No menu items!
HomeOther voicesШереметьевод уулзсан өвөө нэг Рерих нь байлаа

Шереметьевод уулзсан өвөө нэг Рерих нь байлаа

-

1991 оны наймдугаар сарын сүүлчээр Францын Страсбург хотноо Европарламентын чуулганд оролцоод буцах замдаа Москвагаар дайран Шереметьево-2 онгоцны буудлын хүлээх танхимд сууж байтал урт гээчийн цав цагаан сахалтай өвөө, гэргий нь бололтой саарийтай энэтхэг эмгэн хоёр орж ирээд сандалдаа ч сууж амжаагүй байхад нь тэднээд үй олон сэтгүүлч сурвалжлагч сүр сархийн орж ирээд элдэв аппарат тачигнуулж гарав. Тэгтэл ашгүй ёслолын бололтой хоёр хүн орж ирж нөгөөдүүлийг нь гаргаад, хоёр хөгшин сая л нэг сандалдаа тухлав.

Тэд урдаа тавьсан цайгаа аваад ууж суухад би ч  бас савааргүйрхэн хаа хүрэх гэж явна. Би монгол яваа хүн гэвэл өвгөний нүд илт сэргэж би орос хүн шүү дээ. Миний сэтгэлд хамгийн ойр байдаг орон танайх. Монгол орныг өвөө нь зүүдэлдэг юмаа гэлээ. Тэр одоо энэтхэгт амьдарч байна. Очоод их ч удаж дээ гэж зөөлхөн хэлээд санаа алдах шиг боллоо. Хөгшинтэй нь нэгэн авгай зогсоо зайгүй ярьж, юм хумыг нь янзалж их л дотно харагдана. Тэгтэл дараагийн ээлжийнх нь бололтой хэвлэл мэдээллийнхэн мөн л орж ирэн бүчиж авлаа. Тэдний асуулт асуух, зураг хөргөө авч байх үеэр нь нислэгийн цаг болсныг зарлаж хоёр хөгшнийг онгоцонд нь суулгахаар сугадан авч явлаа. 

Гэнэтхэн нэрийг нь асуухаа мартсанаа санаж гарах гэж явсан хамгийн сүүлчийн нэгэн эмэгтэйгээс энэ хэн гэдэг хүн бэ гэж асуувал нүдээ том болгон над руу харж, та танихгүй гэж үү, энэ чинь Рерих шүү дээ. Москвад ирээд буцаж байгаа юм. М.С.Горбачевтай уулзсаныг телевизээр хараагүй юу гээд гаран явав. 

Нөгөө алдарт Рерих чинь одоо болтол амьд байдаг юм байна шүү дээ. Би тааралдаад хэдэн үг сольчихдог нэг талаар азтай, нөгөө талаар олигтойхон яриад авдаггүй урагшгүй гэдэг нь гэж боломж алдсандаа харамсаж суулаа. 1920-иод онд Монголд байсан тэр үедээ нэртэй эрдэмтэн, зураач байсан гээд бодохоор яав ч Николай Рерих биш, хүү нь байж таарлаа. Нөгөө алдарт монголч эрдэмтэн Юрий Рерих байхаас зайлахгүй гэж бодоод найз нартаа ярих бас нэг сонинтой боллоо доо хэмээн баярлав.

Ирэнгүүтээ нэвтэрхий толь сөхөж, Юрий Рерихийн тухай хартал тэр маань 1902 онд төрөөд 1960 онд нас барсан хүн байх юм. Түвдийг олон жил судалсан, түвдээс монгол хэлэнд орсон үгс гэсэн бүтээл туурвисан, 1959 онд болсон Монголч эрдэмтдийн анхны хуралд оролцож байсан юм билээ гэж надад Х.Сампилдэндэв академич ярьж, том хүн, том хүн гэж байв. “Н.К.Рерих, Ю.Н.Рерих нар ба Монгол” номыг Ю.Н.Рерихийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан Монгол дахь Рерих нарын шамбала музей, Монголын Рерих нарын нийгэмлэгээс эрхлэн гаргасныг мөн олж үзлээ. Ю.Рерих гуай манай академич Ш.Бира гуайн багш юм байна.

“Дээд Тэнгэрийн Бодисадын замаар замнан яваа дэлхийд алдартай Рерих мэтийн ихэс дээдэс буянтай сайн үйлсээрээ орчлон хорвоо, цаг үеэ гийгүүлж байгаа нь лавтай билээ. Тиймээс Николай Константинович манай оронд морилон ирсэн явдлыг бүх нийтээрээ их аз завшаан, баяр бахдал гэж үзэж байна” хэмээн миний бишрэн хүндэтгэдэг хүмүүн тэртээ цагийн судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ц.Ж.Жамцарано 1927 оны 12-р сарын гуравны өдөр бичсэн байх юм. Тэгэхээр Николай Константинович Рерих дэлхий дахинд нэр нь түгсэн ямар гээч их эрдэмтэн, судлаач, зураач хүн байсныг илтгэнэ.

Нэрт гүүш М.Цэдэндорж 1965 онд утга зохиол, урлаг сонинд нийтлүүлсэн “Рерих зураачийн Монгол танил” хэмээх сонирхолтой нийтлэлдээ:

“Рерих бол эрдэмтэн, хуучныг судлалтан, зохиолч, зураач, жуулчин хүн болой. Орос, Финлянд, Скандинов, Энэтхэг, Монгол, Түвд, Хятад бол Рерихийн уран бүтээлийн гол талбар юм.

Тэр зураач бага залуудаа дорно дахины орныг үлгэрийн мэт санаж, Монголч эрдэмтэн А.Позднеев, К.Голстунскийн ярианд урамшин, сонин хачин тэр орноор аялж, байгалийн гайхамшиг, аман зохиол, гүн ухааныг нь судлах хүслэн бадарсаар 1923 оноос уг аялалаа эхлэх болж, улмаар Лондон, Харвард, Парисийн Их сургуулийн дорно дахины хэлний ангийг төгссөн, энэтхэг, перс, түвд, хятад, монгол, иран, самгард хэл бичиг оролдогч Юрий хүү болон дорнын гүн ухаан, Энэтхэгийг нарийвчлан сонирхогч Елена Ивановна эхнэр, мөн дорно дахиныг сонирхогч, урлаг судлаач, зураач Святослав хүүгээ дагуулан аялалдаа оржээ” гэсэн байна. Энэ бол Н.К.Рерихийн удирдсан Төв Азийн олон улсын экспедиц байсан юм байна.

Оросын дорно дахиныг судлагч, аугаа их зураач К.Н.Рерихийн удирдсан энэ экспедиц нь бурхны шашинт орнуудаар аялсан хамгийн хэцүү бэрх замыг туулсан их аянаа дээр дурьдсанчлан 1923 онд Энэтхэгээс гараагаа эхэлж, түвд, монгол орноор нийтдээ бүтэн дөрвөн жилийн турш явахдаа Монголын ахуй амьдралын өөрчлөлтийг нүдээр үзэж, ирээдйүн хөгжилд нь баттай итгэж байсны дээр эзэн Чингис хааныг “Монголын Прометей” хэмээн өргөмжлөн нэрлэж байжээ.

Аугаа их зураач Н.К.Рерих “Шамбалын хаан Рэгдэндагва” зургаа бүтээж, тэр үеийн Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндоржид өргөн барьсан түүхтэй. Энэ зургийг судлаачид олон талаас нь судалсныг бид мэдэх билээ. Сүхбаатар жанжныг дүрсэлсэн ч гэж өөрөө ярьсан байдаг.

Цаанаа маш гүн утга агуулж буй гэдэг нь л үнэн юм. Рерихийн гэр бүлийн Улаанбаатар хотноо байхдаа амьдарч байсан одоо “Отгонтэнгэр” сургуулийн чанх ард байх дүнзэн байшинг Ю.Рерих гуайн шавь Ш.Бира гуайн идэвхтэй хөөцөлдлөгөөгөөр Жамсраны Цэвээн багшийн нэрлэсэнчлэн энэ үеийн гэгээн зул буюу Н.Рерихийн гэр музей нээгдсэн юм.

Н.Рерих Монголд байх хугацаандаа 100 гаруй зураг зурсан, дараа нь энэтхэг оронд байхдаа 1930-аад онд монголын тухай олон алдартай зураг зурсан нь Эрмитаж зэрэг орон орны алдартай музейнууд болон Рерихийн музейнуудад хадгалагдаж байгааг нэлээдийг нь олж үзэх завшаан тохиосон юм. Н.К.Рерих зөвхөн Улаанбаатарт байхдаа гэхэд “Буддын ёсны үндэс”, “Сангха буюу община” хоёр номыг орос хэлээр хэвлүүлжээ. Хэдэн арван улс оронд Рерихийн музей, төв ажиллаж байгааг интернетээс үзэж болно.

Аугаа их Н.К.Рерих нь И.Репин, А.Куинжи, В.Серов, В.Стасов, И.Стравинский, К.Станисловский, Л.Толстой, А.Блок, М.Горький, Д.Менделеев, Р.Тагор, Ж.Неру, Р.Кент зэрэг эрдэмтэн, зохиолч, зураач, хөгжмийн зохиолч, төрийн зүтгэлтэн нартай найз нөхөд байсан зураг, баримт сэлт энэ музейнуудад тавигдсан байх юм. Зөвхөн 1935 онд гэхэд Рерихийн нэрэмжит 18 нийгэмлэг дэлхийн таван тивд байгуулагджээ. Их эрдэмтэн, алдарт зураач, Монголыг судлагч Н.К.Рерих 73 наслахдаа “Морийн цэцэгс”, “Алтай ба Гималай”, “Азийн зүрх” гэх мэтчилэн 27 ном туурвисан нь мөн л дэлхийн олон арван оронд хэвлэгдэж олны анхаарлыг татсаар байна.

2008 онд Ш.Бира академич “Өнөөдөр” сонинд өгсөн нэгэн ярилцлагадаа Монголчууд бид гайхалтай их андаа гайхмаар муу мэдэж байна хэмээн халагласныг одоо л хагас дутуу боловч ойлгож байна. Рерих гэдэг хүн гүн ухаантан, зөнч мэргэн байж, сэтгэл зүрх зөн билгээрээ сансарт зорчдог хүн байж гэдгийг батлах олон баримт зохиол бүтээлд нь, уран зурагт нь үлдэж, Рерих судлал дэлхий дахинд эрчтэй хөгжиж байна гээд мөн ярилцлага үргэлжилсэн байна.

Н.Рерих бол хүний ертөнцийг урлахуйн ухааны билгийн нүдээр харсан, шинжлэх ухаан, соёл урлагийн онцгой чанарыг өөртөө шингээсэн аугаа их зөнч мэргэн хүн, судлаач, соён гэгээрүүлэгч, уран зураачийн хувьд шинжлэх ухаанд ч, соёл урлагт ч онцгой үзэгдэл байсан. Энэ тухай ХХ зууны суутнуудын хэлсэн үг бэлээхэн байдаг.

Аугаа их физикч Альберт Эйнштейн “Би таны зураг, урлалын бүтээлийг үнэхээр гайхан биширдэг. Ялангуяа, таны байгалийн сэдэвт уран тансаг зургууд надад ямар гүнзгий сэтгэгдэл төрүүлдгийг үгээр илэрхийлэхэд хэцүү байна” гэж бичиж байсан бол их зохиолч Рабавийдранат Таагүүр:

“Таны уран зураг миний сэтгэлийг тун их хөдөлгөсөн билээ. Үнэхээр гайхмаар.

Өмнө минь байгаа тэр хосгүй урлалыг би хараад хэн хүнд тов тодорхой юм шиг санагдах ч өөрийнхөө өмнө дахин нээх учиртай, мэдэж байх ёстой өөр сонин, гайхамшигт зүйл бас байдаг болохыг ойлгож авсан шүү. Энэ нь чухамдаа үнэнд хил хязгаар байдаггүйд оршиж буй заа. Таны урлаг их өвөрмөц шинжтэй. Учир нь аугаа их урлаг мөн юм даа” гэж хэлжээ.

Н.Рерих монголыг нэвтэрхий судалсан, монгол оронд сэтгэл зүрхнээсээ хайртай, бүр 100 жилийн тэртээд монголын ирээдүйг, хөгжлийн гэрэл гэгээг олж харсан зөнч мэргэн хүн. Түүнийг амьд сэрүүн ахуйд монгол ямаршуу улс орон байсныг бүгд мэдэх биз. Харин Н.Рерих тэр цагт монгол бол амьдралын оршихуйн аугаа их нөөц боломжтой, ер бусын их бүтээн байгуулалтын эрмэлзэлтэй, ирээдүй нь гэрэлтсэн орон, өрнөдөд монголыг умартсан нь тусгай учир шалтгаантай. Энэ нь монголыг ирээдүйнх нь төлөө нөөцлөн хадгалах явдалтай холбоотой байсан хэмээн хэлж, монголд бүх талаар тусалж, хүндэтгэлтэй хандахыг өрнөдийн орнуудад анх уриалсан юм. Гэхдээ механик иргэншлийн муу тал, сүүдэртэй бүхнийг бас халдаахгүй байхыг анхааруулж байжээ.

Тэрбээр өрнө, дорнын иргэншлийн түүхэн нэгдэл холбооны тухай онолоо боловсруулахдаа монголын нүүдлийн иргэншил, түүх, соёлын ач холбогдлыг цэгнэсэн судалгааны олон бүтээл туурвижээ.Монгол судлалын том эрдэмтэд монгол орныг газар зүй, эдийн засаг, геополитикийн талаас нь илүү сонирхож байсан бол Н.Рерих монголыг огт өөр талаас нь, оюун санаа, соёл иргэншлийн үүднээс нь онцгойлон судалж, Монгол хүний оюун санааны ертөнцөд анх нэвтэрсэн, монголын төрийг үндэслэгч Чингис хааны дотоод ертөнц, төрийн их үзэл бодлын нууцыг анх нээсэн эрдэмтэн гэж боддог хэмээн хүүрнэн буй, энэ цаг үед хамт байгаа буурал эрдэмтнийхээ жинтэй үгийг бодохоос аргагүй.

Н.Рерихийн эхнэр Елена Рерих гүн ухааны том эрдэмтэн байснаараа энэтхэгт мөн л их алдаршсан юм байна. Энэ эмэгтэй Орос дахь Алтан ордны монгол хаадын алтан ургийнхны удмаас гаралтай нэгэн байсныг илэрхийлж, Н.Рерихийн том хүү Юрий Рерих /1902-1960/ “миний судсаар Монгол цус урсаж буй” хэмээн хэлэх дуртай байсан гэж түүний шавь Ш.Бира гуай удаа дараа ярьж байсныг санаж байна. Елена Рерихийн уугуул овог Ельчанинова хэмээх нь тэр үеийн элчин гэдэг монгол үгнээс үүдэлтэй гэж тайлбарласан байх юм.

Н.Рерихийг дэлхийн эрхэм иргэн хэмээн нэрлэж иржээ. Дэлхийг өөрийнхөө уран нарийн бийрийн хүчээр, суу билэгт авъяасаараа байлдан дагуулсан хүн юм. Тэртээ 1935 онд АНУ-ын Вашингтон хотноо Н.Рерихийн санаачилсан “Урлаг, шинжлэх ухааны байгууллага хийгээд түүхийн дурсгалыг хамгаалах тухай хэлэлцээр буюу Н.К.Рерихийн Пакт хэмээх олон улсын гэрээний энэхүү баримт бичиг НҮБ, тэр дотроо ЮНЕСКО байгуулагдаагүй байх үед өөрийн үүргээ гүйцэтгэж, дэлхийн II дайны хүнд жилүүдэд ч онцгой ач холбогдолтой гэрээ байжээ.

Рерихийн Пакт соёлын өвийг хамгаалах дараа дараагийн олон улсын гэрээ, баримт бичгийн суурь болсноороо үлэмж ач холбогдолтой байсныг олон улсын эрх зүйчид ч, оюуны өмчийн салбарынхан ч  нэг дуугаар хүлээн зөвшөөрдөг юм.Н.Рерих гуайн хүү Ю.Рерих дорно дахины маш том эрдэмтэн, Монгол судлалын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан хүн гэдгийг манай эрдэмтэд тал талаас нь судлан Рерихийн Монголын нийгэмлэгийг Рерих нарын нийгэмлэг гэж нэрлэсэн түүхтэй.

Харин миний уулзсан өвөө бол Николай Рерихийн бага хүү Святослав Николаевич Рерих байсныг ийнхүү мэдэж авсан хэрэг. Святослав өвөө 1904 оны 10-р сарын 23-нд Санкт Петербургт төрж, 1993 оны 1-р сарын 30-нд Энэтхэгийн Банглорт таалал төгсчээ. Насан өөд болохоосоо жил гаруйгийн өмнө Рерихийн сангийн ажлаар Орос орондоо ирж Рерихийн архивыг хүлээлгэж өгөөд явж байхад нь миний бие тааралдсаныг сүүлд л уншиж мэдлээ.

Рерихийн музейд Святослав, түүний гэргий нарын залуу цагийн зураг өлгөөтэй байна. Түүний дор 1945 он гэж бичжээ. Энэ онд урлаг судлаач, уран зураач Святослав Рерих тэр үеийн энэтхэгийн тайз дэлгэцийн од Девика Ранитай гэрлэжээ. Девика Рани хэмээх Энэтхэг эмээтэй ийнхүү тааралдсан хэрэг. Энэ эмэгтэйн бүтээсэн дүрүүд Энэтхэгийн кино урлагийн түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдсэн гэнэ.

Хоёр жилийн өмнө Энэтхэгийн парламентад зочлох завшаандаа тэдний ажилтанд Святослав Рерих гуайтай уулзсан дурсамжаа хуучилж, түүний зургуудыг эхээр нь үзэх хүсэлтээ тавихад тэр амархан манай парламентын ордны хонгилоор явахад л үзэж болно гээд намайг дагуулан явсан юм. Святослав Рерих гуайн лав 2 зургийг оригиналь эхээр нь үзлээ. Манай Энэтхэгийн сонгодог уран зураач байсан юм даа хэмээн түүний 1942 онд зурсан Жавархлал Неругийн хөрөг нэртэй том зургийн өмнө парламентын ажилтан залуу хэллээ.

Святослав Рерих гуай манайхаар бол төрийн шагнал буюу Энэтхэгийн Жавхарлал Неругийн нэрэмжит шагналтан, ЗХУ, БНБАУ-ын урлагийн академийн хүндэт гишүүн зэрэг нэр хүндтэй олон байгууллагын хүндэт гишүүн, хүндэт доктор, нэр хүндтэй олон шагналын эзэн юм байна гэдгийг Рерихийн музейгээс олж мэдлээ.

Шереметьевод уулзсан өвөө, эмээгийнхээ тухай ямар ч байсан ойр зуурын мэдлэгтэй болж л байна.

Саяхан Москвад Соёл иргэншил, шинэчлэл, адилсал сэдвээр болсон Оросын шинжлэх ухааны академийн социологи, философи, дорно дахины хүрээлэнгийн эрдэмтэд оролцсон олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавихаар очоод байхдаа 20 гаруй жилийн өмнөх дурсамжаа санан, Москвад байдаг Рерихийн музейг үзэх гэсэн боловч музейн ажилтнуудын амардаг өдөр нь таарчээ. Улаан талбай, Кремлиэс нэг их холгүй газар байх юм.

Шерметьево буудал улам л тэлж, шинэ өргөтгөл терминалууд баригджээ. Энэ буудлын ВИП-д телевизийн нэрт хөтлөгч Галкин, дуучин Алсу, сансрын нисгэгч Леонов гээд олны танил хүмүүстэй тааралдаж байлаа. Заримтай нь яриа хөөрөө өрнүүлж явснаа бас дурсан саналаа. Оросын төв телевизээр цэнгээнт нэвтрүүлэг хөтөлдөг Галкин гэхэд ах дүүгээ үдэж өгч байсан бололтой өөрөөс нь арай ах болов уу гэмээр залуутай ярилцаж сууна. Өмссөн зүүсэн нь ердөө л энгийн цэнхэр жинс өмдтэй, бор пиджакны дотор свитер цамц өмсч, сахлаа хусаагүй л явж байв. Дуучин Алсу буруу харж суун нялх хүүхдээ хөхүүлж, живхийг нь солиод хүүхэд асрагч эмэгтэйтэйгээ яаруухан гүйж явна.

Баатарын хоёр таван хошуу зүүсэн өвгөн ч чемоданыг нэг гараараа түүртэлгүй өргөж, урсч буй дамжих шугам руу шидэж байгааг хараад энэ ямар баатар нь юм бол гэж бодож байснаа удалгүй ойртон сууж танилцтал сансрын нисгэгч Леонов гуай байсан юм. Аль 1960-аад онд намайг бага ангид байхад л анх сансрын хөлгөөсөө задгай сансарт гарсан сансрын нисгэгч Леонов гэдэг байлаа. Тэгвэл хоёр жилийн (2010) өмнө ануухан гялалзаад л явж байна. Ж.Гүррагчаа найзад маань мэнд хүргээрэй гэж дамжуулж байсныг ч санаж сууна.

Дорно дахины улс түмнүүдийн соёлын элч болсон Рерихийн гэр бүлтэй илүү дотно танилцах хүсэл маань улам нэмэгдлээ. Шерметьево буудлаас онгоц маань хөөрч байна.

Д.Лүндээжанцан

УИХ-ын гишүүн

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд