LOADING

Type to search

Зүрхээ Сонс #18: Аз жаргалтай байхын суурь нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгал

Share

“Ногоон Бөмбөлөг” сэтгэл зүйн төвөөс эрхлэн гаргадаг “Зүрхээ Сонс” подкастыг та бүхэндээ албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Энэ удаагийн дугаарт гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгоход анхаарах зүйлс, хэрхэн тогтвортой байлгах талаар ярилцлаа.

Подкастыг сонсох:

Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал нь бидний зорилго, алсын хараатай нийцэж байх ёстой. Тайван амгалан, аз жаргалтай байхын суурь нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгал. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал нь гишүүн болгоноос хамааралтай зүйл. Гэхдээ гэр бүлийг бий болгох санаачлага гаргасан, насанд хүрэгчид нилээдгүй хувийг үүрч таарна. Мөн тухайн гэр бүлийн бусад гишүүдэд оролцох орон зайг бий болгох хэрэгтэй.  Ингэснээр гэр бүлийн гишүүд халуун дулаан уур амьсгалыг нэг түвшинд хүртэх боломжтой.

Нөгөө талаас хүйтэн хөндий харилцаатай гэр бүлд өссөн хүүхдүүд зан үйлийн болон сэтгэл зүйн асуудалтай тулгардаг. Улмаар гэмт хэргийн тоо өсөх магадлалтай байдаг. Бид гэмт хэргийн үйлдэл дээр л анхаараад байдаг болохоос биш хүн гэдэг талаас нь анзаарч хардаггүй. Нийгэмд эрүүл аюулгүй орчныг бий болгохыг хүсвэл гэр бүлээ халуун дулаан уур амьсгалтай байлгаарай.

Яаж халуун дулаан уур амьсгалыг бий болгох вэ?

Хүүхдүүд зан үйлийн болон бусад асуудлууд гаргаад ирэхээр эцэг эх, өвөө эмээ нар “юугаар ч дутаагаагүй байхад чи ингэлээ” гэдэг. Гэтэл тэр хүүхдэд халуун дулаан сэтгэл дутагдсан байдаг. Жишээ нь, та хүүхдээ өглөөд хоёрхон минут зарцуулаад тэвэрдэг үү гэдгийг санаарай.

Мэдээж санхүү, мөнгө бид нарын амьдралыг аз жаргалтай болгодог ч гэлээ бүхэлд нь биш. Тодорхой хэмжээний зүйлсийг түүгээр худалдаж авч болно. Тухайлбал, хүний суурь хэрэгцээг хангана. Бид гэр бүл болсон л бол харилцаагаа насанд туршид нь өнгөлж, тордож байх хэрэгтэй.

Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгохын тулд:

1. Хэрэв та хүүхэдтэй бол өдөр бүр 2-5 минут тэвэр.

2. Бүх төхөөрөмжөө унтрааж байгаад хамтрагчтайгаа хамт хоол идэнгээ ярилц. Нөгөө хүнээ сайн сонс.

3. Хэрэв таны хүүхдүүд асуудал үүсгээд байгаа бол хэнийх нь ч тал бүүр ор. Харин өөрсдөөр нь шийдүүл.

4. Нэг гэр бүлийн хүмүүс бие биенээ маш сайн мэддэг гэж боддог. Үнэндээ бид хүнийг 100 хувь мэдэх боломжгүй. Тиймээс бие биенийгээ таньж мэдэх тоглоомуудыг тоглоорой.  Тухайлбал, шагай няцлах тоглоом байна. Нэг нь шагай няцалж байхад бусад нь түүнийг хүлээж, тэвчээрт суралцаж байдаг. Хоёрдугаарт хүн болгон  урагшлахыг хүсч, шагайгаа хурдан шидэхийг хүсдэг ч бусдыг хүлээдэг учир хүний урагшилж буйг хүлээн зөвшөөрч сурдаг. Мөн гэр бүлийн бүх гишүүд оролцдог учир хүн хүний зан байдлууд ажиглагддаг давуу талтай.

Эх сурвалж: “Зүрхээ сонс” подкаст

error: Content is protected !!