No menu items!
HomeСэтгэлзүйн эрүүл мэндЗүрхээ сонсЗүрхээ сонс #7: Хүүхэддээ бодит байдлыг нуулгүй хэлснээр танай гэр бүлд итгэлцлийн...

Зүрхээ сонс #7: Хүүхэддээ бодит байдлыг нуулгүй хэлснээр танай гэр бүлд итгэлцлийн тойрог үүснэ

-

“Ногоон бөмбөлөг” сэтгэл зүйн төвөөс эрхлэн гаргадаг “Зүрхээ сонс” подкастыг та бүхэндээ албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Энэ удаагийн удгаарын зочноор хүүхдийн сэтгэл зүйч Д.Пүрэвсүрэн оролцож, өргөмөл хүүхэдтэй гэр бүлийн онцлог, хүүхдээ хэрхэн ойлгох талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Подкастыг бүрэн эхээр нь сонсох:

Олон нийтийн дунд уг сэдвийн хүрээн дэх ойлголт ямар түвшинд байгаа бол?

Олон нийтийн дунд хүүхэд үрчлэн авах асуудлыг нууц маягаар хүлээн авдаг. Хамаатан садан, ураг төрлөөсөө хүүхэд өргөж авах тохиолдол элбэг. Харин огт танихгүй хүнээс хүүхэд өргөж авах асуудал манай нийгэмд ховор байх. Энэ нь танихгүй, үндэс угсааг нь мэдэхгүй хүний хүүхдийг өргөж авахгүй гэсэн хэвшмэл ойлголтоос улбаатай болов уу. Нийгмийн зүгээс өргөмөл хүүхдийг арай “өөр нүдээр харах” хандлага ажиглагддаг. Энэ нь эргээд хүүхдэд хүндээр нөлөөлөх магадлалтай.

Хүүхэд өргөж аван аливаа асуудалтай тулгарсан ч түүнийгээ эерэгээр өөрчилж, асуудлыг даван туулж буй гэр бүлүүд олон байгаа. Бид эерэг талыг нь бие биетэйгээ ярилцдаггүй, нэг нэгэндээ хуваалцдаггүй юм болов уу гэж ажиглагддаг. Ихэвчлэн сөрөг зүйл дээр анхаарч хэлсэн үг, гаргасан үйлдэл маань тухайн хүмүүст хэрхэн нөлөөлж буйг анзааралгүй өнгөрөх нь бий. Тэр тэгсэн гэнэ лээ, энэ ингэсэн гэнэ лээ гэсэн ам дамжсан яриа явсаар хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг. Бид энгийнээр яриад байгаа мэт боловч хүлээн авч буй хүүхдэд эмзэгээр тусдаг.

Хүүхэд өөрийгөө үрчлүүлсэн гэдгийг мэдээгүй өссөн ч байж болно. Гэтэл бусдын дам ярианаас сонссон зүйл хүүхдийн эцэг эхдээ итгэх итгэл рүү халдаж буйн нэг илрэл. “Би яагаад миний амьдралын чухал асуудлыг бусдаас, хэн нэгнээс сонсох гэж?” гэдэг асуудал тулгарах нь гарцаагүй. Бид хүүхдийг бага балчир, юу ч мэдэхгүй хэмээн үл ойшоодог боловч хүүхэд өөрийн гэсэн хувийн орон зай, мэдрэмжтэй бодгаль.

Тиймээс хүүхэд эргэн тойронд болж буй бүх процессуудыг мэддэг, мэдэрдэг бөгөөд ямар нэгэн цочирдом мэдээ, үйл явдлыг хүндээр хүлээж авдаг. Тиймээс та хүүхэд өргөж авсан бол бүх зүйлс, бодит байдлын талаар тайлбарлаж сайн ойлгуулах, нээлттэй ярилцаж байх хэрэгтэй.  Ингэснээр хүүхэд маш хурдан хүлээн авч тухайн гэр бүлд итгэлцлийн тойрог үүсэх бөгөөд итгэлцэл дээр тулгуурласан хайр, бүх харилцаа нээлттэй байх үндэс үүсч байгаа юм. Тухайн гэр бүлд нууц байх тусам асуудал улам хүндэрч, харилцаанд сөргөөр нөлөөлж байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ хүүхэдтэйгээ ярилцах гэдэг нь нэг удаагийн үйлдэл биш, үйл явц юм.

Та хүүхэд өргөж авсан бол бүх зүйлс, бодит байдлын талаар тайлбарлаж сайн ойлгуулах, нээлттэй ярилцаж байх хэрэгтэй.  Ингэснээр хүүхэд маш хурдан хүлээн авч тухайн гэр бүлд итгэлцлийн тойрог үүсэх бөгөөд итгэлцэл дээр тулгуурласан хайр, бүх харилцаа нээлттэй байх үндэс үүсч байгаа юм.

Хүүхдийг асран хамгаалах боломжгүй болсон тохиолдолдлуудад бусдад өргүүлж байгаа. Энэ процесс дунд хүүхэд өөрийгөө гологдсон, азгүй мэтээр  ойлгож өөрөө өөрийнхөө үнэ цэнийг бууруулж хүлээж авдаг. Энэ нөхцөл байдалд хүүхдэд хэрэгтэй ганц зүйл бол хайр болон өөрийг нь ойлгох, байгаагаар нь хүлээж авах юм. Хүүхэд үрчлүүлж, шинэ гэр бүл, шинэ орчинд очисноор “эдгээр хүмүүс намайг ойлгох болов уу, би таалагдах болов уу, бид жинхэнэ гэр бүл мөн үү, үгүй юу?” гэдэг маш олон эргэлзээ үүснэ. Эдгээр бүх эргэлзээг халуун дотно уур амьсгал, хайр, халамжаар тайлж болно.

 Эхнэр нөхөр хоёр ханилан суугаад л үүрдийн гэр бүл бий болдог гэдэг нэг хэвшмэл ойлголтоосоо салах нөхцөл байдал өнөөгийн нийгэмд тулгараад байна. 60, 70-аад онд бол ингэж ойлгох нь хэвийн зүйл, яагаад гэвэл гэр бүл салж болохгүй гээд хуулиндаа заачихсан байсан. Одоогийн нийгэмд бол арай өөр. Үнэхээр таарч тохирохгүй бол салах эсэх нь таны шийдвэр, хүсч байвал хүүхэд өргөн авч шинэ гэр бүлийг цогцлоох асуудал ч нээлттэй. Олон төрлийн гэр бүл байж болно гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрөх цаг ирээд байна.

Салалтын дараа шинэ гэр бүл зохиоход дагавар хүүхдээс насанд хүрэгчид юу хүлээх ёстой вэ?

Насанд хүрэгчдэд ХҮҮХЭД ЭНЭ ХҮНИЙГ ШУУД ААВ, ЭЭЖ ГЭЖ ДУУДАХ ЁСТОЙ гэдэг хүлээлт үүсдэг шүү дээ. Хэрэв та шинэ харилцаа үүсгээд хүүхдээ тухайн хүнтэй танилцуулах гэж байгаа бол хүүхэдтэйгээ эхлээд сайн зөвлөлдөх хэрэгтэй. Тухайн хүнийхээ талаар хэлж, ярилцаад бага багаар дасгаж гэр бүл цогцлоох юм бол танай гэр бүлийн үндэс суурь илүү бах бөх байх болно. Гэтэл бид заримдаа хүүхдийнхээ хүсэлтийг ч сонсолгүй шууд тулган шаарддаг. Насанд хүрэгчид ч мөн шинэ орчинд дасан зохицоход тодорхой хугацаа шаарддаг. Гэтэл тийм хугацааг хүүхдэд олгоогүйгээс болж харилцаанд үл ойлголцол, сэв сууж эхэлдэг. Хожим ийм асуудал үүсгэхгүйн тулд нээлттэй ярилцаж, зөвшөөрөл авч буй байдлаар дасгах хугацаа олгож эхлэх нь чухал.

Насанд хүрэгчид өөрсдийн сэтгэл зүйн байдал, сэтгэл хөдлөлийг зохицуулж чадна. Харин хүүхдэд энэ чадвар сул байдаг тул гэнэт шинэ харилцаа, шинэ орон зай үүсэхээр сөрөг нөхцөл байдал үүсэх хандлагатай.

“Өргөж авсан” гэдэг мэдээг сонссоны дараа хүүхэд өөрийнхөө гарал үүүслийн талаар сонирхож, эргэцүүлж эхлэх болов уу? Энэ нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

Бүх нөхцөл байдалд, асуудалд үнэн бодитоор хандах хэрэгтэй. Төрсөн аав, ээжийнх нь талаар мэддэг зүйлсээ ярих, хэрэв боломжтой бол уулзуулах хэрэгтэй. Энэ нь хүүхэд танаас нууцаар эцэг, эхээ хайж эрсдэлтэй үйлдэл гаргахаас хамгаалах нэг алхам болж байна. Хүүхдийг эд зүйл шигээ өмчлөх хандлага ажиглагдах нь бий. “Би чиний аав /ээж/ учраас би шийднэ, чи тэгж болохгүй” гэх мэт хандлага нь хүүхдийг улам олон нууцтай болоход нөлөөлнө. Хүүхдэд буруу бодлуудыг төрүүлэхгүйн тулд гэр бүлдээ хамгаалалт үүсгээрэй. Зарим асран хамгаалагчид хүүхдээ төрсөн эцэг, эхрүүгээ явчих вий гэдэг айдсаасаа болоод хүүхэддээ энэ асуудлыг нээлттэй хэлэхээс зайлсхийдэг юм болов уу. Энэ асуудал бол тухайн гэр бүлийн хамгийн чухал, нандин сэдэв. Тэр бүр, хэн дуртай нь энэ асуудлыг сөхөж яриад байдаггүй. “Би чамайг өргөж авсан” гэдэг үгийг хэлнэ гэдэг өөрөө маш их зориг, тэвчээр шаарддаг. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид эхлээд өөрсдийн сэтгэл зүйг сайн бэлдэх хэрэгтэй. Үүнийг сонссон хүүхэд ямар ч хариу үйлдэл үзүүлж магадгүй. Тиймээс тэр болгонд хүлээцтэй байх сэтгэл зүйн бэлтгэлийг хангаж, нэг нэгнээ дэмжих тэр мэдрэмжийг бас бэлдсэн байх хэрэгтэй.

Хүүхэд тухайн мэдээг шууд эерэгээр хүлээж авахгүй. Тиймээс гэр бүлийн харилцаагаа сайтар хамгаалж, хайрлан тордох хэрэгтэй. Өөртөө эргэлзэж байгаа учраас хүүхэд дахин дахин лавлана. Тэр бүрт хүлээцтэй хандаж, бодит байдлын талаар давтан хэлэхээс бүү төвөгшөөгөөрэй.

Насанд хүрэгчдэд хүүхдийн сэтгэл зүйг ойлгох зүтгэл хэрэгтэй. Ярилцаж байж нэг ойлголцол, нэг мэдрэмжинд хүрнэ. Хүүхэддээ үнэхээр хайртай гэдгээ ойлгуулах, мэдрүүлэх гэдэг нь нэг хоёрхон удаагийн яриагаар болчихно гэдэг ойлголт байж болохгүй. 

шинэ мэдээ

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

трэнд