No menu items!
HomeОнцлохТ.Оюунчимэг: Астма нь хүйтэн сэрүүний улиралд илүү сэдэрдэг

Т.Оюунчимэг: Астма нь хүйтэн сэрүүний улиралд илүү сэдэрдэг

-

Энэ удаагийн “Эмч зөвлөж байна” булангаараа астма өвчний талаар УГТЭ-ийн уушги судлалын тасгийн эмч Т.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Астма гэж ямар өвчнийг хэлж байгаа вэ? Юунаас болж үүсдэг вэ?

-Астмын үед цээж шуугих, амьсгаадах, цээжээр давчдах болон ханиах шинжүүд үе үе, байнгын давтамжтай илэрдэг. Эдгээр шинж тэмдэг нь амьсгал гаргалт саадтай байгаатай холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл, гуурсан хоолой нарийсах /агаар дамжуулах замын нарийсал/ агаар дамжуулах замын хана зузаарах, шүүрлийн хэмжээ нэмэгдэх зэргээс амьсгалахад саадтай болдог архаг дахилтат явцтай халдварт бус бие даасан өвчин юм.

 -Дахилтат явцтай өвчин гэлээ. Улирлын нөлөө бий юу?

-Байгаа. Цаг агаарын тааламжгүй нөхцөлүүд (агаарын чийгшил ихсэх, аянга цахилгаантай бороо, агаарын даралт ихсэх, буурах ) зэрэгт сэдэрч болдог. Мөн астма нь хүйтэн сэрүүний улиралд илүү сэдэрдэг. Хэрэв тухайн хүнд астма гэдэг онош тавигдчихсан бол эмчийн хяналтад, эмээ хэрэглээд байвал байнгын намжмал байдалтай байж болно.

-Астма оношлогдсон бол хэрхэн хянаж, багтрал хөдлөхөөс сэргийлэх вэ?

Астма сэдрэх үед ямар арга хэмжээ авах хэрэгтэйг өөрөө мэдэж байх шаардлагатай.

Нэгдүгээрт багтрааны  эмийг эмчийн заасны дагуу зөв хэрэглэх ёстой. Ямар тунгаар, хэдэн цагт яаж сорох вэ гэдгээ эмчээрээ заалгана. Хоёрдугаарт астмаг сэдрээж байгаа хүчин зүйлүүдээс хол байх нь зүйтэй.

Гуравдугаарт, Жилд 2-3 удаа мэргэжлийн эмчид үзүүлэн хянуулж байх. Таны биеийн байдал сайн, амьсгалахад бэрхшээлгүй байсан ч эмчдээ үзүүлж хянуулж байвал багтрал хөдлөхөөс сэргийлж болно.

-Астма эхэн үедээ ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?

-Астмын эрт илрүүлэгчийн асуумжинд дараах шинж тэмдгээс аль нэг нь илрэх тохиолдолд астма байх магадлалыг нэмэгдүүлдэг тул мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Үүнд шүгэлдсэн амьсгал, исгэрсэн хэржигнүүр зэрэг багтана /ялангуяа амьсгал гаргах үед сонсогдож байвал/.

Анамнездаа дараахаас аль нэг нь байх. Жишээлбэл, ханиах, ихэвчлэн шөнийн цагт нэмэгдэх, үе үе цээж шуугих, амьсгалахад бэрхшээлтэй болох, цээж давчдах шинжүүд шөнө эсвэл сэрэх үед илэрч байвал харьяа дүүргийн дотрын эмчид үзүүлэн онош тодруулах хэрэгтэй.

Астмын зовиур, эмнэлзүйн шинж нь өвчний үе шатаас хамаарах ба сэдрэлийн үе, намжилтын үе гэж байдаг. Астмын урьдал үед  хамраас нус гоожих, найтаах, нүд ба арьс загатнах, гэнэт бөгшүүлж ханиалгах, амьсгаадах, зэрэг шинжүүд илэрдэг. Харин багтралын үедээ өвчтөнд агаар дутагдаж буй мэдрэмж төрж амьсгаадах, амьсгал гаргалт бэрхшээлтэй болж, заримдаа исгэрсэн хуурай хэржигнүүр зайнаас сонсогдох зэрэг зовиур илэрнэ.

-Астма сэдрэхэд болон хүндрэхэд ямар хүчин зүйл нөлөөлж болох вэ?

Астма сэдрэхэд болон хүндрэхэд амьсгалын замын халдварууд, ахуйн болон мэргэжлийн шалтгаант харшил төрүүлэгч, гэрийн тоос тоосонцор, цагаан хэрэглэл, хивс, буйдан, зөөлөн тоглоомоос гарж байгаа тоос, тамхины утаа, дасгал хөдөлгөөн, зэрэг хүчин зүйлс өвчин сэдрэхэд нөлөөлдөг.

Астма удамших уу?

-Астматай эмчлүүлэгчдийн 46.3 хувь нь удам дагасан  өртөмтгий хүмүүс байдаг. Эцэг эхийн аль нэг нь астмаар өвдсөн бол төрсөн хүүхдийн 40-50%, эцэг эх нь хоёулаа өвдсөн бол 90-100% өвдөх магадлалтай гэж үздэг.

Астмын тавиланд нөлөөлөх хүчин зүйл гэж байдаг уу?

– Астма өвчний тавилан таагүй байхад дараах хүчин зүйлс нөлөөлдөг. Тухайлбал, эмчилгээг орой эхлэх, эмчийн зааврыг биелүүлэхгүй байх, эмийн харшилтай байх, эмэндээ дасал болох, сэтгэл санаа тавгүйтэх,стресс, халдвар, эмийн буруу хэрэглээ зэрэг нөлөөлж болно.

-Хэдэн насанд илүү тохиолддог вэ, насны хамаарал байдаг уу?

-Хүүхэд насанд тавилан харьцангуй сайн. Астма 3-10 жилээр, зарим тохиолдолд насан туршид намждаг, намжмал үед амьдралын чанар дээшилдэг. Хүүхэд болон залуу насанд астмын улмаас нас баралт насанд хүрэгчдээс 5 дахин бага байдаг. Мөн хүүхдийг эхийн сүүгээр бойжуулах нь угжаар хооллодог хүүхдүүдтэй харьцуулахад астмаар өвчлөх эрсдэлийг бууруулдаг гэж үздэг.

-Астма буюу  өвчний тархалт сүүлийн үед хэр нэмэгдэж байгаа вэ?

-Монгол улсад 1999 – 2000 онд хийсэн судалгаагаар хөдөө орон нутгийн оршин суугчдын дунд астма 1.1%, Улаанбаатар хотын оршин суугчдын дунд астма 2.1%,  -ийн тархалттай байсан. 2010 онд хийгдсэн судалгаагаар Улаанбаатар хотын насанд хүрэгсдийн дунд одоогийн астмын тархалт 15.6% байсан ба оношлогдсон астмын тархалт 4,7%-тай байгаа. ДЭМБ-ын тооцоолсноор жил бүр 250000 хүн астмын улмаас нас барж байгаа, нийт хүн амын 3% нь буюу 300 сая хүн астмаар өвчилсөн, 2030 он гэхэд астмын тохиолдол 400 сая болж өсөх хандлагатай байна гэж тооцоолсон байна.

Энэ өвчний үед хориглох хоол хүнс бий юу?

-Даршилсан, нөөшилсөн хоол хүнс хадгалах бодис нь астма өвчнийг сэдрээж  болдог. Харшил төрүүлэгч  хамгийн түгээмэл хоол хүнснээс аль болох татгалзах хэрэгтэй. Үүнд:Өндөг, үнээний сүү, газрын самар, шар буурцаг, улаан буудайн гурилан бүтээгдэхүүн, загас, сам хорхой болон бусад хясаа, модны самар гэх мэт зүйлс багтана. Эдгээрийг байнга хэрэглээд байвал астма сэдэрнэ.

-Сүүлийн үед цацлага их хэрэглэдэг болсон энэ нь хэр үр дүнтэй байдаг вэ?

-Астматай өвчтөнд  хоёр төрлийн эм хэрэглэх шаардлагатай болдог. Нэгдүгээрт багтрааг хөдөлсөн үед тавиулах зорилгоор хэрэглэх богино үйлчилгээтэй  цацлага байдаг. Хоёрдугаарт, багтрал сэдрэхээс сэргийлэх хяналтын эмчилгээнд өдөр бүр хэрэглэгддэг цацлагыг эмчийн зааврын дагуу өдөрт тогтмол цагт зохих тунгаар нь хэрэглэвэл багтрал тавигдаж таны бие сайжирч болно.

-Ямар шинж илэрвэл яаралтай тусламж авах хэрэгтэй вэ?

-Хэрэв танд астмын үед илэрдэг  дараах аюултай шинжүүдээс илэрвэл эмнэлэгт хандах хэрэгтэй. Тухайлбал,

1.Гуурсан хоолой өргөсгөх эм хэрэглэж байхад үр дүн удаан  үргэлжлэхгүй эсвэл огт үр дүнгүй байх

2. Ярихад бэрхшээлтэй байх

3. Уруул гарын хумс саарал эсвэл хөх өнгөтэй болох

4. Амьсгалахад хамар сарталзах

5. Амьсгалахад хэцүү байх, хавирга орчмын арьс дотогш татагдах

6. Зүрх дэлсэх эсвэл судасны  лугшилт олшрох

7. Явахад хэцүү болох  зэрэг шинжүүдээс аль нэг нь илэрвэл яаралтай тусламж авах хэрэгтэйг зөвлөе.

-Астмаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Доорх хүчин зүйлийг мөрдөж чадвал урьдчилан сэргийлэх боломжтой.

·         Амьтны үс нь харшил үүсгэдэг тул амьтныг гэртээ байлгахгүй байх

·         Машины утаа болон үйлдвэрийн утаанаас хол байх

·         Гэртээ аль болох тамхи татахгүй байх

·         Хурц үнэр, арц хүж, үнэртэй угаалгын нунтаг, үнэртэй саван хэрэглэхгүй байх

·         Дулаан газраас гарч хүйтэн агаар гэнэт амьсгалахаас болгоомжлох

·         Гүйх, спортоор хичээллэх, хэт ачаалалтай ажиллахгүй байх

·         Хуурсан хайрсан халуун ногоо, амтлагч, газтай ундаа, чихэр, самар зэргээс татгалзах

·         Ханиад томуунаас хүрэхээс сэргийлэх

·         ХӨСҮТ-д томуугийн эсрэг вакцинд хамрагдах

Г.Жаргал

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд