“Жирэмсний үеийн илүүдэл жин, таргалалт нь хүүхэд том биетэй, илүүдэл жинтэй төрөхтэй шууд холбоотой”

НЭМҮТ “Хүүхдийн илүүдэл жин, таргалалт, өргөн хүрээний дүн шинжилгээ” номыг хэвлэн гаргажээ. Үүнд дурдсан тав хүртэл насны хүүхдийн илүүдэл жин, таргалалтын эрсдэлт хүчин зүйлсийн талаар мэдээллийг хүргэж байна.

Таваас дээш насны хүүхдийн дунд таргалалтын тархалт “бага” байгаа хэдий ч, 6-11 ба 13-17 насны бүлэгт илүүдэл жин, таргалалтын тархалт “маш эрчимтэй” нэмэгдэж байна. Мөн биеийн өндөртөө тохирохгүй илүүдэл жинтэй хүүхдийн үзүүлэлт 5 хүртэлх насны хүүхдийн дунд “өндөр” байв.

Тав хүртэлх насны хүүхдийн дунд илүүдэл жингийн тархалтыг хүйсээр харьцуулан үзвэл бага зэргийн ялгаа (хөвгүүд-11.2%, охид-9.8%) ажиглагдсан болно. Харин бүс нутгаар авч үзвэл, Баруун (7.5%) болон Зүүн (9.8%) бүстэй харьцуулахад Хангайн бүсэд илүү өндөр буюу 12.4%, Төвийн бүсэд 11.6% байна.

Таргалалт Улаанбаатар хот (3.6%), аж байдлын түвшний 2-р бүлэгт багтаж буй өрхийн 5 хүртэлх насны хүүхдийн (4.4%) дунд илүү өндөр байна. Бага насны хүүхдийн илүүдэл жин, таргалалтын тархалт хөвгүүдийн дунд охидоос, мөн наснаас дээш насны хүүхдийн үзүүлэлтээс харьцангуй өндөр байв.

Дэлхийн хоол тэжээлийн тайланд тусгасан “5 хүртэлх насны хүүхдийн дунд илүүдэл жингийн тархалтыг нэмэгдүүлэхгүй байх” зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр Монгол Улс амжилт гаргаж чадаагүйгээс гадна, 2025 он хүртэлх хугацаанд 5-с дээш насны хүүхдийн илүүдэл жингийн тархалтыг (4%) нэмэгдүүлэхгүй байх ДЭМБ-ын зорилтод хүрэх боломж “тун бага” байгааг ХБӨ-ний Эрсдэлт хүчин
зүйлийн хамтын ажиллагаа байгууллагын судалгаа харуулж байна. Дэлхийн Таргалалтын Холбооноос Монгол Улсын хүүхдийн таргалалтад өртөх эрсдэлийг 11-ээс 5 оноо буюу “дунд зэрэг” гэж үнэлжээ.

Хүүхдийн илүүдэл жингийн эрсдэлт хүчин зүйлс

Эхийн хоол тэжээлийн байдал хүүхэд илүүдэл жин, таргалалтад өртөх чухал эрсдэлт хүчин зүйл болдог. Эхийн жирэмсний үеийн илүүдэл жин, таргалалт нь хүүхэд том биетэй, илүүдэл жинтэй төрөхтэй шууд холбоотой. Том жинтэй төрсөн (>4000 г) хүүхэд насанд хүрсэн хойноо илүүдэл жинтэй болох магадлал хэвийн жинтэй төрсөн хүүхдээс 2 дахин илүү байдаг. Түүнчлэн илүүдэл жинтэй хүүхэд насанд хүрсэн хойноо чихрийн шижин–хэв шинж 2, артерийн даралт ихсэх өвчнөөр өвчлөх эрсдэл нь ихэсдэг байна.

Эхийн тамхины хэрэглээ нь хүүхдийн илүүдэл жин, таргалалтын биеэ даасан эрсдэлт хүчин зүйл болдог. Дээр дурьдсан эрсдэлт хүчин зүйлсийн зэрэгцээ, тураал, өсөлт хоцролт зэрэг бага насанд тохиолдсон хоол тэжээлийн дутал нь хожим хүүхэд бодисын солилцооны хямралаас үүдэлтэй илүүдэл жин, таргалалттай болох өндөр эрсдэлийг дагуулдаг байна.

Нялх, бага насны хүүхдийн өсөлт хоцролт нь хүүхэд насандаа илүүдэл жинтэй болох улмаар насанд хүрсэн хойноо ХБӨ-өөр өвчлөх шалтгаан болдог. Эхийн сүүгээр хооллолт нь хүүхдийг илүүдэл жин, таргалалтаас хамгаалдаг бол нэмэгдэл хоолонд эрт оруулах, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг хэрэглэх нь хүүхэд илүүдэл жинд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Жирэмслэхээс өмнөх болон жирэмсэн үеийн эхийн хоол тэжээл нялх бага нас болон хүүхэд насандаа эрүүл, зөв хооллож, хоол тэжээлийн байдал нь сайн байвал хүүхдийн илүүдэл жин, таргалалтад өртөх эрсдэлийг бууруулдаг.