No menu items!
HomeХэн юу хэлэвМалын тоо толгойн албан татварын талаар тэд юу гэв?

Малын тоо толгойн албан татварын талаар тэд юу гэв?

-

УИХ-ын чуулганы хуралдаанаар /2022.05.26/ Засгийн газраас өргөн мэдүүлсэн Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ үеэр салбарын сайд, зарим гишүүн байр сууриа илэрхийлснийг нэгтгэн хүргэж байна.

Хуулийн төслийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцуулсан юм. Тэрбээр “Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6.1 дэх хэсэгт “Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна” гэж заасан ч татварын хэмжээг үл харгалзан газар тариалангийн бүс нутагт уламжлалт бэлчээрийн мал сүргийн тоо жил бүр өсөж, бэлчээрийн даац хэтэрч байгаа нь тариалангийн талбайн хөрсний үржил шимийг бууруулах, элэгдэл эвдрэл үүсгэх, тариалангийн технологи нэвтрүүлэх боломжийг алдагдуулж байна. Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “хэмжээ нь” гэсний дараа “тариалангийн бүс нутагт 0-10000 төгрөг хүртэл, бусад бүс нутагт” гэж нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулсан” гэдгийг онцлов.

З.Мэндсайхан: Уламжлалт мал аж ахуй, газар тариалангийн бүс нутагт зэрэгцэн байх боломжгүй

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан: Уламжлалт мал аж ахуй, газар тариалангийн бүс нутагт зэрэгцэн байх боломжгүй байгаа юм. Мал аж ахуйн салбар газар тариалангийн салбараа татаж унагаах эрсдэл бий болоод байгаа учраас энэ хуулийн төслийг боловсруулан хэлэлцүүлж байна. Салбарын яам, тариалан эрхлэгчдийн холбооноос хийсэн судалгаагаар жилд зөвхөн улаан буудайн ургацын 25 хувийг малд идүүлж байна. Жилдээ 460-500 орчим мянган тонн үр тариа авдаг гэдэг ч үүний 25 хувийг мал идчихэж байгаа. Ганц үр тариа идээд байгаа юм биш. Хаврын тариалалтыг хийхийн тулд технологийн дагуу хөрсний чийг хадгалах сүрлэн хучлага тавьдаг. Гэтэл үүнийг нь намрын тариа хураалтын дараа мал ороод идчихдэг. Хөрсний чийгийн асуудлаас болоод хаврын тариалалтын хугацаа сунах, ургацын хэмжээ буурдэг гэх зэрэг асуудлыг тооцвол учруулсан хохирлын хэмжээ өндөр гарна. Тиймээс тариалангийн бүс нутагт малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг өөрчлөх хуулийн төслийг оруулж ирсэн

Н.Ганибал: Татвар нэмээд орхих биш, ямар боломж олгохыг бодлогын түвшинд гаргах нь зөв

УИХ-ын гишүүн Н.Ганибал: Тариалангийн бүс нутагт малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг өөрчилснөөр бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байгаа малчдыг шахаж байна гэсэн асуудал гарна. Татвар нэмээд орхих биш, газар тариалангийн бүс нутагт буй малчид хаашаа нүүх, тэдэнд ямар боломж олгохыг бодлогын түвшинд гаргах нь зөв байх.

Б.Пүрэвдорж: Уламжлалт мал аж ахуй эрхэлж байгаа хүмүүст энэ мөнгө асах их өндөр тоо

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2024 онд сонгуульд оролцох газар тариалангийн бүс нутгийн иргэд ээ, та бүхний татварыг нэмэх хуулийн төсөл оруулж ирж байна. МАН олонх болохдоо татвар нэмэхгүй, шинэ төрлийн татварыг бий болгохгүй гэсэн. Харамсалтай нь энэ амлалтаасаа байнга буцаж байгаа.

Малын хөлийн татварыг 10.000 төгрөг болгох хуулийн төсөл орж ирлээ. 10.000 төгрөг гэдэг бол маш том тоо. Эрчимжсэн мал аж ахуйн ихэнх нь бод мал байдаг. Түүнд бол 10.000 төгрөг тавьж болно. Харин уламжлалт мал аж ахуй эрхэлж байгаа хүмүүст энэ мөнгө асар өндөр тоо. Үүнийг тус бүс нутгаас малчдыг шахаж гаргах бодлого гэж шууд харж болно. Тиймээс энэ хуулийг дэмжихгүй. Газар тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ, Төв, Булган аймаг, Дорнод, Өвөрхангай, Хэнтий, Дархан- Уул аймгийн хэсэг сумдын иргэд 2024 оны сонгуулиар энэ хуулийг дэмжсэн нөхдүүдэд хатуу хариуцлага тооцоорой. Би 2024 оны сонгуулийн өмнө энэ бичлэгийг бүтэн явуулна. Мөн энэ хуулийг дэмжсэн гишүүдийн зургийг авч, сонгуулиар маш идэвхтэй явуулна шүү гэдгийг анхааруулж хэлье. 

Г.Тэмүүлэн: Ачааны хүндийг үүрч байгаа малчдын нуруун дээр дахин нэг дарамт бий болгох шаардлагагүй

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Малын тоо толгойн албан татварын хууль хэрэгжиж эхэлснээс хойш нэг жил болж байна. Одоо газар тариалангийн бүсэд байгаа малаасаа дээд тал нь 10 мянган төгрөгийн татвар авдаг болох хуулийн төслийг хэлэлцэж байна.

Нэгдүгээрт, өнөөдрийн нөхцөлд татварын дээд хэмжээг нэмэгдүүлж байгаа нь буруу гэж харж байна. Малчдын амьдрал хүндхэн байгаа. Мал мах, арьс шир зэрэг малчдын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн гадаад зах зээл болон дотооддоо борлуулагдах боломж хомс байна. Тиймээс энэ цаг үед ачааны хүндийг үүрч байгаа малчдын нуруун дээр дахин нэг дарамт бий болгох шаардлагагүй.

Хоёрдугаарт, Бид эдийн засгийн аргаар нэг салбараар нөгөө салбараа нураах гээд байгаа энэ бодлого буруу. Бид бодлого гаргах гэж байгаа бол тооцоо судалгаа, шинжлэх ухааны үндэслэл чухал. 330 суманд малын тоо толгойн татварыг авдаг болоод дөнгөж нэг жил болж байна. Бид малын тоо толгойн татварыг мал аж ахуйн хөгжилд зарцуулах ёстой. Гэтэл бид өнөөдөр тэр татварыг газар тариаланг хөгжүүлэх үүднээс нэмэгдүүлнэ гээд орж ирж байгаа нь цаг үеэ олоогүй байна. Энэ хуулийн хэрэгжилтийг аваад үзэхээр нийт 330 сумаас дөнгөж тав нь малын тоо толгойн татварыг 2,000 мянган төгрөгөөр тооцож тавьсан байна. Үүнээс цаашид татварыг нэмэгдүүлэх боломж байхгүй байна гэдэг нь харагдаж байгаа юм.

Гуравдугаарт, тариалангийн бүс нутгийг шинэчлэх шаардлагатай байна. Өнөөдөр газар тариалангийн бүс нутгийг зургаан аймгаар тооцсон байгаа. Гэтэл Архангай аймгийн 19 сумаас 17 нь газар тариалангийн бүсэд орсон байгаа нь малчдын эрх ашиг, амьжиргаа, орлогод сөргөөр нөлөөлнө.

Ц.Идэрбат: Малын тоог багасгаж, эрчимжсэн мал аж ахуйг нэмэх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Татварыг нэмэх аргаар газар тариалангийн бүсээс малыг гаргана гэсэн зүйл оруулж ирлээ. Малын бэлчээрийн даац хоёр дахин хэтэрсэн гэж байна. Үүнээс болоод аймаг хоорондын, сум хоорондын, баг хоорондын маргаан, өвөлжөө, хаваржаанаас болж буу шийдэмд хүрч, нэгнийхээ амь насыг хохироосон тохиолдол байгаа. Газар тариалангийн бүс нутгаас татварын аргаар шахаад гаргачхаар тэр олон малыг хаана оч гээ вэ.

Даац нь хэтэрч, малын тоо нь хэтрээд байгаа бол малаа эрүүлжүүлж, ХАА-н бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулах тал дээр яамнаас дорвитой арга хэмжээ авмаар байна. Арьс шир нь үнэгүй, махаа борлуулъя гэхээр төв суурин газар нь нөөцийн махтай болчихсон. Ид үнэд хүрдэг үед тэр нь гарахгүй. Ингээд малын тоо өссөөр байна. Арьс шир, мах нь үнэтэй байх юм бол 70 сая мал цаашид ингэтлээ их өсөх үү, үгүй юу. Ер нь малын тоог багасгаж, эрчимжсэн мал аж ахуйг нэмэх хэрэгтэй.

Газар тариалангийн бүсээс малыг гаргачихвал ургац их авахаар юм яриад байна. Газар тариалангийн салбарт ургац алдаж байгаа нь байгаль, цаг уураас л шалтгаалж байгаа. Бороо их орвол ургацаа хийх сав олдохгүй л ихийг авч, орохгүй бол малтай, малгүй л ургацаа алдана. Үүлэнд нөлөөлөх сумны нөөцгүй гэж байна. Үүнийгээ хангамаар, хашаажуулах ажлыг хиймээр байна. Малчин, тариаланч хоёрын хариуцлагыг хуульд тусгаж, заагласан нь илүү бодитой юм биш үү.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд