No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЭмч зөвлөж байна: Хаврын цагт агаарын даралт, улирлын онцлогоос болж ядарсан хүмүүс...

Эмч зөвлөж байна: Хаврын цагт агаарын даралт, улирлын онцлогоос болж ядарсан хүмүүс эмзэг болдог

-

Мэдрэлийн ядаргааны тухай мэргэжлийн эмч нарын өгсөн зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.

Ч.Өнөржаргал: Мэдрэлийн ядаргаанд орсон хүн амархан ядарч, хөлөрнө

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмч Ч.Өнөржаргал: Хүн зөвхөн хаврын цагт л ядаргаанд ордог юм биш. Жилийн дөрвөн улирлын аль үед ч ядарч болно. Харин хаврын цагт агаарын даралт, улирлын онцлогоос хамаарч хэт ядарсан хүмүүс эмзэг болдог.

Ядаргаа нь биеийн болоод сэтгэл, оюуны хэт ачаалал, амьдралын хэв маягт өөрчлөлт орсны улмаас үүснэ. Эдгээр нь хүний бие махбод эрхтэн системийн үйл ажиллагаанд нөлөөлөн, хямруулж эхэлдэг. Төв мэдрэлийн системийн ачаалал хэт ихэссэнтэй холбогдон мэдрэлийн систем хэвийн ажиллаж чадахгүй болж, хүн мэдрэлийн ядаргаанд ордог. Ийнхүү мэдрэлийн систем ядаргаанд орсон үед төв мэдрэлийн тогтолцоон дахь мэдрэл дамжуулагчийн концентрацад мөн өөрчлөлт орно. Ядаргаа нь ихэвчлэн ажил мэргэжлийн ачаалал, сэтгэл санааны хямрал, нас, жил цаг улирал зэргийг дагалдан үүсдэг буюу хүндэрч байдаг.

Мэдрэлийн систем нь бүх эрхтний үйл ажиллагааг зохицуулж байдаг. Тэр ч утгаар нэн түрүүнд сэтгэлийн хямралд удаан хугацаанд өртсөнөөс болж, өөрийн сэтгэл хөдлөлийг удирдахад хэцүү болдог. Энэ үед уурламтгай, мартамхай, бухимдуу болох шинж илэрнэ. Мөн унтаад босоход  бие амарсан шинжгүй, нойр дутуу, бие хүндэрч залхуурах, ажлын эрч хүч суларч мэдэгдэнэ.

Мэдрэлийн ядаргаанд орсон хүн амархан ядарч, хөлөрнө. Бас тамирдана. Түүнээс гадна нойргүйдэх, хөдөлмөрийн чадавхи, оюуны чадамж буурах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Хууч өвчин хялбархан дахин сэдрэх, эмчилгээ авах нь удааширч, нойргүйтэх нь бий. Толгой өвдөх, гар чичрэх, зүрх өвдөж  даралт ихсэх, хоолны шингэц муудах зэрэг нь мэдрэлийн ядаргаанд орсны анхны шинж тэмдгүүд юм.

Б.Анар: Мэдрэлийн ядаргаа нь хэт ачааллаас үүдэлтэй байдаг

ТТАХНЭ-ийн гэмтлийн тасгийн тэргүүлэх зэрэгтэй эмч Б.Анар: Хахир хүйтэн өвлийн улирал дуусч, урин хаврын улирал эхлэхтэй зэрэгцэн газар гэсэх үеэр хүний биоритм улирал шилжих хэсэгхэн хугацаанд эрчимждэг. Энэ үед ядарч сульдах, архаг хууч өвчин нь сэдрэх гэм мэт шинжүүд их бага хэмжээгээр хэсэгхэн хугацаанд ажиглагдаад өнгөрдөг.

Харин мэдрэлийн ядаргаа буюу мэдрэл сульдал нь хэт ачааллаас үүдэлтэй байдаг. Ажил амралт, хоол унд тэр тусмаа шөнийн нойр муу байхаас шууд хамааралтай болохоос улирал солигдохтой хамааралгүй байдаг.

Юуны түрүүнд тайван бус болж ухаан санаа төвлөрөхгүй, нойр хүрэх боловч унтаж чадахгүй, унтсан ч ойр орчны дуу чимээ мэдрэх, цухалдах нэг үгээ олон дахин давтаж, үглээ болдог. Удалгүй толгой өвдөх, дүүнгэтэх, сэтгэн бодох чадвар алдагдах, артерийн даралт хэлбэлзэх, чих шуугих, толгой эргэх, архаг хууч өвчлөл сэдэрдэг.

Мэдрэлийн ядаргаанд ороод арга хэмжээ авалгүй явснаар архаг нойргүйдэл, дипресс, стресс, сэтгэл гутралд орж, сэтгэцийн тулгамдсан асуудалтай болдог. Ийм үед олон төрлийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээг системтэйгээр авах шаардлагатай.

Т.Баасандорж: Ядаргааг эм тариагаар тайлдаггүй

“Эмч зөвлөж байна” булангаараа ШУГТЭ-ийн мэдрэлийн эмч Т. Баасандорж: Мэдрэл сульдал гэдэг нь олон шинж тэмдгээр илэрнэ. Жишээлбэл, нойргүйтэх, юм их мартах, сэтгэл санаа тавгүйтэх, аливаа зүйлд амархан бухимдах, уур уцаартай болох, анхаарал буурах,  ядрах, нүдний хараа бүрэлзэх,  чих шуугих, толгой эргэх гэх зэрэг олон шинж тэмдгээр илэрдэг.Эдгээр нь нойргүй удаан хугацаагаар явах, дасгал хөдөлгөөний хомсдол, ажлын ачаалал зэрэг амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй байдаг.

Архаг ядаргаа гэдэг нь амьдралын хэв маяг буруу байгаагийн илрэл. Тиймээс нэн тэргүүнд амьдралын буруу хэвшлийг зөв болгох нь чухал. Гэхдээ хувь хүнээс хамаарсан онцлогууд бий. Тухайлбал, нэг төрлийн ажил хийж байгаа хоёр хүний нэг нь ачаалал дааж байхад нөгөөх нь ачаалал даахдаа муу, стресст амархан өртөх, ажлын бүтээмж муу байх зэрэг харилцан адилгүй байдаг. Товчхондоо хэлэхэд өөрийгөө танин мэдэх нь чухал гэсэн үг. Дасгал хөдлгөөн хийх, хооллолтондоо анхаарах, бэлэн боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зэрэг. Эдгээрийг стресс менежмент гэж үзэж болно.  

Эм тариагаар ядаргааг тайлдаггүй. Ажил амралт, амьдралын хэв маягаа өөрчлөх нь үүнээс илүү чухал. Эм тариа нь зөвхөн бодисын солилцоог дэмжих, туслах чанартай болохоос үндсэн чанартай биш.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд