No menu items!
HomeОнцлохБие эрүүл байгааг илтгэх шинжүүд

Бие эрүүл байгааг илтгэх шинжүүд

-

“Хүний бие нь компьютероос илүү ухаалаг бөгөөд эрүүл мэндийнхээ тэнцвэртэй байдлыг хангахыг байнга эрмэлзэж байдаг. Энэ тэнцвэрийг “гомеостаз” гэж нэрлэдэг. Бидний эрүүл мэнд хамгийн сайн түвшинд байгаа нь илүүдэл ба дутагдлын тэнцлээр илэрхийлэгддэг” хэмээн эмч Майкл Эванжел хэллээ.

“Мөн бидний мэдрэмж, гадаад төрх байдал нь эрүүл мэндийн суурь түвшний гол үзүүлэлт юм. Хамгийн гол нь бид бие махбодийнхоо хэлж буй зүйлийг сонсох ёстой” гэж тэрээр хэлжээ.Бие организм  зөвхөн өвдсөн үедээ  дохио өгдөггүй. Таны эрүүл мэнд сайн байгааг илтгэх шинж тэмдгүүд бас бий.

Таны үс унаж, хумс хугардаггүй

“Үс бол эрүүл мэндийн ерөнхий үзүүлэлтийг илтгэх зүйл юм” гэж хоол тэжээлийн мэргэжилтэн Жой Бауэр өөрийн сайт дээр бичжээ. Эрүүл үстэй байх нь арьс, уутанцрын эрүүл мэндээс хамаарна. Мөн зөв зохистой хоол тэжээлгүйгээр үс нь эрүүл байх боломжгүй. Хэрэв таны үсэнд гэмтэл үүсээгүй бол энэ нь сайны илрэл.

Үүний зэрэгцээ, таны хумс гялалзсан, цайвар ягаан өнгөтэй байх ёстой. Эрүүл хумс нь таныг цус багадалт, зүрхний дутагдалд орох эрсдэлгүйг баталж байна. Хумсний ягаан өнгө нь мөн элэгний өвчингүй байгааг илтгэдэг. Гэхдээ таны үс ихээр унаж, хумс хэврэгшиж байвал оношлуулах нь  зүйтэй.

Шүдээ угаахад цус гардаггүй

Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг. Амны хөндийн цэвэр байдал нь бие эрүүл байгааг илтгэх шинж юм. “Домино Дентал ” компанийн эзэн, шүдний эмч Лиля Хоровиц хэлэхдээ “Амны хөндий эрүүл үед  дархлааны систем илүү сайн ажилладаг” гэжээ.

Шүд хэврэгших, буйлнаас цус гарах нь шүдний эмгэгийн хамгийн том шинж тэмдэг юм. Мөн эдгээр нь таны биед ямар нэгэн ноцтой зүйл тохиолдож байгаагийн илрэл байж болох тул мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй.

“Шүдний өнгөрийн хуримтлал ба шүдний нян нь дархлааны системд нэмэлт стресс үүсгэдэг” гэж Хоровиц тайлбарлав. Хэрэв таны буйлнаас цус гарч, үрэвсэж байвал зүрх судасны өвчин, чихрийн шижин тусах, дархлаа муудах эрсдэлтэй байдаг. Эсрэгээрээ, хэрэв таны шүд, буйл асуудалгүй бол эрүүл мэндийн хувьд эдгээр томоохон эрсдэлийг бууруулдаг.

Та өдөрт найман цаг орчим унтдаг

“National Sleep Foundation”-ийн мэдээлснээр эрүүл насанд хүрэгчид дунджаар 7-9 цаг унтах ёстой боловч харамсалтай нь тэр болгон хэрэгждэггүй гэжээ. Мөн унтах цагийн хэмжээ, чанар, идэж байгаа хоол хүнснээс хамаарч эрүүл мэндийн үзүүлэлт ямар байгаа нь харагддаг. “Сайн унтсаны дараа хүн илүү сэргэг байдаг бөгөөд бодисын солилцоо, дааврын алдагдалд ордоггүй” гэж тэд мэдээлэв.

“Хүн оройн 22 цаг гэхэд унтсан байх ёстой бөгөөд шөнө бүр найман цаг тасралтгүй унтах нь гормоны тэнцвэрт байдал сайн байгааг  илтгэдэг” гэж  дасгалжуулагч Жен Майо хэлэв. Харин зохих ёсоор унтаж чадахгүй байгаа нь  дааврын тэнцвэргүй байдлыг илтгэдэг байна.

Гэдэсний үйл ажиллагаа хэвийн байх

Өтгөн нь таны эрүүл мэндийн талаар маш их зүйлийг хэлж өгдөг. Жишээлбэл, таны гэдсэнд асуудал үүсвэл өтгөний өнгө, тогтвортой байдал өөрчлөгдөж эхэлнэ. Хүмүүс өөрт илэрч байгаа гэдэснийхээ шинж тэмдгийг бусдынхтай харьцуулдаг. Гэхдээ хүн бүрийнх өөр өөр шүү дээ. Таны гэдэс ямар нэг зовиургүй, цанхайхгүй  байвал сайны илрэл.

Гастроэнтерологийн мэргэжилтэн Vasudha Dhar “Эрүүл байгаагийн гол үзүүлэлтийн нэг нь гэдэсний үйл ажиллагаа хэвийн байх юм. Түүнчлэн, тохиромжгүй хоол хүнс хэрэглэх, хангалттай шингэн уухгүй байх гэдэсний үйл ажиллагаанд  нөлөөлдөг” гэжээ.

Эргэн тойрны хүмүүсээсээ сайхан мэдрэмж авдаг

Судалгаагаар, хүмүүсийн нийгмийн харилцаа, зан чанар нь сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлдөг болохыг харуулжээ. Улмаар энэ нь бие махбодийн эрүүл мэнд ч тустай байдаг аж. Таны эргэн тойронд хичнээн олон эерэг хүн байгаагаас хамаарч сэтгэцийн болон биеийн эрүүл мэнд сайжирдаг байна.

Мэргэжлийн хүмүүсийн хэлснээр “Бусадтай холбоо тогтоож, тэдэнд үнэлэгдэх нь ойр дотнын найз нөхөд эсвэл дотно хамтрагч байхаас үл хамааран “харьяалагдах” мэдрэмжийг төрүүлдэг” гэжээ.

Сэтгэл судлалын сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанаас  харахад хүн сэтгэлийн хямралд орсон үедээ найзуудаасаа л тусламж гуйдаг гэсэн байна. Мөн сэтгэлийн хямралын ихэнх шалтгаан нь стресстэй холбоотой байдаг. Үнэн хэрэгтээ насанд хүрэгчдийн 43 хувь нь стресстэй холбоотой эрүүл мэндийн асуудлаа шийдүүлэхийг хүсдэг ажээ.

 Жимс, ногоо түлхүү хэрэглэдэг

Тэжээллэг хоол идэх нь бие махбодийг эрүүл байлгахад тусалдаг. Харвардын эрдэмтдийн мэдээлснээр, төрөл бүрийн жимс, жимсгэнэ, хүнсний ногоондоо биш харин тэдгээр нь хэр тэжээлтэй нь чухал юм гэжээ. Хүн хамгийн багадаа есөн өөр төрлийн жимс жимсгэнэ, хүнсний ногоо хэрэглэж байж эрүүл мэнддээ эерэг нөлөө авчирдаг байна.

Хүнсний ногоо , жимс жимсгэнээр баялаг хоолны дэглэм нь цусны даралт, зүрх судасны өвчин, тархинд цус харвах эрсдэлийг бууруулж, зарим төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлдэг байна. Мөн нүд, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, эрсдэлийг бууруулж, хоолны дуршлыг хадгалахад тусалдаг ажээ.

Арьс эрүүл байх

Доктор Омиет Чарльз-Дэвис “Арьс бол биеийн хамгийн том эрхтэн тул хүний ​​эрүүл мэндийн байдлыг илэрхийлэх хамгийн энгийн жишээ” гэжээ. Хэрэв та эрүүл хооллож, бага стресстэж, спортоор хичээллэвэл үр дүнд нь хамгийн түрүүнд арьсан дээр харагдана. Мөн стресс, шингэн алдалт, халдварын шинж тэмдэг гэх мэт зүйл ч арьсаар л илэрнэ.

“Бидний гадаад төрх байдал нь дотор эрхтний толь” хэмээн дерматологич, Анна Чакон Health Digest сэтгүүлд өгсөн ярилцлагадаа  хэлэв. Таны бие эрүүл байвал арьс өнгөлөг, толигор харагдана.

Сэтгэл зүйн тогтвортой байдал

Сэтгэцийн эрүүл мэнд нь биеийн эрүүл мэндийн нэгэн адил чухал бөгөөд сэтгэл зүйн таагүй байдал нь бие махбодийн өвдөлтөөр илэрч болно. Чухамдаа сэтгэцийн эрүүл мэндийн эмгэгүүд нь чихрийн шижин, зүрхний өвчин, хорт хавдар зэрэг архаг том өвчний тархалт, явцтай холбоотой байдаг гэж Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих газраас мэдээлэв /АНУ/.

Сэтгэл хөдлөл бол сэтгэцийн эрүүл мэндийн нэг хэсэг юм. “Бид бие биетэйгээ хүндэтгэлтэй харьцах нь илүү аз жаргалтай амьдралыг бий болгодог” гэж гэр бүл судлаач Холли Браун хэллээ.

Гормон хэвийн байх

Гормон бол биеийн бүх цусны урсгалаар эд, эрхтэн рүү дамждаг химийн “элч” юм. Эдгээр нь таны бие махбодийн болон сэтгэцийн эрүүл мэнд, бодисын солилцоо, өсөлт хөгжилт, бэлгийн үйл ажиллагаа, нөхөн үржихүйд нөлөөлдөг гэж “Medline Plus”-аас мэдээлэв. Сарын тэмдгийн мөчлөгтэй холбоотойгоор дааврын хэлбэлзлийг эмэгтэйчүүд илүү мэдрэгддэг.

Эмэгтэйн сарын тэмдгийн мөчлөгийн үед дааврын хэмжээ өөрчлөгдөж, умайн салстыг нягтаршуулж, өндгөвчний үйл ажиллагаанд нөлөөлдөг. Эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдгийн мөчлөг тогтмол (27-35 хоногийн хооронд) байх нь нөхөн үржихүйн эрүүл мэндэд нь тустай юм.

Эрч хүчтэй байх

Эмч Майкл Эванжел “Таны энергийн түвшин нь эрүүл мэндийн ерөнхий байдалд маш сайнаар нөлөөлдөг. Эрч хүчээр дүүрэн байх нь эрүүл энх байгаагийн тод илрэл юм. Хүний ​​энергийн түвшин унаж, ядарч сульдах нь ямар нэгэн зүйл муудсаныг илтгэнэ” гэж тэрээр тайлбарлав.

Хоол тэжээл, эрүүл мэндийн мэргэжилтэн Кати Ванлоо “Үдээс хойш энергийн түвшин буурч эхэлдэг. Энэ үед хөнгөн дасгал хийх нь маш оновчтой шийдэл.  Мөн өглөөд дасгал хийх нь эрч хүчийг мэдрүүлж, энергийн түвшинг өдөржингөө тогтвортой байлгах явдал юм” гэжээ.  

Цусны эргэлт сайн байх

Цусны эргэлт бол хүний биеийн ​​амин чухал үйл ажиллагаа юм. Энэ нь бие махбодийн хамгийн чухал эрхтэн болох зүрхнээс хамаатай байдаг. Тамхи татах, тогтмол дасгал хийхгүй байх нь энэ үйл ажиллагаанд саад учруулах бөгөөд таны биед хүндээр тусдаг. Ийм зүйл тохиолдвол та ядаргаанд орж, тархины хүчилтөрөгч хязгаарлагдмал болж (энэ нь таны ой ухаанд муугаар нөлөөлдөг), үс унах, эрэгтэйчүүд ​​бэлгийн сулрал гэх мэт өвчинд нэрвэгдэх болно.

Харин цусны эргэлт сайтай хүмүүсийн эрүүл мэнд маш сайн байдаг. Энэ үед зүрх, уушигны булчингууд илүү сайн ажилладаг байна. Цусны эргэлт сайн байх нь таны биеийн эд эрхтэн дэх хог хаягдлыг зайлуулахад тусалдаг. Мөн өвчинтэй тэмцэх, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхэд сайн нөлөөтэй. Хэрэв та дасгал хийдэг, йогоор хичээллэдэг бол цусны эргэлт тань сайн байдаг гэсэн үг.

Амнаас эвгүй үнэр гардаггүй

Шүдээ маш сайн арчилдаг хүмүүс амны хөндийнхөө бактерийг цэвэрлэж шүд, буйлтай холбоотой аливаа бэрхшээлээс урьдчилан сэргийлж чаддаг. Заримдаа муудсан эсвэл хурц хоолноос болж амнаас эвгүй үнэр гарах нь бий.  

Харин үүнээс бусад тохиолдолд амнаас эвгүй үнэр гарч байгаа бол амьсгалын замын халдвар, ходоод гэдэсний өвчин,  элэг бөөрний өвчин, чихрийн шижингийн илрэл байж болно. Мэдээжийн хэрэг амнаас эвгүй үнэр гардаггүй бол таны бие сайн байгаа гэсэн үг.

Шээс тунгалаг байх

Хэрэв та хангалттай шингэн уудаг бол шээс тань тунгалаг байна. Бөөр давсагны эмч болон мэс засалчКливленд “ Хэрэв шээс өтгөн, бараан өнгөтэй бол шингэн дутагдсаны илрэл” гэжээ.

Доктор Харрис Либерман “Шээсний өнгөөр сэтгэл санааны байдал биеийн үйл ажиллагааг шинжиж болно. Бага зэргийн шингэн алдалтаас болж хүмүүсийн сэтгэл санааны байдал мууддаг болохыг бид судалгаагаар тогтоосон” гэж тэрээр хэлэв. Шингэн алдалт нь богино хугацааны ой санамж, анхаарал төвлөрөлтөд нөлөөлдөг болохыг тэрээр мөн онцлов.  

Нөгөө талаас, хэрэв та хэт их ус уувал электролитын балансыг алдагдуулж болно. Мэдээжийн хэрэг шээсээ шинжээд өөрийнхөө шингэн алдалтыг тохируулаад байж болно. Өдөрт 20-иос их удаа шээгээд байвал шингэн илүүдэж байгааг илтгэнэ.

Алсын хараа сайтай байх

Алсын хараа сайтай байх нь эрүүл мэндийн ерөнхий үзүүлэлт сайн байгаагийн илрэл. Учир нь хараа муудах нь эрүүл мэндийн ямар нэгэн шалтгаанаас үүдэлтэй байдаг. Тухайлбал, хараа муудах нь нүдний гэмтэл, чихрийн шижин, насжилттай холбоотой шар толбо, глаукома зэрэг эмгэгүүдээс үүдэж болно.2014 оны нэгэн судалгаагаар чихрийн шижин өвчтэй хүмүүсийн 73 хувь нь нүдний хараа муутай байгааг тогтоожээ.

Америкийн Нүд судлалын академийн төлөөлөгч, доктор Наташа Херз хэлэхдээ “Таны алсын хараанаас илүү нүдэнд үүсдэг шинж тэмдгүүд нь эрүүл мэндийн талаарх зарим зүйлийг илтгэдэг. Жишээлбэл, зовхи татах нь  стресс, ядаргааны шинж тэмдэг юм. Харин нүдэн дээрх толбо нь халдварын шинж тэмдэг бөгөөд нүдний цагаан шарлах нь холестерины хэмжээ ихэссэнийг илтгэнэ. Хэрэв таны хараа муудаагүй, нүд тунгалаг байгаа бол эрүүл мэндийн асуудалгүй байна гэсэн үг” гэжээ.

Эх сурвалж: healthdigest

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд