No menu items!
HomeХүмүүсГ.Урнаа: Жагаагийн Урнаа л гэж дуудуулах хамгаас дуртай

Г.Урнаа: Жагаагийн Урнаа л гэж дуудуулах хамгаас дуртай

-

Монгол Улсын гавьяат жүжигчин, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Урнааг урлагт хайртай ард түмэн болон урлагийнхан «жижиг Урнаа» хэмээн өхөөрддөг. Олон жилийн турш урлагт үнэнчээр зүтгэж, эцэг, эхээс заяасан нэрнийхээ өмнө жүжигчин, гавьяат, театрын гэх мэтчилэн олон чимэг зүүх болсон тэрбээр «Жагаагийн Урнаа л гэж дуудуулах хамгаас дуртай» гэсэн.

-Таны амьдрал ямар үйл явдлаар дүүрэн байна вэ. Нууц биш бол хуваалцаач?

-Юуны өмнө танай сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Улсын драмын эрдмийн театр маань 80 жилийнхээ түүхэнд анх удаа Японы алдартай    туульсаас сэдэвлэсэн «Эсрэг дурлал» жүжгийг тавьж байна. Энэ бол миний тоглож буй хоёр дахь япон жүжиг. Өмнө нь “Цу эмэгтэй” хэмээх жүжигт жирийн тариачин эмэгтэйн дүрд тоглож байсан бол одоо их хатны дүрийг бүтээж байна. Японы ёс заншил, дэг жаяг, ахуй амьдрал биднийхээс тэс өөр. Түүнчлэн “Гэнжи монагата” зохиол нь Япондоо их алдартай учраас хөнгөхөн хийж яавч болохгүй. Тиймээс бүтэн дөрвөн сарын турш бэлдэж, огт өөр, цоо шинэ ертөнцөд хүрч, тэнд зохидон амьдрах шаардлагатай болсон.

-Япончууд маш нарийн чанд дэг жаягтай хүмүүс. Тэр дундаа язгууртан хатагтай гэдэг тухайн цаг үеийнхээ үлгэр дуурайлал нь байх учиртай. Сурах зүйл их байгаа биз дээ?

-Их хатан гэхээр л бүхнийг захирагч, дэг жаяг, ёс горимыг сахигч, сүр хүчийг үзүүлэгч гэдэг үүднээс нь харуулдаг байлаа шүү дээ. Харин япончуудын хувьд тэс өөр, их дотогшоо хүмүүс байдаг юм байна. Гэвч тэд гадагшлахдаа их зөөлөн. Харахад үйл хөдөлгөөн, байгаа дүр нь ноомой боловч хэлж байгаа үг, гаргаж байгаа санаа нь асар агуу. Бүхнийг сэтгэл дотроо нууж чаддаг, сэтгэлийн их хат, тэвчээр хатуужилтай хүмүүс юм.

Тэднээс сурах зүйл их байна. Нийгмийн хувьсал, өөрчлөлтөө дагаад бидний амьдрал их хурдтай хэмнэлээр өрнөж байна. Үүний улмаас хүмүүс ч их сандчуу болчихож. Гэтэл япончууд ямар хүлээцтэй, бас өрөөл бусдадаа ямар сайхан хүндэтгэлтэй ханддаг юм бэ. Цунами болж байхад хүртэл тэд дэс дарааллаараа дугаарлаад л зогсож байна шүү дээ. Гэтэл манай охин над руу утасдаад «Ээж ээ, энд газар хөдөлж байна. Сандарч, ийш тийшээ хамаагүй гарч, хамаагүй үйлдэл хийж болохгүй гэсэн» гээд л их сандруу ярьж байх юм. Тэгээд сандарч гүйж яваад ширээнд хөлөө цохиод хөх няц болгочихож байх жишээтэй. Ийм сэтгэлгээтэй нийгэмд энэ жүжиг их дагаа олсон зүйл боллоо хэмээн олзуурхаж сууна.

-Бүтээж байгаа дүр чинь тавтай нэлээд төстэй юм шиг санагдлаа?

-Би их гадагшаа хүн шүү дээ. Ажил дээрээ аливаа асуудлын талаар үзэл бодлоо илэн далангүй илэрхийлнэ. Гэр орондоо бол хөгжилтэй, инээд наргиантай байдаг.

-Бүтээсэн дүрүүд болон байгаа байдлыг тань харахад та их даруухан хүн шиг санагддаг?

-Аливаа дүрийг бүтээхдээ би хүний зан араншинг авч тоглоно гэж байхгүй. Өөрт байгаа характер маань энэ дүрд хэрхэн наалдах нь вэ гэдгийг гаргаж л тоглоно шүү дээ. Тэгэхээр бүтээж байгаа дүрүүдээс маань миний жинхэнэ зан чанар цухалзаж л байгаа. Та хүнийг хэдий сайн сонсож байна, та тэр хүнд төдий чинээ танигдана. Хүн таны өмнөөс арсалдахад адилхан арсалдвал та адгийн тэнэг болж хувирна гэдэг. Тэгэхээр хүлээцтэй байх нь алдах зан чанар биш. Хамгийн гол нь өөрийн бодол санаагаа нээлттэй ярьж чаддаг байх учиртай. Би хүмүүсийн яриаг сонсох их дуртай. Мөн дотроо бүхнийг хурааж, дотогшоо бугладаг сэтгэл надад байхгүй. Хүнийг занаж хорсох нь өөрт болон өрөөл бусдад муу энерги өгдөг. Би өөртөө хар энерги агуулахыг хүсдэггүй. Хүлээцтэй байдал маань намайг зөөлөн хүн мэт харагдуулдаг байх л даа.

-Жагаа ах, та хоёр их зөөлөн сэтгэлтэй хүмүүс шиг санагддаг. Гэтэл та өөрийгөө нэлээд хатуу гэх юм?

-Жагаа ярихаараа бас өөрийгөө хатуу гэх байх. Хүмүүс Жагааг нэлээд хатуу хүн гэж боддог юм шиг байна лээ. Гэтэл би хүртэл заримдаа “Эр хүн ийм зөөлөн байдаг юм уу” гэж гайхдаг юм.

-Таны тэвчээр ямар үед алдардаг вэ?

-Бодсоор бодсоор гэнэт тэсрэхийг л тэвчээр алдрах гэдэг шүү дээ. Би бодсоноо шууд ярьдаг, сэтгэл дотроо аливаа гомдлоо тэсрэх хүртлээ хадгалж үзээгүй. Тиймээс тэвчээр алдрах тохиолдол гардаггүй. Биесээ харилцан хүндэтгэж, хүлээн зөвшөөрдөг хүмүүсийн амьдрал бат бөх байдаг. Хоёр өөр характертай хүмүүс л хамгийн сайн зохицдог. Азаар Жагаа бид хоёрын зан чанар гайхалтай зохицдог. Ер нь зан чанар гэдэг зүйл амьдралд голлох үүрэгтэй байдаг гэж би боддог. Хайр чухал боловч зан чанар нь зохиддог хүмүүс л удаан хугацаанд хамтдаа аз жаргалтай амьдардаг шүү дээ. Аливаа зүйлд эмэгтэй хүн эхэлж дуугардаг болохоор тэвчээрээрээ эрчүүдийг гүйцдэггүй юм шиг санагддаг. Би ч адилхан. Харин Жагаа их хүлээцтэй. Жагаадаа уусаад ч тэр үү, би бас нэлээд хүлээцтэй болсон.

-Та хэр уйламтгай вэ?

-Манай удмынхан их уйламтгай. Харин би өөрийгөө их тэвчээртэй гэж боддог. Амьдралд юу тохиолдоно, түүнийг өөрийнхөө сэтгэл хөдлөлөөр хүлээж авдаг. Азаар миний амьдралд уйлах шаардлага бараг гардаггүй. Гэхдээ нас тогтож байгаа болоод ч тэр үү, хааяа зурагт үзээд нулимс дусаах үе байдаг. Зарим хүн намайг их хатуу гэдэг юм. Зарим нь «Урнаа эгч их зөөлөн» гэдэг. Зарим нь бүр «Аливаа юмыг айхтар голыг нь олж хэлдэг» гэнэ. Ингээд бодохоор би хэнд ч таагдашгүй зан чанартай хүн юм шиг байна лээ.

-Оньсого мэт гэдэг шиг үү?

-Тийм. Миний зан чанар оньсого мэт. /инээв.сурв/

-Эрчүүд дэвшиж, харин эмэгтэйчүүд     дэмждэг гэдэгтэй та санал нийлдэг үү?

-Монголчууд эрчүүдээ их дээдлэн хүндэтгэдэг ард түмэн. Гэвч эрчүүдийн идэвх сүүлийн үед нэлээд суларчээ. Би үүнийг эрчүүдийн буруу гэхээсээ илүү эмэгтэйчүүд тэднийг ийм болгоод байна уу гэж эмзэглэдэг. Бүсгүйчүүд машинаа бариад, ажил төрлөө хөөцөлдөөд явж байна. Эрчүүд нь хүүхдээ тэврээд, эсвэл архи уугаад сууж байх жишээтэй. Бүсгүйчүүд их дайчин болж. Энэ ч утгаараа аливаад манлайлах чиг хандлага давамгайлж байна. Гэтэл хэн нэг нь манлайлагч байвал нөгөөх нь арагшаа суудаг амьдралын бичигдээгүй хууль байдаг. Биесээ харилцан хүндэтгэж, ойлголцож амьдрах, эр, эм гэлтгүй эрх тэгш байж л амьдралаа сайн сайхан авч явна.

-Сүүлийн үе жендэрийн асуудлыг олон хүн хөндөх болж. Тэр хэмжээгээр эмэгтэйчүүд эрх мэдэл рүү зүтгэх болжээ?

-Зөвхөн гэр орон төдийгүй улс орноо авч явахад эмэгтэйчүүд чухал үүрэгтэй. Тиймээс эмэгтэй хүн төрд гарвал алдахгүй гэж би боддог. «Эмэгтэй хүн аягаа тойрч боддог» гэдэг дээ. Газар нутгаа харийнханд өгч, харийнхны гарт орох хэмжээний зүйл сэдэхгүй. Эмэгтэйчүүд өөрийгөө гэхээсээ илүү өрх гэрээ гэдэг шүү дээ. Тиймээс ард түмнээ гэх сэтгэл нь төрд их өгөөжтэй байх болов уу.

-Гэтэл хамгийн аюултай санаа эмэгтэй хүнээс л гардаг шүү дээ. Түүх шастир уншиж байхад их, бага хатдын хорон санаа аливаа улс гүрнийг мөхөхөд багагүй үүрэг гүйцэтгэсэн байдаг?

-Хааныг хатан нь удирддаг ч юм уу, тиймэрхүү зүйл байдаг л даа. Гэхдээ хүний амьдрал, зан чанарыг таашгүй. Би маргааш сүрхий баяжих ч юм уу, эсвэл сансарт нисэхээр болбол сэтгэл санаа минь хэрхэн өөрчлөгдөхийг мэдэхгүй. Хамгийн гол нь «Чи над шиг амьдрах ёстой» гэж хүнд тулгаж болдоггүй. Миний мэдрэмж, ухаан санаа яаж шийднэ, түүгээр л болно. Зөвөөр ойлгуулах ухаан байдгаас, амьдралыг бүрэн ухааруулах хичээл гэж үгүй шүү дээ.

-Жүжигчин Урнаа, гэрийн эзэгтэй Урнаа хоёрыг өнгөөр тодорхойлвол хоёр өөр өнгө байх болов уу, эсвэл адилхан өнгө байх уу?

-Жүжигчин гэдэг бол миний мэргэжил. Би мэргэжилдээ үнэнчээр зүтгэж явна. Энэ бол миний амьдралын нэгэн хэсэг. Би жүжигчин хүн болохоор ийм байх ёстой гэсэн зарчим барьж, багтай Урнааг бүтээдэггүй. Гэвч олон түмний нүдний өмнө байнга ил байдаг учраас хүмүүстэй харилцах харилцаа, байгаа байдал маань үлгэр жишээч байх ёстой гэж боддог. Хэлж ярьж байгаа зүйл маань хүнд хүртээмжтэй байх учиртай. Ингэж л Урнаа өөрийнхөө ертөнцийг бий болгоно шүү дээ.

-Хүн амьдралаас өдөр тутам суралцаж байдаг гэдэг дээ. Та амьдралаас ямар Урнааг олж авав?

-Би энэ хорвоод мэндлэхдээ эгэл жирийн нэгэн ээжийн охин байлаа. Сургуульд явж, тэндээс их зүйл сурсан. Москвад дөрвөн жил сурахдаа их баяжаад ирсэн. Ертөнцийг нэг өнгөөр хардаг байсан бол мянган өнцгөөс харж чаддаг болсон. Гурван сайхан хүүхэдтэй боллоо. Энэ мэтээр амьдрал маань баяжаад л байна. Өдөр ирэх тусам л их баян Урнаа болоод байна шүү дээ. Мөн аливаа зүйлийг танин мэдэх тусмаа улам төлөв болж байгаа. “Чи их мэдэх тусмаа даруухан болдог” гэдэг дээ. Тиймээс чадаж байгаа бол бусдадаа урам хайрлаж, өөрт оногдсон ажлаа хариуцлагатай, чадварлаг хийх хэрэгтэй. Юу ч мэдэхгүй, гэнэн хонгор насандаа Жагаатай гэрлэсэн ч муу зүйл бага үзсэн. Амьдралын сайн сайхныг илүү үзэж байна. Цаг хугадаа өнгөрөх тусам бие биендээ улам ээнэгшиж байна. Хагацах үед л аймшигтай зүйлтэй нүүр тулах байх даа.

-Танд хамгийн их ухаарал хайрласан үйл явдал гэвэл?

-Би эцэг, эхээс наймуулаа. Зургаан хүүтэй айлын хоёр охины нэг. Ээж маань намайг наймдугаар ангид байхад бурхан болсон юм. Ээжийгээ бурхны оронд одож байх үед би дүүтэйгээ хамт хамаатнууддаа хэл хүргээд явж байлаа. Тэр үед би ээжийгээ биднээс бүрмөсөн явж байгаа гэж бодоогүй. Гэртээ хүрээд иртэл ээж минь бурхны оронд одсон байсан. Тэр үед асар их ганцаардлыг мэдэрсэн дэө. Би тэр ухаарлыг насан туршдаа тээж явна. Ээж маань надад охин хүүхдийн олон өөрчлөлт, амьдралын олон нарийн ширийн зүйлийг хэлж өгч амжилгүй насан хутгийг үзүүлсэн. Тиймээс хоёр охиндоо, ялангуяа бэрдээ их хайртай. Охидынхоо хажууд үргэлж хань болж байх юмсан, тэднийгээ ганцаардуулахгүй юмсан гэж их хичээдэг. Хүүгээ төрүүлэх гэж төрөхийн орон дээр хэвтэж байхдаа энэ ухаарлаа хамгийн их мэдэрсэн. Эмэгтэй хүн, ээж байх ухаарал бол миний ухаарлын дээд хэмжээ юм болов уу. Тиймээс хэн бүхэнд эхийн сэтгэлээр хандахыг хичээдэг. Оюутнууддаа хүртэл ээж шиг нь байхыг хүсдэг.

-Ээж Урнаа одоо эмээ болсон. Эмээгийн үүргээ хэрхэн гүйцэтгэж байна?

-Хүмүүс эмээ болмогцоо эмээ төрхөндөө ордог шүү дээ. Миний хувьд тэгэхийг хүсэхгүй байгаа. Тиймээс ач, зээ хоёртоо «Маам» гэж дуудаарай гэдэг юм. Хэдийгээр миний нас тогтож байгаа ч би сэтгэл дотроо дандаа өөрийнхөө наснаас арав гаруй жилээр залуухан явдаг. Ийм л сэтгэлээр өөрийгөө хөглөдөг.

-Улсын драмын эрдмийн театр жил бүр залуу жүжигчдээр бүл нэмдэг. Залуучууддаа ээж нь болж байна уу?

-Авьяас, зүтгэл байвал дүр олдоно. Бас бүрэн боловсорно. Эд нарыгаа харахаар миний сургууль төгсөөд ирж байсан үе санаанд ордог юм. Дан ганц зоригоороо чадаад байгаа юм шиг л хийдэг байлаа шүү дээ. Тиймээс би залуу жүжигчдэдээ «Чи чадахгүй байна» гэж огт хэлдэггүй. Гоц гойд л биш бол анхны бүтээлээрээ од болдог тохиолдол ховор. Хийх тусмаа тэд сайжирч байна. Харин хийхгүй бол хөрнө, зэвэрнэ.

-Зун болохоор театрынхан амардаг. Зуны амралтаа хэрхэн өнгөрүүлэхээ төлөвлөсөн үү?

-Энэ зун бид амрахгүй ч байж магад. Учир нь, «Эсрэг дурлал» жүжгээ Японоос ирсэн жуулчдад тоглож сонирхуулахаар ярилцаж байгаа.

Ц.Баттуяа
Эх сурвалж: “Өглөөний сонин”
2012 он

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд