No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЧ.Гэрэлтуяа: Зүрхний шигдээс ихэвчлэн цээжний өвдөлтөөр илэрдэг

Ч.Гэрэлтуяа: Зүрхний шигдээс ихэвчлэн цээжний өвдөлтөөр илэрдэг

-

“Эмч зөвлөж байна” булангийн энэ удаагийн дугаарт “Зүрхний шигдээс” өвчний талаар Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний шигдээсийн тасгийн эрхлэгч Ч.Гэрэлтуяатай ярилцлаа.

-Зүрх судасны өвчин сүүлийн жилүүдэд нэмэгдэж, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгааг анхааруулж байна. Үүний шалтгаан нь юутай холбоотой вэ?

-Зүрх судасны өвчний хянах боломжгүй эрсдэлүүд гэж байдаг.  Үүнд  нас, хүйс, удамшил зэрэг орно. Харин хянах боломжтой эрсдэлийг эрт таньж сэргийлснээр зүрх судасны өвчнөөс шалтгаалах нас баралтыг бууруулах боломжтой. Гэтэл хүмүүс хянаж болох эрсдэлүүдээ тоодоггүй. Зүрх судасны эрсдэл, түүнээс шалтгаалсан өвчлөлүүд, зүрхний шигдээсийн тохиолдлууд жилээс жилд нэмэгдсээр байна. Үүний голлох шалтгаанд цусны даралт ихсэх, чихрийн шижин, тамхидалт, таргалалт, хөдөлгөөний хомсдол, агаарын бохирдол, амьдарч байгаа орчны нөлөө зэрэг багтдаг. Эдгээр хянаж болох эрсдэлүүдээ мэддэггүй, мэддэг ч яаж хянахаа мэдэхгүй, эсвэл хянаагүйгээс болоод зүрх судасны өвчлөл нэмэгдсээр байна. Эрэгтэйчүүдэд 45-аас, эмэгтэйчүүдэд  55-аас доош насанд буюу харьцангуй залуу, эрт үед зүрхний шигдээс үүсэх нь сүүлийн жилүүдэд цөөнгүй тохиолдох болсон. Үүнд мөн жингийн илүүдэл, даралт ихсэлт, тамхи голлох шалтгаан болж байна. Тэгэхээр хүн бүр зүрх судасны эрсдэлийн талаар, өөрийн эрсдэлийг үнэлж, ямар нэг эрсдэл байгаа бол яаж хянахаа мэддэг байх нь чухал.

Зүрхний шигдээс жилээс жилд нэмэгдсээр байгааг хэллээ. Зүрхний өвчний гэнэтийн хүндрэл юунаас үүдэж байна вэ?

– Зүрхний шигдээсийн голлох шалтгаан нь судасны хананд аажимдаа хуримтлагдсан өөхөн товруу задарч, шалбаран бүлэнгээр бөглөрч цусны урсгал саатсанаас үүсдэг. Энэ байдлаар хүндрэх эрсдэлийг өмнө нь дурдсан эрсдэлүүд нэмэгдүүлж байдаг. Манай зүрхний шигдээсийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 70 орчим хувь нь даралт ихсэлттэй ирдэг. Харамсалтай нь даралт, цусан дахь сахар, өөх тосны түвшингээ тэр бүр сайн хянаж чаддаггүй нь зүрхний шигдээсээр хүндрэх эрсдэлийн нэмэгдүүлж байна. Ялангуяа залуу хүмүүс эрсдэлүүдээ мэдэхгүй, хянахгүй явснаас болоод хүндрэх тохиолдлууд гардаг.

-Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ямар арга байдаг вэ?

– Зүрхний өвчин, зүрхний шигдээсээс сэргийлэх хэдхэн энгийн зарчмыг баримтлан амьдралын хэв маягтаа хэвшүүлэхэд  болно. Нэгдүгээрт өөрийн эрсдэлийг мэддэг байх, цусны даралт, сахар, өөх тосны түвшингээ шинжлүүлж хэвийн хэмжээндээ байгаа эсэхийг шалгаж байх шаардлагатай. Хэрэв эдгээр үзүүлэлтүүд өөрчлөлттэй бол эмчийн зөвлөгөө авч хянуулах хэрэгтэй. Хоёрдугаарт эрүүл жингээ барьж, идэвхтэй хөдөлгөөн тогтмол хийх, согтууруулах ундааг хязгаарлан, тамхинаас татгалзах нь зүрх судасны эрсдэлийг бууруулж өвчлөл, хүндрэлээс сэргийлдэг.  

-Зүрхний шигдээс болох эсэхээ тухайн хүн мэдэх боломжтой юу. Хэрэв зүрхний шигдээс боллоо гэж үзвэл  хамгийн түрүүнд юу хийх хэрэгтэй вэ?

– Зүрхний шигдээс ихэвчлэн цээжний өвдөлтөөр илэрдэг. Өвдөлт анх удаа илэрч болно. Ихэнх тохиолдолд өмнө нь ачаалалтай холбоотой илэрдэг байсан өвдөлт, зовуурын, эрч, хугацаа нэмэгдэх байдлаар илэрдэг. Зүрхний шигдээсийн үед өвдөлтийн онцлог нь 20-оос дээш минут үргэлжилсэн, өвчүүний араар дарж, багласан, эсвэл тэлээд байгаа мэт мэдрэмж төрдөг. Хүйтэн хөлс гарах, бие сульдах, амьсгаадах шинжүүд хавсран илэрч болдог. Эдгээр зовиур шинж тэмдэг илэрвэл даруй түргэн тусламж дуудах хэрэгтэй. Түргэн дуудсанаар өөрөө машинаар эмнэлэгт очсоноос богино хугацаанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч чадна. Түргэн тусламжийн машинаар эмнэлэгт ирсэн цээжний өвдөлттэй өвчтөнүүд  эмнэлгийн тусламж үйлчилгээг хурдан авч чаддаг. Мөн янз бүрийн эрсдэлт байдал үүсэхээс өмнө та өөрийн амьдардаг байршилд ойрхон эмнэлэг болон 24 цагийн турш зүрх судасны эмчилгээ үйлчилгээ явуулдаг төвийг мэдэж байх нь тустай.

Зүрхний шигдээс нь ямар хүндрэл үүсгэдэг вэ?

 Зүрхний шигдээсийн хүндрэл нь ихэвчлэн шигдээсийн үед үүссэн зүрхний булчингийн гэмтэлтэй холбоотой илэрдэг. Тухайлбал, зүрхний хэмнэл алдагдах (аритми), зүрхний дутагдал буюу зүрхний гэмтсэн эд их байх тусам зүрхний цусаа шахах үйл ажиллагаа хангалтгүй болдог. Мөн зүрхний шигдээсийн улмаас суларсан зүрхний булчин урагдаж болно. Энэ нь ихэвчлэн амь насанд аюултай байдаг. Түүнчлэн зүрхний хавхлаг гэмтэж амь насанд халтай дутуу хаагдал үүсгэх боломжтой. 

-Үзүүлж оношлуулж байгаа хүмүүсийг анзаарахад ямар дадалтай хүмүүс голдуу ирдэг вэ?

– Ямар ч насны хүн зүрхний шигдээс болж хүндрэх эрсдэлтэй. Зүрхний шигдээсээр өвдөж байгаа хүмүүсийн дийлэнх нь эрэгтэйчүүд байдаг. Энэ нь эрэгтэйчүүдийн амьдралын хэв маяг, буруу дадал зуршилтай холбоотой. Гэхдээ зүрхний өвчинд зөвхөн өндөр настай, эрэгтэй хүмүүс өртдөг гэдэг нь буруу ойлголт юм. Хүүхэд, залуус, эмэгтэйчүүд гээд бүх насныхан өртөх боломжтой. Мөн хүнд хавсарсан эмгэгүүд чихрийн шижин, бөөрний дутагдал хүнд хэлбэрийн цус багадалтын үед зүрхний шигдээсийн хүндрэл, нас баралт нэмэгддэг.

-Удамшдаг уу?

-Өөх тосны солилцооны алдагдал, судасны ханын хатуурал залуу насанд эхлэх, зүрхний шигдээсээр хүндрэхэд удмын хүчин зүйл нөлөөтэйг судалсан олон судалгаанууд хийгдсээр байна.

-Зүрхний цочмог шигдээсийн талаар яриагаа үргэлжлүүлье?

-Зүрхийг тэжээдэг цусны урсгал саатах эсвэл зүрхний булчингийн хэрэгцээ, цусан хангамжийн тэнцвэрт байдал алдагдсанаар зүрх гэмтдэг. Аль ч хэлбэрийн зүрхний шигдээс цээжний өвдөлтөөр голчлон илэрнэ. Зүрхний аль судасны хэсэгт шигдээс үүссэнээс хамаараад шинж тэмдгүүд янз бүрээр илэрч болдог. Жишээлбэл, өвчүүний араар дарах, бачуурах эсвэл базах мэт өвдөлт хэдэн минутын турш илрэх, өвдөлт мөр, гар, нуруу эсвэл шүд эрүү рүү дамжих зэрэг сонгомол шинжээр илэрч болно. Мөн зүрхний доод ханын шигдээсийн үед  хэвлийн дээд хэсгийн өвдөлт, ухаан балартах, дотор муухайрах, бөөлжих (ходоодны хурц үрэвсэлтэй төстэй) зэрэг шинжүүд илрэх боломжтой. Түүнчлэн архаг хууч өвчтэй, өндөр настай, чихрийн шижин өвчтэй хүмүүс ямар ч шинж тэмдэггүйгээр зүрхний шигдээс болчихсон тохиолдлууд гардаг. Дээрх шинж тэмдгүүд илэрсэн үед яаралтай эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. Зүрхний шигдээсээр хүндэрсэн үед эмнэлэг хандсанаар эрт оношлогдон, шигдээстэй холбоотой зүрхний булчингийн гэмтэл архагшиж зүрхний дутагдал, хөдөлмөрийн чадвар алдахаас сэргийлдэг. Харамсалтай нь эмнэлэгт хожуу хандан, нэгэнт зүрхний гэмтэл эргэшгүй өөрчлөлтөөр хүндэрсэн хойно ирж байгаа нь  зүрхний шигдээстэй өвчтөнүүдийн амьдралын чанарыг илт бууруулдаг.

– Зүрх судасны өвчтэй хүмүүс ямар хоол хүнс хэрэглэх нь зохимжтой байдаг вэ?

– Хоол, дасгал хөдөлгөөн нь эмчилгээний салшгүй нэг хэсэг байдаг. Хоолны хувьд бид амархан шингэдэг хоол хүнсийг бага багаар идэх  хэрэгтэй гэж зөвлөдөг. Ханасан өөх тос, давсалсан хоол хүнс,  гурил, будаа зэрэг нүүрс ус ихээр агуулсан хүнсийг аль болох бага хэрэглэх шаардлагатай. Харин үүний оронд эслэг ихтэй жимс ногоо, өөх багатай мах, загас зэргийг хоолондоо түлхүү хэрэглэх нь зүйтэй. Дасгал хөдөлгөөнийг,  зүрхний шигдээсийн дараа эмнэлэгт байх үеэс эхлэн  эсвэл 14 хоногийн дараагаас тусгайлан боловсруулсан хөтөлбөрийн дагуу 10-15 минутаар богино хугацаанд хийх хэрэгтэй. Тухайн хүний эрүүл мэндийн байдал,  ачаалал даах чадвараас хамаарч дасгал хөдөлгөөний хугацаа авах эрчмийг тодорхойлж, сэргээн засах эмчийн хяналтад дасгалаа эхэлдэг.

Г.Жаргал

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд