No menu items!
HomeОнцлохХэлмэгдүүлэлтэд өртсөн Ерөнхий сайдууд

Хэлмэгдүүлэлтэд өртсөн Ерөнхий сайдууд

-

“Хүмүүс” булангаараа үе үеийн Ерөнхий сайдуудыг онцолж байгаа билээ. Энэ удаад хэлмэгдүүлэлтэд өртсөн Ерөнхий сайдуудын талаар хүргэж байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг ямар нэгэн байдлаар улс төрийн хэрэг (Эх орноосоо урвах, Тагнуул хийх, Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах, Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, Зэвсэгт бослого гаргах, Хорлон сүйтгэх, Цуурхал дэгдээх, Улсын нууц задруулах, Хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх гэх мэтийн хувьсгалын эсэргүү хэрэг болон намын эсрэг хэрэг гэгч)-т хилсээр холбогдуулан хуулиас гадуур мөрдөн шалгаж, шударга бус шүүхээр шийтгэн хохироосон байдаг.

1921 оноос Саж ламын хэргээр эхэлсэн хэлмэгдүүлэлт 1922 онд Ардын засгийн анхны Ерөнхий сайд Д.Бодоо, Д.Чагдаржав нарын хэргээр хүчээ авч,  улмаар 1924 онд Ардын Намын анхны дарга, Бүх цэргийн жанжин С.Данзан, Эвлэлийн Төв хорооны нарийн бичгийн дарга Баваасан нарыг Шар хаданд буудан хороосноор үргэлжилсэн билээ. Хэлмэгдүүлэлтийн үйл явц үргэлжлэн 1933 оны Лхүмбийн хэрэг гэгч, 1937 оны П.Гэндэн, Г.Дэмид нарын хувьсгалын эсэргүү бүлгийн хэрэг гэгч, 1939 онд А.Амар, Д.Лувсаншарав нарын бүлгийн хэрэг гэгчээр үргэлжилсэн ХХ зууны Монголын түүхэн дэх гашуун үйл явдал билээ.

1921-1922 он: 1921 оны 3 дугаар сарын 12-нд Түр Засгийн газар Ерөнхий сайдаар Д.Чагдаржав томилогдож, 1 сарын дараа бууж /чөлөөлөгдөж/, Д.Бодоо 1921 оны 4 сард томилогджээ. Д.Бодоо 1922 оны 01 дүгээр сарын 07-нд өргөдөл өгч, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн ба 1922 оны 8 дугаар сарын 31-нд Ерөнхий сайд Д.Бодоо, Ерөнхий сайд асан Д.Чагдаржав, Гадаад хэргийн сайд да лам Пунцагдорж нарт цаазын ял оноов.

“Анхны долоо”-гийн нэг, АТЗГ-ын анхны дарга Дамбын Чагдаржав

Д.Чагдаржав нь Ардын засгийн “Анхны долоо”-гийн нэг, хувьсгалаас өмнө Орос, Англи, Герман орноор явж нүд тайлсан бөгөөд Хүрээнд байгуулагдсан хоёр нууц бүлгэмийн Консулын дэнжийн бүлгийн гишүүн юм.

1880 онд төрсөн тэрбээр бага наснаас шашны номд суралцаж, Их хүрээний Сэцэн тойны аймагт харьяалагдан Дэчингалва дацанд ном хурдаг байжээ. Хориод наснаас Хүрээ, Хиагт, Троицкосавскт худалдаа хийж, 1914-1917 онд Орос, Англи, Итали орноор явсан. 1917 оны 11 сараас Худалдааны ердийн хэлтсийн даргаар ажиллажээ.

1921 оны ардын хувьсгалд идэвхийлэн оролцож Консулын дэнжийн нууц бүлгэмийг Д. Бодоогийн хамт байгуулалцаж, Зөвлөлт Орос Улсаас тусламж хүсэхээр очиж зэвсэг, санхүүгийн тусламж авах асуудлыг тохиролцон шийдэхэд чухал нөлөө үзүүлсэн. 1921 оны 3 сарын 13-нд АТЗГ-ын анхны даргаар томилогдсоны сацуу Сангийн яамны эрхэлсэн түшмэлийн албыг хавсран хашиж байв.

1921 оны 11 сараас Монголын Харилцан туслалцах хоршооны даргаар ажиллаж удалгүй чөлөөлөгдсөн бөгөөд Богд хааны шадар сайдаар тохоогдон 1922 оны 2 сарын 8 хүртэл албыг хашсан.

Төрийн сайд Д.Чагдаржав  1922 оны 8 сарын 31-нд Д.Бодоо нарын хамтаар  цаазлуулжээ. 1997 оны 6 сарын 11-нд Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэргийг цагаатгаж, нэр төрийг нь сэргээсэн байна.

Ардын Засгийн анхны Ерөнхий сайд Догсомын Бодоо

Бодоо Харбины “Монголын сонин бичиг” сонины Их хүрээн дэх төлөөлөгч, 1912 оноос гаргаж байсан “Шинэ толь хэмээх бичиг”, “Нийслэл Хүрээний сонин бичиг” сонинуудын сурвалжлагч, хянан найруулагчаар ажиллаж, “Болд илд, Бо” гэсэн уран бүтээлээ туурвиж байсан, басхүү монгол, түвд, манж, хятад хэл бичгийн боловсролтой тэргүүний сэхээтэн хүн байлаа. Багадаа Зүүн хүрээний нэгэн дацанд шавилан сууж Эрдэнэ Шанзовын яамны Монгол бичгийн сургуульд сурч, Шанзон яамны үүдний их бичээчийн зэрэг хүртжээ.

Хувьсгалын үйл хэрэгт манлайлан 1919 оны намар Хятадын генерал Сю Шүжан Монголын автономитыг унагах үед Консулын дэнжийн нууц бүлгэмийг үүсгэн байгуулав. Мөн яг энэ үед Гаалийн хорооны түшмэл Солийн Данзан Зүүн хүрээний нууц бүлгэм гэгчийг үүсгэн байгуулсан ба 1920 оны эхээр уг хоёр бүлгэм нэгдсэн бөгөөд 1920 оны 6-р сарын 25-ны хурлаас бүлгэмийг Монгол Ардын Нам гэж нэрийдэх болжээ.

Консулын бүлгийг үүсгэн байгуулж Хүрээний бүлэгтэй нэгдэн анхны улс төрийн намын эх суурийг тавилцсан тэрбээр 1921 онд байгуулагдсан АТЗГ-ын Гадаад хэргийн сайдаар томилогдсон бөгөөд мөн онд Ардын эрхт хэмжээт цаазат Монгол Улс ба Ардын хувьсгалын ялалтыг зарлан тунхаглаж, энэ үеэс Ерөнхий сайд ба Гадаад хэргийн сайдаар хавсран ажилласан юм.

 Бодоог АНУ, Хятад зэрэг улсуудтай сүлбэлдсэн, хувьсгалын үйл хэргийн эсэргүү бодлого явуулсан гэж буруутгасны дараагаар эрүүл мэндийн шалтгаан зааж ажлаасаа огцрох хүсэлт гарган 1922 оны 1 сарын 7-нд бүх албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.  Улмаар 1922 оны 8 сарын 31-нд Догсомын Бодоод эх орноосоо урвасан хэрэгт хилсээр ял тулган цаазалжээ. Түүнийг 1997 оны зургадугаар сарын 11-нд цагаатгасан байна.

Ерөнхий сайд Жалханз хутагт С.Дамдинбазар 1923 оны 6 сард  учир битүүлгээр жанч халжээ.

Барон Унгерны цагаан цэргүүд Нийслэл Хүрээг чөлөөлсний дараа Богд хаант Монгол улс эргэн сэргээгдсэнийг зарлан тунхаглаж, Засгийн газрыг эмхлэн байгуулахад Жалханз хутагт Дамдинбазарыг Ерөнхий сайдаар томилогдсон.

Дамдинбазар хэл бичиг, тоо зурхайн ухаан, бурхан шашин хийгээд урлаг, гүн ухаан, гадаад хэл, уламжлалт арга ухааныг эзэмшиж, 1890 оэоос хүрээний мэргэдтэй ном хаялцаж Богд гэгээны анхаарлыг татах болжээ. Улмаар түүнийг Их хүрээнд дуудан ирүүлж, Богд Жавзандамба өөрийн шадар хамбаар ажиллуулж, шашин төрийн хэргээ эрхлүүлж байв.

1912 онд Богд хаан түүнийг баруун хязгаарыг илбэн тохинуулах сайдаар томилж, манжийн амбан олон цэргийг эх орноосоо хөөн гаргах Ховд хотыг чөлөөлөх, Тагна, Урианхай, Алтайн чанад дахь нутгийн эрх баригчидтай холбоо тогтоох ажлыг онцгой зохион байгуулсан юм. 1919 онд Бээжинд очиж хятадын удирдлагатай хийсэн хэлэлцээр нь хоёр ард түмний найрамдал, тэр үеийн цэргийн дарангуйллыг намжаасан онцгой үйл явдал болсон гэж үздэг.

Барон Унгерн фон Штернбергийн Азийн морин дивиз Нийслэл хүрээг гамингаас чөлөөлөн Богд хаант Монгол улсыг дахин сэргээн мандуулахад 1921 оны 2-4 сард анх удаа Богдын зарлигаар Монгол улсын ерөнхий сайдаар ажилласан. 1922 оны 3 сарын 3-нд ерөнхий сайдаар хоёр дахиа томилогдон ажиллаж байгаад 1923 оны 6 сарын 23-ны өдөр аян замд явж байгаад нас баржээ.

1928-1930 он: Ерөнхий сайд А.Амар

Ардын хувьсгал ялсаны дараа тэрээр нийслэл хүрээнд ирж 1921 оны намар Ардын Засгийн газрын туслах түшмэлийн албанд томилогдон шинэ Монгол улсад хүчин зүтгэж эхэлжээ.

Удалгүй Гадаад явдлын яамны эрхэлсэн түшмэлээр дэвшиж, улмаар мөн сайдаар тохоогдон ажиллаж байгаад 1924-1925 онд Аж ахуйн яамны сайд, 1926-1927 онд Дотоод яамны сайд, Эдийн засгийн тэргүүлэгчээр ажилласан байна. 1928 оны эхээр хуралдсан Улсын Бага хурлаас Амарыг Монгол улсын Ерөнхий сайдаар томилсонд 1930 он хүртэл ажиллаж байгаад, 1930-1932 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, 1932-1936 онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга, 1936-1939 онд хоёронтоо Монгол Ард Улсын Засгийн газрын Ерөнхий Сайдаар тус тус ажилласан.

Тэрбээр ЗСБНХУ-ын дээд шүүхийн цэргийн коллегийн шүүхийн хаалттай хуралдаанд оролцохдоо “Тулгаж буй ялыг ойлголоо. Би бол хэрэгтэн биш. Урьдчилсан байцаалт дээр надад хүчээр тулган хүлээлгэсэн учир түүн дээр өгсөн мэдүүлгээсээ татгалзаж байна. Бүгд Найрамдах Монгол Ард Улс хэрэв тусгаар тогтносон улс юм бол яагаад Зөвлөлтийн шүүх намайг шүүж байгаа юм бэ?

Би БНМАУ-ын иргэн, тиймээс Зөвлөлтийн биш, харин Монголын шүүх намайг шүүх ёстой. Миний хавтаст хэрэгт байгаа Ёжов, Лувсаншарав болон бусад хүнээс мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийг няцааж байна. Маршал Чойбалсанг хороох гэж би огт зэхэж байгаагүй. Гэхдээ Монголын ард түмнийг яргалан залхааж байсны учир би түүнийг үзэн яддаг. Би ЗХУ-ыг үздэггүй, коммунист намд хэтээсээ дургүй.

Би Монголын ард түмэндээ хайртай, би Оросын ард түмэнд элэгтэй, харин улаантан, тэдний засагт дургүй…” хэмээжээ.

1930-1932 он: Ерөнхий сайд Ц.Жигжиджав

1930-1932 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Дарьгангын Жигжиджав хэмээн алдаршсан Цэнгэлтийн Жигжиджав хуучнаар Дарьгангын хошуу одоогийн Сүхбаатар аймгийн Халзан суманд мэндэлсэн. Гуч хүртлээ мал маллахын зэрэгцээ хошуу тамгын газар дайчлагдан улаач, бичээч, бичиг үсгийн багш, хошуу занги зэрэг ажил хийж байсан бөгөөд 1924-1925 онд Улсын анхдугаар их хурлын төлөөлөгч, Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдож, улмаар Сангийн яамны дэргэдэх Гаалийн нягтлан бодохын сургуульд орж, данс тооцооны мэргэжил эзэмшжээ.

Ц.Жигжиджав нь Манжийн хааны данстай байсан мал сүргийг Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн ядуу иргэдэд өмчилж өгөх, анхны хоёр облигаци батлан Орос Улстай хоршсон анхны аж үйлдвэрийн комбинатууд байгуулах, 72 хошууг татан буулгаж анхны 13 аймагтай болох зэрэгт манлайлан оролцож байжээ.

 “Буу алдаж, амиа егүүтгэсэн” гэгдэж өөд болсон Ерөнхий сайдыг хожим нь хэлмэгдүүлж, Лхүмбийн гэх эсэргүүний хэргийн удирдагч болгосон гэдэг.

1932-1936 он:  Ерөнхий сайд П.Гэндэн

П.Гэндэн 1922 оны 7 дугаар сараас 1924 оны 3 дугаар сар хүртэл хошууны ХЗЭ-ийн үүрийн тэргүүлэгч, 1932 онд Арвайхээрийн хошууны МАН-ын 98-р үүрийн тэргүүн дарга, 1924-1927 онуудад БНМАУ-ын Бага хурлын дарга, 1927-1928 онд Улсын Банкны ерөнхий хорооны дарга, 1928- 1932 онд МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, 1932-1936 онд БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайдаар ажиллажээ. Эл хугацаанд БНМАУ-ын ГЯЯ-ны сайд, Монголын үйлдвэрчний эвлэлийн төв хорооны даргын үүргийг хавсран гүйцэтгэж байв.

Түүхчдийн бичсэнээр төрд ажиллах 12 жилийн хугацаандаа Сталинтай 11 удаа уулзахад бодлогын чанартай чухал асуудлуудыг ярилцсан гэдэг.  Тэрээр Моксвад Сталинтай уулзах үедээ улс орныхоо эрх ашгийг тэргүүнд тавьж, тусгаар улсын хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг ил далд, удаа дараа анхааруулж хэлсэн байдаг.

1934 онд Москва дахь Монголын бүрэн эрхт төлөөлөгчдийн байранд болсон нэгэн зоогийн үеэр Сталин “Гэндэн Чингис хаан болохыг хүсэж байна. Тэр Чингисийн гөлөг” гэж хэлэхэд Гэндэн “Гүрж Сталин Оросын хаан болж байхад, Монгол Гэндэн яагаад Монголын хаан болж болдоггүй юм“ гэж хариу барьсан тухай уулзалтад оролцсон хүмүүсийн дурсамж яриа байдаг ч тэр үеийн протоколд тэмдэглэгдээгүй. Мөн Гэндэн Оросын удирдагч И.В.Сталинг алгадсан, гаансыг нь авч чулуудсан тухай Лхагваа гуайн “Сталинг алгадсан хүн” номонд дурджээ.

Ардын хувьсгалт Монгол Улсын удирдлагад олон жил болсон П.Гэндэнгийн үзэл санаа социализмын загварт харшилсан учир түүнийг Зөвлөлтийн удирдлагууд буруутгах болсон юм. Улмаар 1936 онд албан тушаалаас нь буулган гэр бүлийнх нь хамтаар амраах, сувилах нэрийдлээр ЗХУ-д явуулжээ. Жилийн дараа буюу 1937 оны наадмаар эх орноосоо урвасан хэмээх хилс хэрэгт ял тулган баривчилж, арваннэгдүгээр сарын 26-нд буюу анхны Үндсэн хууль баталсан өдрийн ойгоор хойд хөршид ялын дээд хэмжээг гүйцэтгэжээ.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд