No menu items!
HomeУИХ-ын гишүүн76: УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн

76: УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн

-

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг онцолж байна.

ТОВЧ НАМТАР

Хоёр дахь парламентын нүүр үзэж буй УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Архангай аймгийн Ихтамир сумын уугуул. Түүний аав Ч.Ганзоригийн талаар уншигчид мэдэх бизээ. Ч.Ганзориг гуай 2008 онд “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар томилогдож байв. Харин түүний ээж Д.Дэнсмаа нь холбооны инженер мэргэжилтэй.

Г.Тэмүүлэн 1993 онд онд Цэцэрлэг хотын хоёрдугаар дунд сургуулийг төгсжээ. МУИС-д нэг жил сураад л гадаадад сурахаар зорьсон бөгөөд American university сургуульд Олон улсын харилцааны чиглэлээр суралцаж төгссөн. Америкт суралцаж байхдаа сургуулийнхаа чөлөөт бөхийн шигшээд тамирчин болж байжээ. Чөлөөт бөхөөр дөрвөн жил хичээллэсэн гэдэг.

Сургуулиа төгсч ирээд 2005 онд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт мэргэжилтнээр орж ажлынхаа гарааг эхэлж байсан тэрбээр 10 гаруй жил уул уурхайн салбарын яам, агентлаг, төрийн өмчит компанид ажилласан.

Ашигт малтмал газрын тосны газарт мэргэжилтнээс хэлтсийн дарга болон дэвшиж, улмаар төрийн өмчит компаниудыг удирдлагаар хангах үүрэг бүхий “Эрдэнэс Монгол”-ын дэд захирлаар 2009-2014 оны хооронд ажиллажээ. Энэ үеэс улстөрд эргэлт буцалтгүй орсон.

2008 онд “Оюутолгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээ хэлцлийг хийх Ажлын хэсэг байгуулах удирдамжийг баталсан бөгөөд үүний дагуу түүнд ажлын хэсгийн нарийн бичгээр ажиллаач гэсэн хүсэлт ирж, 2013 онд Оюу Толгойн ТУЗ-ийн гишүүнээр томилогдож байв.

2015 онд Дубайн гэрээг байгуулахад дэмжиж оролцоогүй талаараа нэгэн ярилцлагадаа дурьдсан байдаг. Энэ талаар тэрбээр, “Тухайн үед Засгийн газарт хоёр сонголт байсан. Нэг нь Ч. Сайханбилэг Ерөнхий сайдын хийсэн сонголт буюу өмнөх гэрээний суурь зарчмыг үндсээр нь өөрчлөх сонголт байсан. Нөгөөх нь миний байр суурь Засгийн газар Рио Тинтогоос 2009 онд байгуулсан гэрээнийхээ үндсэн хэрэгжилтийг хангуулах талаар ажиллах, хэрэв хоёр тал ойлголцож чадахгүй бол цаашлаад өөрсдийн байр сууриа хамгаалуулах үүднээс арбитрын шүүхэд ч хандаж болох сонголт байсан. Энэ шийдлийг хийсэн бол маргаан магадгүй хоёр жил үргэлжлэх байсан байх, гэхдээ гэрээ, хуулийг сахин биелүүлдэггүй, ёс зүй, этик муутай компаниудад дахиж дарамтлуулахгүй байсан. Би Монгол Улсын иргэнийхээ хувьд Дубайн гэрээг эрс эсэргүүцсэн. Гэвч Засгийн газрын тэргүүн өөрийнхөө сонголтыг хийсэн” хэмээжээ.

2014 оны нэгдүгээр сард Г.Тэмүүлэнг Лондонд “Рио Тинто”-той хэлэлцээр хийж явахад ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарсан байдаг. Улмаар 2015 оны дөрөвдүгээр сард Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн юм.

Уул уурхайн яамны дэд сайдаар ажиллаж байхдаа Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгчид ганцаараа нэр дэвшиж, 100 хувийн саналаар сонгогдож байжээ.

Хувийн амьдрал:

Түүний эхнэр С.Энхзулыг Монголд брэнд хувцасны анхдагч дэлгүүрүүдийн нэг “Ханбүргэдэй” худалдааны төвийн захирлын охин гэдгээр нь салбарынхан андахгүй. С.Энхзул Их Британид боловсрол эзэмшсэн нэгэн бөгөөд аавынхаа бизнесийг үргэлжлүүлэн авч явж буй. Эхнэртэйгээ нэг нутгийнх бөгөөд найз нараараа холбогдон танилцаж байжээ. Тэд хүү, охинтой.

ХӨРӨНГӨ ОРЛОГЫН ХУРААНГУЙ

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө, орлогын мэдээллийг нийтэд ил болгосон билээ. Энд тэрбээр өөрийн орлого 35,8 сая, гэр бүлийн орлого 68,3 сая гэж мэдүүлжээ. Г.Тэмүүлэн гишүүн амины орон сууцгүй бөгөөд 361,6 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван нийтийн орон сууцтай. Мөн 220 саяын үнэтэй Land Rover, Range Rover-1, Lexus-570 машин унадаг, 288,6 саяын хурдан удмын адуутай, 15 саяын үнэт эдлэлтэй гэж мэдлүүлжээ.

Гадаад дансгүй бөгөөд дотоодын хадгаламжиндаа 312 сая төгрөгтэй. “Харте Голд Корп” ХК, “Евроконстракшн” ХХК, “ТТЕМ” ХХК-д 100 хувийн хувьцаа эзэмшдэг. Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаарх дэлгэрэнгүйг ЭНД дарж харах боломжтой.

ХЭВЛЭЛИЙН ХУУДАСНАА

Түүний ээж ЖДҮС-аас зээл авч байжээ

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий компанидаа зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын талаарх баримт хэвлэлд нийтлэгджээ. Тодруулбал, түүний хамаарал бүхий этгээд буюу ээж Д.Дэнсмаа нь “Спа цогцолбор”-ын захирал бөгөөд өөрийн охин Г.Энх-Үүлэнтэй хамтран ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн зээл авсан байдаг. “Спа цогцолбор” ХХК нь хорооллын эцэст байрладаг “Говь саун”-ыг эзэмшдэг компани аж. Уг баримт дэлгэгдэх үед “Бүхэл бүтэн нэг аймагт оногддог жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн зээлийг булаасан” гэх шүүмжлэл өрнөж байсан юм.

Харин энэ талаар Г.Тэмүүлэн гишүүн “ЖДҮС-аас зээл авахад нь би нөлөөлөөгүй” гэх тайлбарыг хийж байжээ.

Г.Тэмүүлэн: Дубайн гэрээнээс дутахааргүй татварын өөрчлөлт хийж болохгүй

Тэрбээр, “Сүүлийн жилүүдэд олон улсад татвараас зайлсхийх олон төрлийн бүтэц, арга замыг олон үндэстэн дамнасан томоохон компаниуд ашиглаж байна гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Саяхан нэг судалгаанаас үзэхэд олон улсын түвшинд хамгийн энгийнээр тооцоход 240 тэрбум ам.долларын татварын орлогыг үндэстэн дамнасан компаниудад алдаж байгаа гэсэн тооцоог судлаачид хийсэн байсан. Тэр тусмаа манайх шиг уул уурхайд түшиглэсэн улсуудын хувьд илүү ихээр татварын орлогоо алдаж буйг судалгааны байгууллагууд хэлж байгаа. Тэгэхээр бид бүхний хувьд татварын шинэчлэлийн асуудлыг бодлогын хувьд өндөр шатанд гаргах шаардлага бий болжээ.

Аж ахуйн нэгжийн тухай хуулийн төслийг уурхайн салбарт хэрэгжиж байгаа томоохон төслүүдийн нэг болох зөвхөн Оюутолгой төслийн хүрээнд үйлчлэлийг нь нягталж үзэхэд Хөрөнгө оруулалтын гэрээний татвартай холбоотой 34 зүйл, заалтаас 10 гаруй тогтворжуулсан заалтууд хөндөгдөж тэр хэмжээгээр давуу байдал, хөнгөлөлт, чөлөөлөлтийг Хөрөнгө оруулагч талд эдлүүлэхээр байна. Хөрөнгө оруулалтын гэрээний 2.5-2.10, 2.31 гээд олон заалтууд хөндөгдөнө. Нэг заалтын цаана л гэхэд магадгүй авах байсан татварын суурийг олон зуун сая ам.доллараар хөдөлгөх ч нөхцөл үүснэ. Тэгэхээр нөгөө учрыг нь олж хужрыг нь тунгаах л хэрэгтэй” хэмээжээ.

“Эрүүл мэндийн салбараас бусад салбарын хөрөнгө оруулалтыг зогсооё”

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр тэрбээр, “УИХ, ЗГ-ын хүлээн үүрэг бол улсын төвсийг тогтвортой байлгах. Ковидын үеийн нөхцөл байдал хүнд байгаа, ойлгож байна. Тиймээс бид бүхнйи хувьд дасан зохицох шаардлага байна. Тиймээс зардлаа танах, эрүүл мэндийн салбараах бусад салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтыг болих, ААН, хувийн хэвшлээ дэмжих шаардлагатай. ХАА, Уул уурхайн салбараа зөв замаар эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал байна” гэжээ.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд