Кристиано Рональдо: Таван ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч болсноороо би маш их бахархаж байна

0
342

Хөл бөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний H хэсгийн хоёр дахь тоглолт өчигдөр Португал, Гана улсын шигшээ багуудын хооронд өрнөсөн юм. Тоглолт 3:2 харьцаатай өндөрлөж, португалчууд эхний хожлоо авлаа.

37 настай Португалийн домогт тамирчин Кристиано Рональдо энэ тоглолтын үеэр дэлхийн хөл бөмбөгийн түүхэнд бичигдэх амжилтын эзэн болж, таван өөр ДАШТ-д өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулсан анхны тамирчин боллоо.

Тэрээр “Энэ бол миний оролцсон тав дахь ДАШТ. Бид яллаа, бид зөв хөл дээрээ бослоо, энэ бол маш чухал. Энэ тэмцээнд эхний тоглолт чухал үүрэгтэй байдаг. Таван ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч болсноороо би маш их бахархаж байна” гэжээ.

Түүнчлэн тэрээр сүүлийн өдрүүдэд үргэлжилсэн дуулиан, шуугиан энэ түүхэн амжилтаар дуусаж буйг онцолсон юм. Учир нь өнгөрсөн долоо хоногт тэрээр TalkTV сувагт өгсөн ярилцлагадаа өөрийн тоглодог “Манчестер Юнайтед” клуб болон менежерээ шүүмжилсэн нь нэлээд дуулиан дэгдээгээд байв. Энэхүү ярилцлагын дараа Рональдо тус клубээс харилцан тохиролцсоны үндсэн дээр гарах болсныг ч мэдэгдсэн билээ.

Рональдо нь таван өөр ДАШТ-д өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулсан анхны тамирчин болсноос гадна, ДАШТ-д гоол оруулсан хамгийн ахмад тамирчдын хоёр дахь нь болж байгаа юм. Тэрээр 37 нас, 292 хоногтойдоо гоол оруулсан бол 1994 онд Камеруны Рожер Милла 42 нас, 39 хоногтойдоо ДАШТ-д гоол оруулж байжээ.

Эх сурвалж: BBC