No menu items!
HomeЭрүүл мэндХ.Хулан: Ходоод, улаан хоолойн сөөргөөг эмчлэхгүй бол улаан хоолойн шарх, хавдар үүсэх...

Х.Хулан: Ходоод, улаан хоолойн сөөргөөг эмчлэхгүй бол улаан хоолойн шарх, хавдар үүсэх эрсдэлтэй

-

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны тасгийн их эмч Х.Хулан ходоод, улаан хоолойн сөөргөө өвчний талаар дараах зөвлөгөөг хүргэлээ.

-Улаан хоолойн бүтэц, үүргийн талаар яриагаа эхлэе?

-Улаан хоолой нь хүзүүний зургадугаар нулагмаас цээжний 11 нугалам хүртэл байрлах 25-30 см урттай, холбогч эд, булчингаас бүрдсэн эрхтэн бөгөөд хоол хүнсийг дамжуулах үүрэгтэй.

Хоол аманд бутлагдаад, залгиурт очно. Цаашлаад залгиур-улаан хоолойн хэсэгт очмогц улаан хоолой нээгдэж, даралт нь хэвийн хэмжээнээсээ ихэссэнээр хоол хүнсийг дээш буцааж явуулахгүй байх механизмтай. Улаан хоолойд орсон хоол булчинлаг давхаргын гүрвэлзэх хөдөлгөөний тусламжтайгаар цааш ходоодонд орно.

-Зонхилон тохиолдож буй улаан хоолойн өвчлөлийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хүн амын дунд ходоод, улаан хоолойн сөөргөө өвчний тохиолдол их байна. Үүнийг эмчлэхгүй бол улаан хоолойн шарх, хавдар зэрэг бусад эрсдлийг дагуулж байдаг. Тиймээс хүнд өвчин биш юм чинь гээд тоохгүй орхих биш, маш сайн анхаарах хэрэгтэй.

Ходоод улаан хоолойг холбогч булчин суларсны улмаас ходоод болон нарийн гэдсэнд байх хоолны агуулагдахуун буцаад улаан хоолой руу орж, цээж хорсох, гашуу оргих зовиур өгдөг эмгэгийг сөөргөө гэнэ. Ходоодны хүчил улаан хоолой руу түрж орсноор шарх, шалбархай, сөөргөө үүсдэг. Манай улс улаан хоолойн хавдрын өвчлөлөөр дэлхийд гуравдугаар байрыг эзэлдэг нь сөөргөө өвчний тархалт өндөр байгаатай холбоотой.

-Сөөргөө өвчнийг үүсгэгч хүчин зүйлсийн талаар?

-Үүсгэгч хэд хэдэн шалтгаан бий. Нэн тэргүүний шалтгаан нь хөгжил дэвшилтэй холбоотойгоор удаан хугацаагаар суугаа байдалд шилжсэн явдал юм. Мөн сэтгэл санаа, бие махбодын хэт ачаалал, ээлжийн ажил, байнгын хэвтээ байдал /хооллочихоод шууд хэвтэх/ таргалалт, хорт зуршил, өрцний ивэрхий, эмийн бэлдмэл, жирэмслэлт зэрэг шалтгаан нөлөөлнө.

Сөөргөө өвчний нэг шалтгаанд өрцний ивэрхий багтаж байгаа талаар дурьдлаа. Үүний талаар дэлгэрүүлж авч үзвэл, сүүлийн үед ходоодоо дурандуулж буй хүмүүсийн дунд өрцний ивэрхий илрэх нь элбэг болсон. Цээжний хөндий, хэвлийн хөндий хоёрыг өрц хэмээх булчин зааглаж өгдөг. Өрцний дээд хэсэгт улаан хоолой, доод хэсэгт ходоод байрладаг. Ходоод, улаан хоолойн холбогч булчин суларсан, хэвлийн дотоод даралт ихэссэний улмаас ходоодны аль нэг хэсэг цээжний хөндий рүү дээш эвэрч орохыг өрцний ивэрхий гэж хэлдэг бөгөөд гулсдаг ивэрхий түгээмэл тохиолддог. Энэ тохиолдолд амьдралын дэглэм, хоолны дэглэм өөрчлөх, жингээ хасахыг зөвлөдөг. Эмийн эмчилгээндээ дарагдахгүй бол мэс заслын эмчилгээг санал болгоно.

-Өрцний ивэрхийн үед ямар зовиур, шинж тэмдэг илрэх вэ?

-Сөөргөө өвчний зовиурууд илэрнэ. Цээж, хорсох, гашуун зүйлээр гулгих, хоол буцаж амаар гарах зовиур маш их илэрдэг.

-Ходоод, улаан хоолойн сөөргөө өвчинд нөлөөлөх, өвчнийг сэдрээгч хүчин зүйлсийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Кофе, шоколад, халуун ногоо, сахар, сүү, өндөг, улаан лооль, гаа, хийжүүлсэн ундаа, нимбэг зэрэг цитрусын төрлийн жимс, шарсан хуурсан хоол хүнс, архи, тамхины хэрэглээ, гахайн мах зэрэг нь ходоодны хүчлийг улам ихэсгэж, өвчнийг сэдрээх хүчин зүйл болдог.

-Ямар шинж тэмдгүүд илрэх вэ?

-Сөөргөө өвчний шинж тэмдгийг өвөрмөц болон өвөрмөц бус гэж ангилж үздэг. Өвөрмөц шинж тэмдэгт цээж хорсох, сөөргөө, шүлс ихээр ялгарах зэрэг шинжүүд багтах бол өвөрмөц бус шинж тэмдэгт дотор муухайрах, хэхрэх, аюулхайд хөндүүрлэх, хоолны шингэц удаашрах, цээжээр өвдөх, амьсгалын замын шинж тэмдэг /ханиалгах, шуугиантай амьсгалах/, нойргүйдэх, шөнө сэрэх, хар дарах зэрэг багтана.

-Хэрхэн оношлох вэ?

-Цээж хорсох зовиур долоо хоногт 1-ээс олон удаа илэрч байгаа эсэхийг тодруулна. Нэгээс цөөн удаа байвал амьдралын хэв маягийг өөрчлөх болон ходоодны хүчлийг бууруулагч сул үйлчилгээтэй эмийг зөвлөнө.

Харин долоо хоногт 1-ээс дээш удаа зовиур илэрч байвал тодорхой асуумжийг авч, үнэлээд ходоодны хүчил бууруулах эмийг зөвлөнө. Мөн үнэлгээнд суурилаад ходоодны дурангийн шинжилгээ хийлгэхийг зөвлөнө. Цээж хорсох зовиуртай сэрүүлэг хам шинжүүд давхар илэрч байвал шууд ходоодоо дурандуулахыг зөвлөдөг.

Сэрүүлэг хам шинж гэдэгт нь горойх, залгихад төвөгтэй байх, хоол боловсруулах замын цус алдалт, байнгын дотор муухай оргих, бөөлжих, шалтгаангүйгээр турах, тунгалгын булчирхай томрох, аюулхайд үүсгэвэр тэмтрэгдэх, улаан хоолой, ходоодны хавдрын удамшлын мэдээлэлтэй байх зэрэг юм.

Гэхдээ горойх нь олон янзын шалтгаантай. Тухайлбал, амбулаторийн үзлэгээр 40-өөс дээш насны эмэгтэйчүүдэд горойх шинж тэмдэг их илэрдэг. Гэтэл яг дурангийн шинжилгээ хийгээд үзэхээр улаан хоолойд ямар нэгэн асуудал байдаггүй. Энэ тохиолдолд хүнд өөрт горойх зовиур илэрч байгаа нь стресстэй холбоотой. Улаан хоолой нь булчинлаг эрхтэн учраас сэтгэл санааны өөрчлөлттэй холбоотойгоор агшдаг. Тиймээс горойх шинж тэмдгийг ялгаж үзэх нь чухал.  

Эдгээр шинжүүдэд үндэслэн Өрхийн эмч асуумжийн дагуу тодруулаад, хаана хандах вэ гэдгийг чиглүүлнэ. 

-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-40-өөс дээш насныхан жилдээ нэг удаа ходоодоо дурандуулах шаардлагатай гэсэн удирдамж бий. Зовиур шинж тэмдэг илрээгүй ч урьдчилан сэргийлэх зорилгоор жилдээ нэг удаа дурандуулна гэсэн үг. Эмч шинжилгээний хариуг дүгнээд хэдий хугацааны дараа дахин дурандуулахыг зөвлөнө.

Дурангийн шинжилгээ хийлгэхэд мэдээж хэрэг хоол боловсруулах зам руу гадны биет орж байгаа учраас эрсдэл бий. Механик гэмтэл үүсгэж болох ч тэр нь хор нөлөөтэй зүйл биш. Тэр өчүүхэн эрсдэлээс илүүтэй гарах дүн чухал. Хэрэв боломжтой бол аль болох унтуулгагүй дурандуулахыг зөвлөдөг. Унтуулгын бодис нь амьсгал, зүрх, судсыг дарангуйлах магадлал байдаг. Тиймээс улсын эмнэлгүүдэд ихэвчлэн унтуулгагүй, зайлшгүй шаардлагатай тохиолдолд л унтуулгатай хийдэг. Ходоод, улаан хоолойн өвчлөлийг эрт илрүүлэх хамгийн зөв шийдэл бол дурангийн шинжилгээ.

Сөөргөө өвчнөөс урьдчилан сэргийлэх хувь хүнээс шалтгаалах хэд хэдэн алхам бий. Тухайлбал, амьдралын буруу хэвшлийг өөрчлөх, архи, согтууруулах ундаа, тамхинаас татгалзах, нөлөөлөх хүчин зүйлсээс зайлсхийх, хэвлийн таргалалтгүй байх, ажлын ачаалал, стрессүй байх, унтахаас хамгийн багадаа 3 цагийн өмнө хооллох зэрэг. Стресс нь ходоодны хүчлийг ихэсгэдэг учраас ажлын ачааллаа зохицуулж сурах нь чухал.

-Хэрхэн эмчлэх вэ?

-Ходоодны хүчил бууруулах эм нь дотроо олон янз. Эмч үзлэг хийгээд тухайн өвчтөнд хамгийн тохиромжтой эмийг, тодорхой хугацаагаар бичиж өгдөг. Ходоодны хүчил бууруулах эм нь найман долоо хоног буюу хоёр сараас дээш хугацаанд тогтмол уусан тохиолдолд гаж нөлөө илэрдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тиймээс дур мэдэн хэн нэгний хэрэглэсэн эмийг авч уух биш, эмчид үзүүлээд зааврын дагуу уух нь хамгийн чухал. Амбулаториор үйлчлүүлж байгаа иргэд эм бичүүлж авах сонирхолтой болжээ. Гэтэл эмнээс илүү дэглэм эмчилгээ чухал.

Амьдралын хэв маяг, хоолны дэглэмээ өөрчилбөл цаашид эм уух шаардлагагүй гэсэн үг. Эмийн бус эмчилгээ гэдэг нь хангалттай унтаж амрах, хүнд хөдөлмөр ялангуяа хэвлийд ачаалал өгөх ажил хийхгүй байх, хоол идсэний дараа шууд хэвтэхгүй байх, өдөрт 4-5 удаа бага багаар сайтар зажилж, тайван хооллох, хэт хүйтэн эсвэл хэт халуун хоол хүнс хэрэглэхгүй байх, цагаан гурилан бүтээгдэхүүн оройн цагаар хэрэглэхгүй байх зэрэг юм.

Эмийн эмчилгээ үр дүнгүй байгаа тохиолдолд мэс заслын эмчилгээг хийдэг.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд