No menu items!
HomeУИХ-ын гишүүн76: Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан

76: Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан

-

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт Монгол Улсын шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайханыг онцолж байна.

Товч намтар

Монгол Улсын шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайхан 1973 онд Нийслэлийн Налайх дүүрэгт төрсөн. Эцэг, эхээс есүүлээ, айлын доороосоо хоёр дахь хүүхэд юм. С.Амарсайхан эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд түүний гэргийг нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо гэдгийг хүн бүхэн мэдэх биз ээ. Тэрээр Бизнесийн удирдлага, эрхзүйн чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Англи, Хятад, Орос хэлтэй.

С.Амарсайхан ажлын гараагаа Мэдээлэл судалгааны төвийн техникийн ажилтнаас эхэлсэн. 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, Атташе, 2005-2007 онд “Американ Трейд&Девелопмент” компанид хөрөнгө оруулалт, гадаад худалдааны менежер, 2007-2016 онд “Оюуны Ундраа” Группийн Ерөнхийлөгч, ТУЗ-ын дарга, 2016-2017 онд НИТХ-ын Төсөв, Санхүү, Эдийн засгийн хорооны дарга, 2017 оноос НИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга, 2019 оноос Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, 2020 оноос УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, 2021 оноос Монгол Улсын шадар сайдаар ажиллаж байна.

Тэрээр улс төрийн замналаа 2012 онд Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөс эхэлж байжээ. Хоёр ч удаа НИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан түүнийг хотын дарга болохоос нь өмнө олон нийт төдийлөн мэддэггүй байв. Улмаар 2018 онд нийслэлийн ИТХ-ын дарга, 2019 оны хоёрдугаар сард нийслэлийн Засаг даргаар сонгогдож хүмүүс таньдаг, мэддэг болсон.

Хөрөнгө, орлого

Авилгатай тэмцэх газраас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэйгээр, цахим системд байршуулдаг билээ. Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэе.  

Түүний өөрийн орлого 83 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийн нийт орлого 173 сая. Нийт10 тэрбум 767 сая төгрөгийн үнэ бүхий нийтийн гурван орон сууцтай. Мөн 202 сая төгрөгийн үнэтэй Lexus RX 350-1, Mazda CX-9- 1 машинуудтай. Түүнчлэн 225 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бөгөөд дотоодын банк, санхүүгийн байгууллагын дансанд 77 сая төгрөгийн хадгаламжтай. Харин бусдаас 4.4 тэрбум төгрөгийн авлагатай бөгөөд 100 сая төгрөгний зээлтэй хэмээн мэдүүлсэн байна. Түүний компани, нөхөрлөл хоршоонд оруулсан хувийг харвал, “Оюуны Ундраа” Групп ХХК 24 хувь, “МСГ” ББСБ 100 хувь, “Эво вэлнэс” ХХК 100 хувь ажээ.

Хэвлэлд гарсан онцлох мэдээллүүд

Монгол Улсын шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайханы талаар хэвлэлд гарч, олны анхаарал татсан мэдээллүүдийг товчлон хүргэе.

Ногоон байгууламжид халдсан

“Зүүнбаян рефайнери” ХХК нь барилга барихын тулд Туул голын бургасыг хядсан гэх мэдээлэл нийгэмд нэлээд шуугиан тарьсан билээ. Тухайн үед С. Амарсайхан хотын дарга байсан бөгөөд хууль бусаар бургас хядаж байгаа энэ компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байдаг. Гэхдээ уг компанийг түүний төрсөн ах С.Уламбаярын эзэмшил хэмээн хэвлэлүүдээр бичиж байсан юм.

Гэвч “Зүүн баян рэфайнери” компанийн захирал О.Сайнбаяр хэвлэлийн хурал хийж дараах тайлбарыг өгсөн байдаг. Тэрээр “Бид газрын судалгаа хийж байх үедээ хамгийн тохиромжтой нь энэ газар болж таарсан. Ингээд энэ газрын эзнийг олж уулзахад С.Уламбаяр гэж хүн байж таарсан. С.Уламбаяр манай ахын найз байсан тул ахаараа дамжуулан очиж уулзаж, бүтээн байгуулалтын ажлаа танилцуулж биднийг дэмжихээр болсон юм. Газрыг шилжүүлж авахаар 2016, 2017 онуудад албан бичгүүдийг тухайн үеийн сайд нарт өгсөн ч Тусгай хамгаалалтын газар шилждэггүй учраас энэ нэрээр нь ашиглаж байгаа юм.

Газрыг Байгаль орчны яамнаас олгодог. Бургас хядсан асуудал дээр бид тухайн үед Нийслэлийн байгаль орчны газарт бургасны нөхөн төлбөр гэж 11 сая 163 мянган төгрөг тушаасан”  хэмээн ярьж байжээ.

С.Амарсайхан Хятадын компанид 50 га газар олгосон

УИХ-ын гишүүн С.Амарсайхан хотын дарга байхдаа Хятадын компанид 50 га газар олгох шийдвэр гаргасан гэх мэдээлэл гарч байв. Гэвч тэрээр уг мэдээллийг хуурамч, гүтгэлэг хэмээн тайлбар өгч байсан юм. С.Амарсайхан “Нийтийн эзэмшлийн газруудаас гадна олон нийтийн хэвлэлээр зохион байгуулалтай цацагдаж байгаа шиг 50 га газрыг Хятад компанид олгосон асуудал байхгүй. БНХАУ-ын ямар ч компанид хувийн болон хөдөө аж ахуйн ашиглалтаар ашиглах ямар ч газар олгоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ.

Усан оргилуур барив

Тэрээр Нийслэлийн засаг  дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч байхдаа Сүхбаатарын өмнөх авто зогсоолыг чөлөөлж, оронд нь усан оргилуур барисан нь олны шүүмжлэлийг дагуулсан. Тодруулбал, С.Амарсайхан хотын дарга байхдаа захирамж гарган, Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур барьж, ногоон байгууламжийг нь сэргээн засварлах ажилд нийтдээ 3.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байдаг.

С.Амарсайханы эхнэр аав, ээжийгээ сахихаар ХӨСҮТ рүү нэвтэрсэн

Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханы эхнэр аав, ээжийгээ сахихаар ХӨСҮТ рүү нэвтэрч, орчин нөхцөл нь таалагдахгүй байна гэдэг шалтгаанаар маргааш нь халдварын голомтот бүсээс гарсан тухай мэдээлэл гарсан. Энэ талаар тэрээр олон нийтэд тайлбар хийхдээ “Иргэдэд бодит мэдээлэл өгөх ёстой. Манай хадам аав 100 хувь асаргаанд байдаг, 80 настай хөгшин. Хоёр хөгшин хоёулаа Covid-19 авсан нь батлагдсан. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ барьж, ХӨСҮТ рүү эхнэр маань хүргэж өгсөн. Манай эхнэр халдвар гарсан голомт буюу аав, ээжийндээ очиж тусгаарлагд гэсэн мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагуу тэнд тусгаарлагдаж байна. Дэглэм журмыг миний гэр бүл зөрчих ёсгүй. Тэр тал дээр олон нийтийн хөндөж байгаа сэдэв болон бусад асуудлуудаар хэн ч давуу эрх эдлэх ёсгүй” гэжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд