No menu items!
HomeЭмч зөвлөж байнаБ.Эрдэнэтуяа: Эмэгтэйчүүд эрт юм уу, хожуу цэвэршвэл эмчид хандах хэрэгтэй

Б.Эрдэнэтуяа: Эмэгтэйчүүд эрт юм уу, хожуу цэвэршвэл эмчид хандах хэрэгтэй

-

Цэвэршилт хүн бүхэнд тулгардаг жам ёсны үйл явц гэдгийг мэддэг ч энэ нь яаж явагддаг, ямар учиртай физиологийн үйл ажиллагаа болохыг төдийлөн мэддэггүй. Тиймээс эмэгтэйчүүдийн цэвэршилтийн талаар Сүхбаатар ЭМТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн Дотоод шүүрлийн эмч Болдбаатарын Эрдэнэтуяатай ярилцлаа.

-Юуны өмнө цэвэршилтийн талаарх ойлголтыг уншигчдад өгнө үү? 

-Цэвэршилт гэдэг нь нөхөн үржихүйн тогтолцооны хөгшрөлийн улмаас өндгөвчийн фолликулын буюу өндгөвчийн нөөцийн тоо цөөрч, үйл ажиллагаа нь алдагдаж, биений юм бүрмөсөн зогсох, эмэгтэй хүн бүрийн амьдралын тодорхой үе шатанд тохиолддог физиологийн үйл явц юм.

-Цэвэршилтийн дундаж нас хэд байдаг юм бэ?

-Эмэгтэйчүүд, хувь хүний бие физиологийн онцлогоос шалтгаалан хүн бүр эрүүлээр болон эмгэгээр хэдэн ч насанд цэвэршиж болдог. Ер нь дунджаар цэвэршилтийн нас Азийн орны эмэгтэйчүүдэд 47-52Европын орны эмэгтэйчүүдэд 51Монгол эмэгтэйчүүдэд 47-51 гэсэн үзүүлэлт байдаг. Мөн цэвэршилтийг эмэгтэйчүүдийн насаар нь ангилж үздэг. Үүнд хэт эрт цэвэршилт 39 наснаас өмнө, эрт цэвэршилт 40-44, хугацаандаа 45-55, хожуу цэвэршилт 55 наснаас дээш гэж ангилж үздэг. Бүсгүйчүүд маань өөрийгөө энэ насны ангилалд оруулж үзээд хэт эрт, эсвэл хожуу цэвэршиж байна гэж үзвэл эх барих эмэгтэйчүүдийн эмчид заавал үзүүлэх шаардлагатай.

-Эмэгтэйчүүд өөрийгөө цэвэршсэн гэдгийг хэрхэн мэдэх вэ?

-Сарын тэмдэг сар бүр ирэхгүй болохоор иргэд өөрийгөө цэвэршсэн гэж ойлгодог. Гэхдээ энэ нь бол буруу ойлголт юм. Харин сүүлийн сарын тэмдэг ирснээс хойш 12 сар буюу түүнээс дээш хугацаагаар ганц ч үзэгдээгүй бол цэвэршсэн гэж үздэг. Хамгийн түрүүнд эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх шаардлагатай. Эмч тухайн хүнээ үзэж асуумж авч, биеийн ерөнхий үзлэг хийж, оношийг баталгаажуулдаг. Мөн хэт авиан шинжилгээ болон дааврын шинжилгээгээр оношийг тогтоож болно.

Цэвэршилтийн үеийн шинж тэмдгүүд нь хүн бүрийн бие физиологийн онцлогоос шалтгаалж харилцан адилгүй илэрдэг. Ихэнхдээ эрт үед илрэх шинж тэмдэг нь биений юмны ирэх хэмжээ, үргэлжлэх хоног нь багасах, мөчлөг нь алдагдах, мөн халуу оргих, шөнө хөлрөх, зүрх дэлсэх, даралт ихсэх, яс сийрэгжих, сэтгэл түгших, цухалдах, таргалалт үүсэх /ялангуяа хэвлийгээр/ сэтгэл хөдлөл тогтворгүйтэх, нойр муудах гэх мэт олон шинж тэмдгүүд илэрч болно. Харин хожуу үед илрэх шинж тэмдэгт үтрээ хуурайших, ойрхон шээс хүрэх, шээс дусагнах гэх мэт шинжүүд илэрч болно.

-Цэвэршилтийн үед ямар тусламж, эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх вэ?

-Эмэгтэй хүн бүр амьдралынхаа туршид цэвэршилтийн үеийг даван туулдаг. Харин энэ үеийн шинж тэмдгүүд тухайн хүндээ хэр хөнгөн, хүнд илэрч байгаа гэдгээс шалтгаалан эмчилгээнүүд харилцан адилгүй байдаг.

Ерөнхийдөө хувь хүн өөртөө амьдралын зөв хэв маягийг хэвшүүлж дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Харин тухайн хүндээ хэт хүндээр илэрч байгаа шинж тэмдгүүдийг багасгахын тулд эмчийн зааврын дагуу эмийн эмчилгээ хийж болно.

Тодруулж хэлбэл, ясны сийрэгжилтээс сэргийлэх, витамин А, С, Е, Д, физик эмчилгээ, массаж, усан эмчилгээ, орлуулах даавар гэх мэт эмчилгээнүүд хэрэглэдэг. Гэхдээ даавар нөхөх эмчилгээг цэвэршиж байгаа хүн бүрт хийдэггүй.

Тухайн хүнд илэрч байгаа шинж тэмдэг хэр хүнд байгаагаас шалтгаалж эмч өөрөө сонгож хийдэг. Харин даавар нөхөх эмчилгээг хийхгүй байх эсрэг заалттай хүмүүс гэж байна.

Хөхний хавдрын өгүүлэмжтэй, умайн миом буюу умайн хоргүй хавдрын зангилаа гэж оношлогдсон, онош нь тодорхойгүй цус алдалттайумайн салстын хэт зузааралтай, артерийн судасны бөглөрөлтэйдаралт ихсэлттэй, элэгний өвчинтэй гэх мэтчилэн өвчнүүдийн үед даавар нөхөх эмчилгээ эсрэг заалттай байдаг.

Тиймээс цэвэршилтийн үеийн шинж тэмдгүүдийг даван туулахын тулд хүн бүр амьдралын зөв хэв маягтай, дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг, илүүдэл жингүй, зөв хооллолттой байх нь маш чухал юм.

-Цэвэршилтийн хэлбэр хүндээр илэрч, дээрх эмчилгээг хийлгээгүй тохиолдолд ямар хүндрэл үүсч болох вэ?

-Бүр тийм ноцтой хүндрэл бараг тохиолддоггүй. Харин сэтгэц мэдрэлийн талаасаа эмэгтэйчүүд маань стресст их орох, уур уцаартай, тайван байж чадахгүй болох, энгийн үед ч гэсэн айх, сэтгэл гутралд орж амьдрах хүсэлгүй болох гэх мэт шинжүүд илэрч болдог.

-Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд хандаж мэргэжлийн эмчийн хувьд зөвлөгөө, мэдээлэл өгнө үү?

-Цэвэршилт бол хүн бүрт л тулгардаг үйл явц. Энэ бол өвчин биш. Хүн бүр энэ үеийг даван туулдаг. Тиймээс хэрвээ та өөрийгөө цэвэршиж байгааг мэдвэл хамгийн түрүүнд сэтгэл санаагаа бэлдэж тайван байх хэрэгтэй.

Эмэгтэйчүүд сарын тэмдэг нь ирэхээ болихоор л өөрийгөө маш том стресст оруулдаг. Ингээд л бараг эмэгтэй хүн биш боллоо гэсэн бодлыг өөртөө төрүүлж, өөрийгөө стресстүүлдэг. Энэ бол маш буруу.

Нэгдүгээрт, хувь хүн өөрийнхөө сэтгэл зүйг бэлдэх хэрэгтэй. Мөн хувь хүний хооллолт маш чухал учир аль болох эрдсээр баялаг хоол унд, жимс, ногоо өмнөхөөсөө илүү хэрэглэж, махны хэрэглээг багасгах хэрэгтэй.

Цэвэршилтийн үед өмнөх үеийг бодвол хувь хүний бодисын солилцоо удаашраад эхэлдэг учраас өөхлөлт ихсэх хандлагатай болдог. Тиймээс махны хэрэглээний хэмжээг өмнө нь өдөрт 50 хувь гэж бодвол энэ хэмжээг одоо 25 хувь болгох хэрэгтэй. Мөн ислэг өндөртэй хоол хүнсийг түлхүү хэрэглэж, дасгал хөдөлгөөн хийх нь энэ үеийг даван туулахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг.

-Сүхбаатар эрүүл мэндийн төв эмэгтэйчүүдэд эмнэлгийн ямар тусламж, үйлчилгээ, урьдчилан сэргийлэх зөвлөгөөг өгч ажиллаж байна вэ?

-Сүхбаатар эрүүл мэндийн төв нь энэ жилээс эхлэн дүүргийнхээ 20 хорооны эмэгтэйчүүдийг эрүүл мэндийн төв дээрээ үздэг болсон. Мөн шинээр эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн эмчтэй болж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байгаа. Дотоод шүүрлийн эмчтэй болсноор бид эмэгтэйчүүдийн үргүйдэл, дааврын шалтгаантай янз бүрийн өвчлөлүүдийг түлхүү оношилж эрүүлжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Манай эрүүл мэндийн төв дээр эмэгтэйчүүдийн эхо, умайн хүзүүний дуран, умайн хүзүүний эсийн шинжилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг гээд тусламж үйлчилгээг үзүүлж, эрүүлжүүлэн ажилладаг. Нэг зүйлийг нэмж хэлэхэд, сар бүр эмэгтэйчүүдийн эмч нар хариуцсан өрхийн эмнэлгүүд дээрээ очиж, нэн шаардлагатай эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн үзлэгийг тогтмол хийж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан, гэр бүл төлөвлөлтийн аргад хамруулж, зөвлөгөө мэдээлэл өгч ажилладаг.

Нийтэлсэн: Ч.Өлзийсайхан MNB.mn сайт

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд