No menu items!
HomeХүмүүсАрдын жүжигчин А.Долгорын онцлох гэрэл зургууд

Ардын жүжигчин А.Долгорын онцлох гэрэл зургууд

-

Урлагийн тайзнаа дэлхийн сонгодгуудыг амилуулж, “Бодлын цагаан хун”, “Эр хүн”, “Аргалд явсан ээж”, “Монголын тал нутаг”, “Аав ээж хоёр” зэрэг түмний сэтгэл хоногшсон олон уран бүтээлийг төрүүлсэн эрхэм бол Ардын жүжигчин А.Долгор билээ. Энэ удаагийн “Хүмүүс” буландаа түүнийг онцолж, онцлох гэрэл зургуудыг нь толилуулж байна.

Тэрээр 1955 оны долдугаар сарын нэгний өдөр Төв аймгийн Баянцагаан суманд мэндэлжээ. Хоёр эгч, хоёр дүүтэй айлын дунд хүүхэд бөгөөд бага насаа  эгч дүү нартайгаа мал маллаж өнгөрөөжээ.

Багаасаа л дуучин болохыг мөрөөдөж байсан ч зоотехникчийн мэргэжил эзэмшсэн юм. Гэвч хүсэл мөрөөдөлдөө үнэнч үлдсэнээр ирээдүйн Ардын жүжигчин хэмээх эрхэм цолын эзэн, ард түмний хүндэлдэг уран бүтээлч болсон билээ. Аав, ээж, эмээ, өвөө гээд удамд нь дуулж хуурддаггүй хүн тун ховор. “ Миний ээж их сайхан дуулдаг хүн байсан. Эмээ маань нь ч их сайхан дуулна. 85 насныхаа найран дээр уртын дуу дуулж байсан юм даа. Эмээ, ээжээс минь улбаалсан авьяасаар би өдий болтол ард түмэндээ уран бүтээлээ хүргэж байгаа нь эцэг эхээс заяасан өгөгдөл юм. Насаар минь тэжээх авьяасыг аав, ээж, багш гурав минь өгсөнд баярлаж явдаг.

Ээж минь “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаагийн дүрд дуулж байсан. Өвөө маань бас их сайхан хуурддаг хүн байлаа. Урлагийн ийм авьяастай учир өвөө, эмээ хоёрыг айлууд найрандаа урьдаг байсан гэдэг. Ямар сайндаа нутаг усныхан нь тэднийг “Бөмбөгөр ногоон театрт очиж шалгуул” гэж байхав дээ. Нэг сонин зүйл хэлэхэд, дуурийн театрыг барихад миний аав цэрэгт байсан гэсэн. Бас л их сонин хувь тавилан байгаа биз. Аав маань ч их сайхан дуулна. Надад гэр бүлээрээ концерт хийж байсан бичлэг одоо хүртэл байдаг” хэмээн нэгэн ярилцлагадаа дурьжээ. Бага байхад нь Төв аймгийн Сэргэлэн сумын Соёлын төв ордонд алдартай жүжгүүдийг тавьдаг байж. Тэр үед түүний ээж “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаагийн дүрийг тун чадварлаг  бүтээсэн гэдэг.

“Бөмбөр бөмбөр модондоо

Бүргэд шувуу бөөрнө дөө

Бөөрөнхий биеийг минь өсгөсөн

Ээжийнхээ ачийг яанам бэ…” гээд л дуулж өссөн тэрбээр энэ дууг анх эмээгээсээ сурч байжээ.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ХАА-н техникумд 15  настайдаа анх элсэн орсон бөгөөд гурван жилийн дараа зоотехникч болжээ. Гаргасан шийдвэртээ эргэлзэж эхэлсний эцэст нутаг буцан 1973 онд аймгийнхаа соёлын ордонд жүжигчнээр орж, н.Чимид найруулагчийн дор ажиллахдаа дуурийн анхны мэдэгдэхүүнийг сурч авсан. Улмаар мэргэжлийн сургуульд суралцахаар нийслэлийг зорьж, Оросын мэргэжилтэн багш Шевелёвагийн хараанд өртсөнөөр ЗХУ-д суралцах болов. 1976 онд ЗХУ-ын Свердловск хотын Хөгжмийн дээд сургуульд сурахаар зорив.

Сведловскийн консерваторийн оюутан байх үе

1984 онд эх орондоо ирж ДБЭТ-т хуваарилагдсан. Энэ хугацаанд тайзнаа Ж.Бизе “Кармен” дуурийн Кармен,П.Чайковский  “Евгений Онегин” дуурийн Ольга, Ж.Верди “Трубадур” дуурийн Азучена, Ж.Верди “Аида” дуурийн Амнерис, Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, Ц.Нацагдорж “Үүлэн заяа” дуурийн Цурхай зэрэг үндэсний болон сонгодог 30 гаруй дуурийн гол ба туслах дүрд тоглосон. Мөн “Эх дэлхийн дуулал”, “Сонгодог концерт”, “Эхийн цагаан суварга”, “Сайханаа”, “Романсын үдэш”, “Эгшиглэнт-40 жил”, “Зүйрлэшгүй сайхан”, “Тавуулаа”, “Эгшиглэнт”, “Эгшиглэнт аялгуу”, “Яргуй дэлгэрэх цагаар” гэх мэт 33 удаагийн бие даасан тоглолт хийсэн. Төрийн соёрхолт Б.Мөнхболдын хөгжим, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын цомнол “ Эхийн сэтгэл, хүүгийн захидал” моно  дуурийг киноны хэлбэрээр бүтээсэн. Ц.Нацагдорж “Үүлэн заяа” дуурийн Цурхайн дүрээр оны шилдэг дүрийн шагнал, Морин хуур уралдааны 3 удаагийн тэргүүн байр, 2 удаагийн дэд байр, 1 удаагийн гутгаар байр эзэлсэн.

Мөн Итали, ОХУ, Солонгос, Япон, Чех зэрэг улсуудад айлчлан тоглож, дэлхийн шилдэг театруудын тайзнаа дуулж, гадаадын үзэгчдээс өндөр үнэлэлт авсан юм.

Түүнийг олонд таниулсан уран бүтээлийн нэг бол яах аргагүй “Бодлын цагаан хун” юм. Уг дуугаараа 1990 оны “Морин хуур” наадамд оролцож, тэргүүн байрыг эзэлсэн. Энэ дуунаас улбаалан хун цулуулах хоббитой болсон аж. “Бодлын цагаан хун” дууны шүлгийг бичсэн яруу найрагч Д.Амгалан түүнд анх хунгийн сувинер бэлэглэжээ. Үүнээс хойш хунгийн сувинер цуглуулах болсон.

Мөн цэцэг тарьж ургуулах дуртай бөгөөд “ажлын өрөөндөө хүртэл цэцэг авчраад тавьчихсан хааяа нэг завсарлагаанаар харж ядаргаагаа тайлдаг. Цэцгээ арчилна. Утсан дээрээ цэцэгнийхээ зургийг авчихсан л явж байна” хэмээн нэгэн ярилцлагадаа дурьджээ.

1992 онд анхны тоглолтоо хийж байв. Энэ үеэрээ Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр энгэрээ  мялаасан юм.  

1992 он.

2003 оноос СУИС-д Дуулах ур чадварын  багшаар, 2010-2012 онд Дуулаачийн тэнхимийн эрхлэгч, ахлах багшаар ажиллаж олон арван авъяаслаг уран бүтээлчдийг төрүүлэн гарасан.

1993 онд Монгол улсын Гавьяат жүжигчин, 2005 онд Монгол улсын Ардын жүжигчин цол хүртсэн. 2013 онд СУИС-ийн Хүндэт профессор болсон.                                                                           

Тэрээр “Кармен” дуурьт 1988 оноос 2010-аад он хүртэл дуулсан. Үүний талаар “Ширээн дээр гараад бүжиглэдэг шүү дээ. Ер нь бол би өөрийгөө их эвдсэн. Би ази хүн. Нөгөөтэйгүүр миний ааш зан Карменаас огт өөр. Цогтой, золбоотой, эрч хүчтэй, халуун цустай испани цыган бүсгүй. Би сүүл рүүгээ л арай дээрдсэн шүү, нээрээ. Дуурийн гол ололттой тал нь тоглолтоос тоглолтын хооронд сайжирдаг. Нас минь яваад туршлага суугаад, тоглолтоос тоглолтод туршлагаждаг. Гэхдээ л “За энэ Кармен янзын боллоо доо” гэх тохиолдол ховор оо. Яагаад гэвэл өөрийгөө дандаа л өөлж, голж байдаг. Сүүлийн тоглолтуудад 80, 70 хувь нь гайгүй болчихсон юм шиг санагдаад байдаг болсон. Эхлээд бол 30 хувь нь л гайгүй байлаа, ер нь олигтой болсонгүй дээ гэж чамладаг байлаа. Манай Ардын жүжигчин Ч.Мөнхшүр, Д.Баадайжав гуай нар их сайхан дуулсан” хэмээжээ.

Тэрээр нэвтрүүлэг, ярилцлагад орохдоо ихэвчлэн үндэсний хувцсаараа гоёдог. “Монгол дээл зохидоггүй монгол хүн гэж байдаггүй юм, яаж ч бодсон. Монгол дээл өмсчихөөр маш гоё харагддаг. Дээл өмсчихсөн хүн харагдвал ямар нэгэн баярт оролцох гэж байгаа юм байна гэж харагддаг. Дээлний өгөгдөл нь цаанаасаа гоё, баяр баясгалан, заяагдсан хувцас болохоор монгол хүнд сайхан зохидог” хэмээжээ.

Түүний нөхөр Д.Сайнцог Монголоос сансарт нисэхээр бэлтгэгдэж байсан дөрвөн хүний нэг. Дорнод аймгийн уугуул тэрбээр нутгийнхаа зөвлөлийн даргаар нэг хэсэг ажиллаж байсан. Д.Сайнцог анх ирээдүйн эхнэрийнхээ тоглолтыг үзчихээд найзууддаа “Энэ бүсгүйг би заавал эхнэрээ болгоно” хэмээн мөрий тавьж байгаад өөрийн болгосон гэдэг.

Хоёр талаасаа долоон хүүхэдтэй нийлсэн тэд хамт амьдарсан 20 жилийнхээ ойгоор хуримын ёслол үйлдэж, хоёр талынхаа ах дүүсээсээ гадна ойр дотно нөхөрлөдөг цөөн хүмүүсийн хүрээнд хийж байжээ.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд