No menu items!
HomeЯрилцлагаХ.Уламбаяр: Аав, охин хоёр хамтдаа дуулахыг огт буруутгаагүй

Х.Уламбаяр: Аав, охин хоёр хамтдаа дуулахыг огт буруутгаагүй

-

MN 25 дугаар суваг телевизийн тоймч, сэтгүүлч Х.Уламбаяртай ярилцлаа.

-Та цахим хуудастаа дуучин Вандангийн Баттулга, охин Баттулгын Дуулим нарын тоглолтын постерын талаар үзэл бодлоо илэрхийлсэн. Энэ нь нийтийг нэлээд талцуулж, шуугиан үүсгэж байна. Та яагаад энэ талаар үзэл бодлоо илэрхийлэх, шүүмжлэх болов?

-Ер нь сүүлийн хэдэн сар, жилийн хугацаанд дуучин В.Баттулга өөрийн охин Б.Дуулимтай олон нийтийн сүлжээнд зураг, дууны клипээ цацах, тоглолтын постер оруулахыг удаа дараа харж байсан. Энэ нь тухайн уран бүтээлчийн менежмэнт байх. Гэхдээ нөгөө талаас урлагт өөрийн ёс зүй гэж байх ёстой. Урьд өмнө нь зургаас нь харахад аав, охин хоёроос илүү амраг хосуудын маяг, утга агуулгатай дүр төрх харагдаж байсан. Хэл ам татлаад байгаа сүүлийн постерын зураг бол үзэл бодлоо хүчтэй илэрхийлэх гол шалтгаан боллоо. Зургийн утга санаа, менежмэнт нь аав, охин хоёрын тоглолт биш өөр ойлголт төрүүлэхээр байсан. “UFC” тулалдааны эсвэл насанд хүрэгчдийн бэлгийн эм бэлдмэлийн сурталчилгаа ч юм шиг харагдсан. Постерын дээд талд “Охин бид хоёр” гэж бичээгүй бол хэн ч ойлгохооргүй байсан шүү дээ.

-Таныг өөрийн цахим хуудаст үзэл бодлоо илэрхийлсний төлөө дуучин В.Баттулга эргээд энэ асуудалтай ямар ч холбоогүй таны ажил мэргэжил, ажлын газар, хувь хүний орон зай, нэр хүнд рүү халдаж лайваар гутаан доромжилж байсан л даа. Энэ тухай тодруулахгүй юу?

-Тийм, би тэр лайвыг яг сайн тогтож үзэж амжаагүй байна. Дуучин тоглолтоо зогсоогоод голоор нь орилж чарлаж, уурлаж үсчиж байна гэж олон хүн надад хэлсэн. Би үзэл бодлоо л илэрхийлсэн төдийд миний ажилладаг байгууллага, албан тушаал, гэр бүл огт хамаагүй. Одоог хүртэл миний утсанд хэдэн зуун чат, мессэж ирсээр байна. Өнөөдөр өглөө (өчигдөр) манай ажлын газрын хамгаалагчид “Танайд Уламбаяр гэдэг залуу ажилладаг биз дээ болгоомжтой, аятайхан яв гэж хэлээрэй” гээд явсан байна лээ. Би цахим хуудаст үзэл бодлоо илэрхийлсний төлөө аюулгүй байдалдаа санаа зовох шаардлага үүсч байгаа юм болов уу. Маргааны гол сэдэвт санаа зовохын оронд ямар ч хамааралгүй зүйлс рүү дайрч байгаа нь дуучин илүү ёс зүйгүй харагдаж байна.

Хэрэв та мартаагүй бол саяхан Хууль зүйн төрийн нарийн бичгийн дарга хошин урлагийн жүжигчдийг алиалагч гэж хэлснээрээ маргааш нь нэр бүхий жүжигчид яамны гадаа жагссан. Үндсэндээ бол нэр бүхий хүмүүсийн хүссэн шиг масс хүлээж аваагүй. Үүнтэй адил нийтийн дуучид өөрсдийнхөө болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийг дотроо ярилцдаг байгаасай гэж хүссэн. Түүнээс биш иргэн Х.Уламбаяр нийтийн дууны уран бүтээлч огт биш. Миний үнэт зүйл рүү хэт халдах нь хэр зохимжтой юм бол гэж бодож байна. Би тогоон дотор нь байдаггүй хүн болохоор ингэж хандаж байх шиг. Гэхдээ нэг сонин зүйл нь энэ постыг оруулаад 24 цаг болох гэж байна. Энэ хугацаанд над руу чат, зурвас бичиж утсаар ярьсан хүмүүс ямар ч албан ёсны нэр, зураггүй хаягууд байна. Мөн энэ хугацаанд нэг ч зохиолын дуучин, зохиолын дуутай холбоотой уран бүтээлч над руу хандаагүй. Тэгэхээр энэ маань нийтийн дууны салбар дотроо бас зөрчилдөөнтэй асуудал байсан юм болов уу гэж ойлгосон.

-Сүүлийн үед хүмүүсийн сошиал ертөнц дэх ёс зүйн тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Толгойтой бүр утас барьдаг гэдэг шиг л байна. Энэ нь хүн төрөлхтний жам л байх. Том, жижиггүй л ухаалаг утастай, хүссэн хүсээгүй цахим орчинд холбогдож байна. Үүнийг хатуу хуульчлах нь цаг хугацааны асуудал. Саяхан Мэдээлэл харилцаа холбооны яамтай болсон. Удахгүй энэ асуудал жигдрэх байх. Би өөрөө хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг. Нэг зүйл онцлоход би олон улсын тойм, хэлэлцүүлэг хөтөлж байхдаа хэн нэгний алдар нэрийг гутааж, голчилж яриагүй. Би зүгээр л өөрийнхөө хувийн орон зайд бодлоо илэрхийлсэн төдий. Миний бичсэн пост болон зураг Баттулгын Дуулим гэдэг охинд огт хандаагүй. Хэрэв буруугаар ойлгосон бол хүлцэл өчье. Харин би аавд нь энэ бол 100 хувь танд хандсан пост. Хэрвээ та ухаантай хүн бол үүнийг хоёр талаас нь эргэцүүлж хүлээж аваарай гэж хэлье.

-Хэсэг бүлэг хүмүүс аавтайгаа дуулахыг буруутгаж байна гэж ойлгож байна. Нийгмээрээ анзаардаг ч хэлдэггүй байсан асуудлыг хэлж шүгэл үлээснийхээ төлөө эргээд буруутан болох хандлага ажиглагдаж байна уу даа?

-Би аав, охин хоёр хамтдаа дуулахыг огт буруутгаагүй. Монголд төдийгүй дэлхийд ч аавтайгаа дуулаад алдар нэрд хүрсэн, амжилттай яваа уран бүтээлч олон байдаг. Гэхдээ тэдний арга барил манай хоёр гол баатрынхаас тэс өөр. Би зөвхөн үүнд л шүүмжлэлтэй хандсан. Өөрөөр хэлбэл, Б.Дуулим гэх охиныг угсаа гарал, шашин шүтлэг, арьс өнгө, ажил төрөл, ямар нэг байдлаар гутаан доромжлоогүй. Миний цахим хуудастаа оруулсан нийтлэл бол цэвэр Вандангийн Баттулга гэдэг хүнд хаягласан. Нийтийн дуутай холбоотой олон асуудал байдаг гэж сонссон. Би нэг л жишээн дээр шүгэл үлээсэн.

Аав, охин хоёрыг олон хүн үздэг, дэмждэг байж болно. Түүнийг би хүндэтгэнэ. Гэхдээ бид бодит байдлыг харах ёстой. Цахим орчноос хүүхэд залуус энэ постер, зургуудыг харж байгаа. Аав нь охинтойгоо дуулдаг сайхан дуучдыг алийг тэр гэх вэ. Гавьяат Д.Энхзул хүүтэйгээ, дуучин Э.Чулуунчимэг ч охинтойгоо дуулж л байдаг. Аав, ээжийн, үр хүүхдийн гээд хорвоогийн сайхан зүйлсийг харуулдаг. Харин энэ аав, охин хоёр хайрын, амраг сэтгэлийн, хаягдсан, салалтын гэх мэт утга агуулгатай дуу дуулдаг. Б.Дуулим охиныг би өсвөр насны охин гэж ойлгож байгаа. Хичээл сургуульдаа сурч, хүүхэд байх ёстой үедээ орон нутгаар тоглолт хийж, ийм утга агуулгатай дууг аавтайгаа дуулаад явах нь зөв ч юм уу, буруу ч юм уу. Хүүхдийг хүүхдээр нь байлгамаар байна л гэж хүсч байна. Би өөрөө ч охинтой хүн. Шилжилтийн энэ эмзэг үе дээр нь л ойлгож сонсдог, анхаарч төлөвшүүлэх нь үр хүүхэд, улс орныхоо ирээдүйд оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт.

-Нэг жишээн дээр шүгэл үлээснээр эргээд өөрөө буруутан болдог байдал олон давтагдвал нийгэмд шүгэл үлээх зоригтой хүн цөөрөх эрсдэлтэй болов уу?

-Улсын Их хурал, Байнгын хороогоор шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Шүгэл үлээнэ гэдэг хэн нэгний мууг үзэхдээ бус нийгмийн сайн сайхны төлөө хийж байгаа зүйл. Шүгэл үлээгчдээ массаараа үзэн яддаг байдал даамжирвал цаашид шүгэл үлээгчгүй болно. Энэ нь эргээд нийгэмдээ маш хортой.

Эх сурвалж: Өдрийн сонин

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд