No menu items!
HomeЭрүүл мэндХэн, юу хэлэв: Уушгины хортой хавдрын эрсдэлт хүчин зүйл нь тамхидалт болон...

Хэн, юу хэлэв: Уушгины хортой хавдрын эрсдэлт хүчин зүйл нь тамхидалт болон дам тамхидалт

-

Өнөөдөр дэлхийн тамхигүй өдөр тохиож байна. Дэлхийд жил бүр 4.5 сая их наяд тамхийг хэрэглэж 8 сая хүн амь насаа алдан эдийн засагт 2 их наяд ам долларын хохирол учирдаг гэх мэдээлэл бий. Мөн Монгол Улс тамхины хэрэглээ өндөр орны тоонд багтдаг. Тодруулбал, 2019 онд хийсэн судалгааны дүнгээс үзэхэд насанд хүрэгчдийн 24.2%  нь эрэгтэйчүүдийн 43.7%, эмэгтэйчүүдийн 5.3% нь тамхи татдаг гэх тооцоолол гаржээ. Түүнчлэн  13-15 насны сурагчдын 14% нь тамхи татдаг талаар ЭМЯ-наас мэдээлэв. Тиймээс бид энэ удаад тамхины хор уршгийн талаар мэргэжлийн эмч нарын өгсөн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

С.Мөнхтуяа: Тамхи нь бие махбодод богино хугацаанд нөлөөллөө үзүүлдэг

СЭМҮТ-ийн их эмч С.Мөнхтуяа: Тамхи нь янжуур, электрон, халаадаг гэх мэт олон төрөлтэй байх бөгөөд татах, зажлах, үнэрлэх зэрэг аргаар хэрэглэдэг. Тамхины ургамлыг тариалдаг ба ургац арвин авахын тулд маш их бордоо, хортон шавьж устгагч химийн бодисууд ашигладаг юм.

Утаат тамхинд 7000 төрлийн химийн хорт бодис агуулагддагаас 70 төрөл нь хорт хавдар үүсгэдэг. Тамхинаас үүссэн хавдар ихэвчлэн хорт хавдар байдаг. Эдгээр бодисууд зөвхөн тамхи татаж байгаа хүнд төдийгүй тамхины утаагаар амьсгалж байгаа бусад хүмүүст нөлөөлж байдаг бөгөөд дэлхий дахинаа жилд 560 мянган хүн дам тамхидалтаас болж амиа алддаг байна.

Тамхи нь бие махбодод богино хугацаанд нөлөөллөө үзүүлдэг. Тухайлбал, татаад нэг секундын дараа уураг тархинд очиж нөлөөлнө. Тамхи татангуут амьсгалын замын хүчилтөрөгчийн цочмог дутагдалд орсны улмаас ханиах, зүрх, тархинд очих хүчилтөрөгчийн цочмог дутагдал үүсгэснээр толгой өвдөх, толгой эргэх шинжүүд илэрдэг. Тиймээс байнга хэрэглэх нь цусан хангамжийн хомсдлоос шалтгаалсан өвчлөлүүд, хавдар үүсгэх, хүчил төрөгчийн цочмог дутагдалд оруулж, зүрх гэнэт зогсох хор хөнөөлтэй.

Хор нөлөөгүй тамхи гэж байхгүй. Электрон тамхийг хэт өндөр авиан доор никитоныг атомжуулж гаргаж авсан. 16 мг никотин агуулагдаж байдгаас гадна химийн хорт бодисууд ихээр агуулна. Никотин нь донтуулах үйлчилгээ үзүүлж, тамхины шалтгаант сэтгэцийн болон, зан үйлийн эмгэг үүсгэдэг. Тиймээс утаат тамхинаас ялгаагүй хортой нөлөө үзүүлнэ.

/Эрүүл мэндийн яам/

Б.Эрдэнэбулган: Электрон тамхины хор уршиг хэдэн жилийн дараа гарахыг тааж мэдэхгүй

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Эрдэнэбулган: Олон жил тамхи татсан хүн уушгины хавдраар өвчлөх эрсдэл маш өндөр. Сүүлийн жилүүдэд электрон тамхины хэрэглээ нэлээд нэмэгдсэн. Үүний хор уршиг хэдэн жилийн дараа гарах, ердийн тамхинаас илүү хор уршиг үзүүлэх эсэхийг тааж мэдэхгүй. Уушгины хорт хавдраас гадна магадгүй булчирхайн хорт хавдрын өвчлөл ихсэхийг одоо хэлж мэдэхгүй шүү дээ. Хор уршгийг нь мэддэг бол татгалзах л хэрэгтэй.

/Эрүүл мэндийн яам/

Д.Мэргэн: Уушгины хортой хавдрын номер нэг эрсдэлт хүчин зүйл нь тамхидалт, дам тамхидалт

ХСҮТ-ийн цээжний хөндийн мэс заслын их эмч Д.Мэргэн: Уушгины хортой хавдрын номер нэг эрсдэлт хүчин зүйл нь тамхидалт, дам тамхидалт. Судалгаагаар уушгины хавдар гэж оношлогдож байгаа хүмүүсийн 87 хувь нь тамхи татдаг, дам тамхидалтад өртдөг гэсэн тооцоо бий.

Тамхи татдаг, дам тамхидалтад өртдөг хүмүүс шинж тэмдэг илэрсэн илрээгүй жилдээ нэг удаа рентген зураг авахуулах зэргээр хавдраас урьдчилан сэргийлэх оношлогоонд хамрагдах хэрэгтэй. Тамхидалт нь зөвхөн уушги гэлтгүй толгой, хүзүүний байрлалын хавдар, ходоод, улаан хоолойн хавдрын томоохон эрсдэлт хүчин зүйл болдог.

/ХСҮТ/

Б. Минжүүр: Өлөн элгэн дээрээ кофе уух, тамхи татах нь нойр булчирхайн архаг  үрэвсэл үүсгэх том шалтгаан юм

ХСҮТ-ийн элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасгийн их эмч Б.Минжүүр: Хоолны өвөрмөц байдал, өөх тостой, шарсан хуурсан, ханасан  өөх тостой  хоол хүнсний хэрэглээтэй холбоотой нойр булчирхайн архаг үрэвсэн их байна.

За сүүлийн жилүүдэд кофе их хэрэглэж байгаа. Зарим хүмүүс өлөн үедээ ч кофе болон тамхийг их хэрэглэнэ. Энэ нь мөн л нойр булчирхайн үрэвсэл үүсгэх шалтгаан юм.

/Эмч зөвлөж байна, zaag.mn/

Ц.Одонтунгалаг: Толгой, хүзүүний хэсэгт байрлалтай эрхтнүүдэд хавдар үүсэх шалтгааны нэгдүгээрт архи, тамхины хэрэглээ ордог

ХСҮТ-ийн толгой, хүзүүний мэс заслын их эмч Ц.Одонтунгалаг: Толгой, хүзүүний хэсэгт байрлалтай эрхтнүүдийн хавдар үүсэх шалтгааны нэгдүгээрт архи, тамхины хэрэглээ ордог. Тамхи, архийг хоёуланг нь хэрэглэдэг бол амны хөндий, залгиур, төвөнх гэх мэт эрхтнүүдэд хавдар үүсэх эрсдэл улам бүр нэмэгдэнэ. Мөн өмнө нь толгой, хүзүүний хавдраар өвдөж байсан хүн өөр хавдраар өвдөх магадлал эрүүл хүнтэй харьцуулахад их гэж үздэг.

Хүзүү, толгойн хэсэгт хамаардаг хавдруудын үүсэх шалтгаан эрхтэн тус бүрээр өөр өөр байдаг л даа. Архи, тамхины хэрэглээнээс гадна тухайн хүний зуршил ч нөлөөлдөг. Жишээлбэл бал, эрэг шурга боолтоо амандаа зуух, завжаа хазах, уруулаа хэмлэх зэрэг шалтгааны улмаас амны хөндийн хорт хавдар Энэтхэгт зонхилон тохиолддог байна.

/ХСҮТ/

Б.Хашчулуун: Электрон тамхи нь никитоны агууламж бага хэдий ч хий ханиалгалтыг ихэсгэдэг

“УБ Сонгдо” эмнэлгийн зүрх судас, цээжний хөндийн мэс засалч, анагаах ухааны доктор Б.Хашчулуун: Энгийн тамхи никотины агууламжтай байдаг учраас уушгины хавдар үүсэхэд нөлөөлнө гэж үздэг. Харин электрон тамхи нь никитоны агууламж бага хэдий ч хий ханиалгалтыг ихэсгэдэг. Ингэснээр амьсгалын замын бусад өвчнүүдийг үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг.

/Сонгдо подкаст/

Б.Мишээл: Электрон тамхинд агуулагддаг химийн нэгдэл нь амьсгалын зам руу орж, уушгинд гэмтэл үүсгэдэг

“УБ Сонгдо” эмнэлгийн уушгины эмч Б.Мишээл: Электрон тамхи нь никотин, гидроканнабинол болон бусад үнэр амт оруулагч химийн нэгдэл агуулсан бүтээгдэхүүн юм. Тэрхүү химийн нэгдлүүдийг тодорхой төхөөрөмж /ууршуулдаг/ ашиглаад халаах замаар амьсгалын замруу оруулдаг. Түүнийг нь “Vaping” гэж нэрлээд байгаа юм.

Электрон тамхи, тамхинаас гарахад ямар нэг байдлаар нөлөөлж чадахгүй. Энэ нь энгийн тамхитай адил никотин агуулсан байдаг. Учир нь никотин гэдэг бодис нь хүнийг донтуулах үйлчилгээтэй. Тамхинаас гарах нь тухайн хүний ухамсраас шалтгаалсан асуудал юм. Мөн электрон тамхи нь хоргүй зүйл биш. Энэ нь никотиноос гадна маш олон төрлийн химийн найрлага агуулдаг. Тэдгээр нь уушгинд орж гэмтээгээд, өвчин үүсгэдэг.

Электрон тамхинд агуулагддаг химийн нэгдэл нь амьсгалын зам руу орж, уушгинд гэмтэл үүсгэдэг. Уушгинд гэмтэл үүссэнээр амьсгаадах, цээжээр өвдөх, дотор муухайрах, халуурах шинж илэрнэ. Мөн энэ нь даамжирснаар амьсгалын дутагдалд хүргэдэг. Цаашлаад бүтцийн эргэшгүй өөрчлөлтөд орох эрсдэл үүснэ.

/Сонгдо подкаст/

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд