No menu items!
HomeЯрилцлагаЦ.Няндаг: Эх хэлээ сайн эзэмшсэн хүүхдэд математик, гадаад хэлний сургалт амархан, хөнгөн...

Ц.Няндаг: Эх хэлээ сайн эзэмшсэн хүүхдэд математик, гадаад хэлний сургалт амархан, хөнгөн байдаг

-

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, сурган хүмүүжүүлэх ухааны доктор, профессор Ц. Няндагийн “Хүн байхын учир” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Та физикийн багш хүн. Сурагчдын ёс суртахуун, хүмүүжлийн талаар нэлээдгүй олон бүтээл туурвисан. Физикийн шинжлэх ухаанаас энэ чиглэл руу орох болсон шалтгаан юу вэ?

-1960, 1970-аад оны үед арван жилийн сургуулийн ахлах ангийн хүүхдүүд аймгуудад олширч, хөдөлмөр эрхэлдэггүй, нам дагнасан хүүхдүүдийн дотор ёс суртахууны асуудал анхаарал татах болсон.

МАН, засгийн газраас ёс суртахуун, хүмүүжлийг судалдаг эрдэм шинжилгээний байгууллагыг Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнд байгуулах болсон. 1976 онд хоёр хүний бүрэлдэхүүнтэйгээр ёс суртахууны лабораторийг Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнд Ардын боловсролын яамны сайдын тушаалаар байгуулсан.

Түүний эрхлэгчээр нь би, эрдэм шинжилгээний ажилтнаар хүүхдийн зохиолч Л. Лувсандэндэв ажилласан. Тоо физикийн ажил эрхэлдэг надад энэ ажил дээр очиход хүнд байсан. Тэр үед Сурган хүмүүжүүлэх ухааны эрдмийн цол зэрэг аваад удаагүй, эрдэмтэд маань цөөхөн байсан учир нам засгаас аргагүй үүрэг болгосон.

Энэ даалгаврыг биелүүлэхийн тулд хичээлээс гадуурх бүх ажлыг ёс суртахуун, хүмүүжил олгоход чиглүүлэх, хөдөлмөрөөр хүмүүжих ажлыг шинээр бий болгох, хөдөлмөр, сургалт хоёрыг хослуулан ёс суртахууны хүмүүжил олгох төлөвлөгөөт ажлыг боловсруулсан.

-Таны 1976 онд бичсэн “Сурагчдын ёс хүмүүжлийн тухай” гэж ном байдаг. Түүнээс хойш “ЕБС-ын сурагчдыг хүмүүжүүлэх ажлын үлгэрчилсэн агуулга” зэрэг олон сайхан бүтээл гаргасан. Тухайн үеийн сурагчдын ёс хүмүүжлийн асуудал одоо үеийнхтэй харьцуулахад ямар байна вэ?

-Ёс суртахууны лаборатори маань 3 жилийн ажлаа Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн, Боловсролын яаманд тайлагнаж, үр дүнтэй байна хэмээн үнэлснээр лабораторийг өргөтгөн Хүмүүжлийн лаборатори, сектор гэж байгуулсан.

Тухайн үед хүмүүжлийн асуудлыг оюун ухааны, ёс суртахууны, бие бялдрын, хөдөлмөрийн, гоо сайханы хүмүүжил гэсэн 5 бүлэгт хувааж байлаа. Өв тэгш хүмүүжил олгоно гээд таван бүлэг дэх хүмүүжлийн ажлуудыг зохион байгуулж эхэлсэн.

Юуны өмнө хичээлээс гадуурх үйл ажиллагааг системтэй, тогтмол, хүмүүжилд үр нөлөөтэй болгох бүхэл бүтэн тогтолцоог бий болгон Боловсролын яамаар батлуулж, нийт сургуулиудад хэрэгжүүлж эхэлсэн.

Танхимын сургалтаар ёс суртахууны хүмүүжил, хүүхдийн хүмүүжлийг сайн төлөвшүүлч чадахгүй, доголдол их гарч байсан. ЗХУ-ын нэрт сурган хүмүүжүүлэгчийн туршлагаас судлах ажил гарцаагүй тулгарсан. Тэр үед өнчин, хараа хяналтгүй хүүхдүүдийг чуглуулан “Хөдөлмөрийн сургууль” байгуулж их сайхан хүмүүжилтэй, эх оронч, эрдэмтэн мэрэдийг төрүүлсэн сурган хүмүүжүүлэгчийн туршлагыг нарийвчлан судалсан.

Хөдөлмөрөөр хүмүүжлийг олгосон алдартай туршлагыг дэлхийд бий болгосон туршлага. Үүнийг судалсны үндсэн дээр монголын өвөрмөц нөхцөлд, монголын хүүхдүүдийг хөдөлмөрт сургаж, сургалттай нь хослуулан ёс суртахууны хүмүүжил олгох далайцтай ажлыг эхлүүлсэн.

  Хүүхдийг өөрийнх нь байгуллагаар дамжуулж хөгжүүлэх асуудалд их анхаарсан. Хүүхдийг өөрийнх нь байгууллагаар дамжуулж хөгжүүлэх нь багшийн ажлыг их хөнгөвчилдөг, хүүхдүүд өөрсдөө их итгэл найдвар, идэвхи санаачлагатай болдог. Бидний үед ахлах ангид залуучуудын эвлэлийн үүрүүдтэй, дунд ангид пионерийн байгууллагын бүлэг салаатай, бага ангидаа баатарчуудын багтай байсан.

Үүнээс үзэхэд би ерөөсөө физикийн л багш байсан юм байна. Сурагч хүний багш болоогүй байсан байна гэдгийгээ ойлгосон. Хүүхдийн багш гэдэг чинь зөвхөн нэг хичээлийн багшийг хэлдэггүй юм байна. Хүүхэд гэдэг чинь маш олон цогц зүйлийг иж бүрэн авч явж байж хүн болдог нарийн юм.

– Хүүхдүүд пионерийн байгууллагад элсэнэ гэхээр нэлээн хөдөлмөрлөдөг, “баатарчууд” болоод дараа нь пионерийн байгууллагад элсэхээрээ зөндөө сайхан ажил хөдөлмөр эрхэлдэг байсан гэж сонссон.

– 1953 онд хөдөлмөрийг сургалттай хослуулах зарлиг гарч, түүнийг хэрэгжүүлэх үүргийг Боловсролын яам, хүрээлэнгээс бидэнд өгсөн. Бид түүнийг нь хэрэгжүүлсэн.

Энэ бол цоо шинэ ажил байсан. Нийгэмд хүүхдүүдэд мөнгө ойртуулж болохгүй, шуналтай болно гэх ойлголттой нөхцөлд бид хүүхдээр хөдөлмөр эрхлүүлж, мөнгө өгөх, өөрөө захиран зарцуулах эрхийг нь өгсөн.

Сургууль нь аж ахуйтай, тусгай ангийн данстай болж, өсвөр үеийнхнийг аав, ээж ахмад үеийнхнийхээ хөдөлмөрийн залуу халааг дангаараа, хэсгээрээ, ангиараа уламжлах хөдөлгөөнийг өрнүүлсэн юм.

Өөрчлөн байгуулалтын үр дүнд ажлын зургаан өдөртэй байсан бол ажлын таван өдөртэй болгож, нэг өдөр нь хөдөлмөр хийх эрхгүй, тусгай хөрөнгийн даснтай байсныг данс нээх эрхийг нь хааж, хөдөлмөрийн сургууль бий болгосон маань хөдөлмөргүй сургууль болоод 20 жил боллоо. Үүний үр дүнд энэ олон залуучууд ажил хийх сонирхолгүй юм уу, чадваргүй юм уу ажилгүйчүүдийн эгнээ өргөн болсон байна.

– Сүүлийн үеийн залуучууд бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон. Гараараа юм бүтээхээсээ илүү мөнгө л байвал худалдаад авчихна  гэдэг сэтгэлээтэй болсон шүү дээ.  

-Би 1989 онд хүүхдийн хөдөлмөр сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Багшийн V их хурал дээр хөдөлмөртэй өвөрмөц сургууль байгуулах санаачлага гаргаж, санал нийлсэн сурган хүмүүжүүлэх ухааны доктор Нэргүй, Банди, Төмөрбаатар зэрэг хэсэг хүмүүсийн хамт тусгай сургууль байгуулсан.

Монголын анхны морин хуур урлаач Жүгдэр гэх эрхмийг урьж, морин хуур урлахыг хүүхдүүдэд заалгасан. Үйлдвэржсэн морин хууран дээр хүүхдийг сургах, морин хуур үйлдвэрлэх, түүнийгээ зарах, хөдөлмөрийн үйл ажиллагаа явуулж байлаа.

Нэг, хоёр жилийн дараа орлогоороо зарлагаа нөхөх, үйлдвэрлэл эрхлэх данс хаагдсан. Арга буюу хөдөлмөргүй сургууль болсон. Энэ ажил маань хэзээ нэгэн цагт сэргэх байх гэж бодоод “Сурган хүмүүжлүүлэх ухааны судалгаа, туршилт, үр дүн” хэмээх бүтээлээ хэвлүүлсэн.

– Та одоо БСШУСЯ-аас хэрэгжүүлж буй “зөв монгол хүүхэд” хөтөлбөр дээр зөвлөхөөр ажиллаж байгаа.

– Эвсэг, тусархаг, ажилсаг хамт олон дунд багш, хүүхэд нэг бүрийн авьяас чадвар хамтач чанар сайн төлөвшдөг. Эвсэг, тусархаг байна гэдэг нь сайхан сэтгэлгүйгээр бүтдэггүй юм байна.

Эрүүл бие, саруул ухаан, сайхан сэтгэл гурав хоорондоо нарийн шүтэлцээтэй. Тиймээс 93-р сургууль дээр эвсэг, тусархаг, ажилсаг хамт олныг төлөвшүүлэх туршилт ажлыг эхлүүлсэн. Томчууд бид хүүхдийг ухаанаар нь удирдах гээд байдаг. Гэтэл бага, дунд насны хүүхдүүд сэтгэлээрээ амьдралаа жолооддог. Сэтгэлтэй нь холбоотой зүйл, яруу найраг, уранзохиол, ААЗ, монгол хэлнийхээ тэр сайхан баялагийг ашиглан хичээл заахад хүүхэд бол бурхан гэдгийг мэдрэхээр байсан.

– Хүний амьдралын хоёр чухал зүйл нь хөдөлмөр, эв нэгдэл эсэн шүү дээ.

– Амьдралд тухайн мөчид чухал гэж бодогдохоор зүйл олон байдаг юм байна. Амьдралын явцад тунгаагаад үзэхэд сайхан амьдрахад хэдхэн зүйл чухал байдаг гэдгийг ухаарсан. Эвсэг, тусархаг, ажилсаг, эрүүл саруул гэсэн хэдхэн зүйл байдаг юм байна.

Хүний амьдралын эрхэм чанар болсон энэ хэдхэн зүйлийг олгоход л манай сургуулиудын үйл ажиллагаа чиглэх ёстой. Чадваржих, гэгээрэх, эрүүл байхыг эрхэмлэсэн сургууль, ахуй төрийг бий болгоход оюуны хувь нэмрээ оруулахыг зорьж явна. Монгол хүүхдийн эрүүл мэнд, тэсвэр хатуужил, монгол хэл, сэтгэлгээ, монгол малчдын амьдрах ухаан зэрэг чухал. Амьдралаас хөндийрсөн, хөдөлмөргүй сургалт, өрсөлдөөнт боловсролын тогтолцооноос зоригтой татгалзах ёстой.

-“Зөв монгол хүүхэд” хөтөлбөрт хүүхдийг эх хэлээр нь, хөдөлмөрөөр дамжуулж сургах хөтөлбөр тусгагдсан байсан.  

-Би тоо, физикийн ухааны хүн хэрнээ 93-р сургуулийн монгол хэл, уран зохиолын сурах бичгийг зохисон шүү дээ. Хүүхдийг монгол сэтгэлгээгээр бичигдсэн, монгол бичгийн суут мэргэдийн зохиол бүтээлээр дамжуулж эх хэлийг нь сургах нь чухал.

Туршилт явуулахаас өмнө 93-р сургуулийн монгол хэлний хичээлийн хөтөлбөр нь дүрэмжсэн, алдаагүй бичихэд чиглэгдэж байсан бол монгол хэлээр аялгуу сайхан хэлэх, ярих, бичих, унших чадварын сургалт болсон.

-Таны олон жилийн хөдөлмөрийн үр шим, судалгаа шинжилгээг засаг төр ойлгоод “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрөө баловсрууллаа шүү дээ.

Бага ангид байхад багш эцэг эхийн сургааль их үнэтэй. Бага ангийн хүүхэд их бурханлаг, ариухан сэтгэлтэй, ой тогтоолт сайтай өвөрмөц сургалт явуулах нь чухал. Одооны сургалт том хүн шиг шинжлэх ухааны мэдлэг их чихсэн, хүүхдийн сэтгэлийн сайханыг унтраасан, хүүхэд насных нь амьдралыг багасгасан, хэт их даалгавар, ачаалалтай байна.

Бага ангид хамгийн чухал нь монгол хэлээрээ яруу сайхан ярьдаг, алдаагүй зөв бичдэг, уншдаг, монгол сэтгэлгээтэй хүнийг бий болгох нь чухал. Эх хэлээ сайн эзэмшсэн хүүхдэд математик, гадаад хэлний сургалт амархан, хөнгөн болдог.

Ярианы хэлний төдий мэдлэгтэй байгаа бага ангийн хүүхдийг эх хэлээ эзмшмсэн гэж андуураад харь хэлийг эрт зааж, монгол хэл, сэтгэлгээ, монгол хэл ном зохиол унших дурыг нь унтраадаг.  Манай мэргэдийн бичсэн ном зохиол, ерөөл магтаал, үг хэллэг дотор зөвхөн ухаан шингээд зогоогүй, Монгол сэтгэлгээ, сэтгэл гүн шингэсэн байдаг. Эх хэл бол зөвхөн харилцааны хэрэглүүр биш монгол хүнийг төлөвшүүлэг гол зүйл.

Монгол сэтгэлгээ харь сэтгэлээнээс өөр гэдгийг би ухаарсан. Монгол сэтгэлгээ бол бүхэллэг, аливаа зүйлсийг цогцоор нь авч үздэг сэтгэлгээ. Ертөнцийг, амьдралыг шүтэн барилдлагаар нь авч үздэг. Монгол хэл үүнийг гүнзгий тусгасан байдаг.

Хэл, сэтгэлгээгээ гээх л юм бол бид чинь өвөг дээдсийнхээ үнэт өвөөс өвлөх, суралцах боломжоо алдах гээд байна шүү дээ. Харийн соёл, харь хэл бичгийг хэтэрхий их шүтэж байгаа явдалд сэтгэл эмзэглэдэг юм. Хэл сурах нь чухал ч хавтгайруулан, бүх монголчууд англи хэлийг сурах ёстой юу гэж боддог юм.

– Монгол хүний хүмүүжил доголдоод байна гэж ярьсан. Үүнийг хэрхэн засах вэ?

-Хүний хүжүүжлийн доголдол олон шалтгааны улмаас үүсдэг. Монголын бүх хүүхдүүдийг толгой дараалан хүмүүжүүлдэг ЕБС гэж байна. Энэ сургуулийн төлөвлөгөө, хөтөлбөр, бодлогод л гол доголдол байна.

Эрүүл бие, саруул ухаан, сайхан сэтгэлийн шүтэн барилдлага, ил ба далд ертөнцийн шүтэн барилдлага, хүн хүний нийгэм, эцэг тэнгэр, эх дэлхийн шүтэн барилдлагын талаар хүн бүрийн мэдвэл зохих монгол суу ухаан өнөөгийн манай боловсролын тогтолцооны төлөвлөгөө, агуулгад байхгүй. Энэ бүхэн л агаар мандал, байгаль орчны бохирдол, ажилгүйдэл, архидалт зэргийн суурь шалтгаан.

Энэ зөрчил доголдлуудыг тус тусад нь яриад л хууль, дүрэм зохиогоод байна. Хамгийн гол, бүгдийг нь засах эх булаг нь суурь боловсролын суругуулийн сургалтын төлөвлөгөө. Үүний үр дүнг тухайн сургуулийн сурагчдын эвсэг, тусархаг, ажилсаг чанарын ахиц, амьдралаас, байгалаас, номноос, интернетээс мэдээллийг эрж хайж олох, олсноо эзэмших, эзэмшсэнээ хэрэглэх чадвар, тухайн сургуулийн хэдэн хүүхэд эрүүл чийрэг, гэмт хэргийн зөрчилгүй, багш хамт олны багаар ажиллах чадвар, шинэ санаачлага зэргээр дүгнэнэ.

Эх сурвалж: MN2 “Хүн байхын учир” нэвтрүүлэг

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд