвлөгөө мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

Т.Ариунтуяа: Чихрийн шижин гэдэг нь инсулины шүүрэл багасах болон инсулинд дөжирснөөр цусны глюкоз ихэсдэг бодисын солилцооны эмгэг юм. Уг өвчнийг дотор нь хэв шинж I, II гэж ангилдаг.

Хэв шинж I нь нойр булчирхайн бета эсийн үйл ажиллагаа алдагдаж, инсулин дутагдсанаар цусны глюкоз ихэсдэг эмгэг. Харин хэв шинж II нь биеийн эсүүд инсулин дааварт дөжирснөөр цусан дахь глюкозын түвшин нэмэгддэг юм.

2019 оны байдлаар 20-79 насны хүмүүс уг өвчнөөр өвчилсөн эхний 10 улсын жагсаалтыг гаргасан бөгөөд тоон судалгаанаас харвал БНХАУ уг жагсаалтыг тэргүүлж байна. Дараа нь Энэтхэг, АНУ зэрэг орж байна. Харин нас баралтын түвшнийг авч үзвэл ихэнхдээ 50-аас дээш насны эмэгтэйчүүд илүүтэй өртжээ.

Уг өвчнөөр ямар хүмүүс өвчлөх эрсдэлтэйг эрсдэлийн оноогоор дүгнэдэг. Тухайлбал, 40-өөс дээш насны, эрэгтэй, жирэмсэн үедээ чихрийн шижингээр өвчилж байсан, эцэг, эх, ах, эгч, дүү нь уг өвчнөөр оношлогдож байсан, артерийн даралт ихсэлттэй, дасгал хөдөлгөөний идэвхгүй, таргалалт зэрэг нь эрсдэлт хүчин зүйл болдог.  

35-аас дээш насны иргэдээ уг өвчний эрт илрүүлгийн үзлэгт хамруулдаг. Эрсдэлийн үнэлгээгээр таваас доош оноо авбал гурван жил тутамдаа уг үнэлгээгээр хянаад явна. Харин таваас дээш оноо авах юм бол өлөн үеийн глюкоз, глюкозын ачаалалтай сорил, глюкозсон гемоглобин тодорхойлох шинжилгээ хийдэг. Харин эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн бол өлөн биш үеийн глюкозыг тодорхойлдог. Эдгээрийн үндсэн дээр тухайн хүн эрүүл, чихрийн шинжингийн урьдал байдалтай эсвэл чихрийн шижинтэй байна гэдгийг оношилдог.

Чихрийн шижин нь шинж тэмдэггүй явагддаг учраас том болон жижиг судсуудыг гэмтээж байдаг. Ялангуяа, тархи, зүрх, доод мөчдийн артерийн судсыг ихээхэн гэмтээнэ. Харин жижиг судсуудыг гэмтээсний улмаас нүдний, бөөрний, захын мэдрэлийн хүндрэлийг үүсгэдэг.  

Д.Энхжаргал: Чихрийн шижин өвчин нь таргалалт, стресс, нас, удамшил, хоолны зуршил, жирэмслэлт, хэт их идэх, хөдөлгөөний хомсдол, эмийн зохисгүй хэрэглээ зэрэг олон шалтгааны улмаас үүсдэг. Нэгэнт оношлогдсон тохиолдолд хооллолтын 10 зарчмыг ягштал мөрдөснөөр өвчнийг хяналтандаа байлгах бүрэн боломжтой юм. Зөв хооллолтын зармыг танилцуулая.

-Юун түрүүнд хэвийн биеийн жинд тохирсон илчлэг бүхий хоол хүнсийг тогтмол хэрэглэх,

-Өдөр бүр 6 удаа тохирсон хэмжээгээр, тогтсон цагт хооллож занших,

-Ямар нэгэн байдлаар хэтрүүлэхгүй, багадуулахгүй, хоолны тунг тохируулах шаардлагатай,

-Хатуу хүлхдэг чихэр, зөгийн бал, жимсний чанамал, хийжүүлсэн ундаа зэрэг энгийн нүүрс ус агуулсан хүнсийг хориглоно. Энгийн нүүр ус агуулсан хүнсэнд цагаан гурил, будаа, пүнтүүз, төмс зэрэг багтана. Эдгээрээс мөн татгалзвал зохистой.

-Хэт их шарсан, хуурсан, амьтны гаралтай өөх тос ихээр агуулсан хүнсийг хязгаарлана,

-Эслэг агуулсан хүнсийг ихээр хэрэглэнэ. Хүнсний эслэг нь жимс, жимсгэнэ, бүхэл үрийн бүтээгдэхүүнүүдэд ихээр агуулагдана.

-Давсны хэрэглээг хянана. Өдөрт дунджаар 5 гр хэрэглэх ёстой байдаг ч монголчуудын хувьд 13гр буюу хоёр дахин их байгаа юм.

-Хоолоо жигнэх, чанах аргаар боловсруулж идээрэй,

-Кафейны хэрэглээгээ хянах хэрэгтэй.

Хязгаарлах хэрэгтэй хүнсний бүтээгдэхүүнд дараах зүйлс багтана. Үүнд:

-Дээд гурил, цагаан будаа, төмс, гоймон, чихэр их агуулсан кекс, нарийн боов,

-Гахай, хонь, ямааны мах, элэгний нухаш, малын дотор гэдэс, өөх ихтэй мах,

-Даршилсан, нөөшилсөн ногоо,

-Өрөм, зөөхий, хайлмаг,

-Тарвас, хатаасан жимс, усан үзэм,

-Майонез, шар тос, тасалгааны хэмд хатуу төлөвтэй тос

Б. Батцэцэг: Чихрийн шижингээр оношлогдсон тохиолдолд өвчтөн цусны глюкозоо хянаж, тэмдэглэл хөтлөх ёстой. Гурван удаа хэмжих бөгөөд өлөн үеийн цусны глюкоз нь 4,4-6,1 ммоль/л, хооллосноос хоёр цагийн дараах нь 4,4-8,0  ммоль/л, унтахын өмнөх нь 4,4-8,0  ммоль/л байх ёстой.

Сүүлийн гурван сарын хугацаанд цусан дахь сахарын хэмжээ ямар түвшинд байгааг улирал тутамдаа нэг удаа хянуулж байх ёстой байдаг.

Чихрийн шижингээр оношлогдсон, 50 хүртэлх насны, хавсарсан эмгэггүй бол гурван сарын дундаж үзүүлэлт 7 хувиас доош байвал зохистой.

Цусны даралтаа байнга хэмжих бага 130/80-аас доош түвшинд байлгаарай. Уг өвчин нь судасны хүндрэлүүдийг үүсгэдэг учраас нүдний угаа дурандуулах, нүд, мэдрэл, зүрх судас, шүдний эмчийн хяналтанд байж хянуулах шаардлагатай.

Д.Энхжаргал: Дараах шинж тэмдэгүүд илэрч байвал өлөн байх үеийн глюкозоо хянуулахыг зөвлөж байна. Чихрийн шижингийн үед өвчтөнд ямар нэгэн зовиур шинж тэмдэг төдийлөн илрэхгүй. Харин цусан дахь глюкоз өндөр байх, ам цангах, ихээр уух, ихээр шээх шинж тэмдэг илрэхийн хажуугаар инсулин дааврын нөөц багассаны улмаас богино хугацаанд жин буурлаа гэсэн зовиуртайгаар эмчид ханддаг.  

Эрт илрүүлэг хамгийн чухал. Тиймээс дээр дурьдсан эрсдэлт бүлгийн хүмүүс эрсдэлийн үнэлгээ хийлгэж байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: Улсын хоёрдугаар төв эмнэлэг 

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд