No menu items!
HomeНом ярьяБ.Номинчимэд: Хүнийг нарийн ойлгоход номоос авсан мэдрэмж чухал үүрэгтэй

Б.Номинчимэд: Хүнийг нарийн ойлгоход номоос авсан мэдрэмж чухал үүрэгтэй

-

Энэ удаагийн “Ном ярья” буланд маань зохиолч, сэтгүүлч Баасангийн Номинчимэд оролцлоо.

Танд ширээний ном байдаг уу?

-Ямар ч цаг үед ширээн дээр байж байдаг ном гэж байхгүй. Харин цаг үе бүрд ихэд шимтэн, удаан хугацаагаар дахин дахин уншиж байсан номууд бий. Дунд ангид байхад А.Дюма, Майн Рид, Жюль Верн нарын номоос салдаггүй байж. Идэр насанд их л удаан ширээн дээр байсан ном бол А.Герцений “Туулсан замд төрсөн бодол”. Түүний дараа Достоевский, Блок. Тэгээд улс төр, нийгэм, түүхийн номууд, одоо бол шашны, тэр дундаа Ошогийн номууд ширээнд минь их ойрхон байна. Ялангуяа “Агнистийн гэгээ” цуврал. Харин хамгийн олон удаа уншсан ном гэвэл “Монголын Нууц товчоо”.

Яагаад тухайн номуудыг сонгох болсон бэ?

– Насны онцлог. 13-14 насанд оргилуун, баатарлаг адал явдал өөрийн эрхгүй сэтгэл татна. Тэр үед А.Дюма нарт автахаас аргагүй. Артанянаас Атос нь илүү сэтгэл татдаг байлаа. Нэг тийм нууцлаг, эрхэмсэг, язгууртанлаг чанартай. Идэр насанд амьдралын үнэнтэй нүүр тулаад ирэхээр бодол эргэцүүллийн, нийгэм, орчин, хүнийг танин мэдэх гэсэн тийм номд ойртох нь зүйн хэрэг. Дараа нь мухардсан, цөхөрсөн, гарц гаргалгаа эрж хайсан үед Достоевский нарын эрлийн зам мөр сонирхолтой.

Харин “Монголын Нууц Товчоо” бол Монгол хүн болж төрснийхөө хувьд, Монгол гэдэг энэ ертөнцийн нэг эд эс болж буйнхаа хувьд мөн чанараа, оршихуйнхаа учрыг олж харах эрлийн талбар болж байна.

Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

-Үй Хуагийн “Цусаа худалдсан тэмдэглэл”-ийг сая уншиж дуусгалаа. Хятад хүний мөн чанарыг, дотоод ертөнцийг ёстой л дурайтал нь гаргаж иржээ. Алив юмыг харьцуулж байж танин мэддэг. Бид Хятадтай өөрсдийгөө харьцуулан харах бас нэг боломж нь энэ мэт хятад мөн чанарыг тодруулан харуулсан зохиол бүтээлүүд юм. Тэгээд харьцуулах хэрээр өөрсдийнхөө үнэт зүйлс, ялгаа, онцлогийг илүү тод мэдэж, мэдрэх болно. Мөн Ной Харарийн Homo Dues / “Маргаашийн товч түүх”-ийг уншиж байна.

-Хамгийн анх ямар ном уншиж байсан бэ?

-Бичиг үсэг сураад анх бие дааж уншсан ном маань тохиолдлоор “Монголын нууц товчоо” байсан. Тэр үед манай номын санд ах, эгч нарын сурах бичгүүдээс гадна энэ ном байлаа. Би зураг их зурдаг хүүхэд байж. Сургуульд ороогүй үе. Гэртээ ганцаараа үлдэхээрээ ах, эгч нарын түүхийн сурах бичгүүдийн зургийг хуулж их зурдаг. Тэр үеийн дунд сургуулийн түүхийн сурах бичгүүд их гоё зураасан зурагтай байсан юм. Тэгж суухад МНТ-ны бор хавтастай хуучин хэвлэлийн зургууд их сонирхолтой санагдаж, хуулж зурж байгаад нэг л мэдэхэд уншчихсан. Гэхдээ тэр үед ямар түвшинд ойлгож байсан нь мэдээж тодорхой шүү дээ.

-Ном унших нь таны хувь хүн, ажил амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Яг тодорхой хэлж мэдэхгүй байна. Гэхдээ уншсанаа амьдралд тулгаж харах биш, харин амьдралыг уншсантайгаа харьцуулан цэгнэж сурахад ихээхэн цаг хугацаа хэрэг болдог бололтой. Юутай ч олон талын мэдлэгийг номоос олж авдаг тул сэтгүүлчийн ажил эрхлэхэд их давуу талтай байв. Хаана ч, хэнтэй ч уулзахад юу асуух вэ гэж барьц алдахгүй, ярилцахдаа нүүр баатар байдаг юм. Мөн хүнтэй харьцахад, хүнийг нарийн ойлгоход номоос авсан мэдрэмж чухал үүрэгтэй байгаа нь анзаарагддаг. Сайн тал гээд энэ мэт нэлээд хэдэн зүйлийг хэлж болох байх. Сөрөг тал гэвэл аж ахуй, амьжиргааныхаа араас хөөцөлдөхөөс илүүгээр номтой зууралдаад суучихдаг явдал бий, бий. Тэгээд эрхгүй гэдэс ходоод хоол нэхээд, ар гэр, ахуй амьдрал хэцүүдэх үед цочсон юм шиг босож ирэх явдал нэг бус байлаа.

-Танд бусдад уншихийг санал болгох ном байна уу?

-За даа, миний таашаадаг ном хэн бүхэнд таашаагдана гэдэгт итгэхгүй л байна. Харин Монгол хүн болж төрснийхөө хувьд “Монголын нууц Товчоо”, “Жангар”-аа заавал уншдаг юм шүү, дургүй байсан ч албадаад уншдаг юм шүү.

-Та хэдэн номын сангийн үнэмлэхтэй вэ?

-Ямар ч номын сангийн үнэмлэх байхгүй.

-Та гэртээ номын сантай юу. Ойролцоогоор хэдэн ном байдаг вэ?

-Бий. Нарийн тоолоогүй. 1000 орчим л байх. 

-Та номоо ямар арга барилаар уншдаг вэ?

-Янз бүр. Ихэнхдээ хэд хэдэн ном зэрэгцүүлж уншдаг. Нэгээс нь уйдахаар нөгөөг нь барьж авах мэт. Тиймээс миний эргэн тойронд ямагт хэд хэдэн ном хөглөрч байх нь бий. Зарим үед арав хориороо ч байна. Эхлүүлсэн бол салж чадахгүй дуусгадаг ном тун ховорхон байдаг.

-Та өөрийгөө номын гол дүрийн баатраар төсөөлвөл хэн байх вэ?

-Бас л янз бүр. Дөнгөж уншиж байх үедээ Хан Харанхуй шиг л төсөөлдөг байв. Дараа нь Атос, эсвэл капитан Немо гээд нас насанд өөрчлөгдөөд л явна. Харин одоо бол би өөрийгөө ямар нэгэн номын гол дүрийн баатраар төсөөлж чадамгүй. Учир нь би өөрөөрөө л байхыг хүсэх болж. Тэр өөрөөрөө байгаа өөрийгөө уран бүтээлдээ хэрхэн яаж буулгах вэ л гэж төсөөлж, бодож сууна. Магад өөрөөрөө байгаа өөрийгөө цаасан дээр буулгаж дууссан тэр цагт миний уран бүтээлийн сүүлчийн цэг тавигдах байх.  

-Танд хамгийн үнэ цэнэтэй санагддаг ном байдаг уу?

-Ер нь бараг ном бүхэн үнэ цэнэтэй дээ. Гэхдээ хамгийн хүнд хэцүү цаг үед надтай хамт байсан тийм номууд л хамгийн үнэ цэнэтэй нь байдаг. Сонгодог мундгууд нь биш шүү. Нэг хоёрыг хэлээд зогсомгүй.

-Ярилцсанд баярлалаа.

Г.Жаргал

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд