No menu items!
HomeСэтгэлзүйн эрүүл мэндЗүрхээ сонсЗүрхээ Сонс #2: Сэтгэл хөдлөлөө “хав дарсан”-аар бие өвддөг

Зүрхээ Сонс #2: Сэтгэл хөдлөлөө “хав дарсан”-аар бие өвддөг

-

“Ногоон Бөмбөлөг” сэтгэл зүйн төвөөс эрхлэн гаргадаг “Зүрхээ Сонс” подкастыг та бүхэндээ албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Энэ удаагийн дугаарт сэтгэл хөдлөл, мэдрэмжид жендэр байдаг эсэх, мэдрэмжээ илэрхийлэхгүй байхын сул талын талаар сэтгэл зүйч П.Энхчимэг, А.Хонгорзул нарын ярилцсаныг хүргэе.

“Сэтгэл хөдлөл нь бидний далд ухамсарт явагдаж байдаг”

Сэтгэл хөдлөл нь бидний өдөр тутмын шийдвэр, биеэ авч явах байдал зэрэг олон зүйлд нөлөөлж байдаг. Гэтэл хүмүүс сэтгэл хөдлөлийг тодорхой нөхцөлд л илэрдэг гэж ойлгодог. Тэгэхээр бид энэ удаад сэтгэл хөдлөлөө хэрхэн таньж, илэрхийлэх вэ гэдэг талаар мэдээлэл хүргэе гэж бодлоо.

Хүмүүс сэтгэл хөдлөл, мэдрэмжийг нэг зүйл гэж ойлгодог. Үнэн хэрэгтээ энэ хоёр нь тусдаа ойлголт юм. Нэгдүгээрт, сэтгэл хөдлөл нь бидний далд ухамсарт явагдаж байдаг. Тиймээс бид үүнд хариу үйлдэл үзүүлдэг байна. Харин мэдрэмж нь бидний оюун санаатай холбоотой бөгөөд амьдралын туршлага, үнэт зүйлд тулгуурлан илэрхийлэгддэг. Хэрэв та бүхэн “Inside out” хэмээх киног үзсэн бол уг бүтээлд хүн төрөлхтний зургаан гол сэтгэл хөдлөлийг нэрлэсэн байдаг. Тэр зургаан зүйлийг хүний анхан шатны сэтгэл хөдлөл гэж үзвэл мэдрэмжүүд нь түүнээс улбаалан гарч байдаг гэж ойлгож болно. Тухайлбал, ямар ч хүн уурлах, баярлах мэдрэмжийг агуулж эхээс төрдөг. Харин хэрхэн илэрхийлэх, хүлээж авахаас шалтгаалж тэр мэдрэмж нь өөр өөр байдаг ажээ.

Тархинд боловсрогдоод ухамсартайгаар илэрхийлэгдэж байгаа нь мэдрэмж, харин зүрхнээс аяндаа гарч байгаа нь сэтгэл хөдлөл юм гэдгийг бид нар ялгаж ойлгох хэрэгтэй.

Жишээлбэл, Бид ямар нэг зүйл хийгээд сэтгэл маш их хөдлөхөөр “Аймаар гоё” гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр “аймаар” гэдэг хэсэг хаанаас гарч ирж байна, гоё гэж яг юуг хэлээд байгааг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ сэтгэл хөдлөл аймаар байна уу, эсвэл гоё уу гэдгийг анзаарч чадвал сэтгэл хөдлөл, мэдрэмж хоёрыг ялгах боломж гарна гэсэн үг.

“Аймаар гоё” гэхийн бол мэдрэмжийн түвшинд л яригдаж байна гэж ойлгоно. Хувь хүнийхээ хандлагаас би үүнийг “гоё” гэж үнэлж болох ч бусад хүнд ингэж санагдах эсэх талаар бид бодож байх хэрэгтэй.

Сэтгэл хөдлөл нь жендэрээс шалтгаалж өөр байдаг уу?

Сэтгэл хөдлөл бол хоёр нүдтэй, нэг хамартай гэдэгтэй адил байгалиас заяасан зүйл. Эрэгтэй, эмэгтэй хүмүүст тусад нь зориулсан тун, ялгаа байдаггүй. Харин энэ ялгаатай байдлыг бид нийгэм, амьдралын хөгжих процесс, орчин, хамтдаа амьдарч байгаа хүмүүсийн нөлөөнөөс суралцаж байдаг. Зарим тохиолдолд бид “хүүхэд юм чинь юундаа сртессдэг юм” гэх мэт хандлага гаргадаг. Сэтгэл хөдлөл гэдэг нь нас, хүйс, шашин, боловсрол зэргээс үл хамаарч бидэнд адилхан л заяагдсан зүйл юм.

Бид эрэгтэй хүүхдийг “охин шиг уйлаад” гэдэг хэрнээ насанд хүрсэн хойно нь яагаад сэтгэл хөдлөлөө илэрхийлэхгүй байгаа юм бэ гэдэг. Энэ хоёр ухагдахууны дунд зөрчил байгаа нь анзаарагдаж байна. Хүүхэд байхад нь зоригтой бай, битгий уйл гэдэг мөртлөө, насанд хүрсэн хойно нь дотроо онгойлго, надтай ярилц гэдэг нь нийгэм дэх тогтсон хандлагатай холбоотой. Эрэгтэй хүүхдэд бид өөрийгөө таних, мэдэх орон зайг өгч байх нь зүйтэй.

Хөвгүүд томрох тусмаа сэтгэл зүй, оюун санааны хувьд ээж ааваасаа холдож байдаг. Энэ үед ээж аав нар санаа зовж эхэлдэг шүү дээ. Хүн бүрийн хувьд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг таньж мэдсэнээр аливаа асуудлыг шийдвэрлэх, амьдралд хандах хандлага, бусдыг ойлгох чадвар нь нэмэгддэг байна. Тэгэхээр энэ нь цаашлаад, хүний амьдралын чанартай шууд холбогдож болох томоохон асуудал юм.

Сэтгэл хөдлөлөө хэт дарах нь ямар үр дагаварт хүргэдэг вэ?

Сэтгэл хөдлөл нь зан үйл, бие махбодь, амьдралын туршлага зэрэг гурван түвшинд нөлөө үзүүлдэг. Аливаа сэтгэл хөдлөл нь бие махбодид мэдрэхүй болж ирдэг. Жишээлбэл, биднийг айсан үед зүрх хурдан цохилдог шүү дээ.

Тэгэхээр бид сэтгэл хөдлөлийг “хав дарсан”-аар бие махбодид ирэх нөлөө нь тодорхойгүй шалтгаантай өвдөлтүүдийг бий болгоно. Мэдрэмж бол тухайн хүний амьдралын туршлагаар илэрхийлэгддэг зүйл. Бид сурсан туршлагаараа л сэтгэл хөдлөлөө гаргана. Гэхдээ хүчирхийлэлд өслөө гээд том болоод тэрийг үйлдэнэ гэж зааглаж байгаа юм биш. Ерөнхий сэтгэл хөдлөлөө илэрхийлэх арга замын тухайд л ярьж байгаа юм шүү.

Бүх сэтгэл хөдлөлийг туршлагаар олдоггүй. Холилдсон сэтгэл хөдлөл гэж бий. Дээр дурдсан “Аймаар гоё” гэдэг жишээтэй адил юм. Хүн уурлаж байгаа хэрнээ дотроо ичиж холилдсон сэтгэл хөдлөлд автдаг. Энэ нь амьдралын олон нөхцөлийг яаж хүлээж авсан, хэрхэн харсан зэргээс шалтгаалж байдаг.

Зарим эцэг эхчүүд “Манайд лав ийм хүүхэд байдаггүй. Хаанаас ийм зан сурсан юм. Манайхан бүгд цоглог. Энэ ганцаараа дуугүй” гэх мэтчилэнгээр ярьдаг. Учир нь ялгаатай нөхцөл, үйл явцаас тухайн сэтгэл хөдлөл холилдож үлддэг.

Мэдрэмж гэдэг нь ганцхан ширхэг зүйл биш. Тухайлбал, уур ганцхан ширхэг байдаггүй шүү дээ. Мэдрэмж гэдэг бол холимог зүйл. Хүн хэт их баярласандаа айж ч болно. Тэрийг хамгийн гол нь зөв, эрүүл, аюулгүй аргаар илэрхийлж сурах нь чухал юм. Мөн бид сэтгэл хөдлөл, мэдрэмждээ хариуцлага хүлээдэг байх нь зүйтэй. Хүмүүс “Би уурандаа ингээд хэлчихлээ” гэдэг. Энэ нь уур болоод таны ч буруу биш. Хагмий гол нь уураа дамжуулж байгаа арга, хариуцлагыг л анхаарах нь чухал юм.

Хоёрдугаарт, би уураа яаж үр ашигтайгаар эргүүлж болох вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Хүмүүс, сөрөг мэдрэмж бол муу зүйл, үргэлж сайн сайхан мэдрэмж авах ёстой хэмээн өрөөсгөл ойлголттой байдаг. Гэтэл амьдралд сайхан муухай, арга билэг хосолж л байдаг шүү дээ. Тэгэхээр бид аливаа зүйлийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд урагш тэмүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь урагш тэмүүлж байхдаа сөрөг мэдрэмжүүдийг өөртэйгөө танилцах боломж гэж хараарай. Энэ таны шинэ мэдрэмж, танигдаагүй нэг хэсэг юм шүү.

Гэр бүлийн гишүүд нэг процесс дээр ялгаатай хариу үйлдэл үзүүлэхэд хүүхдэд холилдсон сэтгэл хөдлөл үүсдэг. Алдаа гаргахад аав зүгээр дээ гэхэд, ээж уурлах эсвэл ах нь загнах, эмээ нь чамаас болоод бие өвдлөө гэдэг. Энэ нь хүүхдэд айдас, эргэлзээ, итгэл алдрах зэрэг мэдрэмжийг холимог байдлаар өгч байдаг. Аль нь илүү хүчтэй нөлөөлнө тэр нь оюун санаанд туршлага болоод үлдэх гээд байдаг.

Эрэгтэйчүүдийн сэтгэл хөдлөл

Яг үнэндээ бид охид, хөвгүүдийг ялгаатай хүмүүжүүлдэг. Охидод илүү сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэрхийлэхэд тусалдаг мөртлөө хөвгүүдэд тийм боломж өгдөггүй. Гэтэл тэр хүүхэд тухайн мөчид аз жаргалтай байвал инээмээр л байгаа шүү дээ. Бага насны хүүхэд өөрийгөө үгээр илэрхийлж чадахгүй. Оюун санаа, сэтгэл хөдлөл нь бүрэн хөгжөөгүй учраас мэдрэмжээ шууд илэрхийлдэг. Мөн хүүхдийн оюун санаа одоо цаг дээр байдаг. Мэдрэмж, сэтгэл хөдлөлөө яг тухайн цагтаа л гаргадаг гэсэн үг. Жишээлбэл, хүүхэд 5 цагт аяга хагалсан байлаа гэхэд бид орой 10 цагт хүүхдээ шийтгэсэн хэвээрээ л байдаг. Гэтэл хүүхэд аль хэдийнээ тэрийг мартчихсан, инээгээд өөр юм бодчихсон явж байгаа. Хүүхэд таны өөдөөс эсэргүүцэл илэрхийлж байвал энэ асуудал ач холбогдолгүй болсон байна гэсэн үг.

Зарим эцэг эхчүүд үүгээрээ хүүхдийг сургаж байна гэж ойлгодог. Бүх эцэг эхчүүдийн чин хүсэл хүүхдээ сайн сайхан явуулах. Сайн гэдэг нь хүн хүний ертөнцийг үзэх үзэл, харах өнцгөөр ялгаатай зүйл. Гэхдээ бүгд ийм чин хүсэлтэй хэрнэ өөрсдөө анзаарахгүйгээр тэр хүсэлд хүрэх боломжийг үгүй хийдэг. Тиймээс хүүхдийн гаргаж байгаа сэтгэл хөдлөлийг нухацтай хүлээж авч байгаарай гэж хэлье. Хүн өөрийн сэтгэл хөдлөлөө таньж мэдсэнээр, тухайн хүний сэтгэцийн эрүүл мэнд хүчирхэг байх боломжтой. Тийм учраас хүүхэд, эрэгтэй гэж ялгалгүйгээр сэтгэл хөдлөлийг нь байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Зарим эрчүүд, эрэгтэй хүүхдийг сэтгэл хөдлөлөө байнга илэрхийл гээд байвал нийгмийн асуудлыг давж чадахгүй, дарамтлуулна гэж боддог. Хэрэв бид цэрэг дайны үед байсан бол ийм зарчмын дагуу амьдрах байсан. Гэтэл өнөөдөр бидний нийгэм өөрчлөгдсөн шүү дээ. Бид баатарлаг байхаас илүү биенийгээ харилцан мэдэрч, сэтгэл зүрхээ нээж, түүнийг дэмждэг байж чадвал амьдрал илүү дээшлэх боломжтой.  

Хэрэв таны сэтгэл хөдлөл, мэдрэмжийг хэн нэгэн хүн дараад байвал танд ямар санагдах вэ гэдгийг бодоод үзээрэй. Хүн болгоны зүрхэнд жижигхэн хүүхэд байдаг. Өнөөдрийн бидний авч байгаа мэдрэмжүүд магадгүй таны хүүхэд насны мартагдсан туршлагаас  хамаарах магадлалтай. Тэгэхээр та өөрийнхөө зүрхэнд байгаа бяцхан хүүхэдтэйгээ ярилцаад үзээрэй. Магадгүй та түүний дуу хоолойг сонсоод сурчихвал өөрийнхөө мэдрэмжийг эрүүл, аюулгүй байдлаар илэрхийлнэ. Улмаар таны бусдыг ойлгох чадамж сайжирна.

Сэтгэл хөдлөлөө таньж, ойлгож сурах хамгийн энгийн алхам бол тухайн үйл явдал, мэдрэмжийг ялгах юм. Хэрэв ялгаж чадсан тохиолдолд та дараагийн удаа сэтгэл хөдлөлөө ойлгоход арай илүү амар болно.

Эх сурвалж: “Зүрхээ Сонс” подкаст

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд