No menu items!
HomeЭрүүл мэндЭлэгЭлэг өөхлөх өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

Элэг өөхлөх өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

-

Эмч Б.БАЯРБААТАР

Хүний бие өөрийгөө эрүүл байлгах, хорт бодисыг цэвэрлэх, эд эрхтэнд аюул учрах үед нөөц бүтцүүдийг нээн бие махбодыг тогтворжуулах цогц бүтэцтэй. Бодгалийн цогц бүтцийн мотор нь зүрх, лаборатори нь элэг, хана хэрэм нь их биеийн араг яс юм. Гэвч Монголчууд бидний лаборатори тэсэлгээ дэлбэрэлтэд өртөж ашиглалтаас гарах дөхжээ. Тэнгэрлэг заяат бид элэгний хавдраараа дэлхийд тэргүүлж, элэгний өвчлөлөөрөө наймд бичигдэж байна.

Эх хэлэндээ нямбайлан шигтгэсэн (Элэг зүрхнээс уяатай, элгээ хөштөл инээлээ, Элэг эгших, элэг бүтэн хүүхэд сэргэлэн, эзэн сайтай мал цовоо, тэгээд болохгүй бол элэгдэнэ шүү гэх мэт)  Элэг биеэр орж буй хоол хүнсийг задлан, боловсруулж, хадгалж өдөр бүр эрч хүчтэй ажиллах энергийн эх үүсгэвэр болж бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бодисын солилцоог дотор нь уураг, нүүрс ус, өөх тос, эрдэс давс, витамины солилцоо гэж ангилан үздэг.

Элэг нь өөх тосны бодисын солилцоонд чухал эрхтэн бөгөөд бидний шүдээр бутлагдан, ходоодонд хүчлүүдийн нөлөөгөөр дэвтэн боловсорч цааш нарийн гэдсэнд шимэгдсэн өөх, тосны гаралтай бодисуудыг үүдэн венийн судасны системээр хүлээн авч, боловсруулж, хадгалж дараагийн эрхтэнд хүргүүлэх нарийн тэнцвэрт үүргийг биелүүлдэг.

Хүний бие махбодод энэ метаболизмын тэнцвэр алдагдах үеийн нэг илрэл нь элэгний эс доторх өөх тос төрөл болох триглицеридын (саармаг өөх) хуримтлал юм. Архины бус шалтгаанаар элэгний нийт жингийн 5%-с илүүг саармаг өөх эзэлбэл түүнийг архины бус шалтгаант элэг өөхлөлт гэж үзнэ. Дэлхийн хүн амын 25% нь архины бус шалтгаант элэг өөхлөх өвчинтэй ба үүний голлох шалтгаан нь таргалалт болон чихрийн шижин өвчнүүд байна. Зөвхөн архины бус шалтгаант өвчинд АНУ жил бүр 103 тэрбум ам.долларыг зарцуулдаг. 2016 онд Монгол улс 13.7 мянган элэгний өвчтэй хүнд 3.1 тэрбум төгрөгийг зарцуулжээ. 

АРХИНЫ БУС ШАЛТГААНТ ЭЛЭГ ӨӨХЛӨХ ӨВЧНИЙ ҮЕ ШАТУУД 

Энгийн элэг өөхлөлт  – Элэгний нийт жингийн 5%-с илүү хувийг өөх бүрдүүлдэг ба энэхүү эмгэг нь санамсаргүй байдлаар өөр тохиолдлоор шинжилгээ хийлгэх үед оношлогддог.

Архины бус шалтгаант элэгний эдийн үрэвсэл – Энэ нь энгийн элэг өөхлөлт үрэвсэлтэй хавсарсан хэлбэр юм. Их Британийн нийт хүн амын 5% нь Архины бус шалтгаанд элэгний эдийн үрэвсэлтэй байдаг.

Элэг сорвижих – Удаан хугацаанд явагдсан үрэвслийн процесст хариу урвал үзүүлэн элэг цусны судастай ойролцоох хэсгүүдэд сорвижил үүсгэдэг. Элэгний сорвижлын 25% нь элэгний хатууралд шилждэг.

Элэгний хатуурал – Элэг хэмжээгээрээ жижгирч, гадаргуу нь барзгар, элэгний эд сорвижилтой болсон байдаг. Элэгний хатуурал нэмэгдэх тусам элэгний эрүүл эд буурч элэгний үйл ажиллагаа мууддаг. Энэ үйл явц даамжирсаар элэгний хэвийн үйл ажиллагаа алдагдаж улмаар элэгний дутагдалд ордог.

Их Британи элэгний өөхлөлттэй 88 хүнийг 10.5 жилийн хугацаанд судлахад 7 хүн элэгний сорвижлоор, 9 хүн элэгний хатуурлаар хүндэрсэн байна. 

ТА АРХИНЫ БУС ШАЛТГААНТ ЭЛЭГ ӨӨХЛӨХ ӨВЧНИЙ ЭРСДЭЛТЭЙ ЮУ?

Хэрвээ танд доорх хүчин зүйлүүд байдаг бол ТА өвчлөх ЭРСДЭЛТЭЙ

  • Жингийн илүүдэлтэй, ялангуяа бүсэлхий хэсгээрээ таргалалттай 
  • Чихрийн шижин хэв шинж хоёр өвчтэй
  • Цусны даралт өндөртэй
  • Цусан дахь холестерины хэмжээ өндөр
  • Тамхи татдаг

Чихрийн шижин хэв шинж хоёр өвчин болон таргалалттай хүмүүсийн  70-90 хувь нь элэг өөхлөлттэй байдаг. 

ЭМЧИЛГЭЭ БА УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ

Та эрүүл амьдралын хэв маягийг сонгон элгээ өдөр шөнөгүй хайрласнаар элэг өөхлөх өвчнийг эрт үед нь илаарьшуулах боломжтой. 

  • Биеийн жингээ хасах –  Биеийн жингийн индексээ 18.5-24.9 хооронд барих
  • Эрүүл, зөв хооллох- Олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс өдөрт оногдох илчлэгээ авч байх нь чухал. Өөх тос, элсэн чихэр, давсны хэрэглээгээ бууруулах нь элгэнд хуримтлагдсан өөхийг бууруулахад тустай. 
  • Тогтмол дасгал хөдөлгөөн хийх– Дунд зэргийн эрчимтэй гүйх, усанд сэлэх, дугуй унах гэх мэт дасгалуудыг долоо хоногт нийт 150 минут байхаар тооцож хийх

Дөрвөн долоо хоногийн хугацаанд долоо хоногийн 5 өдөрт 30-60 минут дасгал хөдөлгөөн хийсэн таргалалттай насанд хүрэгчдийн элгэнд хуримтлагдсан өөх 10 хувиар багасжээ. 

Өдөрт хэрэглэх илчлэгээ гурван сарын хугацаанд 500 ккал аар бууруулахад, биеийн жин 8 хувиар буурч элэг өөхлөлт мэдэгдэхүйц хэмжээгээр буурчээ.

Та бүхэнд эрүүл энхийг хүсье.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд