No menu items!
HomeЯрилцлагаЁ.Ядамсүрэн: Лам нарыг сармис идчихвэл долоо хоног хуралд орохыг цээрлэдэг гэсэн

Ё.Ядамсүрэн: Лам нарыг сармис идчихвэл долоо хоног хуралд орохыг цээрлэдэг гэсэн

-

Гандантэгчинлэн хийдийн лам хуврагуудын манз, цавыг бэлтгэх хариуцлагатай албыг хашдаг тогооч Ё.Ядамсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр Цагдан сэргийлэх газарт ажиллаж байсан ч тэтгэвэрт гарсан хойноо буяны мөр хөөн ганданд ажиллах болжээ.

Нас сүүдэр 70 гарч яваа тэрбээр тогоочийн мэргэжил эзэмшээгүй ч лам хуврагуудын манз, цавыг хийх хугацаандаа нэг ч удаа итгэлийг нь алдаж үзээгүй буурай юм.

-Таны өсч төрсөн нутгийн тухай сайхнаас яриагаа эхэлье?

-Би Архангай аймгийн Өндөрсант сумын уугуул хүн. 1939 онд Сант сумын нутаг Найрын дэнж гэдэг газар эцэг Ёндонгийн дөрөв дэх хүү болон мэндэлжээ. Одоо нас сүүдэр 70 гарч явна. Нутгаасаа 1951 онд гарсан. Тухайн үед сум маань татан буугдсанаас Өвөрхангай аймгийн Хужирт сумын арван жилийн сургуульд сурч, 1961 онд төгссөн.

Дараа нь Эдийн засгийн дээд сургуульд мэргэжил эзэмшсэн. Улмаар Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын хуваарь авсан ч Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэсэгт мөрдөн байцаагч, өмчийн ахлах төлөөлөгчөөр ажиллахаар болсон доо. Үүний дараагаар 1986 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газарт ирж өмчийн ахлах төлөөлөгчөөр ажилласан.

Ийнхүү 20 гаруй жил улсад хөдөлмөрлөсний эцэст 1990 онд тэтгэвэртээ гарсан. Тэгээд гэрийн мухар сахиж, зүгээр сууж чадалгүй Гандантэгчинлэн хийдэд ажилд орсон юм. Түүнээс хойш 22 дахь жилдээ энэ ариун газар ажиллаж байна. Удахгүй хэд хоногийн дараа миний ганданд ажилласны 22 жилийн ой тохионо.

-Мөрдөн байцаагчаар ажиллаж байсан хүнд ажил бишгүйдээ л олдох нь лавтай. Яагаад гандангийн тогооч болохоор шийдсэн бэ?

-Лам нарын манзыг барьдаг хүн ном хуруулж байгаа өглөгийн эздээс илүү буян хураадаг гэдэг юм билээ. Үүнд л итгэж лам нарын тогоог барьж байна. Гэхдээ учиргүй нүгэл хийсэн гээд буян хураахаар ажиллаагүй. Утга учиртай амьдрахын тулд энэ ажилд орсон. Ар гэрийнхэн ядарлаа, боль гэж хэлдэг л юм. Гэхдээ гэрт зүгээр сууж чадахгүй над шиг хүмүүс хөдөлж л байвал сайхан.

Гэртээ зүгээр суухаар биеийн хүчний ажил хийсэн нь дээр биз дээ. Ганданд анх жижүүрийн алба хашихаар орсон. Ажилд орсныхоо дараа л тогооч болохоор шийдэж дамжаанд суусан шүү. Тиймээс яг тогоочоороо 19 дэх жилдээ ажиллаж байна. Одоо би хоёр туслахтай. Гандантэгчинлэн долоон дацан, хоёр дугана нийлсэн 700-аад ламын манз, цавыг бэлтгэдэг.

Ганданд өдөр бүр цав / хоол/ хийдэггүй. Харин манз /цай/ таслахгүй байх үүрэгтэй. Харин хуралтай үед хурал хуруулж байгаа жандагууд /өглөгийн эзэн/ цавыг бэлтгэдэг. Тогоочийн ажил цаггүй шүү дээ. Ажил хэдийд ч дуусч болно. Тэр цагт л гэртээ харьдаг. Өглөө 06.00 цагт ажил дээрээ ирсэн байх ёстой. Манай гал тогоо галалгаатай учраас өглөөний ажил гал түлж, ус буцалгахаас эхэлдэг.

1903-1919 онд Өвөр Монголд хийсэн хүрэл тогоонд одоо хүртэл хоол хийж байна. Хамгийн бага нь 80 литрийн багтаамжтай. Том нь 600 литр. Ийм багтаамжтай болохоор гал түлж хоол, цай хийхэд их цаг зарцуулдаг юм.

-Гэр бүлд тань лам хүн байдаг уу?

-Манай аав лам хүн байсан. Найман наснаасаа Эрдэм Бэйлийн хошуу хүрээнд шавилж байгаад 1920 онд ээжтэй танилцаад хар болоод сахил санваараа өгөөд явсан гэдэг. Аав маань хүмүүс шиг бурхан тахилаа далд хийгээгүй. Тэр хатуу үед уншдагаа уншаад суудаг хүн байж. 1973 онд өөд болоход номыг нь Лувсанданзан хэмээх нутгийн ламд өгсөн.

Харин бурхныг нь Эрдэнэзуугийн хийдэд барьсан даа. Дээр нь нагац ах нь лам нарын цавыг барьдаг хүн байсан. Нутгийнхан Зам ах гэж мэдэхээс Цэвэгжав гэдэг нэрээр бараг танихгүй байх. Зам гэж тогооч нарын манз, цавыг бэлтгэдэг хүнийг хэлдэг. Нагац ах маань насаараа Бэйлийн хүрээний зам / тогооч/ хийсэн. Сүүлд нь хүрээ хийд байхгүй болохоор хар болсон гэдэг юм билээ.

-Ганданд ажиллахаасаа өмнө хэр шүтлэгтэй байв?

-Хатуу засгийн үед миний шүтлэг толгой дотор минь байсан. Түүнээс юу ч мэдэхгүй юм шиг дүлий дүмбэ явдаггүй байсан шүү.

-Уншлагатай юу?

-Маанийн зургаан үсгээ л дуудаж явахаас цаашгүй. Мааниас илүү ном байдаггүй юм гэнэ лээ. Тиймээс мааниа л хэлж суудаг даа.

-Лам нарын цавд хэрэглэхийг хориглодог ямар хүнс байдаг вэ?

-Лам нарын цавд сонгино, сармис хийдэггүй. Ялангуяа сармисыг гал тогооны өрөөндөө оруулдаггүй. Хэрвээ лам, хувраг санамсаргүй сармис идчихвэл долоо хоног хуралд орохыг цээрлэдэг гэсэн.

Тиймээс туслахууддаа хэрвээ амтлахаар бол монгол гоньд хий гэж хэлдэг юм. Мөн адууны махаар цав бэлтгэхийг цээрлэдэг. Адуу бурхны хүлэг учир ийн бэлгэддэг. Дээр нь тэмээ, ямааны мах хүнсэндээ хэрэглэдэггүй. Зөвхөн хонь, үхрийн мах хүнсэндээ хэрэглэдэг.

-Өглөгийн эзэд лам нарын хоол бэлтгэхэд тусалдаг уу?

-Өглөгийн эзэд бидэнд цав хийхэд тусалдаг. Гурил таслах, мах хэрчих гээд хийх зүйл их. 29-ний хурал ч юм уу, дүйцэн өдөр 50 килограмм гурил тасална шүү дээ. Мөн 100 гаруй килограмм мах хөшиглөнө. Тэр үед хүмүүс сайн дураараа тусалдаг юм.

-Цагаан хоол лам хуврагуудын гол хоол биз дээ?

-Манайх цагаан хоолыг шинийн 8,15, 25 болон битүүнд барьдаг. Гэхдээ сүүлийн үед залуучууд голдуу махан хоол барьдаг болжээ. Уул нь цагаан хоол барих ёстой.

-Лам нарын нэг өдрийн хоолыг бэлтгэхэд хэчнээн төгрөг шаардагддаг вэ?

-Одоо ч юм их үнэтэй болжээ. Жандагууд хоолны материал аваад өгчихдөг болохоор хэлж мэдэхгүй юм. Тэрийг гандангийн нярав, нягтлангууд л сайн мэдэх байх. Харин нэг хүн нормтой. Манай нэг хүнийг мах ястайгаа 450, гурил 200, цагаан будаа 200, шар тос 80 грамм гэж тооцдог. Манайх гаднын цайны газар шиг бага орцтой хийдэггүй. Орцыг нь сайн хийдэг. Тийм учраас лам нар маань гаднын хоолыг амтгүй гээд байдаг юм.

-Лам нараа хооллохоос гадна хуралд даган баясч байгаа хүмүүсийг хооллодог байх?

-Өндөр настай хүмүүст хурлын хоолноос илүү гарсныг өгдөг. Түүнээс гадуур дотуур нэг их хооллоод байдаггүй. Яахав хуралд суугаад ядарсан хоол цай сурагласан хүнд цав өгдөг шүү.

-Удахгүй цагаан сар болно. Шинийн идээ бэлтгэх гээд ажил ундарна биз?

-Тэгэлгүй яахав. Одооноос л шинэ сарынхаа идээг бэлтгэнэ шүү дээ. Энэ үеэс л хэвийн боов хийх ажил эхэлнэ. Сүүлийн үед хүмүүс манайд захиалга өгч хийлгэдэг болсон. Өнгөрсөн жил өдий үеэс хийсэн ч захиалга их байсан болохоор хураах боломж олдоогүй.

Удахгүй настайчууд тэтгэврийнхээ хэдэн төгрөгийг аваад тавгынхаа хэвийн боовыг авна гээд цувна. Тиймээс хэвийн боовоо эртнээс хийж эхэлдэг юм. Шинээр 80 мянган ширхэг хэвийн боов хийдэг. Манайх шинийн хэвийн боовыг хийхдээ гурилаа рашаанаар зуурч, лам хуврагууд сан тавьж идээгээ хийнэ.

-Та 40 гаруй жил хөдөлмөрлөж байна. Цаашдаа хэдэн жил энэ албаа хашъя гэж бодож байна вэ?

-Улсад ажилласантайгаа 48 жил хөдөлмөрлөжээ. Тиймээс дахиад хоёр жил ажиллаад тэтгэвэрт гарах санаа байна. Ямар сайндаа биеэ тордох гээд сувилалд амарч байх вэ дээ. Өнгөрсөн хугацаанд “Алтангадас”, “Байлдааны гавьяаны одон”, “Хөдөлмөрийн гавьяаны одон” авсан. Ер нь ойн бүх медалийг авсан даа /инээв/.

-Гандангаас цалин авдаг уу?

-Би өөрөө тэтгэврийн хэдэн төгрөг авдаг. Дээр нь гандангаас цалин гэж 200 мянган төгрөг өгдөг юм. Яахав түүний хажуугаар өглөгийн эзэд сэтгэлээрээ мөнгө өгөх тохиолдол ч бий. Үүнийг тооцох юм бол хөөрхөн нэмэгдэл авчихдаг.

-Таныг өдий олон жил хөдөлмөрлөхөд тань арын албыг сайн хашсан ханиа танилцуулаач?

-Манай гэр бүлийн хүнийг Т.Лхагвадулам гэдэг. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул. Одоо 70 настай. Анагаах ухааны дээд сургуулийн эм зүйн ангийг төгссөнөөс хойш өнөөг хүртэл ажлаа хийж байна. Намайг ажил гээд завгүй явахад хүүхдүүдээ сайн хүмүүжүүлж өгсөн ханьдаа баярладаг юм. Бид хоёр зургаан хүүхэд, хоёр ач, долоон зээтэй. Хүүхдүүд маань нягтлан, эдийн засагч, эмч, сэтгүүлч, багшийн мэргэжил эзэмшээд ажиллаж амьдарч байна.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд