No menu items!
HomeХүмүүсАрдын засгийн анхны Ерөний сайд Бодоо

Ардын засгийн анхны Ерөний сайд Бодоо

-

“Хүмүүс” булангаараа үе үеийн ерөнхий сайд нараас онцлон хүргэж байгаа билээ.

Энэ удаад 100 жилийн өмнөх түүхийн нэгээхэн хэсэг Монгол улсын дөрөв дэх ерөнхий сайд, Консулын дэнжийн нууц бүлгийг үндэслэн байгуулагч, Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Догсомын Бодоогийн талаар өгүүлэх гэж байна. Түүний нэгэн мэргэн эшлэл:

Чоныг үзэж арьсыг зуравч ясыг зурахуйяа бэрх

Царайг үзэж хүнийг танивч зүрхийг танихуйяа бэрх.

Бодоо Их хүрээн дэх Монгол хэл бичгийн сургуульд суралцаж, Шавийн яаманд бичээч хийж байсан, басхүү монгол, түвд, манж, хятад хэл бичгийн боловсролтой тэргүүний сэхээтэн хүн байлаа. Олон орны хэлтэй түүнтэй дүйх сэхээтэн хүн тэр үед байгаагүйг судлаачид тэмдэглэсэн нь бий.

Тэрбээр Харбины “Монголын сонин бичиг” сонины Их хүрээн дэх төлөөлөгч, 1912 оноос гаргаж байсан “Шинэ толь хэмээх бичиг”, “Нийслэл Хүрээний сонин бичиг” сонинуудын сурвалжлагч, хянан найруулагчаар ажиллаж, “Болд илд, Бо” гэсэн уран бүтээлээ туурвиж байв.

Д.Бодоо бол сэтгүүлч, нууц нэрээр бодрол, өгүүлэл, сурвалжлага, эргэцүүлэл цөөнгүйг нийтлүүлсэн талаар анх 60-аад оны дундуур түүхч Г.Дэлэг нэг сэдэвт зохиолдоо тэмдэглэсэн байдаг.

Тэрбээр мөн уран зохиол сонирхон оролдож “Үзэмжит өгүүлэл”, “Уянгат шүлэглэл” зэрэг зохиол бичиж хойч үедээ үлдээсэн билээ. “Үзэмжит өгүүлэл” нь Хятадын уран зохиолын төлөөлөл болох “Эрт эдүгээгийн гайхамшигт сайхан үзэгдэл хэмээх судар”-ын нэгэн бүлэг болох “Сувдан цамцны хэрэг”-тэй холбогдоно. Үүнийг харьцуулан судалсан судлаачдын судалгаа бий. Харин “Уянгат шүлэглэл” бол сургаалийн маягаар шүлэглэсэн бүтээл юм.

Түмэнд мэргэн, бумд сэцэн хэмээн оморхон гайхуулаад

Түмэн үеийн уламжилсан түүх үгсээ эс мэдвээс

Төвд, Хятадын түмэн үсэгт мэргэшивч

Төрөл төөрсөн төрөлтөн болохоос өөр юун. /”Уянгат шүлэглэл”-ээс/

Бага залуу нас

Дурьдан буй Догсомын Бодоо болвоос 1885 онд Мандшир хутагтын шавь Дэндэвийн отог буюу одоогийн Төв аймгийн Сэргэлэн сумд төрсөн. Хиагтад төрж, хорин хэд хүртлээ тэнд сууж 1921 онд журамт цэргийн майхан, туг, хиур оёлцож явсан боловч төрсөн эцэг нь хятад байсны улмаас партизан болоогүй гэдэг.  

Багадаа Зүүн хүрээний нэгэн дацанд шавилан сууж Эрдэнэ Шанзовын яамны Монгол бичгийн сургуульд сурч, Шанзон яамны үүдний их бичээчийн зэрэг хүртжээ. Д.Бодоо энэ сургуульд сурсан тухайгаа “Зам мөрийг минь гэрэлтүүлж зөв зүйлд хөтөлсөн” хэмээн ярих дуртай байжээ. Тэрбээр мөн Маршал Чойбалсанд багш шавийн барилдлага тогтоож бичиг үсэг заасан гэдэг.  

Партизан Далхын Ээндэнданзаны бичсэн нэгэн дуртгалд өгүүлснээр Бодоог өндөр нуруу, шонхор хамар, шар царай, хөнхөр нүдтэй учраас түүнийг зарим хvмvvс «Орос Бодоо», «Оросын нууц хүү» хэмээдэг байсан, мөн нэлээд огцом түргэн зантай, гомдох баярлах нь амархан хүн байсан гэж тэмдэглэжээ. Тэрбээр Монголзо зодоонд гарамгай бөгөөд хүрээнд болсон тулаанд оролцож түрүүлж байсан талаар тэмдэглэгдэн үлджээ.

Бодоо бага залуугаасаа гадаадын нэлээд хүнтэй танилцаж нөхөрлөж байсан талаар түүхэн тэмдэглэлүүд бий. Хаант орос улсын консулын дэргэдэх орчуулагч хэлмэрчдийн сургуульд багшаар ажиллаж оросын залуу дипломатуудтай ойр холбоотой байсан. Хожим түүнд ял тулган байцааж байсан Сорокин ламын шавь Посаломов гэгчийн гэрээр яах гэж очсон тухай байцаахад “би түүнээс “дууны эгшиг тэмдэг” авахаар очсон” гэж хариулжээ. Мөн Кондуковыг хэрхэн таньдаг талаар асуухад “тэр надаар ном заалгаж байсан миний шавь” хэмээжээ.

Хувьсгалын үйл хэрэг

Бодоо Хувьсгалын үйл хэрэгт манлайлан 1919 оны намар Хятадын генерал Сю Шүжан Монголын автономитыг унагах үед Консулын дэнжийн нууц бүлгэмийг үүсгэн байгуулав. Тухайн бүлгэмд орос хэлний орчуулагч Х.Чойбалсан, Д.Чагдаржав, түшмэл Жамъян, Д.Лосол, Жигжиддорж, С.Данзан, Д.Догсом, М.Дугаржав, үсэг өрөгч Д.Сүхбаатар, буриад Балсанов нар багтсан байдаг.  Мөн яг энэ үед Гаалийн хорооны түшмэл Солийн Данзан Зүүн хүрээний нууц бүлгэм гэгчийг үүсгэн байгуулсан ба 1920 оны эхээр уг хоёр бүлгэм нэгдсэн билээ. Тэд Хятадын дарангуйллыг буруушаасан тэмцэж байв. 1920 оны 6-р сарын 25-ны хурлаас бүлгэмийг Монгол Ардын Нам гэж нэрийдэх болжээ.

Данзангийн ширээний хөлийг тайрч МАН -ын анхны тамгыг сийлсэн нь:

1919 онд Хүрээнд шинэ цагийн большевик нам байгуулагдаж хоёр бүлгэм нийлж Орос руу төлөөлөгч явуулах бичгэн дээр тамга дарах болжээ. Чухам Ардын намын тамгатай бичиг үү, Богдын тамгатай бичиг үү гэдэг дээр нууц бүлгүүдийн тэргүүлэгч нар санал зөрөлджээ.

Ингээд Ардын намын нөхөд Данзангийн зандан ширээний хөлийг хөрөөдөж, гарын дүйтэй Бодоогоор тамга сийлүүлж, Богд хаанаар аравнайлуулан 1920 оны зургадугаар сарын 25-нд хувьсгалын онц ноцтой нууц баримт бичигт тамга дарсан гэдэг. 

Багш шавийн барилдлага

Бодоо Богдтой багш шавийн барилдлагатай, шашны төлөөлөгч байсан төдийгүй 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд оролцон “Монголын сонин бичиг”-ийг Харбинд гаргаж байсан туршлагатай улс төрч юм.

1921 оны долдугаар сарын 5-11-ний өдрүүдэд тэрбээр Богд Жавзандамбатай гурван удаа, Ерөнхий сайд Манзушир хутагт Цэрэндоржтой хоёр удаа уулзан шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг ярьж тохирсон байдаг.

 Хожим Бодоод тулгасан олон ялын нэг бол Богдтой холбоотой байсан явдал бөгөөд “Богд хатны хамт танай гэр орноор баадантай юм бариад ирж очдог байсан нь ямар учиртай юм бэ хэл” гэж түүнд эрүү шүүлт тулгаж байсан баримт бий.

Ардын засгийн анхны ерөнхий сайд

Ардын Түр Засгийн газрын дарга Д.Бодоо, гишүүн Д.Сүхбаатар, Д.Лосол нар бусад хамтран зүтгэгчдийн хамт

Консулын бүлгийг үүсгэн байгуулж Хүрээний бүлэгтэй нэгдэн анхны улс төрийн намын эх суурийг тавилцсан тэрбээр 1921 онд байгуулагдсан АТЗГ-ын Гадаад хэргийн сайдаар томилогдсон. Мөн оны долдугаар сарын 6-нд Ардын цэрэг Их Хүрээнд орж, 11-нд Ардын эрхт хэмжээт цаазат Монгол Улс ба Ардын хувьсгалын ялалтыг Д.Бодоо зарлан тунхаглаж, энэ үеэс Ерөнхий сайд ба Гадаад хэргийн сайдаар хавсран ажилласан юм. 

“Бошгыг халах залуучуудын эвлэл” хийгээд зэмлэл

1921 оны эцсээр Бодоо Бошгыг халах залуучуудын эвлэлийн шугамаар шинэчлэлийн зүүний бодлого явуулан эмэгтэйчүүдийн үсийг тайрах, дээлийн нударга тайрах, сахилтай нэгний нь сахиусыг мултлах  зэрэг компанит ажлууд явуулж, энэ хэрэгтээ намын нөхдөөсөө багагүй зэмлэл хүртэж байв. Бодоо сайд Засгийн газраас эхнэр үс, хэмжээгүй хээнцэрлэлийг зогсоох, ёслолын хувцасны тухай өгүүлсэн бичгээ Богд хаанд явуулж санал солилцож, Монголын тэр үеийн бүдүүлэг байдлыг гадаадынхан шоолж байна гэдгийг ч тодорхой бичиж үлдээжээ.

Хэлмэгдүүлэлтийн хар шуурга

 Бодоог АНУ, Хятад зэрэг улсуудтай сүлбэлдсэн, хувьсгалын үйл хэргийн эсэргүү бодлого явуулсан гэж буруутгасны дараагаар тэрээр эрүүл мэндийн шалтгаан зааж ажлаасаа огцрох хүсэлт гарган 1922 оны 1 сарын 7-нд бүх албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.

Ингээд эхнэр Янжин, хүүхдүүдийн хамт Их хүрээнээс нүүж Бөхөг түргэнд очин амар жимэр амьдарч байхад нь мөн оны наймдугаар сард түүнийг  баривчилжээ. Бодоогоос хойш эхнэр Янжин нь Сангийн яамны Очир гэгчтэй ханилсан боловч 1930 оны орчим Очир нь баригдан түүнээс хойш хүндээр өвчилсөн гэдэг.

Д. Бодоо Монголын төр засгийн тогтолцоог шинээр төлөвшүүлэхдээ «Англи улсыг өмнөх толь болгож болно» хэмээн тууштай итгэж, “улаан үзэлт” төр Монголд тохирохгүй гэж үзэн, түүнийгээ сурталчилдаг байсан явдал нь түүнийг хэлмэгдүүлэх нэгэн шалтгаан болсон гэж үздэг.

Улмаар 1922 оны 8 сарын 31-нд Догсомын Бодоод эх орноосоо урвасан хэрэгт хилсээр ял тулган цаазалжээ. Түүнийг 1997 оны зургадугаар сарын 11-нд цагаатгасан байна. Уугуул нутаг болох Төв аймгийн Зуунмодын цэцэрлэгт хүрээлэнд түүний хөшөөг босгон мөнхжүүлжээ.

Бодоо бол 1920 онд МАХН хэмээх хувьсгалт нууц байгууллагын үеэс л эсэргүү байсан гэх ойлголтууд газар авч байсан тул уран зохиол, тайз дэлгэцийн урлагт бүтэлгvй, гуйвж дайвсан, Хvрээ Манзуширийн хийдийн хооронд давхидаг асман лам мэтээр дүрслэн харуулж байв. Д.Жигжидийн найруулсан “Өглөө” кинонд Бодоогийн дүрд Ардын жүжигчин Зундуйн Цэндээхүү тоглосныг уншигч түмэн санаж буй бизээ.

Харин 1960-1962 онд академич Д. Төмөр-Очирын удирдсан комиссын бэлтгэсэн «МАХН-ын түүх» бүтээлд Д.Бодоо, С.Данзан нарыг Монголын хувьсгалын удирдагчид байсан гэдгийг нэлээд тодорхой өгүүлж тэдний үйл ажиллагааг бодитойгоор үнэлсэн байдаг.

1990 оноос эхлэн Д. Бодоогийн тухай судалгаа нэлээд гүнзгийрч 1991 онд доктор Лха.Бат-Очир «Бодоо сайд» хэмээх бэсрэг зохиол бичсэнээр нэлээд бодитой судалгааны эхлэл тавигдсан билээ. Мөн тэрбээр ерэн гурван баримт бүхий «Догсомын Бодоо» эмхтгэлээ 2001 онд хэвлүүлсэн юм.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд