Ш.Зоригоо: Чихрийн шижингийн үед судасны бүтэц өөрчлөгдөн хатуурч, нэг бол бөглөрч, эсвэл хагардаг

0
89

“Улаанбаатар Сонгдо” эмнэлэгийн Эмчилгээ эрхэлсэн захирал, Зүрх судасны мэс засалч Ш.Зоригоогийн чихрийн шижин өвчний талаар өгсөн мэдээллээс онцлон хүргэж байна.

Тэрбээр “Судас нь шаар шиг тэлдэг, уян хатан шинж чанартай. Чихрийн шижингийн үед судасны бүтэц өөрчлөгдөн хатуурч, нэг бол бөглөрч, эсвэл хагардаг. Хагарахад тархинд цус харвах, бөглөрвөл зүрхний шигдээс, нарийсвал бөөрний дутагдал үүсэх магадлал өндөр. Хамгийн гол нь судасны үйл ажиллагаа алдагдсанаар нийт эрхтэнд нөлөөлөх аюултай тул эмчилгээний баг ажилласнаар өвчилсөн судсыг тогтоож, зохих эмчилгээг хийнэ.

Өвчин хүндрэх болон өвчилж байгаагийн гол шалтгаан нь хотжилтоос үүссэн амьдралын буруу хэвшил, хөдөлгөөний дутагдал, жин их байх. Мөн энэ өвчнөөр өвдөхөд стресс ч нөлөөлж байна уу гэж харж байна. Түүнчлэн хооллолтын буруу дадал ихээхэн нөлөөлдөг. Энэ өвчнөөс сэргийлэх арга зам нь хооллолт болон дасгал хөдөлгөөндөө анхаарах юм.  Жишээлбэл, хүмүүс гурилан бүтээгдэхүүн, жимс их хэрэглэх болсон. Орой бүр чихэрлэг жимс идэхтэй би хувьдаа санал нийлдэггүй.

2000 оны эхэн үеэс хооллолтын дэглэмд жимс хэрэглэх нь зүйтэй гэдэг зөвлөмж гарч байсан. Үнэн хэрэгтээ жимснээс авч буй сахар нь ёотонгоос ч их байдаг. Тэгэхээр орой бүр хэрэглэх нь хэр зохистой талаар бодох ёстой.

Өвчин нь хүндэрсэн хүмүүсээс сахарын хэмжээг нь хэн хянаж байгааг асуухад өөрөө хянадаг гэдэг. Гэтэл хувь хүн өөрөө сахараа хянах боломжгүй бөгөөд зөвхөн дотоод шүүрлийн эмчийн хяналтад байх ёстой. Мөн хяналтын эмчээ солихгүй байхыг зөвлөе. Учир нь тухайн хүний жилийн өмнө ямар байсан, одоо биеийн байдал нь ямар байна, жин өссөн уу, буурсан уу гэх мэтчилэн бүгдийг мэдсэнээр эмчилгээний аргаа боловсруулаад явдаг. Харин эмчээ солиод байвал бүгдийг “0”-ээс эхлэх хэрэгтэй болно. Тиймээс хяналтын процессыг алдаж болохгүй.

Шинжилгээгээр цусан дах сахарын хэмжээ их гарвал нэн даруй дотоод шүүрлийн эмчид хандан зохих дэглэмээ заалган, баримтлах нь хамгаас чухал” гэв.

Эх сурвалж: УБ Сонгдо