No menu items!
HomeУИХ-ын гишүүн76: УИХ-ын гишүүн Б.Баярсайхан

76: УИХ-ын гишүүн Б.Баярсайхан

-

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг онцолж байна.

Товч намтар

Балжиннямын Баярсайхан Улаанбаатар хотын уугуул. 1987 онд нийслэлийн ерөнхий боловсролын 51-р дунд сургууль төгсчээ. Багшийн сургуулийг багш мэргэжлээр төгсөж, цэцэрлэгийн дуу хөгжмийн багшаар ажлынхаа гарааг эхлүүлсэн ч мэргэжлээрээ төдийлөн ажиллаагүй. Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа бөглөсөн анкет нь асуудалтай гэж хэвлэлээр удаа дараа гарч байсан.  Тухайлбал, 1991 онд Монгол Улсын Багшийн сургууль төгссөн гэж бичжээ. Гэтэл Багшийн коллежийн Дуу хөгжмийн багшийн ангид 1987 онд элсэн орж төгссөн байдаг.

1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн ч мөн л мэргэжлээрээ ажиллаагүй. Харин сэтгүүл зүйн салбарт олон жил ажиллаж, СНЭ-ийн Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдсан. Мөн Олон Улсын Пресс клубуудын холбоо (IAPC)-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон байдаг.

Анх 1995 онд Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн “Өглөө” хөтөлбөрийн хөтлөгч, редактораар ажиллаж эхэлсэн бөгөөд 1999 онд “Хэвлэлийн хүрээлэн”-гийн дээд курс төгссөн. Төрийн нарийн бичгийн даргын анкет дээрээ Монгол Улсын сэтгүүл зүйн сургууль төгссөн гэж бичсэн нь мөн л нэлээдгүй шуугиан тарьж байв. “МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийн оюутан байхдаа Үндэсний телевизийн “Өглөө” хөтөлбөрт шалгуулж орж байсан. Өглөө хөтөлбөрийн хуулийн нэвтрүүлгийг долоо хоногийн таван өдөрт бэлтгэн хүргэдэг байв. Энэ үедээ би телевизэд дурласан. Заавал мэргэжлийн сэтгүүлч болох ёстой гэж шийдээд сэтгүүлчээр суралцсан даа” хэмээн нэгэн ярилцлагдаа дурьдсан байдаг.

1997 онд Улсын Дээд шүүхийн хэвлэлийн төлөөлөгч хийж байсан бол 2002 оноос MCS группэд РR менежерээр ажиллах болжээ.

2004 оноос “Ийгл” телевизийн борлуулалт, маркетингийн албаны даргаар ажиллаж байгаад БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, сайдын зөвлөх болж дэвшсэн.

Тэрбээр 2016 оны аравдугаар сард БШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож байсан. Гурван ч сайдын нүүр үзсэн. Ажлаас халагдах тушаал гарах бүрд шүүхэд хандаж байсан гэдэг. 2017 онд Засгийн газраас гаргасан албан ёсны хэвлэлийн  мэдээнд “Салбараа болон төрийн албан хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй үндэслэлээр Б.Баярсайханыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөв” гэсэн нэгхэн өгүүлбэр бүхий шийдвэрийг гэнэт гаргасан нь олон хүний анхаарлыг ихээхэн татсан юм.

Салбарынх нь сайдаар ажиллаж байсан Ц.Цогзолмаа ажлаа өгөхдөө чуулганы индэр дээрээс “Монгол Улсын Ерөнхий сайдад хичээнгүйлэн захихад манай салбарт гурван сарын өмнө томилогдож ирсэн Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхантай хамтарч ажиллах боломж үнэхээр байгаагүй шүү. Та цаашид зөв, сэтгэлтэй хүнээр солихгүй бол энэ салбарын ажил явахгүй. Ерөнхий сайд та үүнд онцгойлон анхаарна уу” гэж хэлээд бууж байсан удаатай.

Өнгөрөгч онд Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байв. Тэрбээр Завхан аймгаас парламентад сонгогдож, шинэ парламентын эмэгтэй 13 гишүүний нэгээр тодорсон.

Түүний дүү жүжигчин Б.Амарсайханыг  нь МАН-ын сурталчилгаанд шүдэнз зурж, үг хэлээд байхаар эгчийгээ дэмжиж байна гэж хэвлэлүүдээр бичиж байв.

Хөрөнгө орлого

УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчид АТГ-д хөрөнгө орлогын мэдүүлгээ өгсөн байдаг. Энд тэрбээр өөрийн орлого 107,7 сая, гэр бүлийн гишүүдийн нийт орлого 10,2 сая гэж мэдүүлжээ. Тэрбээр 4,5 тэрбумаар үнэлэгдэх нэг амины орон сууцтай аж. Мөн 108 саяын үнэлгээ бүхий BMW 528- 1, Nissan Juke- 1 суудлын жижиг автомашинтай. Тэрбээр 92 сая төгрөгийн үнэлгээ бүхий малтай гэж мэдүүлжээ. Тодруулбал, 10 адуу, 50 үхэр, 200 хоньтой аж. Мөн 61,8 саяын үнэлгээ бүхий газар эзэмшдэг юм байна. Гадаадаын хадгаламжгүй, дотоодын хадгаламжиндаа 442 төгрөгтэй бөгөөд 180 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлжээ. ХОМ-ийг ЭНД дарж дэлгэрэнгүй үзэх боломжтой.

Түүний талаарх хэвлэлд гарсан онцлох мэдээллүүд

Тэрбээр шинэхэн гишүүн болж, тангараг өргөөд удаагүй байхдаа тойрогтоо ажиллахаар шуурхайлан орж, зэвсэгт хүчний хувцсаар гангарч аймгийн Засаг даргыг үүрэгдэж байгаа нь нэлээдгүй олны анхаарлыг татсан билээ.

Өмссөн хувцасныхаа талаар дараах тайлбарыг хийж байжээ. Тэрбээр “1998 оноос хойш мөрдөгдөж буй Дайчилгааны тухай хуулийн дагуу 3.1.3.”Дайчилгааны сургалт” гэж төрийн удирдах албан тушаалтны цэргийн бэлтгэл, цэргийн үүрэгтэнтэй хуульд заасан хугацаанд явуулах цэрэг, цэрэг-техникийн бэлтгэл, давтан бэлтгэлийн сургалт байдаг. Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа тус сургалтанд сууж, эх оронд минь онцгой нөхцөл байдал үүсвэл салбараа манлайлан ажиллах үүрэг хүлээсэн бэлтгэл офицер цолтой хүн юмаа би” гэжээ.

Монгол Улсын боловсролын салбарт хариуцах алба хашиж байхдаа Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэр, олны мэдэхээр 40 мянгатын 12,13-р байрны урд байрлах хүүхдийн тоглоомын талбайг оршин суугчдийн хүсэлтийн дагуу тохижуулж эхлэхэд “ОК” төвийн эзэн, тус тоглоомын төвийн тодорхой хэсгийг өөрийн эзэмшил хэмээн ажилд нь саад учруулж байсан талаар хэвлэлүүд мэдээлж байв. Тус хүүхдийн тоглоомын талбайн газар нь нийтийн эзэмшлийн газар мөн юмаа гэсэн баталгаа буюу нийслэлийн засаг даргын захирамж гарсан байдаг аж.

Тэрбээр эрх мэдлээ ашиглан төсвийн мөнгийг хууль бусаар захиран зарцуулсан хэргээр Авилгалтай тэмцэх газарт шалгагдаж байжээ. Тодруулбал, 2016 оны 12 дугаар сард Интерпресс ХХК-тай хийсэн их хэмжээний мөнгөн дүнгээр сонгон шалгаруулалт зарлалгүй худалдан авах гэрээ хийсэн нь хууль зөрчсөн байж болзошгүй хэмээн Авилгалтай тэмцэх газарт шалгагдаж байв.

21-р зуунд хөгжлийн хоцрогдол болсон модон жорлонгийн асуудлыг шийдвэрлэхээр УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгэм, тэр дундаа УИХ-ын гишүүн Б.Баярсайхан тэргүүтэй гишүүд онцгой анхаарал хандуулан ажиллаж эхэлсэн. УИХ-ын гишүүн Б.Баярсайханы хувьд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа уг асуудлыг эхнээс нь шийдвэрлэсэн бөгөөд түүний санаачилгаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолд уг асуудлыг тусгасан төдийгүй, МАН-ын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэгт нүхэн жорлонг халах асуудлыг ч тусгуулсан аж.

Тэрбээр  нэр бүхий гишүүдийн хамтаар УИХ дахь “Хүчирхийлэлтэй тэмцэх лобби” бүлэг байгуулсан бөгөөд  “Хүүхдийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл, ажлын байран дахь бэлгийн дарамт зэрэг хүчирхийллүүд нийгмийн бүх түвшинд олон хэлбэрээр үйлдэгдэж байгаа нь холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт сул, сурталчилгаа тааруу, ард иргэдийн ёс зүйн боловсрол доройтсоныг харуулж байна. Тиймээс хууль боловсруулж, батлах түвшинд энэ чиглэлд анхаарал хандуулж, батлагдаж буй хууль, тогтоомжуудыг боловсруулах шатанд анхаарал хандуулан ажиллах шаардлагатай гэж үзэн лобби бүлэг байгуулсан” хэмээжээ. Уг лобби бүлэгт УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Сарангэрэл, Ж.Сүхбаатар, Ц.Туваан зэрэг гишүүд ажиллана.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд