Л.Энх-Амгалан: Сургуулиудын бүртгэл энэ долоо хоногоос эхэлнэ

0
165

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа.

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Сургуулиудын бүртгэл энэ долоо хоногоос эхэлнэ. Хамран сургах тойргоор нь сургадаггүй, ар, өврийн хаалгаар хүүхэд сургадаг 1, 18, 23 зэрэг 15 сургууль болон 20-оод цэцэрлэгийн бүртгэлийг нээлттэй, ил тод хийнэ. Иргэд өөрсдөө хянах боломжтой.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар үнийн өсөлтийн мэдээллийг холбогдох сайдууд танилцуулсан. Төрийн өмчит Их, дээд сургуулиуд, хувийн ЕБС-иудын сургалтын төлбөрийг аль болох нэмэхгүй байх тал дээр БШУЯ анхаарч ажиллаж байна.

Их дээд, сургуулиудын хичээл долоо хоногийн өмнө эхлүүлнэ. Харин ЕБС-иуд хуульд заасны дагуу 9-р сарын 1-нээс хичээллэж эхэлнэ.

Ковидын халдвар тархах бодит эрсдэл байгаа. Гэхдээ хичээл сургуулийг хугацаанд нь эхлүүлнэ. Хүүхдийг заавал вакцинд хамруулсан байна гэдэг шаардлагыг тавихгүй. Амны хаалтыг зүүлгэх тал дээр эцэг, эхчүүд анхаарахыг хүсье. 1,2 сая хүүхдийн хөдөлгөөн эхлэх учраас тодорхой эрсдэлүүд бий.

Сурагчийн дүрэмт хувцасны хувьд эцэг, эхчүүдийн л сонголт, өөрсдөө зардлаа даана. Түүнээс биш цоо шинэ дүрэмт хувцастай ир гэдэг шаардлагыг тавихгүй. Үндэсний таван оёдлын үйлдвэр бий. Төрөөс нэг ч төгрөг гардаггүй. Хувийн хэвшлийн зохицуулалтаар явагддаг учраас төр 100 хувь оролцох боломжгүй, маш хүндрэлтэй” гэлээ.