No menu items!
HomeБоловсрол29 дэх удаагийн НОМЫН БАЯР өргөн дэлгэр үргэлжилж байна

29 дэх удаагийн НОМЫН БАЯР өргөн дэлгэр үргэлжилж байна

-

Зургаадугаар сарын 11-13-нд “Илүү их уншъя” уриатайгаар 29 дэх удаагийн номын баярыг Сүхбаатарын талбайд “Номын соёлт ертөнц ТББ”-аас зохион байгуулж байна. Номын баярын үеэр СГЗ Г.Аким, нэрт орчуулагч Ж.Нэргүй, Зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо зэрэг эрхмүүдийн номын өргөө зочдын хөлд дарагдаж байлаа. Жил бүр баяртаа идэвхтэй оролцдог ахмад, дунд, шинэ залуу үеийн төлөөлөл болсон зохиолч, орчуулагч, уран бүтээлчид уншигчидтай уулзахаар ном бүтээлээ зэхэн иржээ.

Эндээс хамгийн ихээр нүдэнд өртсөн нь “E-SAN” асар байлаа. Тэднийх асараа хамгийн өвөрмөц байдлаар чимжээ.

Уншигч, зохиолч, бүтээл гурвыг холбогч гүүр болсон энэ удаагийн “номын баяр”-ын эхний өдөр нартай хуртай өргөн дэлгэр зохион байгуулагдаж байна. Найман настай балчраас наян настай өтгөс хүртэл халдварын нөхцөл байдлыг үл харгалзан номын асаруудыг зорих нь жил гаруй хөл хориотой байсан энэ цаг хугацаанд номоор ундаассан гэдэг нь харагдаж байлаа. Зохиолчид асар бүрт сууж, өөрийн бүтээлдээ гарын үсэг, тамга тэмдэгээ үлдээн уншигчдад дурсгаж байна. Хэд хэдээрээ цугларч, бие биесийнхээ амар мэндийг эрэн, халуун яриа өрнүүлж, зураг хөргөө даруулцгаана.

 Биднийг очих үед нартай бороо шивэрч шүхэртэй, шүхэргүй олон уншигч талбай тойрон зорьсон хэргээ бүтээхээр тайван алхацгааж байв. Оюутан болов уу гэмээр хоёр охины нэг нь авсан номоо ихэд чамбайлан тэвэрч, “авахыг үнэхээр их хүсч байсан юм. Ашгүй дээ…” гээд  нүүр дүүрэн мишээгээд зөрлөө. Мэдээж “номын баяр” бол маш олон уншигчдад жинхэнэ “олз”-ыг гартаа атгаад гарах боломж олгодог үйл ажиллагаа.

Асаруудын хоорондох зайд “хуучин ном 1000 төгрөг” гэсэн хайрцагтай номнууд байна. Заримдаа хуучин номын худалдаанаас хямдан хэрнээ, маш ховор, үнэ цэнэтэй ном олоод баярлах үе бишгүй л байдаг.

Ингээд бид талбайг нар зөв тойрч, номын мэргэдээс баярын талаарх сэтгэгдлээс нь хуваалцсан юм. Гарын үсэгтэй ном авахыг зорьсон хүмүүс дараалан зогсож, бид яриа авах гэж бишгүй хугацаа зарцуулав. Эндээс нүдэнд хамгийн түрүүнд өртсөн нь Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч, орчуулагч Жигжидсүрэнгийн Нэргүй гуайн асар байлаа. Тэрбээр ном сонирхож ирсэн танилыгаа шоглож, номынхоо талаар сонирхолтой түүх өгүүлж байв. Яриа авахаар очиход “За байж байгаарай. Ах нь хэвлэлээр нэг их гараад байдаггүй та нар мэднэ биз дээ” гэх зуураа хэд хэдэн хүнд гарын үсэг, тамга тэмдэгтэй номоо өглөө. Нэргүй гуай 1980-аад оны гэх модон тамга болон жижиг хоёр тамгыг удаан гэгч нь дарж  дэлгээстэй чигээр нь уншигчийнхаа гарт атгуулна.

Ингээд уншигч олон “тэр номыг та орчуулаагүй билүү, тэр ном чинь хаа байна…”гэх мэтчилэнгээр шалгааж гарахад “за, байзаа. Би энэ нэг хүүхдийг хүлээлгэсээр удав” гээд биднийг зорин эргэж “номын баяр”-ын сэтгэгдлээсээ хуваалцав.

“Энэ өвөл нэг том бүтээлийн ард гарлаа”

-Номын баяр бол Монголчуудын хувьд наадам хэзээ болох бол гэж хүсэн хүлээдэг шиг хүлээлт үүсгэсэн баяр боллоо. Баяраар номыг хямдруулж зарахаас гадна зохиолчийн гарын үсэг, тамга тэмдэгийг үлдээж дурсгадаг нэг төрлийн соёлыг нэвтрүүлсэн. Дээхэн үед “зохиолч, уншигчдийн уулзалт” гэж нэг их том танхимд хүмүүсийг цуглуулаад индэр дээрээс  хурал удирдаж байгаа юм шиг ярьдаг байсныг бодвол энэ бол жинхэнэ амьд харилцаа юм. Зохиогчийн гарын үсэгтэй бүтээлийг авна гэдэг бол их сайхан дурсамж юм даа.

Номын баяр зохион байгуулагдсан эхний нэг, хоёр жилд оролцоогүй. Түүнээс хойш тогтмол оролцож байна.

Гадуур гарах эрсдэлтэй, үр хүүхэддээ элдэв янзын вирус халдаачих вий гэж санаа зовохын зэрэгцээ хөл хориог “далимдуулж” аль болох юм үлдээхийг зорьлоо. Ашигтай, таатай хоёрыг хослуулах гэж орос үг байдаг тийм үү. Дэлхийн соёл урлагийн түүхийг аваад үзвэл Европод олон удаагийн янз бүрийн тахал гарч байсан. Хамгийн сүүлд л гэхэд 1920-оод оны дайны үед айхтар ханиад гарч байсан. Ийм үед л сууж юм хийхийг ашигтайг таатайтай хослуулна гэж байгаа юм.

Италийн, Европын сэргэн мандалтын үеийн  тууриуд гэж бий. Тухайлбал бидний сайн мэдэх яруу найрагч, их зохиолч Жованни Боккаччоны “Декамерон” номыг алдарт орчуулагч Ж.Цэвээн 1937 онд орчуулж, Москвад хуучин бичгээр хэвлэсэн байдаг. Энэ мэтчилэн агуу том бүтээлүүд Европод үүссэн тахлын үед бүтээгдсэн байдаг. Бусдаас тусгаарлагдаад л гэртээ сууж байхдаа бичиж байсан байх нь тийм үү. 1300-аад оны үед бас нэг айхтар тахал дэгдсэн. Манай Алтан ордны улс унахад  тахал нөлөөлсөн. Тэр үед “төрсөн”, монголчуудын бичиж үлдээсэн яруу найраг одоо дэлхийд алдартай байна. Тэгэхээр цар тахал яамай гэх нь ч хаашаа юм. Нэг талаараа завшаан, шалтаг болж байна гэх үү дээ. Залуу, хөгшингүй л уран бүтээлийн олз омог арвин, шинэ ном ихтэй байна. Уншигч олон ч мөн номоор их цангасан нь харагдаж байна.

Яруу найргаас гадна миний бас нэг барьж авдаг сэдэв бол монгол орноор аялаж байхдаа тэмдэглэн үлдээсэн гадаадынхны аян замын тэмдэглэл. Тэр дундаас монголчууд бидний өөрсдийн бичиж үлдээгээгүй юм гарч ирдэг байхгүй юу. Нутаг орны байдал ямар байсан, хүн зон юу хэрэглэж байсан, мал хунараа хэрхэн адгуулж маллаж байсан гээд их сонирхолтой түүхийн баримтууд бичвэрээс нь гарч ирдэг. Ямар ч хэсүүлчин, тэнүүлчин, бадарчин халаасандаа дэвтэр, харандаатай явдаг байсан. 1921 оноос урагш хөөвөл нийтдээ гадны жуулчдын тэмдэглэл бүхий  12 ном орчуулсан байна. Хамгийн алдартай нь нэрт аялагч Оросын нэрт аялагч Николай Пржевальскийн аян замын тэмдэглэл байна тийм үү. Хамгийн сүүлд 1713 онд монголооор явж байсан манж хүний аян замын тэмдэглэл, 1948 онд Хубилайг хаан болоогүй, монголдоо сууж байх үед Хубилайг эрээд явж байсан Хятад хүний тэмдэглэлийг гаргалаа. Мөн энэ өвөл нэг том бүтээлийн ард гарлаа. Тэр нь “Орос ардын зүйр цэцэн үгийн Орос-Монгол тайлбар толь” юм. Манай ахмад үеийнхэн  Чой.Лувсанжав гэж эрдэмтний “Орос-Монгол өвөрмөц хэлцийн толь” гэж мэднэ дээ. Тэр ном тухайн үед орос хэлээ төгс болгоход маш том тус болсон.  Чой.Лувсанжавын ногоон толь гэхэд л андахгүй.  Өвөрмөц хэлц гэдэг нь ухаандаа хар ярианы хэл юм.

Судлаад үзэхэд Орос ардын зүйр цэцэн үг 100 орчим мянга байдаг юм байна. Б.Өлзийсүрэн гэж эрдэмтэн Монголын зүйр үгийн санг 10 мянга гэж тооцоолсон. Оросын 100 орчим мянган зүйр үгээс арай уран, арай мэргэн, цэцэн  эсвэл арай илүү шоолсонг нь түүж, 800 орчим нүүр ном туурвилаа. Үүнд зүйр үгийн тайлбарыг оруулж өгсөн. Учир нь нэгдүгээрт,  Оросууд их тойруу ярьдаг,  хоёрдугаарт, монголчуудын сэтгэлгээнд буухгүй зүйл их байгаа тул тайлбар шаардлагатай.

Үүнээс гадна монгол зүйр цэцэн үгийг дүйцүүлж өгсөн. Бүр дүйцэх зүйр үг олдохгүй бол өөрөө яруу найргийн маягаар зохиох аядсан. Го.Аким, Т.Галсан нараар реакторлууллаа. Хараахан хэвлэлтэнд өгч амжаагүй байна.

Дараагийн бидний зорих асар нэрт орчуулагч, сэтгүүлч, судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн Хатагин овогт Готовын Аким гуайн асар байв. Аким гуайн асарт хэвлэлтээс гараад 10 гаруйхан хонож буй орчуулгын бүтээл байна. Тэрбээр номын баярын талаарх сэтгэгдлээ хуваалцлаа.

“Жил гаруйн хугацаанд хүмүүс номоор цангасан байна”

– Номын баяр нэлээд өргөн дэлгэр болж байна. 29 удаагийн баяр болоход би 25, 26-д оролцсон байх. Тэгэхэд анхны өдөр ингэж олон түмэн бужигналдаж байсныг мэдэхгүй юм. Эхний өдөр бараг хүнгүй шахуу, үдээс хойшдоо хөдөлгөөн өрнөдөг байлаа. Жил гаруйн хугацаанд хүмүүс номоор цангасан байна гэдэг нь ажиглагдаж байна. Хүүхэд хөгшидгүй л цугларсан байгааг харахад ном бол соёлын нэг хэрэгцээ болсон гэдэг нь харагдаж байгаа юм. Номын баяр бол зохиогч, бүтээл, уншигч гурвыг холбож байдаг соёлын нэгэн хэлхээ шүү дээ.

Бүтээлийн хувьд гэвэл Персийн зохиогч, түүхч Рашид Ад Дины “Шашдирын чуулган” хэмээх гурван ботийг хэвлүүлэн гаргалаа. Мөн Францын алдарт зохиолч, Эксенциалезмийн төлөөлөгч  Альберт Камюгийн “Тахал” романыг орчуулж дууслаа. Бараг 10-аад жилийн өмнө орчуулж эхэлсэн юм.

Цаашлаад бид зохиолч, яруу найрагч, орчуулагч Дашийн Оунчимэгийн асарт тухлан саатав. “Гэсгээгдэгсэд”, “Тэнгэрийн цаг болоогүй” туужууд “Оройн ганц мод”, “Тунгалаг хөх асар”, “Норгой” зэрэг романуудаараа уншигчдын хэдийнээ танил болсон түүний “Усгал” хэмээх романы хоёр дахь дэвтэр саяхан хэвлэлтээс гарчээ.

“Монголчуудын тэнгэр үзэл, шашин зэргээр бидний ертөнцийг үзэх үзэл юу юм бэ гэдгийг харуулахыг зорьсон”

Тэрбээр эгч нь “номын баяр”-т цөөн удаа оролцож байна. Энэ жилээс хойш оролцохгүй ч байж магадгүй гэсээр шинэ номынхоо талаар хуучлав.

-“Усгал” цуврал роман маань олон улсын нэршлээр бол пантаз, пентиз гэгддэг шинжлэх ухааны уран зөгнөл маягаар бичигдсэн. Социализмын үед энэ чиглэлээр Ж.Гал зохиол ч зохиол бүтээлээ туурвиж байлаа. Монголоор шидэт зохиол гэж орчуулвал илүү дөхөх байх. Өөрөөр хэлбэл “Бөгжний эзэн”, “Харри Поттер”зэрэг шиг үлгэрийн гэмээр, гарч буй үйл явдлууд нь логик учир шалтгаанаар тайлбарлах боломжгүй, ид шидийн өгүүлэмжтэй зохиолууд. Эхний дэвтэр нь аравдугаар сард хэвлэгдсэн бол дараагийн дэвтэр нь саяхан хэвлэгдлээ. Гарч буй дүрүүд нь мэдээж монгол. Монголчуудын ертөнцийг үзэх үзэл тусгагдсан. Та бүгд мэднэ шүү дээ. “Алтан өргөө”, “Бушхүүгийн үлгэр” зэрэг кинон дээр лусын дагина дүрслэгддэг шүү дээ. Гэтэл барууны соёлд лусын дагина гэдэг бол загасан биетэй байдаг шүү дээ. Амьтай бүхэн сүнстэй, амьгүй бүхэн эзэнтэй гэдэг монголчуудын философи сэтгэлгээ тусгагдсан. Нэгэнтээ монгол зохиол бичиж байгаа учраас монголчуудын тэнгэр үзэл, шашин зэргээр бидний ертөнцийг үзэх үзэл юу юм бэ гэдгийг харуулахыг зорьсон.   

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд