No menu items!
HomeЭмч зөвлөж байнаМ.Мөнххишиг: Жилд дунджаар 3600-4400 орчим өсвөр насны охид төрдөг

М.Мөнххишиг: Жилд дунджаар 3600-4400 орчим өсвөр насны охид төрдөг

-

Өсвөр насанд бие махбод, сэтгэл санаа, нийгмийн олон өөрчлөлт хөгжил явагдаж байдаг. Эдгээр өөрчлөлт, хөгжилтэй холбоотойгоор тэдэнд эрүүл мэндийн олон асуудлууд тулгардаг.  Бид “Эмч зөвлөж байна” булангийн энэ удаагийн дугаарт “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн “Өсвөр үеийн клиник”-ийн эрхлэгч, эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэрэгтэй эмч М.Мөнххишигтэй ярилцлаа.

-Өсвөр үеийн клиник, кабинетад өсвөр насны хүүхдүүд голчлон ямар асуудлаар ханддаг вэ?

– 2001 оноос эхлээд манай улсад өсвөр үеийн кабинет, клиникүүд байгуулагдаж эхэлсэн. Мөн бүх бүх аймгийн Нэгдсэн эмнэлэг, дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн дэргэд өсвөр үеийн кабинетууд ажиллаж байгаа. Мөн БЗД-ийн оюутны хотхонд “Өсвөр үе, залууст ээлтэй клиник” нэртэйгээр  ажилладаг. Манай Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Өсвөр үе клиник” нь өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ аймаг, дүүргийн Өсвөр үеийн кабинетуудын эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах, мэргэжил арга зүйгээр хангах лавлагаа төвийн үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.

-Эдгээр Өсвөр үеийн клиник, кабинетууд нь өсвөр насныханд зориулсан эрүүл мэндийн өвөрмөц тусламж үйлчилгээ буюу тэдэн тулгамдаж буй бие махбод, сэтгэлзүй, нийгмийн асуудлуудад чиглэсэн үйлчилгээ үзүүлэх зорилготой ажилладаг. Эмч, сувилагч-зөвлөгч, эрүүл мэндийн нийгмийн ажилтан, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, сэтгэл зүйч нар хамтран ажиллаж, өсвөр насынхандаа тусламж үзүүлж байна. Манай клиникт жилд дунджаар 3000 орчим хүүхэд, өсвөр насныхан тусламж үйлчилгээ авдаг. Үүний дийлэнх нь охид байдаг. Охид ихэвчлэн бэлгийн бойжилт, сарын тэмдэгтэй холбоотой зовуурь, өөрчлөлтүүд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлууд, батгашил гэх мэт асуудлаар ханддаг. Харин сэтгэл зүйчид гэр бүлийн хүрээнд үүссэн сэтгэл зүйн тулгамдсан асуудлуудаар ихэвчлэн ханддаг.  Эрүүл мэндийн нийгмийн ажилтан нь гэр бүл болон нийгмийн орчинд эрх нь зөрчигдсөн, аюулгүй байдал алдагдсан, дарамт, хүчирхийллийн асуудлуудаар, өсвөр насныханд тусламж үйлчилгээ үзүүлдэг.

-Танай Өсвөр үеийн клиник, бусад кабинетуудад өсвөр насныхан сайн дураараа очиж, зөвлөгөө авахад ямар нэг бичиг баримт шаардагддаг уу?

-Өсвөр үеийн кабинет, клиникүүдэд хандахад ямар нэгэн бичиг баримт шаарддаггүй. Утсаар цаг аваад тусламж үйлчилгээ авах боломжтой байдаг.

-Жирэмслэлт, төрөлттэй холбоотой сүүлийн үеийн судалгаанаас танилцуулаач. Өсвөр насны охидын төрөлт хэчнээн хувийг нь эзэлж байна вэ?

 Хорь хүртэлх насныхны жирэмслэлт, төрөлтийг охидын жирэмслэлт, төрөлт гэж авч үздэг. Өсвөр насныхны жирэмслэлт, төрөлт нь нь өндөр, дунд, бага орлоготой орнуудад тулгамдаж буй дэлхий нийтийн асуудал юм.  Өсвөр насныхны төрөлт дэлхий дээрх нийт төрөлтийн 11%-ийг эзэлж, үүний 95% нь хөгжиж буй орнуудад тохиолдож байна. ДЭМБ-ын 2018 оны статистикаар 15-19 насныхны төрөлт (тухайн насны 1000 эмэгтэйд) дэлхийн дундаж 43.9, бүс нутгаар авч үзвэл Африк тивд хамгийн өндөр 99.1, Зүүн өмнөд Азид 33, Америк тивд 48.6, Европт 16.6 гэх мэт байна. Гэхдээ тухайн бүс нутагт багтах орнуудын хувьд авч үзвэл янз бүр байдаг.

– Манай “Эрүүл мэндийн хөгжлийн төв”-өөс жил бүр эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг нэгтгэн гаргадаг. Жилд дунджаар 3600-4400 орчим өсвөр насны охид төрдөг. Өсвөр насны охидын төрөлтийн түвшин (тухайн насны 1000 эмэгтэйд) 2018 онд 31.9 байсан бол 2019 онд 30.8 болж буурсан. Улсын хэмжээнд 2019 оны байдлаар 77601 эх төрснөөс 20 хүртэлх насны эхчүүд 3456 буюу 4.4 хувь байна(Эрүүл мэндийн үзүүлэлт, 2019).

-Өсвөр насандаа жирэмслэх, төрөх нь эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг вэ?

– Дэлхийн хэмжээнд 15-19 настай охидын нас баралтын гол шалтгаан нь жирэмслэлт ба төрөх үеийн хүндрэлүүд болж байна. Өсвөр насныхан бол хүүхдүүд шүү дээ. Бие махбод, сэтгэл санаа, нийгмийн хувьд  хөгжиж яваа, сурч боловсрох, хөгжих, ирээдүйн амьдралдаа өөрийгөө бэлтгэх нас.

Өсвөр насны охидын жирэмслэлтийн олонх нь хүсээгүй байдаг. Жирэмсний хяналтад оройтож орох нь элбэг. Жирэмсэн үе, төрөх үе, төрсний дараах үеийн хүндрэлүүд, дутуу төрөх, бага жинтэй хүүхэд төрөх, нярай эндэх, нярай өвчлөмтгий байх зэрэг эрсдэлүүд 20 наснаас хойш төрж буй эхчүүдтэй харьцуулахад өндөр байдаг. 

Айдас, буруутай мэдрэмж, ганцаардах, зожигрох, үе тэнгийнхнээсээ ичиж зовох, эцэг эхдээ хэлэхээс айх, нуух, ирээдүйдээ итгэл алдрах зэрэг сэтгэл зүйн асуудлууд, сэтгэл гутрал гэх мэт сэтгэцийн эмгэг  тохиолдох нь бий. Энэ насандаа хүүхэд төрүүлсэн охидын сурч боловсрох болон зорьсон мэргэжлээ эзэмших, ажилтай орлоготой байх боломж багасах, хүүхдээ ганцаараа өсгөх зэрэг нийгмийн асуудлууд тулгардаг.

Ер нь хэдэн насандаа жирэмсэн болж, хүүхэд төрүүлэх нь тохиромжтой вэ?

– ДЭМБ-аас 15-49 насыг нөхөн үржихүйн нас , 10-19 насыг өсвөр нас хэмээн тодорхойлдог. Тэгэхээр 20 нас хүрч байж өсөлт хөгжил гүйцнэ гэсэн үг. Зөвхөн бие махбодын хувьд төдийгүй сэтгэл зүйн хувьд, нийгмийн хувьд хөгжиж гүйцэн, шийдвэр гаргах, эрүүл мэндээ хамгаалах, гэр бүлээ төлөвлөх, хүүхэд өсгөн хүмүүжүүлэхэд өөрийгөө бэлтгэж, эдийн засгийн хувьд боломжтой болсон үедээ хүүхдээ төлөвлөн төрүүлэх нь зохимжтой.

– Танайд хандаж байгаа хүүхдүүд бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг хэр байдаг вэ?

– Янз бүр байдаг. Хүүхдүүд олон янзын эх сурвалжаас мэдээлэл олж авдаг. Судалгаанаас харахад хамгийн их мэдээлэл авдаг эх сурвалж нь үе тэнгийнхэн, интернет орчин байдаг.

Ер нь бол эрүүл мэндийг хамгаалах зан үйл эхээс төрсөн цагаас эцэг эх, асран хамгаалагчийн хийж, зааж, хэвшүүлж буйгаас эхэлнэ. Эцэг эх, асран хамгаалагч болон сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн оролцоо чухал. Боловсрол эзэмших үйл явцад нь тодорхой хөтөлбөр бүхий, өөрөөр хэлбэл нас, хөгжлийн онцлогт нь тохирсон, урьд өгсөн мэдээлэл дээр тулгуурлаж нарийсгасан эрүүл мэндийн хичээлийг тасралтгүй, чанартай явуулснаар хүүхэд насандаа төдийгүй, насанд хүрсэн хойноо эрүүл мэндээ хамгаалах олон мэдлэг, чадвар, хандлагыг олж авахад тусална. Эрүүл мэндийн хичээл тодорхой хугацаанд завсарлаад эргээд орох болсон. Энэ нь хүүхдүүдийн эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, хандлага, дадал сайжрах, ирээдүйд эрүүл насанд хүрэгч байхад сайнаар нөлөөлнө гэж бодож байна.

-Жирэмслэхээс хамгаалах аргуудын талаар хэлж өгнө үү. Өсвөр насны охидод ямар арга хэрэгсэл нь тохиромжтой байдаг вэ?

– Жирэмслэлтээс хамгаалах олон аргууд бий. Тухайлбал,  хаалтын аргууд, дааврын аргууд, ерөндөг, мэс заслын гэх мэт. Ер нь жирэмслэхээс сэргийлэх аргыг сонгохдоо энэ бүх аргын талаар сайтар мэдээлэл зөвлөгөө аваад, тухайн хүний онцлог, эрүүл мэндийн байдалд тохирсон аргыг эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. Өсвөр насныханд илүү тохиромжтой арга нь бэлгэвч, ерөндөг, дааврын уух эм байдаг.

Ярилцсанд баярлалаа.

Г.Жаргал

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг мэдүүлгийг нээлттэй байршуулна

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг мэдүүлгийг нээлттэй байршуулахаар болжээ. Авлигын эсрэг хууль болон Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит...

Пакистан улсын Карачи хотод Монгол Улсын консулын газар нээгджээ

Пакистан улсын Карачи хотноо Монгол Улсын Өргөмжит консулын газрыг энэ сард албан ёсоор нээжээ. Монгол Улсын Өргөмжит консулаар Пакистан улсын иргэн Надеем Халид томилогдсон байна. Тэрбээр тус улсын...

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

трэнд