Н.Сувдмаа: Үер усны гамшгийн дараа халдварт өвчин нэмэгдэх эрсдэл үүсдэг

0
116

Эрс тэс уур амьсгалтай манай улсын хувьд зуны улиралд гэдэсний халдварт өвчин идэвхэждэг бөгөөд ялангуяа гэнэтийн үер усны гамшиг ойр ойрхон тохиолдож буй энэ үед халдварт өвчний эрсдэл нэмэгдэж болзошгүй тул халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд юуг анхаарах талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа эмч зөвлөж байна. 

Тэрбээр “Үер усны гамшгийн дараа халдварт өвчин нэмэгдэх эрсдэл үүсдэг. Иймд нийгмийн хариуцлагын хүрээнд нөхөн сэргээх үйл ажиллагаанд оролцож байгаа иргэд, үерт өртсөн айл өрхүүд нэгдүгээрт, ойр орчимд үүссэн лаг шавар, бохирдлыг цэвэрлэх хэрэгтэй. Цэвэрлэгээнд оролцож байгаа иргэд, алба хаагчид усны гутал, бээлий, малгай, нүдний шил, амны хаалт зүүх, цэвэрлэгээ дууссаны дараа ажлын хувцсаа сольж, угааж ариутгана.

Гэр хорооллын айл өрхүүд хөрсний халдваргүйжүүлэлт болон нүхэн жорлон, бохирын цооногийн халдваргүйжүүлэлт хийх, иргэд нүхэн жорлонд бие засахдаа солих гуталтай байх нь халдвараас сэргийлэхэд томоохон нөлөө үзүүлнэ гэдгийг мартаж болохгүй юм.

Иргэн бүр эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалж, мэргэжлийн байгууллагаас хүргүүлж байгаа зөвлөмжийг сайтар дагаж мөрдөх шаардлагатай байна” гэв.