No menu items!
HomeТүүхСайдуудыг шараа болгосон программчид

Сайдуудыг шараа болгосон программчид

-

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Төрөөс зарцуулж байгаа санхүүгийн болон бусад үйлчилгээ ил тод байх нь тухайн улс орны нийгэм эдийн засгийн амьдрал эрүүл байхын нэг үндсэн нөхцөл болдог… гэх мэтийн мундаг том үг бүхий нөхдүүдийн ярихыг бид бараг өдөр болгон л сонсдог. Дээрх үгийг би манай нэг сайтад гарсан нэгэн ярилцлагаас хуулан бичиж суугаа нь энэ.

Эдгээр хүмүүсийн энэ сүртэй сайхан үгс, тэрхүү шилэн данс мэтийн юм нь бодит амьдрал дээр хэр үр өгөөжөө өгч байдаг юм бол? Юу л бол…

Хэн нэг өстөн дайснаа “авлах” болохоор улс төрийн хүчнүүд, тэдний гар хөл болсон нөхдүүд энэ шилэн дансыг их сөхөх ч, үнэн яриад байгаа юм уу худал юм уу мэдэх арга байхгүй гэхэд болох биз. Дээр нь энэ бүхнийг даган хуйларч сүртэй нь аргагүй дэмжиж, эсвэл эсэргүүцэн тэмцэх дуртай нөхдүүдийн элдэв болсон болоогүй постууд…Толгой эргэмээр.

Тэгвэл Чех улсад ийм байдлын эсрэг элдэв хэл яриа гаргаж, улс төр хийлгүйгээр асуудал шийдэж болохыг харуулсан нэг үйл явдал болжээ.

Чех улсын хурдны замаар явахад төлөх төлбөрийг хураан авах орчин үеийн шинэ систем нэвтрүүлэхээр болж төрөөс 400 сая чех крон (2020 оны үед энэ нь 16 сая евротой тэнцэж байв) зарлагдахаар шийдсэн байна. Энэ систем нь замын төлбөрөөс гадна интернет худалдаа хийх  боломжтой iOS болон Android үйлдлийн системтэй…гэх мэтээр мундаг л үзүүлэлттэй юм байсан бололтой. Энэ том ажлыг хийх газрыг сонгохдоо ил тендер зарлаагүй нь “янз бүрийн жижиг компаниуд хямдхан хийж байгаа нэртэй ажил баллах бий” гэсэн айдастай холбоотой юм байх. Тиймээс энэхүү 4 жилийн хугацаанд хийх ёстой ажлыг  Asseco Central Europe хэмээх томоохон компанид хариуцуулан мөнгө төгрөгийг төлж эхэлсэн байна.

Харин Чехийн IT ертөнцийн нөхдөд энэ нь огт таалагдсангүй. Улсын мөнгийг буюу татвар төлөгч бидний мөнгөөр ингэж тоглож болохгүй гэж үзсэн хүмүүсийг Actum Digital хэмээх жижиг компанийн эзэн Томаш Вондарчек толгойлон тэмцэж эхэлсэн ба тэрээр жагсаал цуглаан, ил далд эсэргүүцэл илэрхийлсэн суулт өлсгөлөн зарласангүй. Тэр энэ ажлыг өөрийн сайн дураар, хамгийн богинохон хугацаанд хийж үзүүлэхээр шийдсэн ба IT-ийн мэргэжилтэй нөхдүүдээсээ туслалцаа хүсжээ.

Тэрээр нутгийн програмчдыг нэгдэж хакатаон үүсгээд өнөө том системийг хийхдээ зөвхөн амралтын өдрүүдээр Actum Digital компанид ажиллаж, хийсэн бүтээснээ Чехийн засгийн газарт бэлэглэхээр шийдсэн байна. 60 гаран хүмүүс түүний энэ санаачлалыг дэмжин хамтарч ажиллахаар тохиролцон fairznamka.cz гэсэн сайт үүсгэн ажиллаж эхэллээ. 4 жилийн хугацаанд 16 сая евро зарах ажлыг хэдэн сайн дурын нөхдүүд үнэгүй хийхээр болсон гэдгийг дахин нэг сануулъя.

Программчдыг ажиллаж байх үед Чехийн ерөнхий сайд Андрей Бабаш хүрэлцэн ирж ажил байдлыг нь сонирхож байсан ба түүнийг дагаж ирсэн эвэртэн туурайтнуудын нүд нь ёстой орой дээрээ гарсан юм байх. Гэтэл залуус нийлж ажиллаад ердөө 22 цаг л болж байсан үе.

Удалгүй сайт тест байдлаар ажиллаж эхэлсэн ба улсын нэгдсэн системд холбогдоогүй ч яг л холбогдсон мэт байдлаар, өнөө үнэтэй системийн хийх ёстой ихэнх ажлыг хийж эхэлжээ. Эхний өдөр гэхэд тухайн сайт руу 175 000 хүн хандаж (худлаа хоосон коммент бичиж байхаар сайт руу орж ажилд минь тус болно уу гэсний дагуу жирийн хүмүүс бас өөрийн чадах хэмжээгээр нэмрээ оруулсан нь энэ), ачаалал даах болон бусад нөхцөл байдлыг шалгахад тус болсон ба бүр интернет худалдаа ч явагдаж байж. Мэдээж жинхэнэ худалдаа биш, түүнийг яг таг орлосон зүйл байх нь ойлгомжтой.

Ингээд туршилт дууссаны дараа засгийн газарт ажлаа хүлээлгэн өгөхөд ерөнхий сайд нь энэ системийг хэвийн ажиллуулах, дутуу хүтүүг нь гүйцээн хийх компанийг сонгох нээлттэй тендер зарлаж 2020 оны 12-р сарын 1 гэхэд  ажиллахад бэлэн болгохыг даалгасан гэдэг.

Харин энэ бүхнийг эхлүүлсэн Вондрачек нь цаашид энэ системтэй ажиллахгүй (ямар нэг ашиг харалгүй зөвхөн бодит байдал ямар байгааг харуулах гэж зорьсондоо хүрсэн учраас гэж тайлбарлажээ) гэдгээ мэдэгдэн, тэдний хийсэн ажлыг гүйцээн хийх, бүрэн ашиглалтад оруулах болон бусад бүх зардал нь нийлээд нөгөө 400 сая кроны 25% буюу 100 сая кронод хангалттай багтах тооцоогоо гаргаж иржээ.

Энэ явдлын дараа Чехийн тээврийн сайд Владимир Кремлик огцорч, анх тендер авсан Asseco Central Europe компани ч хийсэн гэрээгээ цуцлахад бэлэн, гэрээ цуцласны ямар нэг төлбөр мөнгө авахгүй болсноо мэдэгдсэн гэдэг.

Юмыг ингэж л хийдэг бололтой.

P.S

Энэ явдал цаашдаа чухам хэрхэн яаж хэрэгжсэн тухай юм олж чадсангүй. Бодвол болдгоороо болоод, одоо ид сайхан ажиллаж байгаа байлгүй.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд