No menu items!
HomeЭрүүл мэнд“Ходоодны хорт хавдар үүсгэдэг томоохон хүчин зүйл нь хеликобактер”

“Ходоодны хорт хавдар үүсгэдэг томоохон хүчин зүйл нь хеликобактер”

-

Хавдар судлалын үндэсний төвөөс иргэдэд зориулан зөвлөгөө, мэдээллийг хүргэдэг билээ. Ээлжит мэдээллийн цагаар тус эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн их эмч М.Чинзориг ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

-Хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа хорт хавдруудын дотор нэлээд дээгүүр байрыг эзэлж буй ходоодны хорт хавдар үүсэхэд ямар хүчин зүйлс нөлөөлж байна вэ?

-Маш олон төрлийн эрсдэлт хүчин зүйл бий. 5-10 хувь нь удамшлын хүчин зүйл нөлөөлнө хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Дийлэнх тохиолдолд амьдралын хэв маяг хамгийн том эрсдэлт хүчин зүйл болно. Үүнд идэж, ууж байгаа хоол хүнс, хеликобактерын өвчлөл зэрэг багтана. АШУҮИС-ийн Дотрын тэнхимээс хийсэн судалгаагаар нийт хүн амын бараг 80 гаруй хувь нь хеликобактерын халдвартай гэсэн дүн гарсан. Хеликобактерыг бүрэн төгс эмчилгээ хийлгэхгүйгээр орхичихдог нь маш том эрсдэлт хүчин зүйл юм.

Мөн стрессийн хүчин зүйлүүд бий. Стресс нь ходоодны шарх үүсгэх эрсдэлт хүчин зүйлийн нэг болдог. Ходоодны шарх шууд хавдар болчихгүй. Тодорхой хугацааг дамнах буюу 20-30 жилийн дараа хавдар болох эрсдэлтэй юм.

Иргэд идэж, ууж буй хүнсэнд давс, халуун ногоо, төрөл бүрийн амтлагч, утсан мах зэрэг хоёрдогч бүтээгдэхүүнүүдийг их хэрэглэдэг. Эдгээр нь бүгд далд давсыг агуулна. Давс нь ходоодны салстыг гэмтээж, үрэвсэл үүсэх нөхцлийг бүрдүүлдэг учраас хавдрын эрсдэлт хүчин зүйлд тооцогддог. Монголчуудын давсны хэрэглээ дунджаар 10,5гр буюу дэлхийн дунджаас хоёр дахин их байгаа юм. Ажиглалтаас харахад баруун аймгийн иргэдийн дунд хавдрын тохиолдлын тоо өндөр. Энэ нь давсны хэрэглээтэй холбоотой байж магадгүй.

Ажиглаад байхад иргэдийн дийлэнх нь идэж, ууж байгаа зүйлдээ анхаардаггүй. Дийлэнх нь өглөө, өдөр бараг юм идэхгүй байснаа оройн цагаар хэтрүүлэн иддэг. Ер нь бол орой аль болох бага идэх ёстой юм. Унтахаас өмнө дор хаяж хоёр цагийн өмнө хоол идэхгүй байвал зохистой. Тэгж байж хоол боловсруулах систем төдийгүй дархлааны системийг нь тогтвортой байлгаж чадна. Оройн хоолоо идчихээд л унтахаар бие мах бод сайн амрахгүй. Ходоод шөнөжингөө ажиллана гэсэн үг.

Мөн эмийн замбараагүй хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, жингийн илүүдэл, хорт зуршлууд зэрэг бусад эрсдэлт хүчин зүйлс бий.

-Хеликобактерын халдварын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ бол халдварт өвчин. Монголчуудын хүүхдээ өсгөж, бойжуулах арга нь халдвар тархах нэг нөхцөл, шалтгаан болж байна. Тухайлбал, эцэг, эхчүүд хүүхдээ хооллохдоо халуун, бүлээнийг нь шалгахын тулд амандаа хийж шалгадаг, үлээж хөргөдөг. Энэ нь халдвар дамжуулах үндэслэл болдог. Келикобактер нь хүний ходоодонд тодорхой хэмжээгээр байх ёстой. Гэхдээ олшроод байх тусмаа ходоодыг гэмтээх хүчин зүйл болно.

Мөн байнга нийтийн хоолны газраар үйлчлүүлэх, ахуйн орчинд аяга, халбагаа сольж хэрэглэх нь халдвар дамжуулах эрсдэлтэй. ДЭМБ-аас хеликобактерыг ходоодны хавдар үүсгэгч шинж чанартай гэсэн ангилалд багтсан байдаг. Гэхдээ хеликобактерын халдвартай гээд шууд л хавдар үүсчихгүй. Тодорхой хугацаа буюу 15-20 жилийн дараа эрсдэлтэй. Хеликобакерыг илрүүлэх хамгийн найдвартай хоёр төрлийн шинжилгээ байдаг нь амьсгалаар болон өтгөнөөр илрүүлэх юм. Хеликбактерын идэвхжил өндөр байгаа эсэхийг цусаар мэдэх боломжгүй.

Амбулаторын үзлэгээс ажиглахад ходоодоо дурандуулсан хүмүүсээс үрэвсэлт өвчин, хеликобактерын халдвар их илэрч байна. Иргэдийн дунд байдаг түгээмэл алдаа нь зургаан сарын өмнө, жилийн өмнө ходоодоо дурандуулчихаад ямар ч эмчилгээ хийлгээгүй байж ахиад дурандуулъя гээд хүрээд ирдэг. Хэрэв дурандуулаад ходоодны шархтай гэсэн оноштой гарсан бол эмчилгээгээ хийлгээд, үр дүнг нь үзэхийн тулд гурван сарын дараа, тодорхой үрэвсэлт өвчнүүд бол 6 сараас 1 жилийн хугацаанд зайлшгүй дурандуулах хэрэгтэй. Тэгж байж эмчилгээнийхээ үр дүнг үзнэ. Эмчилгээгээ дутуу орхиж болохгүй.

Ходоодны хорт хавдар үүсгэдэг хамгийн том хүчин зүйл нь хеликобактер. Тиймээс эмчилгээг бүрэн төгс хийлгэх шаардлагатай. Гурвалсан, дөрвөлсөн эмчилгээ бий. Одоо бол ихэнхдээ дөрвөлсөн эмчилгээг бичдэг болсон бөгөөд дор хаяж 10-14 хоног хийлгэх шаардлагатай. Хүмүүсийг ажиглаад байхад эмчилгээ хийлгэх энэ хугацаандаа тамхиа татсаар, шарсан, хуурсан хоол хүнсээ хэрэглэсээр байдаг. Энэ нь мэдээж эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлнө. Дэглэм алдах юм бол эмчилгээ үр дүнгүй болно.

-Хэрхэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх вэ?

-Хооллолт, хөдөлгөөн зэрэг амьдралын хэв маягаа өөрчлөх, эрсдэлт хүчин зүйлсээс зайлсхийснээр урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Судалгаагаар нийт хавдрын тохиолдлын 70-аас дээш хувь нь 40-өөс дээш насныханд тохиолдож байна. Тиймээс 40-өөс дээш насныхан эрт илрүүлэгт хамрагдаж, ходоодоо дурандуулах ёстой. Иргэд дурандуулна гэхээр айгаад байдаг. Гэтэл орчин цагт унтуулгатай хийх, хэсэг газрын мэдээ алдуулалттай хийх зэргээр сонголттой болсон. Тиймээс айх шаардлагагүй.

Хорт хавдрыг эрт үед буюу 1А үе шатанд нь илрүүлж чадах юм бол салст хуулах дурангийн эмчилгээ хийлгэх бүрэн боломжтой бөгөөд мэс засалд орох ямар ч шаардлагагүй.

Дурангийн шинжилгээ бол ходоодны хорт хавдар, үрэвсэлт өвчнийг оношлох хамгийн гол арга. Үүнээс өөр арга бараг байхгүй. Хэрэв шинжилгээгээр ямар нэгэн өөрчлөлтгүй бол хоёр жил тутамд нэг удаа дурандуулна.

Эмчийн зөвлөмжийн дэлгэрэнгүйг ЭНД-ээс үзнэ үү.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд