Ц.Чинбаяр: Хүүхдүүдийн дунд энтервирусийн халдвар, гар, хөл, амны өвчлөл нэлээдгүй илэрч байгаа

ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн дарга, доктор А.Бурмаа: Амбулаториор үйлчлүүлж байгаа нийт хүмүүсийн ес орчим хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдож байна. Улсын хэмжээнд хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн дунд амьсгалын замын цочмог халдвартай хүүхдүүд 60 гаруй хувийг эзэлсэн байна. Энэ нь өмнөх долоо хоногоос нэмэгдсэн.

Улсын хэмжээнд томуугаар өвчлөгсдийг насны бүлгээр нь авч үзвэл 90 орчим хувь нь 15 хүртэлх насныхан эзэлж байгаа. Үүний 60 орчим хувь нь дөрөв хүртэлх насны хүүхдүүд мөн 5-9 насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байна. Энэ насны хүүхдүүд томуу, томуу төст өвчнийг дамжуулах гол масс болдог.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан: Одоогийн байдлаар 500 мянга гаруй хүн тун вакцин хүлээн авсан. Дөрвөн цэнт буюу А, В  хүрээний эсрэг тус бүр хоёр цэн агуулсан вакцин юм. Томуугийн вакциныг:

  • 1-5 насны 214 мянган хүүхдэд
  • Жирэмсэн 42 мянган эхчүүдэд
  • 65-аас дээш насны архаг хууч өвчтэй 218 мянган иргэнд
  • Эрүүл мэндийн болон бусад мэргэжлийн байгууллагын ажилчдад хийхээр төлөвлөсөн.

Вакциныг 21 аймаг, есөн дүүрэгт хүргүүлсэн. Тав хүртэлх насны хүүхдүүдийн вакциныг цэцэрлэгт нь хийж байна. Аравдугаар сарын 25-ны байдлаар 1-5 насны 2500 гаруй, нийт 4347 хүн томуугийн вакцинд хамрагдаад байна. Вакциныг ажлын цагаар бүх өрх, дүүргийн эмнэлгүүдэд хийж байна. 

ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан дэд захирал Ц.Чинбаяр: Томуугийн өвчлөл нэмэгдсэн тохиолдолд нөөц ор бэлэн байлгах зорилгоор ХӨСҮТ-д 200 орыг томуутай хүүхдэд зориулан гаргасан. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар амьсгалын замын халдварын улмаас 206 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүний:

  • 70 гаруй хувь халуурах
  • 60 хувьд ханиалгах
  • 15 хувь хоолой бачуурах, ларингитын шинж
  • 10 хувьд бөөлжих, суулгах зэрэг шинж илэрч байна.

Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 85 хувь нь 0-3 насныхан байна. Эрчимт эмчилгээний тасагт дөрвөн хүүхэд амьсгалын замын халдварын хүнд хэлбэрээр оношлуулан эмчлүүлж байна.

ХӨСҮТ-д ирж байгаа хүүхдүүдийн дунд энтервирусийн халдвар, гар, хөл, амны өвчлөл нэлээдгүй илэрч байгаа. ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт хоногт 200 гаруй хүүхэд хандаж байгаагийн 50 хувь нь эмнэлэгт хэвтэж байна. Эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн 20 хувь нь гар хөл амны халдварын шалтгаантай.

Бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, хууч өвчтэй ахмадууд томуугаар өвчилсөн тохиолдолд хүндрэх эрсдэлтэй учир томуугийн вакцинд хамруулж, эрсдэлийг багасгаж зорилготой юм. Ковидоор өвчилснөөс хойш богино хугацааны дотор томуугийн дэгдэлт гарвал хүндрэх эрсдэлтэй учир ийм хүмүүс томуугийн дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байна.