НЭМҮТ: Хүүхдэд хамгийн чухал үнэгүй аминдэм бол нойр

Хүүхдэд хамгийн чухал үнэгүй аминдэм бол нойр болохыг НЭМҮТ-өөс сануулж байна. Тиймээс,

  • Орой тогтсон цагт унтуулж хэвшүүлэх
  • Шөнө унтахад таатай орчинг нь бүрдүүлэх (дуу чимээ гаргахгүй байх, гэрлээ унтраах)
  • Зурагт, гар утасны хэрэглээг нь хязгаарлах ( өдрийн цагийн дээд хязгаар нь 2 цаг хүртэл)
  • Унтахын өмнө үлгэр уншиж өгөх
  • Өрөөний агаар сэлгэх
  • Өглөө тогтмол цагт сэрээх хэрэгтэй аж.

Мөн НЭМҮТ -өөс “Хүүхдийн илүүдэл жин, таргалалт, өргөн хүрээний дүн шинжилгээ” номонд дурдсанаар, Чихэр, өөх тосны агууламж ихтэй хүнсний хэрэглээ, хөдөлгөөн багатай, суугаа амьдралын хэв маяг, нойр дутуу байх нь 5–19 насны хүүхдийн илүүдэл жин, таргалалтын анхдагч эрсдэлт хүчин зүйлс болно гэжээ.

Түүнчлэн, СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгор “Хүүхдийг нойргүйдэлд хүргэх олон шалтгаан байдаг. Зарим тохиолдолд угаас нойргүй, нойрны хэрэгцээ багатай хүүхэд байдаг. Бага байхаасаа л бага унтдаг гэдэг ч юм уу, эсвэл оройтож унтаад, өглөө эрт сэрдэг гэх мэтээр ярьдаг. Харин зарим тохиолдолд хэвийн нойртой байсан хүүхэд нийгэм, сэтгэл зүйн гаралтай ямар нэгэн стрессд өртсөний дараа нойргүйдэж болдог. Тухайлбал, гэр бүлд нь ямар нэгэн хэрүүл, маргаан гарсан. Эцэг, эх нь хоорондоо ам зөрсөн гэх мэт таагүй мэдрэмж төрүүлэхүйц үйл явц болоход хүүхэд дэргэд байсан бол түүнээс болоод стрессд өртөж, нойргүйддэг. Нийгэм, сэтгэл зүйн гаралтай стрессд өртөх хүчин зүйлүүдээс гадна амьдралын хэв маяг өөрчлөгдөхөд мөн нойргүйдэлд орж болдог. Үүний тод жишээ хөл хорионы улмаас өдөр тутмын хэв маяг, хэвшил өөрчлөгдсөн. Ялангуяа хүүхдүүд өглөө эрт босоод сургууль, цэцэрлэгтээ явдаг байсан бол тэр хэвшил өөрчлөгдөхөөр хүүхдүүдийн нойрны мөчлөг нь алдагддаг. Жишээлбэл, өдөр нь унтдаг, өглөө их унтсаны улмаас орой нойр нь хүрэхээ болино. Унтах цаг нь оройтсоор байгаад өдөр, шөнийн нойрны мөчлөг алдагдах асуудал гарч болдог. Зарим тохиолдолд хүүхдүүд оройтож унтсаар байгаад архаг ядаргаанд орж, бүр унтахаа болих нь бий. Нойргүйдэлд хүргэж байгаа олон шалтгаан байна. Мэдээж бие махбодийн ямар нэгэн өвчинтэй, түүнээсээ болоод өвдөлт мэдэрч байвал нойргүйдэлд орж болно. Мөн нийгэм, сэтгэл зүйн гаралтай нойргүйдэл бас хүүхдэд үүсэж болдог” гэдгийг хэлсэн юм.