No menu items!
HomeЭдийн засаг"Банк зээл олгосны шимтгэлд 1%-тай нь тэнцэх хэмжээний мөнгө суутгахаар гэрээнд заасан...

“Банк зээл олгосны шимтгэлд 1%-тай нь тэнцэх хэмжээний мөнгө суутгахаар гэрээнд заасан нь хуульд нийцээгүй”

-

Нэхэмжлэгч иргэн А нь хариуцагч банканд холбогдуулан, зээл олгохдоо зээлийн дүнгийн нэг хувийн шимтгэл авахаар заасан гэрээний заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, шимтгэлд суутгасан 559,000 төгрөгийг банкнаас гаргуулах, мөн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, зээлийн хүүд төлсөн 10,665,213 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Иргэн А нь 55,900,000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, жилийн 27.6 хувийн хүүтэй банкнаас зээлсэн, банк уг зээлийг олгохдоо зээл олгосны шимтгэлд 559,000 төгрөгийг суутгасан. Мөн зээлдэгч А нь зээлийг өөрийн дансанд хүлээн авмагцаа өөр банкнаас авсан зээлээ хаахаар шилжүүлсэн бөгөөд “Банк зээл олгохдоо 559,000 төгрөгийг шимтгэл гэж суутган авсан нь хууль зөрчсөн, …55,900,000 төгрөгийг өөр банкны зээлийг хаах гэж байгааг Банк мэдэж байсан, … зээлийг зориулалтын дагуу ашиглах боломжийг олгоогүй, … иймд Банк нь уг зээлийн хүүг авах эрхээ алдсан” гэх зэргээр маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, иргэн А гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан байна.

1. Иргэн А нь зээлийн гэрээнд гарын үсэг зурж талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа бодитой үүссэн тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй. Түүнчлэн банкнаас олгосон зээлийг нэхэмжлэгч А нь өөрийн хүсэл зоригоор өөр банкан дахь зээлээ хаахаар өөрөө шилжүүлсэн байна. Банкны зүгээс иргэн Анарт 55,900,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлж өгснөөр зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн байх тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй, зээлийн хүүд төлсөн 10,665,213 төгрөгийг Банкнаас буцаан гаргуулах үндэслэлгүй.

2. Харин банк нь зээл олгосны шимтгэлд зээлийн 1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг суутган авахаар зээлийн гэрээнд заасан нь хуульд нийцээгүй тул гэрээний уг заалт хүчин төгөлдөр бус байна. Учир нь банкнаас олгох зээл нь “эрх бүхий этгээдээс олгох зээл”-д хамаарах бөгөөд зээл олгосны төлөө зээлдэгчээс үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү авч болохоор хуульд тусгайлан заасан, харин зээл олгохтой холбоотой өөр бусад ямар нэг зардлыг зээлдэгчээр төлүүлэх эрхийг хуулиар банканд олгоогүй байна.

Зээлийн гэрээнд талууд хэдийгээр гарын үсэг зурсан, сайн дурын үндсэн дээр байгуулсан боловч, банкнаас зээлдэгчид урьдчилан санал болгосон зээлийн гэрээнд хуулиар эрх олгогдсоноос бусад хураамж, шимтгэл авахаар өөртөө эрх олгосон заалтыг шүүх хүчин төгөлдөр гэж үзэхгүй. Иймд зээл олгосны шимтгэл суутган авахаар заасан зээлийн гэрээний заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, уг заалтын дагуу шимтгэлд суутган авсан 559,000 төгрөгийг Банкнаас буцаан гаргуулахаар шийдвэрлэв.

Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээллийн хэлтэс

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд