No menu items!
HomeСэтгэлзүйн эрүүл мэндЗүрхээ сонсЗүрхээ сонс #19: "Нэг хувийн авьяасыг 99 хувь ч болгох боломжтой тул...

Зүрхээ сонс #19: “Нэг хувийн авьяасыг 99 хувь ч болгох боломжтой тул өөрийгөө голох хэрэггүй”

-

“Ногоон бөмбөлөг” сэтэгэлзүйн төвөөс эрхлэн гаргадаг “Зүрхээ сонс” подкастыг албан ёсны эрхтэйгээр хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт өөрийн хоббиг хэрхэн хөгжүүлэх, олон талын ач холбогдол, амьдралын чанарт нөлөөлдөг эсэх талаар зочин Х.Насанболд сонирхолтой яриа өрнүүллээ.

ПОДКАСТЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ СОНСОХ

Хүн бүр байгалаас заяасан авьяас чадамж болон бусад хүчийн зүйлсээс хамаараад өөр өөр хүсэл зорилго, сонирхолтой байдаг. Хобби гэдэг нь хувь хүн бүрийн дур сонирхлыг бататгаж өгдөг зүйл бөгөөд ур чадвар болон хүсэл сонирхлын огтлолцол юм болов уу. Юун түрүүнд тухайн зүйлдээ үнэхээр дуртай байна уу гэдэг нь чухал. Хэрэв дуртай бол цааш гүнзгийрүүлэн судалж, тухайн зүйлээс аз жаргал, баяр баясал мэдэрч, орхиж чадахгүй нөхцөлд хүрнэ. Хоббигоо зөв сонгох нь өөрт эерэг ач холбогдолтой юм. Би ямар зүйлийг сонговол тухайн зүйлдээ цаг гаргах боломжтой вэ, юу миний сэтгэлийг ихээр татаж байна вэ гэдэг хамгийн чухал.

Нэг хоббигоос бусад нь модны мөчир адил салаалах боломжтой. Хоббигоо зорилго болгож холбосон тохиолдолд тухайн зүйлийн талаарх судалгаа, шинэ санаа эрчимжиж эхэлнэ. Үүнийг заавал бусдад таниулах албагүй, гагцхүү өөрөө аз жаргал мэдэрч байх нь чухал.

Чадах юм сан, хийх юм сан гэдэг эрмэлзэл тухайн зүйлд дурлуулах хүч болдог. Тухайлбал, багийн спортоор жишээ авбал, спортоор дамжуулан төлөвшлийг бий болгох боломжтой. Бага багаар ахиж, ижил сонирхолтой хүмүүстэй багийн ажиллагаанд оролцох нь бие биенээсээ үг сонсох, бусдыгаа хүндлэх, цаг барих, бие биедээ тусалж дэмжих чадваруудад суралцана. Хүн дуртай зүйлтэй байна гэдэг нь тоогоор хэмжигдэхгүй, хэд ч байж болно. Тэр бүгд нь өөртөө итгэлтэй байх, бусдаас суралцах, шантарсан үед хүч болох туршлагуудыг бага багаар хуримтлуулна. Үүнд оргил гэж үгүй. Харин тухайн цаг мөчид гаргасан амжилтыг урамшуулах шагнал гэж бий байх. Юу хийх дуртай байгаагаас хамааран үр өгөөж нь их. Ямар нэгэн үр өгөөж гарч л байвал хүн тухайн зүйлээс аз жаргалыг зайлшгүй мэдэрдэг.

Би ийм зүйлд дуртай, ийм зорилготой гэдгээ ухамсарласан цагт хүн хоббигоо гээж чадахгүй л болов уу. Тухайн зүйлийг хийхгүй л бол болохгүй нөхцөл байдал үүснэ. Хүн хэдэн ч хоббитой байж болно гэж дээр дурьдсан. Тухайлбал, авьяас ч чадвар шаардлагагүй ч байж болох бусдад туслах хобби, сайн дурын үйл ажиллагаанд оролцох гэх мэт. Тэр бүрд өөрийн эрүүл мэнд, дотоод мөн чанар, зан авир зэрэгтээ ямар эерэг өөрчлөлт гарч буйг хянаж, боддог байвал зүгээр.

Юмыг сонирхож эхлэх хугацаа маш хэврэг. Мөн чанарыг нь таньж, дурлаж, тухайн зүйлээ энэ л миний хийх дуртай зүйл мөн гэж баттай мэдэрч эхлэх хугацаанд хобби гэх зүйлийн жинхэнэ утга илэрхийлэгдэж эхэлнэ. Маш олон хүмүүс би авьяасгүй, чадаргүй гэж шантрах тохиолдол бий. Нэг хувийн авьас, 99 хувь хичээл зүтгэл байхад хүн  амжилтанд хүрнэ гэж ярьдаг шүү дээ. Харин би магадгүй 0,5 хувийн авьяас байсан ч амжилтанд хүрэх боломжтой гэж бодож байна. 

Хүн бүр авьяас, ур чадварын төрөлхийн өгөгдөлтэй төрдөггүй. Үүнийг дадлаар олж авдаг. Ямар зүйлд сонирхолтой, түүнийгээ давтан үйлдэж буй дадлаас үүсэх зүйлийг авьяас, ур чадвар гэнэ. Нэг хувийн авьяасыг 99 хувь ч болгох боломжтой тул өөрийгөө голох хэрэггүй.

Айдсаа даван туулахын тулд айдастайгаа нүүр тулах хэрэгтэй. Юу хийхэд шантарч, юу хийхэд хэцүү байна түүнийгээ хийж үзэх, ингэсний эцэст тийм ч хэцүү зүйл биш байсныг нь ойлгох нь чухал. Энэ нь хэцүү зүйл байхгүй гэдгийг өөртөө хүлээн зөвшөөрүүлж буй нэг алхам. Чадахгүй байх вий гэх бидний дотор орших энгийн л бодол олон боломжийг алдах, хариуцлагаас зугтаахад хүргэдэг.

Хоббигоос үүсэх эерэг үр дагаврууд:

ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ

Энэхүү итгэл нь цаашид маш олон зүйл дээр эерэг үр өгөөж өгнө.

ЦАГИЙГ ТӨЛӨВЛӨХ 

Нэг зүйлийг хийх гэж нөгөө зүйлийг нурааж болохгүй. Би зөвхөн дуртай зүйлээ л хийнэ бусдыг нь хиймээргүй байна гэдэг нь тухайн хүн цагаа зөв зохицуулж, төлөвлөж чадахгүй байгаагийн илрэл юм. Нийгмийн харилцаа  дуртай зүйлээ хийхэд саад учруулж байна гэж ойлгож болохгүй.

СЭТГЭЛ ХАНАМЖ

Хобби нь тухайн хүний сонирхол, ур чадамжтай уялдаа холбоотой. Дуртай зүйлээ хийж байгаа хүн биеийн болон сэтгэлзүйн эрүүл мэндийн эерэг өөрчлөлтүүдийг хүртдэг. Чадахгүй байна гэдэг нь няцаж, шантрах шалтгаан биш. Энэ нь тухайн цаг мөчид тохиолдох жижиг бэрхшээл. Тууштай байж чадвар урт хугацаааны сэтгэл ханамж эргэн ирнэ.

Ямар нэгэн зүйлийг сонирхож эхлэх хугацаа эмзэг бөгөөд хүчтэй. Бүгдийг төс хийчих юм шиг эхэлдэг ч санасан шиг байдаггүй тул шантрах гээд байдаг. Хамгийн анх дурлаж, татагдаж, бусдыг үлгэрлэн дуурайж буй үед тэрхүү хүчтэй мэдрэмжээ хадгалах хэрэгтэй. Судалгаа хийж, тухайн зүйлдээ дуртай гэдгээ өөрөө өөртөө дахин дахин батлах, нэг хэвэндээ байх бус бага багаар ахих, хөгжих л хэрэгтэй. Сонирхол бол зөвхөн хувь хүнээс шалтгаалахгүй, гэр бүлийн дэмжлэг чухал. Тиймээс гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, дэмжлэг авснаар ганцаараа зүтгэснээс хавьгүй илүү байх болов уу.

Хобби гэдэг нь өөрийнхөө мөн чанарыг бага багаар олж, нээж буй гэсэн утгын илэхийлэл юм.

шинэ мэдээ

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

трэнд