No menu items!
HomeЯрилцлагаДалай лам: Бидний амьдрал итгэл найдвараас хамаардаг

Далай лам: Бидний амьдрал итгэл найдвараас хамаардаг

-

Энэтхэг, ХП, Дарамсала – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дэлгэц рүү харж инээмсэглэн гараараа даллан мэндчилээд суудалдаа залрав. Санта Барбара дахь Калифорнийн Их сургуулийн дэргэдэх “Урлагийн боловсролын төв” байгууллагын гүйцэтгэх захирал, хатагтай Селиста Беличи болон өнөөдрийн уулзалтын талаар танилцуулж хэлсэн үгэндээ: “Бидний амьдарч буй энэ цаг үе хүмүүсээс өөдрөг, хатуужилтай, зоригтой, алсын хараатай байхыг шаардаж байна. Бидний дунд энэ бүх чанарыг цогцлоосон хүн Дээрхийн Гэгээнтнээс өөр хэн байх билээ?” хэмээн дурдав. 

Санта Барбара дахь Калифорнийн их сургуулийн канцлер ноён Генри Ян өнөөдрийн уулзалтад оролцож буй хүмүүст мэндчилгээ дэвшүүлж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2021.05.19. Фото зургийг Тэнзин Жампел.
Санта Барбара дахь Калифорнийн их сургуулийн канцлер ноён Генри Ян өнөөдрийн уулзалтад оролцож буй хүмүүст мэндчилгээ дэвшүүлж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2021.05.19. Фото зургийг Тэнзин Жампел.

Тус Их сургуулийн канцлер ноён Генри Ян өнөөдрийн уулзалтад оролцож байгаа хүмүүст мэндчилгээ дэвшүүлээд, “Дээрхийн Гэгээнтнийг өнөөдөр урьж оролцуулж байгаа нь нэр төрийн хэрэг мөн билээ. Энэ удаа  “Итгэл найдварыг бий болгохуй” гэсэн сэдвээр айлдварыг тань сонсох гэж байгаадаа ихэд баяртай байна. Дээрхийн Гэгээнтнийг 5 дахь удаагаа урин залж, уулзалт зохион байгуулах завшаан тохиолоо. Бид өдгөөгөөс хорин жилийн өмнө Дээрхийн Гэгээнтэн ХIV Далай Ламыг Төвөд судлалын салбарынхаа тэргүүлэгчээр  сонгож байсан билээ. Дээрхийн Гэгээнтэн бол буддын шашны эгнэшгүй эрдэмт багш бөгөөд эв нэгдлийн үзэл санааг эрхэмлэн дээдлэгч юм. Танаас ямагт энэрэл нигүүлсэл, амар амгалангийн адистид түгж байдаг.” гэж хэлээд өнөөдрийн ярилцлагын зохион байгуулагч ноён Пико Иерийг урив.

Пико Иер: “Дээрхийн Гэгээнтэн, тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна. Өнөөдөр бид итгэл найдвар гэдэг ойлголтод төвлөрч ярилцах гэж байна. Буддын шашинтнуудын хувьд итгэл найдвар нь ямар утга агуулдаг вэ?” 

“Энгийн үгээр хэлбэл бидний амьдрал итгэл найдвар дээр буюу аливааг сайн сайхан болгох гэсэн хүсэлд суурилдаг. Тэр ч байтугай хөл хүндтэй эхийн сэтгэл амгалан тайван байвал хэвлийд бойжиж буй үрд нь эерэг сайнаар нөлөөлдөг билээ. Итгэл найдвар гэдэг бол ирээдүйтэй холбоотой. Хэдийгээр ирээдүй гэдэг нь магадтай, баттай зүйл биш боловч бид итгэж, найдсаар л байдаг. Итгэж найдах нь гутранги байснаас хавьгүй дээр шүү дээ. Олон улсын түвшинд ч бас ялгаагүй, бид бүгдээрээ бүх зүйл сайн сайхан байна гэсэн итгэл найдвар тээж явдаг.”  

“Бид бүгд хорвоод төрж, эхийнхээ асрал хайранд өлгийдүүлж хүн болдог. Эх маань биднийг ачилж тэтгээгүйсэн бол бид өдийд амьд сэрүүн байхгүй байх билээ. Эхийн ачийг талархан дурдах нь энэрэл нигүүлслийг төрүүлэх анхны суурь болдог юм. Эхийн ачлалыг амсаж, мэдэрснээр хүнд итгэл найдвар төрдөг.” 

“Харин нялх балчиртаа эхээсээ хагацсан хүүхдүүдийг судлаад үзвэл, сэтгэлийн гүндээ шархтай болсон байдаг шүү дээ.” 

“Бидний амьдрал итгэл найдвараас хамаардаг. Хэрвээ танд итгэл найдвар байвал тохиолдсон аливаа саад, бэрхшээлийг даван туулж чадна. Харин итгэл найдвар үгүй бол амсах зовлон, бэрхшээл улам л нэмэгдэнэ. Итгэл найдвар гэдэг нь энэрэл нигүүлсэл, асрал хайртай холбоотой юм.” 

“Өөрийнхөө туршлагаас үзвэл, хэдий би амьдралдаа олон бэрхшээлийг үзэж туулсан боловч итгэл найдвараа огт алдаж байгаагүй.” 

“Мөн үнэнч, шударга байна гэдэг нь  итгэл найдвар хийгээд өөртөө итгэх итгэлийн суурь болдог. Үнэнч, шударга байна гэдэг нь буруу найдварыг няцаах тулгуур болдог. Үнэн ба шударга ёс дээр суурилсан итгэл, найдвар хүчтэй, бат бэх байдаг билээ.” 

Пико Иер: Итгэл найдвараа илүү бодитой болгох талаар бид сэтгэлээ дадлагжуулж болох уу? 

“Хүн төрөлхтөн бидний тархи, оюун ухаан нь зөвхөн өнөө маргаашийн буюу үүдэн хоймрын хэрэгцээг биш, алсыг харах боломж, чадвар бүхий билээ. Бид аливааг өргөн цар хүрээгээр харж, алс хэтийн зорилго маань юу билээ гэдгийг эргэцүүлж чадна. Буддын шашинтнуудын хувьд, бид олон галав болон хамаг амьтны тусыг бүтээхийн тухай авч үздэг бөгөөд энэ нь бидний өөртөө итгэх итгэлийг бэхжүүлж байдаг юм.”

Пико Иер: Итгэл, найдвар гэдэг нь шашинтай холбоогүй зүйл үү? 

“Ерөнхийдөө шашин гэдэг нь итгэл, үнэмшлийн асуудал мөн. Гэхдээ эхийн хайр, энэрэл итгэл, үнэмшилтэй хамааралгүй. Итгэл, үнэмшил гэдгийг хүн төрөлхтөн бий болгосон юм. Бүхий л томоохон шашны уламжлалд сайхан сэтгэл ба асрал хайр ямар чухал болохыг зааж сургадаг. Нэг хэсэг нь бүтээгч Эзэн байдаг гэж итгэдэг бол, нөгөө хэсэг нь байхгүй хэмээн үгүйсгэдэг. Зарим нь үхлийн дараа амьдрал үргэлжилнэ гэж үздэг бол, нөгөөх нь бид нэг л удаа амьдарна гэж итгэдэг. Эдгээр уламжлалууд нь гүн ухааны үзэл онолын хувьд гүн гүнзгий ялгаатай боловч асрал хайрын талаарх байр суур нь ижил байдаг.”

“Бүтээгч Эзэний тухай номлодог загалмайтны шашны уламжлалууд нь Ертөнцийн Эзэн бүх зүйлийг, биднийг бас бүтээсэн гэж итгэдэг. Бүтээгч Эзэн нь бид бүгдийг бүтээсэн эцэг мөн тул бүхнийг эцгийн жинхэнэ хайраар энэрдэг гэж итгэдэг. Тэгэхээр энэ нь хүмүүс бидэнд нэг нэгэндээ сайхан сэтгэлээр хандахын чухлыг ойлгуулах маш илт тодорхой үзэл санаа мөн юм.” 

“Бид бол нийгмийн амьтад бөгөөд нийгмээсээ хамаарч оршдог. Ямар нэгэн итгэл үнэмшил, сүсэг бишрэлгүй хүн ч, нийгмийн нэг гишүүнийхээ хувиар, бусдад санаа тавьж, үнэнч, шударга байснаар сэтгэлийн амар амгаланг олдог. Шударга, энэрэнгүй байна гэдэг нь заавал шашны сургаал, номоор олж авдаг эрдэм биш юм. Харин шударга, энэрэнгүй байна гэдэг нь аз жаргалтай, амьдралыг бүтээхэд ихээхэн тус болдог. Өөрийн амьдарч буй нийгэмдээ санаа тавьснаар хүн зөв оршин тогтнож чадна. Үүний гол хүчин зүйл нь энэрэл нигүүлсэл юм. Уур бол эсрэг тал нь юм. Уур нь аз жаргал хийгээд эв нэгдлийг сүйтгэдэг.”

“Хүн төрөлхтөн бид нэгдмэл байх ёстой гэж ойлгох хэрэгтэй. Би хаана ч очсон, хэнтэй ч уулзсан цаад хүнээ хүн гэдэг үүднээс нь хүлээж авдаг. Тэднийг ах, дүүгийн ёсоор хүндэлдэг. Энэ дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүн уг мөн чанартаа ижил юм. Бидний үндэс угсаа, арьс өнгө, итгэл үнэмшил, нийгмийн байдал ялгаатай боловч, эдгээр ялгаатай шинж чанарууд дээр хэтэрхий анхаарвал зовлон, бэрхшээл л бий болно шүү дээ.” 

“Та байгалийн гамшигт автсанч орь ганцаараа амь гарлаа гэж бод. Таны эргэн тойронд хэн ч байхгүй. Тэгтэл холоос хэн нэгэн хүн таныг чиглээд ирж яваа нь харагдвал та тэр хүний үндэс угсаа, арьс өнгө, итгэл үнэмшлийг үл хэрэгсэн, гагцхүү хүний бараа харсандаа л туйлын ихээр баярлах нь лавтай шүү дээ. Гарцаагүй байдалд орсон эсвэл цөхрөнгөө барсан үедээ л бид хүн төрөлхтний мөн чанар нийтлэг, ижил болохыг сайтар ойлгож авдаг юм.”     

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам зохиолч Пико Иерийн асуултанд хариулж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2021.05.19. Фото зургийг Тэнзин Жампел.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам зохиолч Пико Иерийн асуултанд хариулж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2021.05.19. Фото зургийг Тэнзин Жампел.

“Хүн төрөлхтөн бид урьд нь маш их дайн тулаан, хүчирхийллийг үйлдсэн билээ. Орчин үед, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн ноцтой асуудлуудтай тулж байгаа тул бид нэг нэгэндээ туслах хэрэгтэй болж байна. Бид аль чадахын хэрээр хамтдаа аз жаргалтай амьдрахыг хичээх хэрэгтэй.”  

Пико Иер: Та уур амьсгалын өөрчлөлтийн тухай дурдлаа. Ийм бэрхшээл тулгарч байгаа нөхцөлд хэрхэн итгэл, найдвараа гээхгүй байх вэ? 

“Уур амьсгалын өөрчлөлт нь нэг талаасаа, бидэнд нэг нэгэнтэйгээ сөргөлдөх шалтгаан байхгүй гэдгийг харуулж байна. Бид хамтдаа, зэрэгцэн оршиж сурах хэрэгтэй. Одоо бид, зөвхөн “миний ард түмэн”, “манай нийгэм” хэмээн явцуу хүрээнд санаа тавих үеэ өнгөрөөсөн үзлээсээ салж, хүн төрөлхтнийг бүхэлд нь харж, санаа тавих хэрэгтэй болж байна.” 

Пико Иер: Танд итгэл, найдвараа алдах нь дээ хэмээн санаа зовох үе тохиож байсан уу? 

“Тэртээх 1959 оны 03 сарын 17-ны өдөр Лхас хотыг орхин явж байх үед надад нэг удаа “Маргаашийн нарыг би үзэж чадах болов уу?” гэсэн эргэлзээ төрж билээ. Тэгээд маргааш өглөө нь нар мандах үед дотроо “Би амьд байна шүү дээ” хэмээн бодсон юм. Хятадын цэргийн нэг генерал хүмүүсээс Норбүлинга ордны аль өрөөнд нь Далай Лам суудаг болохыг асууж байсан гэдэг. Далай Ламыг хамгаалах, бууны суманд өртүүлэхгүй байх үүднээс ийнхүү суудаг өрөөг нь мэдэж авах хэрэгтэй байгаа гэж тэр хүн учирлаж байсан гэдэг. Тэр хүн үнэхээр намайг хамгаалах санаатай байсан эсэхийг би мэдэхгүй юм. Тэр үед мөн бага зэрэг түгшиж байсан юм.” 

Маргааш нь явсаар Чэлагийн даваанд хүрэхэд, морийг минь хөтөлж байсан хүн надад “Потала ордны барааг харж болох хамгийг сүүлийн цэг энэ. Эндээс цааш ордны бараа харагдахаа болино” гэж хэлээд унаж явсан морины минь амыг татан хойш эргүүлж, би сүүлчийн удаа Потала ордноо харж билээ. Урт аяны эцэст эртний Наландагийн уламжлалын эх өлгий нутаг болох Энэтхэгийн хил дээр ирлээ. Би хүүхэд байхаасаа л Наландагийн учир шалтгааны аргаар аливааг шалгах шинжлэн шалгах арга ухаанд суралцсан юм. Учир шалтгаанд суурилсан итгэл үнэмшил бат бөх байдаг. Учир шалтгаанд суурилаагүй бол хэврэг байх болно.”

“Орчин үеийн эрдэмтэд бидний аливааг шинжлэн судлах арга барилыг ихэд сонирхож байгаа нь хэлэлцүүлэг өрнүүлэх, хамтран ажиллах суурь болж ирсэн юм. Үүнээс гадна, бид анхаарал төвлөрлийг хөгжүүлэх самади бясалгал, юмсыг ажиглан шинжлэх үлэмж үзэхүйн бясалгалыг дадуулдаг. Эдгээр ур чадвараас гадна, бид “Ахимса”, “Каруна” буюу хүчирхийлэл үл үйлдэх, энэрэн нигүүлсэх тухай үзэл санааг учир шалтгааны ухаанд тулгуурлан судалж, өөрсдөдөө хэрэгжүүлэхийг зорьдог билээ.” 

Пико Иер:  Коронавируст цар тахлын улмаас маш олон хүн шаналж байна. Маш олон хүн нас барсны зэрэгцээ олон хүн ойр дотнын хүмүүсээсээ хагацаж байна. Энэ зовлонг бид хэрхэн  даван туулах вэ?

“Өвдөж, шаналсан хүмүүст тусалж байгаа эмч, сувилагч нарын хичээл зүтгэлд нэн их талархаж байна. Буддын шашинд хүний бие угаасаа өвдөж, зовох мөн чанартай гэж үздэг. Харин сэтгэлийг амар амгаланд урвуулснаар тодорхой өөрчлөлт гарна. Сэтгэл зовнисноор бүх юм улам л дордох болно. Сэтгэл тайван байвал бид үйлийн үрээр өвчин тусдаг хэмээн сэтгэж, тайван хүлээн авна.” 

Пико Иер: Та залууст их итгэдэг шүү дээ. Тэд таны итгэл, найдварын үндэс мөн үү?

“Ахмад хүмүүс өнгөрснөө болон аливааг хэрэгжүүлж ирсэн хуучин арга замуудыг эргэн хардаг. Залуу хүмүүс бол илүү нээлттэй бөгөөд сэтгэл оюуны талаар илүү их сонирхдог юм. Орчин үеийн боловсролын эх сурвалж нь барууны орноос гаралтай. Хэдий тийм боловч эртний энэтхэгчүүд сэтгэл оюун ба сэтгэл хөдлөлийн талаар гүнзгий мэдлэг, ойлголттой байжээ. Тэд сэтгэлийн хөдөлгөөнийг 51 зүйлээр ангилан судалж үлдээжээ. Орчин үед, энэтхэгчүүд орчин үеийн боловсролын материаллаг сэтгэлгээг сөрөг сэтгэл хөдлөлийг хэрхэн дарах талаарх ойлголттой хослуулж чадна гэж би үздэг.” 

Пико Иер: Энгийн хүн сэтгэлийн амар амгаланг хэрхэн хөгжүүлж болох вэ? 

“Энэтхэгийн орчин үеийн боловсролын систем Их Британиас гаралтай. Хэдий тийм боловч, миний өмнө дурдсанчлан, орчин үеийн боловсролыг эртний Энэтхэгийн сэтгэл оюуны мэдлэгтэй үр дүнтэй хослуулах замаар сэтгэлийн амар амгаланг хөгжүүлж болох юм. Үүнээс гадна, сөрөг сэтгэл хөдлөлүүдийг дарахад чиглэсэн  аргуудыг бас хослуулж болно. Цар тахал хумигдаж, цаг тайван болохоор би Энэтхэгийн боловсролын салбарын мэргэжилтнүүдтэй тусгайлан  уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна.”

Пико Иер: Таныг анх хорвоод мэндэлж байсан тэр цаг буюу 86 жилийн өмнөхтэй харьцуулахад манай дэлхийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн бэ? Илүү сайн сайхан болсон уу? 

“Хүмүүс урьд нь  аливаа зүйлийг ямагт нэг янзаар байх мэт боддог байсан бол орчин үед өөр болжээ. Цар тахал болон дэлхийн дулаарал зэрэг сорилт тулгарснаар бид тэдгээрийг хэрхэн даван туулах талаар ухаанаа дайчлах хэрэгтэй болж байна. Хүндрэл, бэрхшээлтэй тулах үед хүний сэтгэл илүү нээлттэй болж, оюун ухаан нь хөгждөг. Энэтхэгийн  буддын ухааны их гэгээнтэн Шантидэва бээр аливаа асуудлыг шийдэж чадах эсэхээ мэдэхийн тулд түүнийг эхлээд нягталж, шалгахыг зөвлөсөн байдаг юм. Чадна гэж үзвэл зохих аргаа хэрэглэх хэрэгтэй. Шийдэж дийлэхээргүй асуудал бол санаа зовлоо гээд ямар ч нэмэргүй юм. Сорилт, бэрхшээл биднийг нойрноос сэрээдэг билээ.” 

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам зохиолч Пико Иертэй ярилцаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2021.05.19. Фото зургийг Тэнзин Жампел.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам зохиолч Пико Иертэй ярилцаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2021.05.19. Фото зургийг Тэнзин Жампел.

“Залуу үеийнхний сэтгэлгээ илүү нээлттэй байдаг бол ахмад хүмүүс нь хуучин арга барилаа хадгалахыг эрмэлздэг. Залуучууд асуудлыг шийдвэрлэхдээ шинэлэг аргыг ашигладаг.” 

Пико Иер: Өнөөдөр дэлхий дээр хүчирхийлэл, уур хилэн асар ихсэж байна хэмээн зарим хүн санаа зовдог. Та үүнтэй санал нийлэх үү? Эсвэл бүх юм сайхан болно хэмээн найдаж байна уу? 

“Өнгөрсөн зуунд маш их цус урсгасан дайн, тулаанууд болсон. Дэлхийн II дайны дараа Адинауэр болон де Гауле нар Европын Холбоог байгуулсан. Тэр цагаас хойш тус байгууллагын гишүүн орнууд хоорондоо дайтаагүй. Дэлхий нийтээрээ хүн төрөлхтний сайн сайхны төлөө санаа тавих хандлагыг түгээх хэрэгтэй байна. Зөрчил хүнд бэрх нөхцөл байдал үүсэх үед, хүмүүс бид илүү хүмүүнлэг бөгөөд шинэлэг аргаар энэ асуудлыг шийдвэрлэхийг зорих ёстой байтал, нэн түрүүнд нөгөө л зэр зэвсэгт найддаг хоцрогдсон сэтгэлгээгээ дагах хандлага байсаар байна.” 

“Хэрвээ би өдийд Лхастаа байсан бол одоогийнхоосоо илүү явцуу үзэлтэй байх байсан болов уу. Энэтхэгт ирснээр миний оюуны цар тэлж, ухаанаа илүү сайн ашиглах болсон байх гэж боддог.” 

Пико Иер: Бид Төвөдөд туслах болон Төвөдийн соёлыг хадгалж хамгаалахад хувь нэмрээ оруулахын тулд юу хийвэл зохилтой вэ? 

“Би 2001 онд улс төрийн үүрэг хариуцлагаасаа чөлөөлөгдсөн боловч Төвөдийн соёл буюу буддын соёлыг хадгалж, хамгаалах үүрэг маань хэвээр байгаа. Долоодугаар зуунд Төвөдийн хаан Энэтхэгээс учир шалтгааны ухаанд нэвтэрсэн эрдэмтэн, философич Шантаракшитаг урьж ирүүлснээр, бид эртний Энэтхэгийн Наландагийн уламжлалтай танилцсан юм. Наландагийн уламжлал нь учир шалтгаанд болон шалгадаг ухаанд тулгуурладгаараа орчин үеийн шинжлэх ухааны сэтгэлгээтэй ижил төстэй.”

“Тэр үед Төвөдөд буддын сургаал ном заадаг хятад багш нар байдаг байсан бөгөөд тэд гүн ухаан судлахаасаа бясалгал хийх нь илүү үр дүнтэй гэж үздэг байв. Шантаракшита багшийн шавь Kамалашила бээр Төвөдийн хааны өмнө, мөнөөх хятад багш нартай ном хаялцжээ. Улмаар Энэтхэгийн уламжлал нь илт давуу гэдэг нь тодорхой болж, хятад бясалгаач нарыг нутагт нь буцаасан гэдэг. Тэр цагаас хойш бид учир шалтгааны ухааныг сайтар судалсан билээ. Учир шалтгааны ухаан, танин мэдэхүйн онолын гол зохиол, бүтээлүүдийг төвөд хэлнээ орчуулсан. Ийнхүү бид Наландагийн уламжлалын үндсийг өнөөг хүртэл залгамжлан хадгалж ирсэн юм.”  

“Өнөөдөр Төвөдөд Хятадын коммунистуудын шахалт, дарамт их байгаа ч, алс хязгаар, буйд орон нутагт Наландагийн уламжлал тасраагүй байна. Энэтхэгт бид гол сургалтын дацангуудаа сэргээсэн бөгөөд одоогоор 10 мянга гаруй хувраг тэдгээр дацанд суралцаж байна.” 

Пико Иер: Та “Сэтгэл хөдлөлийн эрүүл ахуй” гэдэг ойлголтын тухай тайлбарлаж өгөхгүй юу? 

“Сэтгэл хөдлөлийн эрүүл ахуй”-г сахих гэдэг нь, жишээ нь сэтгэлийн амар тайван байдлыг эвддэг уурыг танин мэдэж, улмаар энэрэл нигүүлслийн сэтгэлийн төрүүлэх замаар уурыг дарахыг хэлж байгаа юм. Мунхаг болон бусад муу сэтгэлээс зовлон, бэрхшээл гардаг. Гүн ухааны номд суралцсанаар тэдгээр муу сэтгэлийг дарна. Төвөдийн нэгэн их эрдэмтэн “Хэдий би маргааш үхэх байсан ч өнөөдөр номоо үзэх нь өлзийтэй” хэмээн айлдсан байдаг юм.” 

Пико Иер:  Хятадуудын дунд Төвөдийн бурханы шашныг сонирхох байдал нэмэгдэж  байна уу? 

“Тийм ээ, нэмэгдэж байна. Тэр ч байтугай их сургуулийн багш нарын дунд Төвөдийн бурханы шашныг сонирхон судлах явдал нэмэгдэж байна. Бид “Энэтхэгийн буддын шашны сонгодог зохиолууд дахь шинжлэх ухаан ба гүн ухааны үзлүүд” нэртэй цуврал ботийг хэвлүүлсэн нь хятад хэлнээ орчуулагдсан. Үүний үр дүнд тэд бидний уламжлалыг ихэд талархан сонирхох болсон юм. Магадгүй тэд буддын шашны боловсрол нь марксист тоталитар номлолоос хавьгүй гүн гүнзгий болохыг олж харсан байх аа.” 

Пико Иер: Калифорнийн их сургуулийн оюутнуудад хандаж зөвлөгөө өгнө үү? 

“Энэ их сургууль бол маш чухал. Бидний ирээдүй боловсрол дээр суурилах ёстой. Бидэнд шинэ мэдлэг хэрэгтэй. Профессорууд судалгаа хийж, тэндээс сурч мэдсэн зүйлсээ шавь нартаа дамжуулдаг байх нь чухал. Энэ сургууль дэлхий ертөнцийг сайн сайхан болгоход үлэмж хувь нэмэр оруулж чадна. Баярлалаа.” 

Калифорнийн Их сургуулийн ерөнхийлөгч Майкл Дрэйк Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2021.05.19. Фото зургийг Тэнзин Жампел.
Калифорнийн Их сургуулийн ерөнхийлөгч Майкл Дрэйк Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2021.05.19. Фото зургийг Тэнзин Жампел.

Калифорнийн Их сургуулийн ерөнхийлөгч Майкл Дрэйк Дээрхийн Гэгээнтэнд өнөөдрийн уулзалтад цаг гарган оролцсонд нь талархал илэрхийлэв. Мөн тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тус сургуультай дөч гаруй жилийн хугацаанд холбоотой ажиллаж ирсэн бөгөөд  хорин жилийн өмнө “Төвөд судлалын салбарын захирлаар сонгогдож байсныг дурслаа. Мөн энэхүү ярилцлагыг хөтлөн явуулсан ноён Пико Иерт талархал илэрхийлж, эдүгээ энэ дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүний амьдралд энэрэнгүй сэтгэл маш чухал гэдгийг онцлон тэмдэглэв. Эцэст нь энэхүү ярилцлагыг хамтран зохион байгуулсан канцлер, ноён Ян болон хатагтай Селиста Беличи нарт талархал илэрхийллээ. 

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам мөн талархал илэрхийлж, “Өнөөдрийнх шиг уулзалтыг интернэтээр тогтмол зохион байгуулж байх нь зүйтэй. Би энэ дэлхийг сайн сайхан болгохын төлөө чадах бүхнээрээ хувь нэмэр оруулахыг хичээнэ. Энэ бол миний үүрэг юм. Хэдий би нас ахиж байгаа боловч оюун ухаан минь саруул байна. Бидний амьдралын зорилго бол хүн төрөлхтний тусыг бүтээх явдал билээ” хэмээн айлдав. 

Хатагтай Селиста Беличи өнөөдрийн ярилцлагыг төгсгөж, Дээрхийн Гэгээнтэн, ноён Пико Иер, ерөнхийлөгч Майкл Дрэйк нарт талархал илэрхийлж, тус сургуулиас хэрэгжүүлж байгаа “Итгэл найдварыг бий болгохуй” хэмээх санаачилга цаашид үр дүнтэй хэрэгжиж, олон хүнд өгөөжтэй байна гэдэгт итгэл төгс байгаагаа хэлэв. Дээрхийн Гэгээнтний “Аль болох бусдад сайхан сэтгэлээр хандаж бай. Сайхан сэтгэлтэй байх боломж үргэлж бидний гарт байдаг“ гэж хэлсэн үгээр өнөөдрийн  уулзалтыг төгсгөлөө.

Эх сурвалж: https://mn.dalailama.com/

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд