Энэ сарын 7-ны өдөр БЗД-ийн 25 дугаар хороо Натур орчимд буун дуу гарсан гэх хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.
ЦЕГ-аас “Цагдаагийн байгууллагад энэ сарын 7-ны 21 цагийн орчимд БЗД-ийн зургаадугаар хороонд байрлах цахим тоглоомын газарт хүн бусдад хутгалуулсан гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад “39 настай Б нь 33 настай У-г хутгалж хэргийн газраас зугтсан байсан. Шуурхай эрэн сурвалжилж 39 настай эрэгтэй Б-г саатуулан шалгасан. Саатуулах явцад биедээ хутга авч явж, бусдад болон өөртөө аюултай нөхцөл байдал үүсгэсэн учир цагдаагийн байгууллагаас албаны тусгай хэрэгсэл хэрэглэсэн” гэв.
Түүнчлэн, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд “Өчигдөр буюу наймдугаар сарын 7-нд цагдаагийн байгууллагад бусдын эрх чөлөөнд зэвсэг болон зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, халдсан гэх дуудлага мэдээлэл ирсэн.
БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хэргийн газарт очиход тухайн хэргийг үйлдсэн гэх этгээд хэргийн газраас зугтсан учир эрэн сурвалжилж, дуудлага ирснээс 30-40 минутын дараа Бөхийн өргөөний урд байрлах 22 дугаар байрны гаднаас хэргийг үйлдээд зугтсан иргэн Б-г олж тогтоосон. Тухайн иргэн хоёр гартаа хутга скочоор наасан байдалтай байсан. Цагдаагийн алба хаагчийн хутгаа тавих шаардлагыг үл биелүүлж “Би шийдсэн” гэдэг яриаг гаргасан. Ийм учраас цагдаагийн байгууллагаас хүч нэмэгдүүлэн Б-тэй хэлэлцээр хийсэн. Ямар зорилгоор цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй байгаа талаар 2 цаг хэлэлцээр хийсэн юм. Түүний тавьсан шаардлага цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлэх боломжгүй байсан учир албадлага хэрэглэх зайлшгүй шаардлага гарсан.
Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу албадлага буюу резинэн сумтай бууг хэрэглэсэн. Энэ тохиолдолд буун дуу гарлаа хэмээн олон нийт шуугьж байгаа. Энэ нь цагдаагийн алба хаагчийн хэрэглэсэн резинэн сумтай буун дууны чимээ байсан юм.
Хутгаа тавих шаардлагыг биелүүлээгүй тул галт зэвсэг хэрэглэх зайлшгүй шаардлага гарсан гэдгийг хэлье. Резинэн сумтай бууг хэрэглэсний дараа иргэн Б-д эрүүл мэндийн үзлэг шалгалт хийлгэхэд биеийн байдал хэвийн байсан тул мөрдөн шалгах эрх бүхий цагдаагийн алба хаагчид хүлээлгэж өгсөн болно” гэв.