No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЛ.Энхсайхан: Дургүй ажлаа удаан хугацаагаар хийснээс мэдрэлийн ядаргаанд ордог

Л.Энхсайхан: Дургүй ажлаа удаан хугацаагаар хийснээс мэдрэлийн ядаргаанд ордог

-

ЭМЯ­-ны мэдрэл судлалын ерөнхий мэргэжилтэн, УНТЭ­-ийн Мэдрэлийн эмнэлзүйн төвийн дарга, АУ­-ны магистр, Мэдрэлийн тэргүүлэх зэргийн эмч Л.Энхсайхантай ярилцлаа.

-Хавар болохоор хүмүүс биеийн болон мэдрэлийн ядаргаанд орчихлоо гэж их ярьдаг. Яагаад мэдрэлийн ядаргаатай болчихдог юм бол?

-Мэдрэлийн ядаргаа гэсэн ойлголт олон түмний дунд байдаг. Үүнийг хүмүүс хэтэрхий их ажилласнаас ядаргаанд орсны илрэл гэж боддог. Гэвч мэдрэлийн ядаргаа нь хэт их ажилласнаас болдоггүй юм.

Харин дургүй ажлаа удаан хугацаагаар хийсэн тохиолдолд мэдрэлийн ядаргаанд ордог. Өөрөөр хэлбэл стресс, сэтгэлийн дарамт, бухимдал мэдрэлийн ядаргааны үндэс суурь болдог. Тэгэхээр хэт ажилласнаас болж сэтгэлийн ядаргаанд ордоггүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Нойргүйдэл нь сэтгэлийн ядаргаанд орсны нэг илрэл үү?

-Нойргүйдэл үүсэх шалтгаан олон янз байдаг. Нойр хүрэхгүй байгаа тохиолдолд нэн түрүүнд эм уулгүйгээр асуудлаа шийдвэрлэх ёстой. Нойр хүрэхгүй байна гээд эм уугаад байвал сүүлдээ эм уухгүй л бол унтаж чадахгүй, эмийн хамааралд орчихдог. 

Саяхан манай нэг өвчтөн 33 жил нойрны эм ууж байгаа тухайгаа ярьсан. Тэр хүнд нөгөө эм нь одоо үйлчлэхээ больж байна. Харин илүү хүчтэй эм уух шаардлагатай болж, нойргүйдэл нь улам даамжирсан.

Тийм ч учраас нойр хүрэхгүй байх нь түр зуурын асуудал гэж бодоод өөрийгөө тайвшруулах, цэвэр агаарт гарах гэх мэт эм хэрэглэхгүйгээр шийдвэрлэх хэрэгтэй. Бүр болохгүй бол эмчийн зөвлөгөөгөөр эм хэрэглэ гэж зөвлөмөөр байна.

-Ер нь л стресст орохгүй байх нь нойргүйдлийн хамгийн сайн эм гэж ойлголоо. Харин стресст өртөхгүй байх гол арга юу вэ?

-Хүн сэтгэл сан­аагаа тайван тог­твор­той байлгахын тулд тодорхой асуудлыг богино хугацаанд бүрэн шийдэх ёстой. Хэрвээ сэтгэл зов­оосон асуудалтайгаа удаан хугацаагаар зууралдаад байвал сүүлдээ стресст ордог юм.

Өөрт тулгамдсан асуудлаа бусадтайгаа ярилцаад, гарах гарцыг нь хурдан олох хэрэгтэй. Харин удаан хугацаанд стресстэй байх нь эрхтний бусад системд сөргөөр нөлөөлдөг. 

-Тухайлбал ямар эрхтэнд нөлөөлөх вэ?

-Хоол боловсруулах эрхтэн муудах, зүрх дэлсдэг болох, нойргүйдэлд орох, цаашлаад мэдрэлийн тогтолцооны хямрал нь улам гүнзгийрнэ. Тиймээс амгалан, бухимдалгүй байх нь хамгийн чухал асуудал.

-Нойргүй удаан хугац­аагаар явах, нойргүйдэлд ор­оод удаан хугацаанд эмч мэргэжил­тнүүдэд хан­дахгүй байх нь ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Нойргүй удаан хугацаанд байсан тохиолдолд ердийн шийдвэр гаргаж чадахаа больдог. Ямар нэгэн хэмжээгээр бухимдал нь нэмэгддэг. Нойртой холбоотой дам эрсдэл их бий.

Ялангуяа үйлдвэрт ажилладаг, машин жолооддог хүмүүст гарч болох эрсдэл их шүү дээ. 24 цаг ажилласан хүнийг 48 цаг амраана гэдэг нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр батлагдсан зүйл.

Хүн нойроо авах хугацаандаа бүрэн аваагүй бол мэдрэлийн тогтолцоонд нь өөрчлөлт орно. Тэр өөрчлөлтийг хэвийн болгож амраахын тулд амрах, ажиллах хугацааг нарийн зааж өгсөн байгаа юм. 

-Хүмүүс бухимдал, ямар нэгэн зовлон шаналлаа давахын тулд архи уух, хийж байгаа ажил төрлөө солих гэх мэт арга хэрэгслийг ихэвчлэн сонгодог. Ер нь бухимдал тайлах хамгийн зөв арга юу вэ? 

-Архи дарс ууж, хэн нэгэнд өөрийнхөө бурууг нялзааж бухимдлаа тайлах нь тийм ч сайн арга биш. Эмэгтэйчүүд найз нөхөдтэйгөө уулзаад хамаг юмаа ярьж байгаад бухимдлаа тайлчихдаг.

Харин эрэгтэй хүмүүс хүнд өөрт байгаа зовлон шаналлаа ярихгүй, дотроо хадгалсаар байгаад хүнд байдалд орох тохиолдол бий. Эцсийн эцэст бухимдлыг хэн нэгтэй ярилцаж, дотроо байгаа юмны үнэн мөнийг олсон тохиолдолд сайхан болдог. Ганцаараа тэнгэр рүү харж хашхираад, хэний ч бухимдал тайлагдахгүй. 

Тиймээс бухимдлаа тайлахын тулд сэтгэл зүйч эмч нартай уулзах хэрэгтэй. Сүүлийн үед манай улсад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмч мэргэжилтнүүд харьцангуй олширсон. Барууны орнуудад хүн уурлаад л сэтгэл зүйч эмч нартай уулздаг. 

-Хүн гэр орондоо тайван байдаг ч ажил дээрээ ч юм уу нийгмийн харилцаанаас болж бухимдалд орох нь элбэг харагддаг?

-Тийм ээ. Нийгмийн амьдралд бухимдал төрүүлэх юм зөндөө байна. Өнөөдөр телевиз, сонин хэвлэлээр гарч байгаа мэдээлэлд сайхан юм байхгүй, дандаа л хэн нэгний хэрүүл зодоон, ялласан, шүүсэн гэх мэт мэдээллүүд гаргадаг.

Хүн өөрт хамаагүй зүйлийг анхаарч сонссоныхоо дараа сэтгэл санаа нь хямрах тохиолдол гардаг. Нийгмийн харилцаа, ажил дээрээ болсон бухимдлаа гэр бүлийнхээ гишүүдэд гаргадаг.

Хувь хүн өөрөө бухимдлаас ангид байхыг хичээх нь чухал ч гэсэн аж ахуйн нэгжийн удирдлагууд ажлын байран дээрээ бухимдалгүй байлгах нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл байгууллагын удирдлага манай ажил дээр юу нь болохгүй байна, ажилчдын сэтгэл зүйд таарахгүй зүйл юу байгааг судалж, тохирсон арга хэмжээг авч чадвал ажлын байрны бухимдал үгүй болж, хөдөлмөрийн бүтээмж ч гэсэн нэмэгдэнэ.

-Эцэг эхээсээ болж хүүхэд стресст орох нь элбэг байдаг гэсэн. Тан дээр мэдрэлийн ядаргаанд орсон хүүхэд ирж байсан уу?

-Тэгэлгүй яах вэ. Хүүхэд өөрөө аливаа юманд амархан автдаг. Хүн хүүхэд байсан үеэ бодоод байдаг хэрнээ хүүхдээ ойлгож чаддаггүй. Хүүхэд аливаа асуудалд ямар өнцгөөс хандахаа мэдэхгүй байж байгаад сэтгэлийн дарамтад орох, цаашлаад амиа хорлох тохиолдол гарч байсан. 

Тийм ч учраас хүүхдэд ямар дарамт байгааг эцэг эхчүүд олох, өөрсдөө хүүхдийн хажууд хэрэлдэж зодолдохгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй.

Хичээл сургууль дээрээ очоод найз нөхөдтэйгөө тоглохыг хүсдэгүй хүүхэд байдаггүй. Тэд нэг л өдөр хичээлдээ явахаас дургүйлэхээд байвал найз нөхөд, багш нарынх нь хооронд ямар нэгэн асуудал байна л гэсэн үг. Тиймээс шалтгааныг нь олоод хүүхдэдээ зөвөөр тайлбарлаж ойлгуулах нь чухал.

Д.Баяржаргал

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд