No menu items!
HomeНом ярьяА.Алимаа: Залуус баяжих тухай ном уншиж цаг алдах хэрэггүй

А.Алимаа: Залуус баяжих тухай ном уншиж цаг алдах хэрэггүй

-

“Ном яръя” буландаа ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиолын салбарын эрхлэгч, доктор Аюушжавын Алимааг урьж,  ярилцлаа.

-Ярилцлагынхаа эхэнд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн сонин сайхнаас уншигчдадаа хуваалцаач?

-Хэл зохиолийн хүрээлэн энэ жил их үр бүтээлтэй ажиллалаа. “Монгол аман болон бичгийн зохиолын уран сайхны төлөв, хэрэглээ” төсөлт ажлын хүрээнд тус хүрээлэнгийн аман зохиол, уран зохиол, төвөд судлал, сурвалж бичгийн эрдэмтэд хамтран “Монгол утга зохиолын их нэвтэрхий толь”/2016-2019/-ийг дуусгалаа.  Нэлээд далайцтай судалгаа орсон хамтын бүтээл болсон гэж бодож байна.

Зөвхөн манай Аман зохиол судлалын салбар гэхэд 2018 оны 9 сарын 21-23-нд хуралдсан “Дэлхийн тууль ба Жангар” симпозиумын эмхэтгэл, 2019 оны 07 сарын 26-нд “Монголын утга соёл, зан заншил” “Олон улсын хурлын эмхэтгэл, “Монгол ардын харилцаа дуу” гэдэг бүтээлийг Дорноговь аймгийн ахмад уран сайханч, СТА Н.Лантуу гэдэг хүний уран бүтээлд тулгуурлан өмнөх үг, аялгууны нот, шүлэг, үгийн тайлбар сэлттэй хэвлүүллээ. Мөн олон улсын аман зохоил судлаачдын индэр болсон жил бүрийн цуврал “Аман зохиол судлал” гэдэг эрдэм шинжилгээний сэтгүүлийнхээ 45 дугаар ботийг хэвлүүллээ.

Манай салбар санаачлан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУБИС-ийн Монгол судлалын төв, БНХАУ-ын Баруун хойд Үндэстний их сургуулийн Монгол хэл, соёлын сургуультай хамтран “Монголын утга соёл, зан заншлын зуны сургалт”-ыг Улаанбаатар хотод энэ оны 7 дугаар сарын 22-ноос 8 дугара сарын 04-нд зохион амжилттай байгууллаа. Энэ бол манай хүрээлэнгийн эрдмийн хамт олон, Монголын сонирхогч гадаадын судлаач эрдэмтдэд насны болон эрдмийн зэрэг цолны ямар нэг хязгаар тавиагүй, Монгол судлалд дуртай,  өөрийн гэсэн судалгааны чиглэлтэй хэн бүхнийг оролцуулсан өвөрмөц ажил болсон. Дараа жилийн сургалтаа хэзээ эхлүүлэх вэ гэсэн саналуудыг одооноос авч эхлээд байгаа тул сургалт үр дүнтэй болсон гэж үзэж байгаа.

Манай хүрээлэнгийн хэрэглээний хэл шинжлэлийнхэн гадаад нэр томъёоны асуудлаар олон улсын томоохон хурал хийсэн бол Алтай судлал, хэл шинжлэлийн салбарынхан Монгол хэл зүйн шинэ судалгааны ном бүтээл арвинтай энэ оноо үдэж байна.

-Таны хувьд ямар ажлуудыг амжуулав?

-Энэ жил олон улсын эрдэм шинжилгээний хуралд 3 илтгэл хэлэлцүүлсний 2 нь англи, орос хэлээр, эрдэм шинжилгээний 4 өгүүлэл бичиж, 3 ном редакторлаж, өмнөх үг бичиж, хэд хэдэн магистр, докторын бүтээлд санал үнэлгээ бичиж, гадаадын 2 их сургуульд уригдан лекц уншиж, СУИС-ийн ахисан түвшний сургалтанд хичээл заалаа. Мөн олон улсын ардын урлагийн их, бага 3 наадмын шүүгчээр ажиллав.

Эдгээрээс 2019 оны 4 сарын 4-10-ны хооронд Узбекистаны нийслэл Ташкент, Сурхандарья мужийн Термез хотноо Узбекистаны Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Bakhshi International art Festival”-д олон улсын шүүгчээр сонгогдон ажилласан нь миний хувьд төдийгүй манай ШУА-ийн нэр хүндийн хэрэг байсан. Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев тус наадмын зорилгыг “хүн төрөлхтний хосгүй өв болсон туулийн урлагийг залуу үед өвлүүлэх, олон улсын найрамдалт найрсаг харилцааг бэхжүүлэх улс үндэстэн бүр өөр өөрийн туулийг сурталчлан таниулах, туульчдын ур чадварыг нээн харуулах, соёлын бүтээлч, олон талт холбоог өргөжүүлэх” хэмээн тодорхойлсон бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд Казахстан (доктор Б.А.Сагиулы), Солонгос (проф. Мун Хён Сук), ОХУ (доктор Виолетта Юнусова), Франц (проф. Питер Жон Виеголд), Турк (проф. Т.Фикрет), Узбекистан (проф. Рустамбек Абдуллаев) нар байсан болно. Тус наадамд манай улсын нэрт туульч Авирмэдийн Балдандорж оролцож тусгай байр эзэлсэн сайхан амжилт гаргасан.

Хамгийн сүүлд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулалтын өндөр хэмжээнд болж өнгөрсөн Монгол Улсын Ерөөлч, магтаалч нарын анхдугаар зөвлөлдөх уулзалтад илтгэл хэлэлцүүлж,  “Ерөөлч, магтаалч нарын улсын VIII уралдаан”-ны шүүгчээр ажиллаад ирлээ.

-“Монгол утга зохиолын их нэвтэрхий толь” гэж дурдлаа. Энэ бүтээлийнхээ талаар тодруулбал?

 -Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиолын салбарын эрхлэгч, доктор, профессор С.Байгалсайханы удирдлагаар уг толийг хийж өндөрлөж байна. Одоо редакцийн зөвлөлийнхөн ажилдаа орсон. Уг толь нь эртээс аваад өнөөдрийг хүртэлх хугацааны Монгол соёл, зан заншил, аман зохиол, эртний болон орчин цагийн уран зохиол, сурвалж бичиг, төвөд судлалын салбарын бүхий л ололт амжилт, ном бүтээл, шүүмж судлал, шилдэг зохиол бүтээл, түүнийг бүтээсэн авьяастан, зохиолчид гээд өргөн хүрээний асуудлыг багтаасан нийтдээ 5000 орчим ойлголт, ухагдахуун, мэдээлэл, номзүй, хавсралт  бүхий академик хэвлэл болж байна.

Харамсалтай нь, Шинжлэх ухааны салбарынхны “зовлон” бол зөвхөн цалин өгдөг, хэвлэлийн зардал тэр бүр тусгагддаггүй учраас ийм том хэмжээний бүтээлийг хэвлүүлэх зардал байхгүй байна. Гэхдээ хэвлүүлэх талаар хүрээлэнгийн зүгээс чадах бүхнээ хийх болно.

Бид хөдөлмөрийн үр шим болсон уг толио хэвлүүлээд улсынхаа бүх ЕБС-д үнэгүй хүргэнэ гэж “мөрөөдөж” байна даа. Зөвхөн аман зохиолын толгой үг гэхэд л хэдэн зуун ойлголтоос бүрдэж болсон. Жишээ нь, Алтан хараацай шувуу гэхэд хүн төрөлхтөнд анх гал авчирч өгсөн гэдгээс эхлээд холбогдох өч төчнөөн домог үлгэр, бэлгэдэл, заншил байдаг шүү дээ. Энэ хөөрхөн бэлгэдэлт шувууны талаар тайлбарлаад бичсэн байх жишээтэй.

-Та ном орчуулсан гэсэн ямар ном орчуулсан бэ?

-Нэлээд эрт цагт Монголчуудын тухай ажиглаж, сурвалжилж, судалж бичсэн оросын Монголч эрдэмтдийн олон сайхан ном байдаг. Тэдгээрээс Монголчууд бид гарцаагүй унших, судалгаандаа ашиглах ёстой хоёр бүтээлийг сонгож ажлынхаа зав чөлөөгөөр,  хүмүүсийн хүсэлтээр орчуулж дуусгасан.

Нэг нь ОХУ-ийн Монголч эрдэмтэн Г.Н.Потанин гэж алдартай аялагч, эрдэмтэн хүний Монгол орноор аялсан тайлан 4 боть номын 4-р боть нь. Григорий Николаевич Потанины нэг удаагийн аялал гэхэд,  1876 оны зун Монгол Алтай, Ховд голын эхээр явж намар нь Ховд хотод эргэн очиж Баруун хойт Монголын худалдааны төвд өвлийг өнгөрөөж 1877 оны хавар аялагчид Ховдоос гарч хоёрдахь удаагаа Монгол Алтайгаар явж, Зүүнгарын говь, Бархөл хот, Хами, зүүн Тянь шань хүрч эргэн Монгол Алтайгаар давж Улиастай хотод хүрчээ.

Зуны аяллын хоёрдахь хэсэг Хөвсгөл нуураас Увс нуур хүртэлх нутаг, Хангайн уулсыг судалж намар орой Улаангомоос Ховд хотод ирж, тэндээсээ Чуу гол, Кошгачийг чиглэн тэндээс 12 сарын 17 гэхэд оросын хил хүрч аялалаа төгсгөсөн байна. Энэ аяллын дүнд Монгол Алтай, Зүүнгарын говь, Тянь шань уулын үзүүр, Хангайн уулс, Монгол орны нуурын системийг авч үзэж амьтан, ургамал, газар зүйн нэлээд баялаг цуглуулгатай, хамгийн чухал нь Монголчуудын тууль үлгэр, домог хууч, зэргийг нарийвчлан тэмдэглэж авсан байдаг. Эндээс Монголчууд ямар их аман билгийн өв сантай юм бэ гэдгийг мэдэж авсан. Тиймээс эдгээрийг мэргэжлийн дагуу орчуулсан хэрэг. Удахгүй хэвлүүлж нийтийн хүртээл болгоно.

Хоёрдахь ном нь цэвэр судалгааны бүтээл л дээ. Мөн оросын академич В.М.Жирмунскийн бичсэн “Түрэгийн баатарлаг тууль” ном юм.  1974 онд шавь нар нь хэвлүүлсэн байдаг. 1941 онд фашистууд Орос орон руу дайрч хүнд хэцүү цаг тулгарчээ. Тэгэхэд оросууд шилдэг эрдэмтдээ аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж оюун санааны “нөөц”-өө хамгаалах арга хэмжээ авсан байдаг. Тэдгээр эрдэмтний нэг болж хэл шинжлэлийн эрдэмтэн Жирмунский одоогийн Узбекистан улс буюу Дундад Азид очсон байдаг. Энд байхдаа тэрээр узбекүүдийн амьд уламжлалаа хадгалан хайлагдаж байгаа туулийг судлах боломжтой болжээ. Туульчдыг хараад зогсохгүй түрэг хэл сурч, бусад улсын туультай харьцуулан судалж олон өгүүлэл бичсэн нь энэ номд орсон байдаг.

Узбекийн “Алпамыш”, дэлхийн хамгийн урт тууль гэгдэх киргизийн  “Манас” болон “Коркутын ном”, дундад азийн баатарлаг туулиудыг нарийвчлан судалж  хэд хэдэн баримт бүхий нээлтүүдийг хийхдээ “Алпамыш” гэдэг хөлгөн тууль Монголчуудын өлгий болсон Алтайн өвөрт бүрэлдэн тогтсон баатарлагийн үлгэрийн хувьслын шууд үр дүн гэж үзсэн. Тиймээс бид өөрсдийн туулийн судалгаандаа ийм бүтээлүүдийг заавал уншиж судалсан байх шаардлагатай юм. Энэ бүтээлээ боломжтой бол хэвлүүлнэ, одоохондоо судалгаанд зориулан орчуулаад байна.

-Залуучууд ер нь ямар ном уншвал  зүгээр вэ?

-Миний бодлоор “Миний аав баян”, “хэрхэн баяжих вэ” гэх мэт ном уншиж цаг алдах хэрэггүй болов уу. Бидэнд Монголын соёл, түүх зан заншлаа хадгалж авч үлдэх шаардлага тулгарч, нөхцөл байдал ч хэдийнээ бүрэлдсэн байна. Түүний тулд юуны өмнө өөрсдийн гэх бүхнээ сайн мэддэг, уншсан, ялгаж салгаж ойлгодог болсон байх учиртай болов уу. Тэгж байж бид ялгаа, давуу талаа олж харж, тэр нь Монголчуудын үндэсний баялаг болно.

-Эртний үлгэр, домог туулийг уншснаар хүүхэд залуучууд яаж хөгжих вэ?

-Үлгэр, домог, тууль унших хэнд хэрэгтэй юм бэ? гэдэг асуултад хариулах хялбар биш. Учир нь бид өөрсдийн үлгэр, домгийн нэгдсэн бүртгэл гаргаагүй, түүнд тулгуурласан гол гол судалгааг хийгээгүй хэт том том сэдэв ярьж, хөлгүй цээж толгой болчихоод байна. Байшинг дээврээс нь эхэлж зурж болохоос барьж болдоггүй. Эрхбиш суурь хэрэгтэй. Энэ суурь бол үндсэндээ Монгол хэл, аман зохиол, зан заншил, эртний түүх маань юм.  Үүнийг бусад соёлт улс орнууд сайн мэддэг учраас Финландын судлаач А.Аарне 1907 онд “Үлгэрийн харьцуулсан судалгаа” гэдэг сэдвээр диссертац бичиж 1910 онд “Үлгэрийн хэв шинжийн бүртгэл”(Verzeichnis der Märchentypen) –ийн систем бичсэн. Энэ систеээр дэлхийн олонхи ус орон үлгэрээ бүртгэчихсэн. Өөрөөр хэлбэл, манай улс үлгэр, домог, тууль зэргийг энгийн хялбар зүйл, хүүхэд уншдаг юм гэж ойлгоод чухал гэдгийг өнөө хэр  мэдэхгүй яваад байна гэсэн үг л дээ. Өөрсдийнхөө үлгэрийг бүртгэж чадаагүй улс бусад орны соёлыг ойлгоно гэж байхгүй, соёлыг нь ойлгоогүй учраас тэнгэр нураах чинээний маш бүдүүлэг, бусдыг хүндэтгэдэггүй, өөрсдийгөө хэт дээгүүр тавьдаг өчүүхэн мөртөө дүр үзүүлэгчид их болсон хэрэг.

Монгол үлгэрээ сайхан ярьдаг өвгөд хөгшид хэд байна? Хэд үлдэв? Өнөөгийн хүүхдүүд хүйтэн сэтгэлтэй, амиа хичээгчид, зөв ярьж, бичиж чадахгүй нь их боллоо гэдгийн цаана төдий хэмжээний үндэсний соёл байхгүй болсон гэж ойлгож болно. Улс орон өнө мөнхөд оршин тогтнох үндэс нь  үнэндээ маш энгийн. Хэл, соёл, түүх, үлгэр, оньсого, зүйр үг тэргүүтэн шүү дээ. Хүүхэд залуучуудадаа энэ бүхнийг ханатал, зөв, тогтолцоотой өгөх хэрэгтэй. Хичээлийн хөтөлбөрөөс хасчихаар энд тэндгүй болсон болоогүй, чанаргүй үлгэрийн номууд гараад ирж байгаа хэрэг. Тэдгээр ном эргээд буруу ойлголт өгөх, төсөөлөл суулгах, аман зохиолдоо дургүй болгох нөхцлийг бүрдүүлж байж болох юм. Ингэхээр Монгол сэтгэхүй,  үндэсний сэтгэлгээ гэж үнэндээ байхгүй болно. Хүний юмыг бэлэнчилдэг, хуулдаг, будаа иддэг, өөрийн бодолгүй хүмүүстэй болж хувирна. 

-Хүүхэд, залуучуудыг  уран зохиолын номонд  дуртай болгохын тулд ямар ном, судлаач эрдэмтэдийн ном зохиолыг уншуулах хэрэгтэй вэ?

-Хүүхэд, залуучууд номын санд очдог, Монгол хэл, уран зохиолын хичээл чанартай болсон цагт ямар ном унших вэ, аль нь чухал, аль нь сайн ном вэ, гэдгээ мэддэг болно. Бас манай номын сангууд хаалгаа улам ихээр нээж, аз жаргалтай болгодог ордон болгосон цагт, зохиолчид мэдлэгтэй, чадвартай болж, номын чанарыг уншигчид өөрсдөө үнэлдэг болсон үед номд дуртай болох боломжтой. Тэрнээс хичнээн хөрөнгө зарж гоё хэвлээд хэрэггүй. Одоогоор шилдэг номыг шалгаруулж, зарлаж байгаагийн цаана мөнгө оршиж байгаа нь нууц биш. Уншигчид бид дүнгээ тавьдаг, зөв үнэлдэг болох хэрэгтэй байна.

-Орчуулгын зохиолуудын тухайд?

-Хэн орчуулсан, ямар зорилгоор аль номыг орчуулсан бэ гэдгийн хүмүүс шүүж чаддаг болж байна. Сайн сайн орчуулагчид олон болж байгааг олж харж болохоор болсон.  Жишээлбэл Аким гуайтай бол маргах арга байхгүй шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Г.Бадамханд

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд