No menu items!
HomeНом ярьяА.Баярцэцэг: Тархиа хордуулав, номоо зөв сонгоорой

А.Баярцэцэг: Тархиа хордуулав, номоо зөв сонгоорой

-

ХБНГУ-ын Мюнхэний их сургуулийн философийн докторантаар суралцаж байгаа А.Баярцэцэгтэй онлайнаар холбогдон ярилцлаа.

-Таны ширээний ном юу вэ?

-Надад “ширээний ном” байхгүй. Харин номын сангийнхаа хамгийн дээд тавиур дээр тавидаг номууд бий. Эх зохиолуудыг ач холбогдол, ямар онолд хамаарах вэ гэдгээр нь ангилаад хамгийн дээд тавиур дээрээ хадгалдаг. Философиор докторын ажил бичиж байгаа тул Платон, Аристотел мэдээж хамгийн дээд тавиурын эхэнд. Өнөөдрийн шинжлэх ухаан, философийн эх ундарга гэж болно.  Дараа дараагийн тавиурууд мөн л сэдэв, онол, ач холбогдол гэсэн хэд хэдэн үзүүлэлтээр ангилаад системчлээд байршуулсан байгаа. Би ч янз бүрийн категори, структур, системд дуртай дуртай. Маш их цаг, энерги хэмнэнэ. Бүтээмжинд бас чухал.

Ширээний ном гэсэн ганц ном байхгүй тул ямар номууд уншдаг вэ гэсэн асуултад хариулах нь зүйтэй болов уу. Энэ асуултад хариулахын өмнө ямар зорилгоор ном уншдаг вэ гэсэн асуултад бас хариулах болж байх шиг. Тэгээд дараа яаж уншдаг вэ гэсэн асуултад хариулмаар байна даа.

Өнөө үед мэдээлэл олж авах, мэдлэгтэй болох номноос гадна өөр маш олон эх сурвалж байна шүү дээ. Тэгээд ч зөвхөн ном гэхэд л хэдэн жилийн өмнөх статистикаар бол дэлхий дээр жилд 2-3 сая ном шинээр хэвлэгдэж байна шүү дээ. Ийм нөхцөлд тархиа зөвхөн хамгийн хэрэгтэй гэж үзсэн, нарийн шалгуураар сонгосон номоор л тэжээх хэрэгтэй. Амруугаа элдэв хоол хийвэл хордох аюултай шүү дээ. Ходоодоо хайрладагтайгаа адилхан тархиа маш  хайрлах хэрэгтэй. Хоолны хордлогод махан бие хордож байгаа бол, оюуны хордлогод бүх л ухаан бодол, цаашлаад хэлэг үг, хийх үйлдэл, цаашлаад бүх л амьдрал чинь хордох аюултай. Мухар сүсэг, ид шид, хуурамч псевдо шинжлэх ухааны номууд маш хортой. Унших номоо маш сайн сонгоорой гэж ялангуяа хойч үе залуусыг сэрэмжлүүлмээр байна.

-Таны  номоо сонгохдоо тавьдаг шалгуур?

-Миний хувьд гэвэл ямар зорилгоор ном уншиж байгаагаас хамаардаг.  Нийтлэг шалгуур гэвэл тухайн чиглэлээр аль болох хүлээн зөвшөөрөгдсөн экспертүүдийн номыг уншихыг хичээдэг.

Голдуу эхлээд тухайн жилд, хагас жилд унших номынхоо жагсаалт гаргаад, жагсаалтандаа ямар шалгуур хангуур хангасан номуудыг оруулах вэ гэдгээ шийддэг. Энэ нь мэдээж миний зорилгоос хамаарна. Ямар ч номыг уншиж эхлэхээсээ өмнө танилцуулга, шүүмжүүд, зохиолчийн өөрийнх нь  тайлбар ярилцлагыг сонирхдог.  Тэгээд унших эсэхээ шийднэ. Тархи руугаа юу хийж байгаагаа маш сайн сонгодог. Сүртэй санагдаж магад. Тэгээд ч цаг гэдэг миний хувьд маш үнэ цэнэтэй. Хэн ч гэсэн барагтай дэмий зүйлээр цагаа өнгөрөөхийг бодохгүй байлгүй дээ. Мэдээж найз нөхөд үнэлдэг хүмүүсийнхээ санал болгосон номыг бас сонирхолгүй яахав.

-Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

-Өөр өөр зорилгоор өөр өөр ном уншдаг. Өглөө хамгийн их төвлөрөл шаардсан бичих ажилаа хийдэг. Тэгээд завсарлаж толгойгоо сэргээгээд философи, психолологи, социологи, тархи судлал, эволюци, биологийн чиглэлээр шинжлэх ухааны нийтлэлүүд буюу пейпер уншдаг.

Тэгээд том завсарлага аваад ном уншдаг. Философи, шинжлэх ухааны номууд голдуу тухайн авторын мэргэжлийн сэтгүүлд нийтлүүлсэн пейперээ олон нийтэд зориулж ойлгомжтойгоор тайлбарлаж бичсэн тайлбар маягаар бичигдсэн байдаг тул голдуу бичлэгийн хэлбэрээс нь суралцах зорилгоор уншдаг. Мэргэжлийн номууд, ялангуяа философийн номуудыг олон өөр түвшинд унших боломжтой. Дэвшүүлж байгаа аргументийг нь ойлгох гэж, хэрэв тэнхээ хүрвэл шүүмжлэх гэж, бүр мэддэг талбар сэдвээрээ бол аргументийг сайжруулах гэж бүтээлчээр унших боломжтой.

Утга зохиол бол мэдээж өөр л дөө. Маш сайн зохиолчийн хэсэг номуудыг болж өгвөл хэд хэдийг олж аваад багцаар нь унших дуртай. Мэдээж шүүмжтэйгээр, бүтээлчээр уншихыг хичээнэ. Яг одоо Ишигурогийн номуудыг уншиж байна. Сүүл сүүлийн номууд нь агуулга, бүтэц, бичлэгийн хэлбэр бүгд чангарч байгаа нь уншихад урамтай байна.Утга зохиолын номууд орой тархиа амраах гэж уншдаг. Гүйсний дараа, эсвэл дасгал хийсний дараа сунгалт хийдэгтэй ойролцоо юмуу даа.

-Номоо ямар арга барилаар уншдаг вэ?

-Миний уншдаг арга барил хүмүүст хэрэг болох эсэхийг мэдэхгүй л байна. Хүмүүст юу хэрэг болох вэ гэвэл номыг ойлгож ухаж унших нь чухал гэдэг мессеж арай хэрэг болох болов уу. Гэхдээ нөгөө талд сайн номыг ойлгоход тодорхой хэмжээний боловсрол мэдлэг шаардагдана. Тийм ч учраас жишээлбэл Ишигурогийн ном болгон дээр өчнөөн шүүмж анализ бичигдсэн байдаг. Ишигурог хэрхэн унших вэ, хэрхэн ойлгох вэ гэсэн номууд мөн л өчнөөн байдаг. Ёстой төвөгтэй байгаа биз дээ.

Товчлох арга гэвэл шүүмжтэйгээр уншиж бодож чаддаг хүнээр тайлбарлуулах. Критиклэж бодох мэргэжил бол философи шүү дээ. Тиймээс философич хүнтэй ярилцвал сайн ойлгоход тустай болов уу. 

-Таны хувьд  хамгийн үнэ цэнэтэй ном?

-Хүн бүхэн яг ижилхэн үнэ өгөх тийм абсолют үнэ цэнэтэй ном гэхэд төвөгтэй шүү дээ. Шашныхан л бурханы үгийг дамжуулж байгаа гэж сүсэглэсэн номдоо мөргөдөг. Түүнээс хүний бичсэн номонд мөргөх биш, уншиж ойлгож, мэдээлэл, мэдлэг олж авна шүү дээ. 

Бичиг үсэгт суралцаж байгаа хүүхдэд цагаан толгой хамгийн чухал. Сэтгэлийн хямралтай тулгарч байгаа хүнд сэтгэлзүйн ном, оюутан хүнд сурах бичгүүд гээд өмнөө тавьсан зорилго, ямар асуудалд шийдэл хайж байгаагаас хамаарна. Дээр нь мэдээж ном мэдээлэл олж авах хамгийн оновчтой эх сурвалж мөн үү гэдэг асуулт бна. Олж авсан мэдээллээ боловсруулж, цэгцэлж мэдлэг болгоход сайн ментор заавал хэрэгтэй. Багш болгон сайн ментор биш гэдэг нь ойлгомжтой. 

-Ном унших нь таны ажил, амьдрал, хувь хүний хөгжилд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Ном уншдаг мэргэжлээр судалгааны ажил хийж байгаадаа маш сэтгэл хангалуун байгаа. Өмнө нь ажлынхаа хажуугаар чөлөөт цагаараа уншдаг байсан бол одоо мэргэжил болсон. Чанарын том ялгаа мэдээж байгаа. Миний хувьд гэвэл цоо шинэ оюуны амьдрал эхэлсэн гэхэд болно. Мэдээж үүнийг дагаад ганцаараа хөгжөөд жаргаад байх биш бусадтай хуваалцах моралын үүрэг бас бий болж байна.

-Бусдад санал болгох ном?

-Ном санал болгохоос өмнө маш олон асуулт асууна даа. Эмч хүн шууд л эм тариа бичээд унадаггүй шүү дээ. Тухайн хүний хүлээж авах, боловсруулах чадвар, өмнөө тавьсан зорилго, номноос юу олж авахыг зорьж байна вэ гээд өчнөөн олон зүйлээс хамаарна. Тиймээс бүгдэд тохирох супер ном гэсэн нэг ном санал болгохоос татгалзаж байна. Уучлаарай. Түүний оронд харин унших номоо маш чамбай сонгоорой. Тархиа хордуулав, сонор сэрэмжтэй байгаарай л гэж хэлэх байна.

-Философийн мэдлэгийг эхнээс  нь зөв  цэгцтэй  олж авахад ямар ном зохиол уншвал зүгээр вэ?

-Тухайн хүний зорилгоос л хамаарах байхаа. Мэргэжлийн түвшинд философи сурая гэвэл экспертүүд дээр л очих хэрэгтэй. Сонирхогчийн түвшинд гэвэл олон нийтэд зориулсан популяр философийн номуудаас сонгоод уншихад зүгээр болов уу. Жишээ нь “Би хэн бэ, тийм гэвэл хэдэн Би вэ?” гээд номыг Монгол хэл рүү 2013 онд МАЙНД клуб орчуулж, Монсудар хэвлэн гаргасан байгаа.

-Та өөрийгөө номоор төсөөлвөл?

– Амаргүй л асуулт байна. Өөрийгөө номоор тодорхой хэмжээгээр илэрхийлэх боломжтой гэвэл орчуулгын номуудаас гадна өөрийнхөө номыг л бичих хэрэгтэй болов уу. 

-Уншиж байсан номноосоо  гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн онцгой мэдрэмж авсан  тийм ном байгаа юу?

-Хүүхэд насны дурсамжууд мэдээж ой тоонд маш тод үлдсэн байдаг. Гэхдээ би чинь одоо хүүхэд биш болоод удаж байна шүү дээ. Хүүхэд байхдаа ойлгож байна гэж бодоод уншиж байсан номууд сүүлд дахиад уншихад өөр уншигдана. Тиймээс тайлбарыг уншигчдад нээлттэй үлдээсэн номуудад дуртай.  Энэ цаг үеийн онцлог гэвэл шинжлэх ухаан хурдацтай хөгжиж байна. Шинжлэх ухаан, философийг хослуулсан сэдвүүдэд сүүлийн үед  дурлаад байгаа.

Г.Бадамханд

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд